| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0370/Э |
| Дугаар | 375 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 375
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Э.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918005380424 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн вагоны ангийн 3-р курсийн оюутан, Дархан-Уул аймгийн Орхон сум .......... оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Э.М,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны орой Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийт багийн Төмөр замын гарам гэх газар насанд хүрээгүй Б.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Ц “...2019 оны 07 сарын 27-ны орой би дүү М 22 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр рүү явж байсан. Тэгсэн чинь замд тоглоомын талбайн саравчинд 3 хүн архи уугаад сууж байсан. Тэгснээ нэг нь дуудаад хэн бэ чи, хэдэн настай бэ, пиво уух уу гээд саваар нь над руу шахсан тэгсэн тэр дунд сууж байсан Б гэх ах нэрийг хэлж өгсөн юм. Тухайн үед намайг гэр лүүгээ яв жоохон хүүхэд байна гэж хэлсэн. Тэгээд дүү бид 2 цаашаа тэд нарыг өнгөрч яваад дэлгүүр орчхоод нэгжээ аваад буцаад харих гээд төмөр замын гарам нэвтрэх гээд явж байсан чинь замд нөгөө 3 ахтай дахиад таарсан, Тэгсэн М нь надаас дахиад нэр нас асуугаад байсан тухайн үед би хариулчхаад явах гэсэн чинь хойноос дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохисон, тэгэхээр нь би толгойгоо бариад юу ч хэлээгүй зогсож байсан чинь М миний бэлэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн тэр үед би газар уначихсан Тэр үед манай дүү М аавыг утсаар дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч Ш.Б “...М, М нартай хамт юм яриад зогсож байхаар нь гялс очоод тэр 2 хүүхдийг явуулсан, ерөнхийдөө М, М 2 юун хүүхдүүд бэ гээд согтуурхаад байсан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Насанд хүрээгүй гэрч М.М “...би Цэнгүүнээс арай жоохон зайтай байсан. Тэр үед л Цэнгүүнээг цохисон юм шиг байна лээ, намайг эргэж харсан чинь 2 гараараа салтаа хэсгээ барьчихсан ярвайчихсан явъя аа, явъя гээд байсан, Тэгээд замдаа явж байхдаа Ц ах ”намайг М өшиглөчихлөө” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Ц.Г “...Тухайн өдөр Б.О гэх хүнээс “манай хүүхдийг гудамжинд үл таних хүмүүс зодчихлоо” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход зодсон гэх хүмүүсийг эрэн сурвалжилж ажиллахад тухайн хүмүүс Э.М, Э.М гэх хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд тухайн хүмүүс Орхон сумын 1-р баг Петровисын колонкийн хажуугаар алхаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 647 дугаартай “...Б.Ц биед баруун төмсөг, цавины цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан прокурорын торгох ялын саналыг багасгаж, торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Э.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД