Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 498

 

Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нархажид,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/25 тоот улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир,  Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт холбогдох 2014250006024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Жадиг овогт Дакийн Мөнхбаяр, 1995 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 16-85 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УК95043075/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

2. Боржигон овогт Ганхуягийн Мөнхдаваа, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1Б хэсэг 196 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЕЦ94111418/,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

3. Дорж овогт Өлзийхутагийн Эрдэнэ-Очир, 1969 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1Б хэсэг 195 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЕЭ69031879/,

4. Боржигон овогт Шүрэнцэцэгийн Хувьтөгөлдөр, 1998 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1Б хэсэг, Улаанхуарангийн 246 тоотод оршин суух, /регистрийн дугаар: СО98072112/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

5. Жалайр овогт Жамсүрэнгийн Анхбаяр, 1998 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1087 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ДЮ98092819/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир, насанд хүрээгүй яллагдагч Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө хохирогч Б.Гантулгын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ш.Хувьтөгөлдөр, Г.Мөнхдаваа, Д.Мөнхбат, Ж.Анхбаяр нар нь бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 2-24в тоотод оршин суух хохирогч Л.Билэгбаярын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ш.Хувьтөгөлдөр, Г.Мөнхдаваа, Ж.Анхбаяр нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж 1 дүгээр хэсэгт оршин суух хохирогч Л.Төгсжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3.330.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ж.Анхбаяр, Г.Мөнхдаваа нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45-10 тоотод байрлах “Төгс төмөр” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Б.Ганчимэгт 3.121.340 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Төр наран” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Ч.Цэцэгмаад 1.618.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Мөнхбат нь Б.Алтангэрэл, Н.Батзаяа, П.Бат нартай бүлэглэн:

 2011 оны 4, 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Улаанхуарангийн 1 дүгээр хэсгийн 105 тоотод байрлах “Хүнсний мухлаг” нэртэй дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Д.Даваахүүд нийт 405.570 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2011 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалангийн 12 дугаар буудлын хойно байрлах хохирогч Б.Ганбаатарын түүхий эд авдаг цэгт нэвтэрч эд зүйл хулгайлан авч нийт 1.407.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2011 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ботаникийн автобусны буудлын хойно байрлах хохирогч Ч.Төмөртулгын түүхий эд авдаг контейнерт нэвтэрч эд зүйл хулгайлан авч нийт 676.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн 12 дугаар буудлын хойно байрлах хохирогч С.Лхамсүрэнгийн мухлагт нэвтэрч эд зүйл хулгайлан 190.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Мөнхбат нь ганцаараа:

2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 9-5 тоотод оршин суух хохирогч Х.Дашдондогийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 440.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34-4102 тоотод оршин суух хохирогч Г.Бүрэнбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 315.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2а-1444 тоотод оршин суух А.Мөнхтөрийн гэрийн тооноор нэвтэрч эд зүйл хулгайлан 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Г.Мөнхдаваа нь Г.Батхүлэгтэй бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Н.Батцэцэгт 307.100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Г.Мөнхдаваа ганцаараа 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 4-44-1573 тоотод оршин суух хохирогч А.Жамьянгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч эд зүйл хулгайлан 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1-10-343 тоотод оршин суух хохирогч Т.Цэрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 620.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2б-1512 тоотод байрлах хохирогч Ч.Батсайханы байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4а хэсэг, 1512 тоотод оршин суух иргэн С.Дулмаагийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 327 тоотод байрлах хохирогч Л.Ариунчимэгийн гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Э.Бауыржанд 690.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 1-221 тоотод хохирогч Ө.Цэдэн-Иштэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ө.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар, Ш.Хувьтөгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Г.Мөнхдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Шүүгдэгч Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа нар нь бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Г.Мөнхдавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мөнхдаваад эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Ө.Эрдэнэ-Очирт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Хувьтөгөлдөрт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Хувьтөгөлдөрт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мөнхдаваад эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхдаваад 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

4. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

5. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хасч шүүгдэгч Д.Мөнхбат, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарын нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Г.Мөнхдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж түүний эдлэх ялын 7 жилийн хугацаагаар тогтоож,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн тэдний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоож,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбатын цагдан хоригдсон 403 хоногийг, Г.Мөнхдаваагийн цагдан хоригдсон 565 хоногийг, Ө.Эрдэнэ-Очирын цагдан хоригдсон 100 хоногийг, Ш.Хувьтөгөлдөрийн цагдан хоригдсон 132 хоногийг, Ж.Анхбаярын цагдан хоригдсон 132 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавсралтаар Д.Мөнхбатаас 6.345.000 төгрөгийг, Г.Мөнхдаваагаас 10.217.140 төгрөгийг, Ш.Хувьтөгөлдөрөөс 4.660.000 төгрөгийг, Ж.Анхбаяраас 7.781.340 төгрөгийг гаргуулан нэг бүхий хохирогч нарт олгож,

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 237 см урттай хутгыг устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

12. Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр, Ө.Эрдэнэ-Очир нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Мөн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг давтан үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 56.1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь  уг хуулийг тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэж заажээ.

Хууль тогтоогч нь дээрх “гэмт хэрэг давтан үйлдсэн”, “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болгон заасан байхад шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгон хэрэглэсэн байна гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу нэршилээр бичсэнийг хуульд байхгүй зүй, хэсгийг хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Мөнхбат нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас нь хэлтрүүлсэнийг анхан шатны шүүх Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

3. Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтанд “...шүүгдэгч Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн ... гэм буруутайд тооцсугай” гэж дүгнэснийг анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” талаарх гэм буруутай үйлдэлд нь дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна гэж үзэхээр байна.

4. Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн тав дахь заалтанд “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хасч шүүгдэгч Д.Мөнхбат, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарын нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож” гэж заахдаа шүүгдэгч Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт нийт хэдэн жилийн хорих ял эдлэхийг дурьдаагүй орхигдуулсан бол шүүгдэгч Г.Мөнхдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас ямар үндэслэл, журмаар 2 жилийг хасч биечлэн эдлэх хорих ялын 4 жилийн хугацаагаар тогтоосон нь ойлгомжгүй байна.

5. Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн зургаа дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж багтаан түүний эдлэх ялын 7 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж заажээ.

Шийтгэх тогтоолын гурав дахь заалтаар шүүгдэгч Г.Мөнхдаваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан атлаа тус тогтоолын зургаа дахь заалтад ямар үндэслэл, журмаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял болж өөрчлөгдсөн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Мөнхдаваад оногдуулсан хорих ялын нийт хэмжээ нь ямар үндэслэл, журмаар 7 жил болсон нь ойлгомжгүй байна.

Шийтгэх тогтоолын дээрх заалтуудаас үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2 дахь хэсэгт заасан “...нотлогдсон гэмт хэрэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг ... нэг бүрчлэн заана” гэх шаардлагыг зөрчсөн байна.

6. Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн арван нэг дэх заалтад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг шийдвэрлэхдээ “1 ширхэг цамц”-ын хэрхэн шийдвэрлэх талаар дурьдаагүй орхигдуулсан байна.

7. Шүүгдэгч Ж.Анхбаяр нь Баянзүрх дүүргийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж уг ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.

Ш.Хувьтөгөлдөр нь Баянзүрх дүүргийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж уг ялыг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болох нь тус тус хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Анхбаяр, Ш.Хувьтөгөлдөр нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд буюу 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай гэж үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор П.Нархажид тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна. Мөн Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн.  Мөн улсын яллагч хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн байна. Ял хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх ёстой байсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн прокурор П.Даваасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.Анхбаяр, Ш.Хувьтөгөлдөр нар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудаар тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Анхбаяр, Ш.Хувьтөгөлдөр нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад нь тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн мөрдөн байцаалтын шатанд Д.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 2014250006024 дугаартай хэрэгт зарим эрүүгийн (201425000610, 2014250001783, 2014250001866 гэх мэт) хэргүүдийг нэгтгэхгүйгээр өөр хэрэгт нэгтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас зэргийг 2012, 2013 онд шалгаж байснаас хойш хугацаанд дахин шалгаагүй, зарим ял шалгах хуудсыг тусгаарласан хэрэгт хийснээс болж энэ хэрэгт авагдаагүй зэрэг зөрчлүүдийг гаргажээ.

Иймд хэргийг буруу зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэргийг буруу нэгтгэсэн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэв.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 174 дүгээр шийтгэх тогтоол гаргахдаа дараах ноцтой алдаа зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийг тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэж заасан байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Мөн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг давтан үйлдсэн”, 56.1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” гэж үндэслэлгүй дүгнэсэн,

- Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтад “...шүүгдэгч Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн” гэж шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” талаарх гэм буруутай үйлдэлд нь дүгнэлт өгөөгүй орхигдуулсан,

- Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн тав дахь заалтад “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хасч, шүүгдэгч Д.Мөнхбат, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарын нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож” гэж заахдаа шүүгдэгч Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт нийт хэдэн жилийн хорих ял эдлэхийг дурьдаагүй орхигдуулсан,

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зургаа дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж түүний эдлэх ялын 7 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж үндэслэлгүй тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2 дахь хэсэгт заасан “...нотлогдсон гэмт хэрэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг ...нэг бүрчлэн заана” гэх шаардлагыг зөрчсөн байна.

- Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн арван нэг дэх заалтад эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлсээс нэг ширхэг цамцыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурьдаагүй орхигдуулсан,

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад нэр бүхий хохирогч нарт “хавсралтад зааснаар” хохирлыг олгуулах талаар шийдвэрлэсэн атлаа энэхүү шийтгэх тогтоолд хавсралтыг гаргаагүй, аль хохирогч нь хэнээс хэдэн төгрөг авах нь тодорхойгүй байдал үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой дээрх алдаа, зөрчлүүд нь шүүх бүрэлдэхүүний хайнга хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байгааг дурдаж анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/25 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Д.Мөнхбат, Г.Мөнхдаваа, Ө.Эрдэнэ-Очир,  Ш.Хувьтөгөлдөр, Ж.Анхбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                            Д.ГАНСҮХ

                                                                                         Ц.ОЧ