Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 465

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Ш ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: З.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн З.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш , түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйн мэргэжилтэн У.Н, дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ш , өмгөөлөгч Б.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн ,,,,тоот хаягт орших 700 м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжаар эзэмшиж байгаад хуульд заасны дагуу газар өмчлөх хүсэлтээ гаргахад “103 м2 газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй учир өмчлүүлэх боломжгүй” гэж 597 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 352 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болсон. 

Гэвч уг газрыг оролцуулан өмчлөхөөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар захирамжаар 298 м2 газрыг Ч.А-д хууль бусаар эзэмшүүлсэн байсныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. 

Гэтэл дахин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар З.Э т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 10 жилийн хугацаатайгаар уг газрыг эзэмшүүлсэн байна. 

Дээрх шүүхийн шийдвэрт энэхүү газрыг “...өндөр хүчдэлийн болон дулааны шугам сүлжээ бүхий газар бөгөөд өмчлөлийн газартаа орох, гарах боломжтой байх нийтийн эзэмшлийн газар” гэж тодорхойлсон байдаг ба “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.3, Нийслэлийн Засаг даргын “Дулааны шугамын хамгаалах зурвас тогтоох” тухай 76 дугаар захирамжийг зөрчсөн тул дулааны шугамын хамгаалах зурвасын талбайг чөлөөлөхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шаардсан байдаг. 

Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн газар, явган хүний замыг таглан, авто машины замд тулган барьж аюулгүй байдлын норм стандартыг илт зөрчсөн, инженерийн шугам сүлжээ бүхий дулааны шугам байрлаж байгаа газарт ийнхүү хууль бусаар газар эзэмшүүлснээс миний өмчлөлийн газартаа эрхэлдэг автомашины засварын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж, орц, гарц хаагдаж, газраа хэвийн ашиглах боломжгүй болж, хохирол амсч байна. 

Би өөрийн өмчлөлийн газартаа автомашины засварын үйл ажиллагаа явуулдаг, агуулах руугаа шланз машинаар контейнераар ачаа зөөдөг бөгөөд орох орц, гарц хаагдсан тул газраа хэвийн эзэмших, түүний үр шимийг хүртэх боломжгүй байна. Мөн дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам, сүлжээ бүхий дулааны шугам байрлаж байгаа газарт хууль бусаар газар эзэмшүүлсэн болох нь шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэг болон Дулааны сүлжээ ТӨХК-иас өгсөн баримтуудаас харахад хэнд ч ойлгомжтой байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн З.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******-*******, Ц.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн З.Э нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын ******* тоот хаягт байрлах 380 м2 газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авч байгаа тухай, Г.******* нь тус хаягт байрлах газрын эрхийг З.Э т шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжаар эрх шилжүүлсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзэхэд захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэгдүгээрт хууль бус захиргааны акт байх, хоёрдугаарт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг хуулиар шаардаж байна. 

С.Ш нь өөрийн өмчлөлийн газартаа автомашины засварын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агуулах руугаа орох орц, гарц хаагдсан тул газраа хэвийн эзэмших, түүний үр шимийг хүртэх боломжгүй байна гэж маргаж байх боловч орц, гарцыг хаасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Маргаан бүхий газрын байршлыг газрын мэдээллийн сангаас харахад нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан байдал тогтоогдохгүй байна. Тэгэхээр орц, гарц хаасан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд З.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.Ш ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын ******* тоот хаягт байрлах 380 м2 газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшиж байгаа. 

Миний бие тус газрыг хууль болон гэрээний дагуу зохих ёсоор эзэмшиж байгаа нь иргэн С.Ш ын эрх, ашиг сонирхолыг хөндөх үндэслэл байхгүй байхад шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.Ш ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М-ээс “2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох, шүүх хуралдаанд давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т ”Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Өмнөх 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, хурлын товыг мэдэгдсэн байна. Хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлж хийх саналтай байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. 

Өмнө нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М-гийн гаргасан “эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт”-ийг хүлээн авч хойшлуулсан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр утсаар мэдэгдсэн байна. Түүний хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба хүндэтгэн үзэх шалтгааныг “хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан” бий болсныг ойлгох тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-т шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр биечлэн мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Д.М нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж, гуравдагч этгээд З.Э ийн гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж шүүх хуралдаааныг үргэлжлүүлэн явуулсан болно. 

Нэхэмжлэгч С.Ш нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн З.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар  захирамжийн хавсралтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуут ******* тоот хаягт байрших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 380 м2 газрыг 10 жилийн хугацаатай эзэмших эрхийг гуравдагч этгээд З.Э т шилжүүлсэн байна. 

Нэхэмжлэгч С.Ш т Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 352 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуутын 1 дүгээр гудамжны 235 тоот хаягт байрших (одоогийн Чулуутын *******-ын ******* тоот) 597.39 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Улмаар уг газрын хууль ёсны өмчлөгч С.Ш , Ж.*******, Ш.*******- нарт 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай  гэрчилгээ олгожээ. 

Нэхэмжлэгч С.Ш нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Өөрийн өмчлөлийн газартаа автомашины засварын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агуулах руу орох орц, гарц хаагдсан тул газраа хэвийн эзэмших, түүний үр шимийг хүртэх боломжгүй байна. Мөн дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам, сүлжээ бүхий дулааны шугам байрлаж байгаа газарт хууль бусаар газар эзэмшүүлсэн” гэж маргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаас үзвэл хүн, хуулийн этгээдээс өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргана. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ш нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуутын ******* 2 тоот хаягт байрших 597.39 м2 газарт автомашины засварын үйлчилгээ эрхэлдэг ба хашааны хойд хэсэгт байрлах байшинг агуулахын зориулалтаар ашигладаг гэх бөгөөд уг байшин (агуулах) нь хашааны гадна талаас (хойд талдаа) нэвтрэх орц гарцтай, харин хашаа руу орох хаалга нь баруун талдаа туслах зам дагуу байх ба ямар нэгэн саадгүйгээр нэвтрэх орц, гарцтай байгаа болох нь шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, баримтжуулсан фото зургаар  тогтоогдож байна.   

Гуравдагч этгээд З.Э т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуут ******* тоот хаягт байрших 380 м2 газрыг эзэмших эрхийг Г.*******аас нэр шилжүүлэн эзэмшүүлж, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх”-ийн дугаар  гэрчилгээ олгожээ. 

Нэхэмжлэгч С.Ш ын өмчлөлийн Чулуутын *******-ын ******* тоотод байрших 597.39 м2 газар нь гуравдагч этгээд З.Э ийн эзэмших эрх бүхий Чулуутын ******* тоотод байрших 380 м2 газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, дундаа нийтийн эзэмшлийн талбайтай байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. 

Шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бодит нөхцөл байдалд дахин үзлэг хийж маргаан бүхий газарт орших С.Ш ын байшин (агуулах)-ийн орц гарц хаагдсан эсэхийг үзэхэд З.Э нь өөрийн эзэмшил газарт сендвичэн байшин барьсан байх ба С.Ш ын байшин (агуулах) руу орох орц, гарц ямар нэгэн байдлаар хаагдаагүй, нийтийн эзэмшлийн (13,5-14,4 метр өргөнтэй) тайлбайгаар автомашин чөлөөтэй нэвтрэх боломжтой байгаа болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл , баримтжуулсан фото зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/578 дугаар албан бичгээр ирүүлсэн зураглал  зэргээр тогтоогдож байна. 

Иймээс маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч С.Ш ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн З.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгосноор (гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласнаар) түүний ямар эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч С.Ш аас агуулахын зориулалтаар ашигладаг байшин руу орох орц, гарц хаагдсан, газраа хэвийн эзэмших боломжгүй байна гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ. 

Газар эзэмших эрхийг /эрхийн гэрчилгээ/ шилжүүлэх, шилжүүлэн авах ажиллагаа гуравдагч этгээд З.Э , иргэн Г.******* нарын хооронд явагдсан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар Чулуут ******* тоот хаягт байрших 380 м2 газрыг эзэмших эрхийг гуравдагч этгээд З.Э т шилжүүлсэнийг буруутгах боломжгүй байна. 

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шалган тогтоон, хэрэв нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгох эрхгүй юм. 

Нэгэнт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн З.Э т холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгч С.Ш ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох тул нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан “инженерийн шугам сүлжээ байрлаж байгаа газарт хууль бусаар газар эзэмшүүлсэн, газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байхад З.Э т эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хууль бус” гэх үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу гуравдагч этгээд З.Э нь газар эзэмших эрх бүхий байх ба, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч С.Ш ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн З.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш ын гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн З.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ш аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЦЭЦЭГМАА