| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/02407/И |
| Дугаар | 210/МА2026/01069 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01069
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/03760 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 16,838,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани нь барилгын бараа материал худалдан борлуулах, нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр 16,838,500 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлэх гэрээ байгуулсан.
1.2. Гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1750x300 хэмжээтэй гишгүүр 191 ширхэг, 20000x2000 хэмжээтэй эргэх талбай 80 ширхгийг хариуцагч компанид хүлээлгэж өгсөн боловч хариуцагчийн зүгээс барааны үнэ болох 16,838,500 төгрөгийг манай компанид төлж барагдуулаагүй.
1.3. Гэрээний дагуу нийлүүлсэн барааг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр акт үйлдэж хариуцагч компанийн нярав гарын үсэг зурж хүлээж авсан. Тус актад тоо хэмжээ бүрэн, эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдсэн.
1.4. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,838,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн гэх хулдаас нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд барилгын үйл ажиллагаанд ашиглах боломжтой байгаагүй. Манай компани хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчих, гишгэх, тэрэгтэйгээ явахад зориулагдсан товгор, бас зуурамтгай хулдаас захиалахаар ярилцсан.
2.2. Гэтэл авчирсан хулдаас нь дээрх шаардлагыг хангаагүй, гулгадаг, гулсамтгай, нимгэн материалтай байсан тул бид ашиглаагүй. Хулдаасны материал, чанарын талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хэрэглэх боломжгүй, чанарын шаардлага хангаагүй хулдаас нийлүүлээд, түүнийгээ хүлээлгэн өгсөн хэмээн мөнгө шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.
2.3. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Манай компани нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож хулдаас захиалсан. Гэтэл амархан хугарч урагддаг, халтирдаг, чанарын шаардлага хангахгүй хулдаас ирсэн.
3.2. Чанарын шаардлага хангахгүй байгаа тул хулдаасыг буцаан авах шаардлага тавьсан боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл буцаан аваагүй, ямар нэгэн хариу өгөөгүй. Бид уг хулдаасыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төвийн шаланд тавих зориулалтаар захиалсан ба уг газарт ашиглагдах хулдаас маш чанартай, халтирдаггүй, хугардаггүй байх шаардлагатай.
3.3. Захиалгаар ирсэн хулдаас нь доголдолтой, чанарын шаардлага хангахгүй байгаа тул манай компани энэ талаар мэдэгдэж, хулдаасыг буцаах мэдэгдлийг өгсөн. Доголдолтой, чанарын шаардлага хангахгүй хулдаас нийлүүлсэн тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Манай компани Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан ямар нэгэн доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн.
4.2. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана гэжээ. Тодруулбал, хариуцагч нь тухайн бараа материалыг хүлээн авахдаа аливаа төрлийн доголдол илэрсэн тухай манай компанид мэдэгдэж байгаагүй.
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс бараа материалын төлбөр гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нь аливаа хэлбэрээр доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй, төлбөрийг удахгүй өгнө, түр хүлээ гэсээр өнөөдрийг хүрсэн.
4.4. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 16,838,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 242,143 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,300 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,143 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар WeChat (Ви чат)-ын харилцан ярианы хуулбарыг гаргасан бөгөөд уг харилцан ярианд бараа материалыг 11 дүгээр хороололд үлдээсэн талаар дурдсан байдаг. Энэ нь бараа материалыг хүлээлгэн өгөхдөө зохих журмын дагуу акт үйлдээгүй, хүлээн авагч тал барааны чанар, бүрэн бүтэн байдлыг шалгах боломжийг олгоогүй, хүлээлцэх ажиллагаа зохих хэлбэрээр явагдаагүйг харуулж байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нотлох баримтыг дутуу үнэлсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
6.2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
6.3. Нэхэмжлэгч компани эд хөрөнгийг шилжүүлж өгөхдөө хуулийн дагуу шилжүүлж өгөөгүй, хүлээн аваагүй байхад доголдолтой барааг хүлээлгэн өгснөөр гэрээний төлбөрийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг зөрчсөн.
6.4. Нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул манай компани уг нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдэж, барааг буцаан авахыг шаардсан боловч нэхэмжлэгч тал барааг буцаан аваагүй тул барааг манай компани агуулахад хадгалж байгаа бөгөөд энэ нь тухайн барааг ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч талыг бараагаа буцааж авахыг хүлээж байсныг нотолж буй хэрэг юм.
6.5. Хэрэгт компанийн зүгээс хүлээлцэх акт дээр гарын үсэг зурсан баримт авагдсан. Гэвч уг акт нь зөвхөн барааг тоо хэмжээний хувьд хүлээн авсныг нотлох баримт бөгөөд барааны чанар, доголдолгүй байдлыг бүрэн баталгаажуулсан баримт гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал, барааг хүлээн авах үед чанарын нарийвчилсан шалгалт хийх бодит боломж байгаагүй, улмаар манай талаас нэхэмжлэгчид мэдэгдэж, буцаан авах шаардлага тавьсан.
6.6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрх нь зөвхөн хүлээлцэх акт үйлдсэн эсэхээс үл хамааран хэрэгжих боломжтой. Гэтэл анхан шатны шүүх хүлээлцэх актыг дангаар нь үнэлж, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь иж бүрэн үнэлэх зарчмыг зөрчсөн.
6.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагчийн зүгээс бараа материалыг хүлээж аваагүй гэж байгаа тохиолдолд доголдол ярих үндэслэлгүй ба доголдол ярьж байгаа нь бараа материалыг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
7.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогчид нь тайлбар, татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээ байгуулагдсан үйл баримтыг нотлох зорилгоор хариуцагчийн ажилтантай харилцсан WeChat (Ви чат) -ын цахим зурваст үзлэг хийлгэсэн, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бараа материал хүлээлцсэн актыг гаргаж өгсөн.
7.3. Хариуцагч тал бараа материалыг хүлээлгэж өгөөгүй, доголдолтой байсан гэж тайлбартаа дурддаг боловч үүнийг нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хурал 2-3 удаа хариуцагчийн хүсэлтээр хойшилж байсан ба цаг хугацаагаар нь авч үзвэл өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Дээрх хугацаанд хариуцагчийн зүгээс холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй атлаа анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.
7.4. Бараа материалыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээлцэхдээ бараа материал бүрэн бүтэн ба доголдолгүй гэж тодотгон бичиж акт үйлдэн хүлээлцсэн. Хариуцагчийн зүгээс бараа материалыг доголдолтой гэж тайлбарладаг ч эд хөрөнгө доголдолтой бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй, мөн уг эрх нь мөн зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш 6 сарын дотор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаатай. Хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энэ талаар ямар нэгэн мэдэгдлийг нэхэмжлэгчид ирүүлж байгаагүй ба төлбөрийг удахгүй төлнө гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
7.5. Бараа материалыг хүлээж авахдаа зохих ёсоор шалгаж аваагүй гэдэг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани энэ үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа тохиолдолд нэн даруй шалгаж авах эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй бол шаардах эрхээ алддаг.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,838,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК-ийн хангамжийн менежерээр ажиллаж байсан гэх ******* , ******* ХХК-ийн ажилтан гэх ******* нар 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд We Chat (Ви чат) аппликэйшнээр харилцаж ******* ХХК нь худалдан авах барааны захиалгыг ******* ХХК-д өгсөн;
3.2. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК нь ******* ХХК-д нэг бүр нь 1750х300 мм хэмжээтэй, 191 ширхэг, нийт 100.3 м.кв гишгүүр, нэг бүр нь 20000х2000 мм хэмжээтэй, 2 ширхэг, нийт 80 м.кв эргэх талбайг хүлээлгэн өгсөн агуулга бүхий акт үйлдэгдэж, уг актад ******* ХХК-ийн төлөөлөгч болон ******* ХХК-ийн нярав гарын үсэг зурж баталгаажуулсан, актад ******* ХХК-ийн нярав тоо хэмжээ бүрэн, эвдрэл гэмтэлгүй хүлээж авсан болно гэсэн тэмдэглэгээ хийсэн;
4. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй боловч худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа нь биет байдлын доголдолтой байсан эсэх, барааг актаар хүлээлцэх үед барааны чанарыг нарийвчлан шалгах боломжтой байсан эсэх, хариуцагч бараа доголдолтой байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэж гэрээнээс татгалзсан эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа нь хариуцагчийн зүгээс тавьсан хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчих, гишгэх, тэрэгтэйгээ явахад зориулагдсан товгор, бас зуурамтгай байх шаардлагыг хангаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй хулдаас байсан тул нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж, барааг буцаан авахыг шаардсан буюу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэх хариу тайлбарыг шүүхэд гаргаж маргасан.
Гэсэн хэдий ч хариуцагч нь барааг анх захиалахдаа барааны чанарын талаар өмнө дурдсан тусгайлсан шаардлагыг тавьж байсан болон нийлүүлсэн барааны доголдлын талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, гэрээнээс татгалзаж, барааг буцаан авахыг шаардаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан татгалзал, мөн энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа буюу хулдаас нь эд хөрөнгө хүлээлцэх үед доголдлыг нь мэдэх боломжтой бараа байх ба хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч тул тухайн барааг ашиглан гүйцэтгэх гэж байсан ажилтайгаа холбогдуулан эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэгтэй байсан гэж үзнэ. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдах тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа доголдолтой байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч худалдан авсан барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,838,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.
7. Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ сөрөг нэхэмжлэл байдлаар гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцээгүй байна.
7.1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа хариуцагч сөрөг нэхэмжлэл байдлаар гаргаж, сөрөг шаардлагаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах гэж тодорхойлсон нь гэрээнээс татгалзсаны үр дүнд тодорхой үр дагаврыг эсрэг талаас шаардсан агуулгагүй, зөрчигдсөн эрхийг сэргээх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй байхад анхан шатны шүүх бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар гэж үзэх бөгөөд энэхүү тайлбараа нотолж чадаагүй талаар дээр дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой найруулгын болон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болгож баримталсныг хассан өөрчлөлтийг тус тус оруулж, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.
8. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхийн нэрийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/03760 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 16,838,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 242,143 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,143 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.УУГАНБАЯР