Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0443

 

Т.Э, Ц.Э, Г.Р,  Б.Е нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 352 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ны давж заалдах гомдлоор Т.Э, Ц.Э, Г.Р, Б.Енарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 352 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан Т.Э, Ц.Э, Г.Р, Б.Е нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “Ок” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, “Ок” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцыг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ок” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Ок” ХХК-ийн барилга ба орон сууцны 43-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах, “Ок” ХХК-ийн барилга ба “Бх т” ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах, “Ок” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсон “Ок” ХХК-ийн барилгыг буулгах, “Ок” ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах, “Ок” ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсон “Ок” ХХК-ийн барилгыг буулгах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ны “БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулахыг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн Т.Э давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр “Журам батлах тухай” тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын санд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус, эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний акт юм. ... эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах захиргааны акт гаргасан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14  дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийн “Ок” ХХК-д холбогдох хэсэг нь бүхэлдээ илт хууль бус болно. ... нийслэлийн засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 33.1.1 буюу иргэний гэр бүлийн хэрэгцээнд хувийн сууц, төмс хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлэх тухай хуулийн заалтыг үндэслэсэн утгатай мөртлөө захирамжийнхаа хавсралтаар шал өөр зориулалтаар буюу Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад хамаарах “үйлчилгээтэй орон сууцны” зориулалтаар аж ахуйн нэгж байгууллагад үнэ төлбөргүй эзэмшүүлсэн агуулгатай байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д “Утга агуулгын илэрхий алдаатай” бол илт хууль бус байх шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. Ингэж нэг захирамжаар нэг газрыг хоёр өөр зориулалтаар эзэмшүүлэх хоёрдмол утгатай шийдвэр гаргасан атлаа А/747 тоот захирамжийн 2-т “Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба / Э.Болорчулуун/-нд даалгасугай" гэж заасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 -д “Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан” бол тухайн захиргааны акт “илт хууль бус” байх шаардлагыг давхар хангаж байна.

Барилгын тухай хуулийн 27.1, 35.1 болон 35.1.6-д “Барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох нь нийслэлийн засаг даргын бүрэн эрх юм. Уг зөвшөөрөл нь гэрчилгээгээр баталгааждаг хуультай. Гэтэл “Ок” ХХК-д олгосон 080/2019 тоот гэрчилгээний “барилгын ажлын зөвшөөрөл олгосон албан тушаалтны нэр” дээр ББХХ-ийн дарга Т.Э, Хот байгуулалт, Хөгжлийн газрын орлогч дарга Ч.Б нар гарын үсэг зурсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" бол илт хууль бус байх шинж чанарыг бүрэн харуулж байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Э-ны хувьд дээрх асуудлыг эрх зүйн хувьд өөр талаас нь харж уг актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг удаа дараа хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж давж заалдаж байна. Тухайлбал: Нийслэлийн Засаг даргын А/747 тоот захирамжийн “Ок”ХХК-д холбогдох хэсэг нь Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу явагдаагүй уг журмын 3.1, 3.4.1.2, 4.2, 5.2.2, 5.2.5, 5.4 дүгээр заалтуудыг зөрчсөн процессын зөрчилтэй хууль бус захиргааны акт болох тухай мөн материаллаг эрх зүйн хувьд Газрын тухай хуулийн 6.2. 33.1.1, 33.1.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23.1.9, Хот байгуулалтын тухай хуулийн 24, Эрчим хүчний тухай хуулийн 33.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6 ,17.7 дугаар зүйлүүдийг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт мөн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж буйд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргажээ. ... Мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийг газар эзэмшүүлэх үндэслэл болох мэтээр буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчжээ. Нөгөө талаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь хуучин байсан 45 дугаар байрны суурийн хэмжээгээр биш харин 2 дахин томруулж орчны нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасыг хамруулан газар эзэмшүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа, мөн уг байрны “өргөтгөлүүд” нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй байсан, түүнийг нь “Ок” ХХК нь хууль ёсны дагуу шилжүүлж авсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргээс үзэхэд Иргэний хуулийн дээрх заалтыг үндэслэн “өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх” хүсэлт гаргасан гэх тайлбар үндэслэлгүй төдийгүй “Ок” ХХК-ийн захирал Н.Н-ын 2018-05-09-ний 2018/191 тоот “албан бичгээр" зөвхөн гадна талбай, ногоон байгууламжийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нотлох баримттай зөрчилдөж байна. Энэ нь шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий” байх шаардлагыг зөрчжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “Барилгын ажлын зөвшөөрөл” олгох журмыг Барилгын тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 3.3-д заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн журмыг хэрэглэх ёстой гэж маргасан бөгөөд энэ журмын дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийн хувьд нэхэмжлэгч нарыг захиргааны акт гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, тайлбар , санал гаргах зэргээр сонсох ажиллагаа хийгээгүй нь захиргааны шийдвэр гаргах шатанд өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, илэрхийлэх, нотлох эрхийг нь эдлүүлээгүй, Барилгын тухай хуулийн 7.1, 7.1.1, 7.1.3-т заасан нөхцөлүүдийг шалгаж үзэлгүйгээр барилгын ажлын зөвшөөрөл олгосон гэх асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй.

Мөн газаргүй байхад нь архитектур төлөвлөгөөний даалгавар батлахыг дэмжсэн, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүдэд тавигдсан шаардлагуудыг хангаагүй байхад загвар зургийг нь баталсан бөгөөд уг барилга нь “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл", зураг төсөлгүйгээр урьдчилан баригдаж эхэлсэн, инженерийн дэд бүтцийн хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам, талбайд төлөвлөгдөн баригдсан, барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг зөрчсөн зэргээр тус компанийн барилгын зураг төсөл зохиох, барилгын ажлын зөвшөөрөл авах үйл явц нь ч Барилгын тухай хуульд заасан нөхцөл, болзол, журам, дэс дарааллыг зөрчсөн шинжтэй байгаа тухай маргаж байгаад шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. ... барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах ёстой байсан гэж маргаж буйд шүүх дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн барилгын ажлын зөвшөөрлийг дээрх мэтчилэнгээр хууль бусаар олгосны улмаас даалгах нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зөрчлүүд үүсэж, үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх.хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эрх зүйн үндэслэл бий болжээ. Хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг шүүхээс буруу үнэлсэн, заримыг нь огт шинжлэн судалж дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, үндэслэл бүхий гараагүйн жишээ юм. Тухайлбал нэхэмжлэгч Б.Ень 43 дугаар байрны 10 давхарт баруун тийш харсан гал тогооны өрөөний цонх бүхий сууцанд амьдардаг бөгөөд энэхүү цонхоор “Ок” ХХК-ийн барилгад үзэгдэх харагдах байдал баруун, баруун хойд чиглэл шууд хаагдаж буй баримтад шүүх зориуд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

... Мөн гуравдагч этгээдийн барилгын баруун талын төв зам дагуух дулааны шугам сүлжээний 2в магистрал шугамын хамгаалалтын зурвас, цэвэр усны хамгаалалтын зурвас зөрчигдсөн талаар нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан, ... нэхэмжлэгч нарын амьдарч буй барилга нь ч 200x2 ган хоолойтой холбогдох норм дүрмийн зөрчилтэй байхад хэвийн амьдарч байж бусдаас мөн адил шалтгаанаар норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах шаардлага гаргалаа, бидний эрх, ашиг сонирхол зөрчигдлөө гэж маргаж буй нь үндэслэлгүй гэх утгатай дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрт дурдагдсан 200x2 ган хоолойнууд нь нэхэмжлэгч нарын барилгаас 5м -ээс дээш зайтай байрлаж буй тул нормын шаардлагад нийцэж байгаа нь хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн зурагт тодорхой байгаа ба нэхэмжлэгч ч энэ талаар шүүх хурлын үеэр тайлбарласан. ... хууль тогтоомж, норм дүрмээр баримтлах ёстой ил зогсоолын тоо хэмжээ заасан норматив байгааг хүлээн зөвшөөрсөн мөртлөө түүний хэрэгжилтийн талаар дүгнээгүй харин энэ нормд орон сууцны барилгын зайг тогтоож өгөөгүй тул гуравдагч этгээд уг нормыг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэсэн нь үндэслэлгүй юм. Уг нормоор барилгын зайг тогтоохгүй зөвхөн ил зогсоолын тоо хэмжээг нормчилсон болохыг цохон тэмдэглэж байна. Мөн барилгын хойд талын аркийг зураг төсөлд заасан ёсоор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд зохих дүгнэлт өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон утга найруулгын алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт орууллаа.

1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны урд талд байрлах 904 м.кв газрыг “Ок” ХХК-д үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар олгосныг 43 дугаар байрны оршин суугч, нэхэмжлэгч Т.Э, Ц.Э, Г.Р, Б.Е нараас эс зөвшөөрч “...газар эзэмших хүсэлт гаргах, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, инженерийн шугам, сүлжээ түүний хамгаалалтын зурвас газар болох нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн, ...төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмаар бус шууд үнэ төлбөргүй газар эзэмшүүлсэн, ... шийдвэр гаргахдаа буруу хууль хэрэглэсэн ... үүний улмаас тухайн газар дээр барилга баригдаж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч нарын тухайд, маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, уг газар нь тэдгээрийн амьдарч буй орон сууцны газартай давхцалгүй байхад “... шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, ...төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмаар газрыг эзэмшүүлээгүй, ... шийдвэр гаргахдаа буруу хууль хэрэглэсэн, илт хууль бус шинжийг агуулсан” хэмээн өөрт огт хамааралгүй асуудлаар маргаж, үүнийгээ маргаан бүхий газар дээр баригдсан барилгын улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх үндэслэл болсон гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, шүүхээс нийслэлийн Засаг даргын А/747 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахад хамаарахгүй үндэслэлээр маргасан байна.

Учир нь нийслэлийн Засаг даргаас “Ок” ХХК-д газрыг эзэмшүүлснээр тухайн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон газар эзэмших эрхийг хөндөхгүй тул хариуцагчаас газар эзэмшүүлэх захирамжийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газрыг эзэмшүүлээгүй, Газрын тухай хуулийн буруу заалтыг баримталсан, илт хууль бус шинжийг агуулсан эсэх үндэслэлээр маргах эрх нэхэмжлэгчид байхгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Э, Ц.Э, Г.Р, Б.Е нарт маргаан бүхий газарт холбогдох эрх үүсээгүй, газрыг эзэмших, ашиглах ашиг сонирхол байхгүй энэ тохиолдолд газар дээр баригдаж буй барилгын улмаас хөндөгдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар барилгын доорх газрыг эзэмших эрхтэй маргах эрхгүй, нэхэмжлэгч нараас ч үүнийг хүлээн зөвшөөрч “... “Ок” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан орон сууц худалдан авч, түүнийгээ буулган шинээр барих зөвшөөрөл олгосон болон тус газрыг авах эрхтэй, эрхгүйн талаар маргахгүй ....” хэмээн тайлбарласан[1], үүнээс үзвэл Нийслэлийн Засаг даргын А/747 дугаар захирамжаар “Ок” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь нотлогдсон байна.

Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах ажлын даалгавар”-ын дагуу маргаан бүхий газарт байсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон 45 дугаар байрны барилгын суурь дээр 640 айлын үйлчилгээтэй орон сууц барих барилгын эх загвар зураг батлагдаж, уг барилгыг барихад зориулан 1000 м.кв газрыг төлөвлөсөн байх бөгөөд гуравдагч этгээд “Ок” ХХК нь тус ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад байрлах орон сууц нэг бүрийг худалдаж авснаар газар эзэмших эрх нь үүссэн, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагад шинээр газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг “Ок” ХХК-д тавих боломжгүй тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Ок” ХХК нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлттэй 45 дугаар байрыг худалдан авч, тус барилгын суурь дээр үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар барилгын гаднах талбай, ногоон байгууламж барьж хүрэлцэхүйц газар эзэмших хүсэлт гаргаснаар дээрх актаар гуравдагч этгээдэд 904 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг 904 м.кв газрын 596 м.кв газарт нь барилга баригдсан болох нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна” гэж зааснаар 45 дугаар байрны барилгын суурийн газар дээр гадна тохижилтын талбай, ногоон байгууламжид зориулж газрын хэмжээг нэмэгдүүлэн 904 м.кв газрыг олгосныг буруутгах боломжгүй, “Ок” ХХК нь маргаан бүхий газрын 594 м.кв газарт барилга барьсан, үлдэх газрыг орон сууцны орчны тохижилтын зориулалтаар тохижуулахаар төлөвлөгдсөн, өмнө нь барилга байсан газарт газар эзэмшүүлсэн тул инженерийн шугам, сүлжээ түүний хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй.

Энэ талаар анхан шатны шүүхээс “...тухайн норм ба дүрмүүдийг мөрдүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн барилгын буулгаснаар нэхэмжлэгч нарын ямар зөрчигдсөн эрх сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нарын амьдарч буй барилга ч уг норм ба дүрэмд хамаарч байгаа бөгөөд тус шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд тухайн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд өмнөх барилгуудын суурин дээр баригдсан байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, өмнө нь 45 дугаар байрыг байхад ч цэвэр, бохир ус, дулааны шугам, 200х2 ган хоолой нь нэхэмжлэгч нарын амьдарч буй орон сууц болон маргаан бүхий барилгын голд буюу 45 дугаар байрны хажууд байрлаж байхад маргаагүй атлаа шинээр барилга барихад “инженерийн шугам, сүлжээ түүний хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа” хэмээн маргаж буйг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжаар “Ок” ХХК-д газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөгүй, хариуцагчийн дээрх шийдвэр Газрын тухай хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

2. Нэхэмжлэгч нар нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, “Ок” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг” мөн эс зөвшөөрч “барилгын норм, дүрэм болон дулаан, эрчим хүчний хамгаалалтын шугам зөрчиж, барилга барих зөвшөөрөл олгосон ... барилга хоорондын зай  алдагдсан, үүний улмаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн ... ” гэх үндэслэлээр маргажээ.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д зааснаар барилга байгууламж нь зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлагыг хангасан байх ёстой.

Дээр дурдсанчлан гуравдагч этгээд “Ок” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмшиж, барилгын загвар зургийг батлуулж, барилгын ажлыг эхлэхээс өмнө Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах ажлын даалгавар”-ын дагуу 45 дугаар байрны барилгын суурь дээр 640 айлын үйлчилгээтэй орон сууц барих барилгын эх загвар зураг батлагдсан байсан.

Үүн дээр үндэслэн гуравдагч этгээд “Ок” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, барилгын суурин дээр 16 давхар барилга барихаар холбогдох баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулан хариуцагч төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн, хариуцагчаас  тухайн барилгын загвар зургийг баталж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” гэж заасныг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн барих барилгаас шалтгаалан нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгээгүй байна.

Тодруулбал, маргаан бүхий барилгын барилгажих талбайн схем зургаас үзэхэд гуравдагч этгээд “Ок” ХХК нь 45 дугаар байрны суурийн газар дээр барилгын хэлбэрийг өөрчлөн барихаар төлөвлөсөн, ингэснээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын барилга хоорондын зай өмнө нь байсан хэмжээнээс харин ч ялимгүй холдсон байх тул байршил нь өөрчлөгдөөгүй байхад барилга хоорондын зай хэмжээнд заавал мөрдөгдөх норм, хэмжээ алдагдсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй, анхнаасаа тухайн газар дээр байсан барилгын суурин дээр дахин шинээр барилга барьсан болохоос нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, иймд нэхэмжлэлийн “...“Ок” ХХК-ийн барилга ба орон сууцны 43-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах” шаардлага болон энэ үндэслэлээр Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, “Ок” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн батлагдсан зургийн дагуу барилга баригдсанаар нэхэмжлэгч нарын “ ... орон сууцын зах зээлийн үнэ ханшийг буурна ... “ гэх боловч ийм хийсвэр үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй, мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхолд “... үзэгдэх орчин хязгаарлагдах ...” асуудал хамаарахгүй төдийгүй үүний улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхгүй юм.

Харин нэхэмжлэгч Б.Е-ээс “... нарны тусгал хаасан” гэх боловч маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан барилгын зургуудаас[2] үзэхэд маргаан бүхий барилга нь байрлалын хувьд нэхэмжлэгч нарын байрны баруун хойд талд байрлах ба 43 дугаар байрыг бүхэлд нь халхлаагүй, 43 дугаар байрны баруун зүгт харсан цонхнууд нь маргаан бүхий барилга болон “Бх т” ХХК-ийн барилга хоорондын завсараар ил гарсан байдалтай харагдаж байгаагаас үзвэл нарны тусгалыг шууд хаасан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн амьдарч байгаа “өрөөний цонхыг өдрийн турш хаасан” гэх үйл баримт тогтоогдохгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй, бусад нэхэмжлэгч нарын тухайд энэ үндэслэлээр маргаагүй тул маргаан бүхий барилга 16 давхар баригдах эсэх нь нэхэмжлэгч Т.Э, Ц.Э, Г.Р нарт хамааралгүй, энэ талаар анхан шатны шүүхээс “ ... тухайн барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд өмнөх барилгуудын суурин дээр баригдсан бөгөөд нэхэмжлэгч Т.Эы орон сууц 43 дугаар байрны зүүн хэсэгт хойшоо, урагшаа харсан цонхны байрлалтай, нэхэмжлэгч Г.Рийн орон сууц тухайн байрны 1 давхарт байрладаг тул уг шинээр баригдаж буй барилгуудын улмаас тэдгээрийн цонхоор харагдах үзэгдэх орчин хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь зөв байна.

Нөгөө талаар Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д ““барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг”, 4.1.11-д ““барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг”, 4.1.15-д ““барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг” тус тус ойлгохоор зохицуулсан.

Үүнээс үзвэл, барилгын ажил гэдэг нь барилга барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авах зэргээр олон үе шаттай, эдгээр үе шат тус бүрдээ холбогдох эрх бүхий этгээдээр хянагддаг цогц ажиллагаа бөгөөд гуравдагч этгээд “Ок” ХХК нь холбогдох шаардлагыг үе шат бүрд хангасны үндсэн дээр барилгыг ажлын зөвшөөрлийг авсан гэж үзэх тул нэхэмжлэгч Т.Э, Г.Р нараас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ок” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага хангагдах боломжгүй.

Мөн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.1.4-д зааснаар захиргааны эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн байх нь нэхэмжлэлийг хангах урьдчилсан нөхцөл бөгөөд “ ...“Ок” ХХК-ийн барилга ба “Бх т” ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах, “Ок” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсон “Ок” ХХК-ийн барилгыг буулгах, “Ок” ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах, “Ок” ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсон “Ок” ХХК-ийн барилгыг буулгах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах”-аар нэхэмжлэгч Т.Э, Г.Р нар нь мөн өөрт хамааралгүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй асуудлаар маргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс “...галын норм ба дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж болзошгүй этгээд буюу хүүхдийн цэцэрлэг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор зэргэлдээ байранд оршин суугчдад галын аюултай нөхцөл байдал үүснэ, эсхүл үүсч болзошгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй ...” хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нарт “Ок” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зай, “Ок” ХХК-ийн барилга ба “Бх т” ХХК-ийн барилга хоорондын зай ямар байх, эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасанд нийцүүлэх эсэх нь огт хамааралгүй, үүний улмаас тэдгээрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах хөндөгдөхгүй, хэрэв тус норм, дүрэм, шаардлагыг хангаагүй гэж үзвэл тухайн хуулийн этгээдүүд өөрсдөө нэхэмжлэл гарган маргах боломжтой, тэдгээрийн өмнөөс 43 дугаар байрны оршин суугчид маргах эрхгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргах, Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, “Ок” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, илт хууль бусд тооцуулахаар маргах эрхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, маргаан бүхий актууд нь Барилгын тухай хуулийг зөрчөөгүй байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “Ок” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасан илт хууль бус шинжийг агуулсан акт хэмээн маргасан тухайд,

Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. буюу иргэний гэр бүлийн хэрэгцээнд хувийн сууц, төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлэх тухай хуулийн заалтыг үндэслэсэн утгатай мөртөө захирамжийнхаа хавсралтаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т хамаарах үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар аж ахуйн нэгж байгууллагад үнэ төлбөргүй газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаанд тооцогдоно гэж тайлбарлажээ.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжаар нийт 23 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийг олгох асуудлыг шийдвэрлэсэн байхад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөвхөн гуравдагч этгээд “Ок” ХХК-д хамаарна гэж тайлбарлах нь үндэслэлгүй, тус захирамжид Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг олгосон мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг баримталсан байх ба “илт хууль бус акт” гэдэг нь эрх зүйн чадамжтай ямар ч хүн харсан илэрхий, ноцтой алдаатай байхыг хэлэх бөгөөд нийслэлийн Засаг даргын А/747 дугаар захирамжаар зохицуулсан асуудал нь тодорхой буюу “Ок” ХХК-д газар эзэмшүүлсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэх илт хууль бус актын алдаанд хамаарахгүй байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “...нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д хамаарах хууль зүйн үндэслэлээр захирамж гаргасан атлаа мөн хуулийн 33.1.2-т хамаарах зориулалтаар газар олгож, холбогдох гэрээг байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан акт” гэж маргасан нь үндэслэлгүй, дээр дүгнэснээр  нийслэлийн Засаг даргын А/747 дугаар захирамж нь илт хууль бус шинжийг агуулаагүй, “Ок” ХХК-д газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхгүй.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” эрх нь нийслэлийн Засаг даргад байхад маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт” гаргасанд хамаарна гэж маргасан тухайд,

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалах агентлагуудыг тогтоосон бөгөөд үүнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар багтсан байх ба мөн Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2-т “Захиалагч ...баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг ...бусад тохиолдолд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана.”, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6 дугаар зүйлд “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага олгоно” гэж тус тус зааснаас үзвэл Нийслэлийн хэмжээн дэх хот байгуулалттай холбоотой аливаа асуудлыг Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газар хэрэгжүүлэхээр тусгайлан зохицуулсан байна. Иймд Хот байгуулалт, хөгжлийн газраас “Ок” ХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгосныг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасанд тооцохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх шинжийг агуулаагүй байна.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “Ок” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нотлох баримт дутуу цуглуулсан, хүсэлтийг шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдлын тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтэд[3] дурдсан, дутуу цуглуулсан гэх баримтууд нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байх ба хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт хэрэгт авагдсан байх тул нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй, шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөх ноцтой алдаа гаргасан гэж үзэхээргүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхээс тухайн актуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг баримталсан алдааг гаргасан байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн утга найруулгыг засах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 352 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.Э-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “Ок” ХХК-д холбогдох хэсгийг мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Ок” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “Ок” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцыг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”,

            нэхэмжлэгч Б.Е-гийн “Хот байгуулалт хөгжлийн газраас “Ок” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”,

            нэхэмжлэгч Г.Р-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “Ок” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,

            нэхэмжлэгч Т.Э-ны “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “Ок” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ок” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах,

            нэхэмжлэгч Г.Р, Т.Э нарын “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ок” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Ок” ХХК-ийн барилга ба орон сууцны 43 дугаар байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах, “Ок” ХХК-ийн барилга ба “Бх т” ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах,

“Ок” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсон “Ок” ХХК-ийн барилгыг буулгах, “Ок” ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах, “Ок” ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсон “Ок” ХХК-ийн барилгыг буулгах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 


[1] Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар /4хх-164/ болон давж заалдах гомдолдоо /4хх-226/

[2] 1хх-132, 3хх-15, 4хх-154 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зураг

[3] 3хх-17, 182 дугаар хуудсанд авагдсан хүсэлт