Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00165

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02396 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2035 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.М

          Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

          Нийт 35.775.145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, Б.У, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2013-12-01-с 2014-06-28-ны өдрийг хүртэл “С” ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллсан. Ажиллаж байхдаа 50 кг-н гурил болон зуурмаг олон удаагийн давтамжаар гараараа өргөж, зөөвөрлөх ажил хийж байсан. Үүнээс болж  бүсэлхийн 4, 5-р нугаламын жийргэвчний цүлхийлт, үений суулттай болж, хөдөлмөрийн чадвараа 50% алдаж, нурууны эмгэг өөрчлөлтийн улмаас нуруу  байнга өвдөж, эмийн болон бусад олон эмчилгээ хийлгэж байсан. Үр дүн гараагүй учир бүсэлхийн 4 дүгээр нугаламын сэртэн авах, 4, 5 дугаар нугалам хоорондын диск авах хагалгааг хийлгэсэн ч намдахгүй одоо босож, суухад хүндрэлтэй, байнгын зовиуртай байгаа. Цаашид дахин хагалгаа хийлгэх шаардлагатай тухай эмнэлгийн дүгнэлт гарсан. “С” ХХК  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2000-06-29-ны  өдрийн 105-р тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS:4970:2000 стандартын 3.3-н насанд хүрсэн эмэгтэй хүн нэг удаа гараар өргөж, зөөх ачааны хүндийн хэмжээ 20 кг байхаар тогтоосон байтал тухайн стандартыг зөрчиж, зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээгээр  өргүүлдэг байсан нь нурууны гэмтлийн суурь шалтгаан болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд зааснаар 2014 оны 10 дугаар сард хариуцагчид хандаж, осол гэмтлийн тухай акт тогтоолгох хүсэлт гаргасан  ч  тогтоож өгөөгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 6.1-р  шүүхэд гомдол гаргаж болно гэсэн учир шүүхэд хандсан.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-03-01-ний өдрийн 101/ШШ2016/01957-р шийдвэрээр нэхэмжлэгч нарийн боовчин, ачигчаар ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоосон. Хариуцагчаас 21 593 937 төгрөг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д  7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг  олгох ба нөхөн төлбөрийн хэмжээ 5.190.145 төгрөг болж байна. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нуруундаа гэмтэл авсан тул Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 2 252 421 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4 396 338 төгрөг, эмчилгээ, эмнэлгийн төлбөр бусад хохиролд төлсөн 2 754 950 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7сая төгрөг, нийт 21 593 937 төгрөгийг гаргуулахыг шаардаж байна гэжээ. 

        Хариуцагч хариу тайлбартаа: 2013 оны 12 дугаар сард Б.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нарийн боовчны ажилд томилсон. Тэрээр ажиллаж байх хугацаандаа  “...хүнд юм өргөж болохгүй...” гэдэг байсан ба тогтворгүй, байнга ажил тасалдаг, чөлөө авдаг, бие өвдлөө гэдэг байсан. Б.Мг крем зуурагч, тортны крем цохигч, кекс зуурагч гэх зэрэг хөнгөн ажил дээр тавьсан. Нэхэмжлэгч их хөдөлгөөнтэй, ээлжинд ажиллаж байсан хүүхдүүдтэй амралт чөлөөт цагаараа барилцаад ноцолддог байсан, энэ бүгдийг ажилчид бүгдээрээ сайн мэднэ. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд манай компанид үйлдвэрлэлийн осол огт гараагүй. Осол гарсан бол түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод тухайн хүнийг яаж осолдсон болохыг тогтоох ёстой. Манай компани тусдаа ачигчтай, 50 кг-ын гурил тэр болгон ирээд байдаггүй, Алтан тариа, Улаанбаатар компанийн гурилууд ихэвчлэн 25 кг-аар савлагддаг.  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын улмаас нийгмийн даатгалын байгууллагаас нөхөн төлбөр гаргуулж байгаагүй тухай талархлын бичгээр манайд үйлдвэрийн осол гарч байгаагүй гэдэг нь  нотлогдоно. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1957 тоот шүүхийн шийдвэрээр “С” ХХК-д үйлдвэрлэлийн осол гарсанг тогтоогоогүй. Нэгэнт үйлдвэрлэлийн осол болоогүй, гараагүй тул нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02396 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-г баримтлан  “С" ХХК-иас 6 973 595 төгрөг гаргуулж, Б.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 14 620 342 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 126 527 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2035 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  төлөөлөгч нарын  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 228.4, 497.1, 505.1 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх  Иргэний хуулийн 228.4, 497.1, 505.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 105 тоот тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” МNS:4970:2000 стандартыг зөрчиж эмэгтэй хүний өргөх, зөөх ачааны хэмжээг хэтрүүлж байнгын тогтмол үйлдлээр хүнд ачаа зөөлгөсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг үгүйсгэсэн. Шүүх …2 252 421 төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Б.Мг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50%-иар алдсан болохыг ЭХМКомиссын 0119418 болон 0025023 тоот шийдвэрүүдээр нөхөн тогтоосон. Б.М  өөрт учирсан өвчний шалтгааныг мэргэжлийн хяналтын байгууллага, шүүхээр тогтоолгох, эмчлүүлэх шаардлагын улмаас хууль, дүрэм журамд заасан акт гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг 5-н 2 болон 9-р зүйлд “...эмнэлэг хөдөлмөрийн магадалгааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоолгосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно” гэж заасан. Шүүх уг хуулийг хэрэглэн тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг зохих хэмжээгээр олгох боломжтой. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ослын нөхөн олговор, эмчилгээний зардалд 6.973.593 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү ба гэм хор учруулсны улмаас хохирсон сэтгэл санааны хохирлыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.М 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 2.252.421 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4.396.338 төгрөг, сэтгэл санааны хохирол 21.181.300 төгрөг нийт 35.775.145 төгрөг шаардсан /хх 1-2/ боловч уг шаардлагыг шүүх хуралдаан дээр “... 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговор  5.190.145 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 2.251.421 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4.396.338 төгрөг, эмчилгээ, эмнэлгийн төлбөр болон бусад хохиролд төлсөн 2.754.950 төгрөг, сэтгэл санааны хохирол 7.000.000 төгрөг нийт 21.593.937 төгрөг...” болгосон /хх158/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй./хх49/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 6.973.595 төгрөгийн шаардлагыг хангахдаа “...  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь гэж тогтоосон тул 7 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөр 5.190.451 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн төлбөр зэргийн үнэ нийт 1.783.450 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

      1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан журмаар нөхөн төлбөр олгоход  “үйлдвэрлэлийн осол” гарсныг зохих журмын дагуу тогтоосон байх нь урьдчилсан нөхцөл  бөгөөд энэ нь нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэнэ.   

       Иймд нэхэмжлэгч нь “...үйлдвэрлэлийн ослыг гарсан эсэхийг эрх бүхий байгууллага тогтоосон гэж үзэж нөхөн төлбөр, хохирол шаардсан...” эсхүл “...үйлдвэрлэлийн осол гэдгийг шүүхээр тогтоолгож, үүний дагуу нөхөн төлбөр, хохирол шаардсан...” эсэх нь тодорхой байх шаардлагатай.

       а/ Хэрэгт 2016 оны 0119418 /хх 13/, 2017 оны 0025023 /хх 76/ дугаартай   “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” авагдсан байх боловч уг баримтад үйлдвэрлэлийн осол тогтоосон тухай мэдээлэл байхгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 дугаар шийдвэрээр үйлдвэрлэлийн осолыг тогтоогоогүй  байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн осол болсон гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна. 

       б/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.5-д “Ажил олгогч ...29.2-т заасан үүргээ биелүүлээгүй ...бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж заажээ. Ажил олгогч “С” ХХК  үйлдвэрлэлийн осол гарсан тухай акт, дүгнэлт гаргах хугацааг өнгөрүүлсэн гэж  нэхэмжлэгч шүүхэд хандсан байж болохоор байгаа бөгөөд үүнийг шүүх хүлээн авсан нь дээр дурдсан хуулийн заалттай харшлаагүй байна.

      Нэхэмжлэгч нь “үйлдвэрлэлийн осол”-г шүүхээр тогтоолгохыг хүссэн гэж үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл болсон нөхцөл байдал үйлдвэрлэлийн осол мөн эсэх, мөн бол ямар хууль болон дүрмийн дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзсэн үндэслэлийг шийдвэрт тодорхой заах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцнэ. 

       Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шүүх дүгнээгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4-г зөрчинө.     

       2. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.      

       Тухайлбал, хэргийн 8, 146 дугаар талд буй баримт нь ямар дэвтрийн хуулбар болох нь тодорхойгүй байгаагаас гадна “тэтгэвэр олголт 2016... 2017” гэсэн хэсгийн бичилт /хх 8/   засвартай, хуулбарын үнэн зөвийг нотариат гэрчлээгүй /хх 146/ тул тэтгэврийн зөрүү олгох тухай гомдлын талаар тус шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.  

       Эмнэлэгт үзүүлсэн, эм худалдан авсан тухай баримтууд /хх 17-18/ нэхэмжлэлийн шаардлагад заасан өвчинд хамааралтай эсэх нь тодорхойгүй, хэргийн 142-152 дугаар талд буй хуулбарын үнэн зөвийг нотариат гэрчлээгүй тул эдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.5-т нийцэхгүй.      

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлсний эцэст мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2035 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2017/18521 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                     ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ