Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 329

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Д.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Т-,

Шүүгдэгч Д.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Р- холбогдох эрүүгийн 1918005010374 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, агааржуулалтын слесарь мэргэжилтэй, Шарын гол ХК-нд агааржуулалтын слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Д.Р-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Р- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг, Ойчдын 8 дугаар гудамжинд М.Т-О-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Р- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчим “юу болоод байгаа юм бэ?, манай эгчийг дээрэлхээд байгаа юм уу?, болиоч” гэж шаардлага тавьсанд эсэргүүцэн хохирогч М.Т-О-ын халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь цохьсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Р-ы үйлдлийн улмаас хохирогч М:М.Т-О-ын эрүүл мэндэд хөнгөн учирсан болох нь дараах нотлох баримтаар хангалттай тогтоосон байна. Үүнд:

            Шүүгдэгч Д.Р-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 07 сарын 08-ны өдөр би хөдөө яваад орой гэртээ жаахан архи уусан, халамцуу ирсэн. Гэтэл эхнэр болох Ш.С- нь намайг архи уулаа чи одоо унтаж амар гэж уурлахаар нь би өөдөөс нь за унтлаа гэж чанга дуугаар хэлсэн чинь гадаа үүдний таамбарт юм угааж байсан М.Т-О- гэрт орж ирээд надад хандаж “чи яагаад том дуугараад байгаа юм бэ? гадаа гараад ир” гэхээр нь би араас нь дагаад гарсан. Тэр үед М.Т-О- надаас зугтаж хашаа давсан. Тэгэхээр нь би түүний араас хашаа даваад гудамжинд барьж аваад ахын хувиар түүний нэг удаа зүүн талын хөмсгөнд нь гараараа цохисон чинь хөмсөг нь сэтэрч тэр дороо цус гарсан. Тэгтэл М.Т-О- гар утсаа гаргаж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч намайг бариулсан гэх мэдүүлэг /хх 19/,

            Хохирогч М.Т-О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 07 сарын 08-ны орой би таамбарт хувцсаа угаагаад сууж байхад Д.Р- ах жаахан халамцуу байдалтай гэртээ ирсэн. Тэгээд гаднаас нь сонсоход эхнэр нь болох Ш.С- эгч чанга чанга дуугарахаар нь хоорондоо хэрэлдээд байгаа юм болов уу гэж бодоод би явж ороод “юу болоод байгаа юм бэ? Д.Р- ахаа та болиоч” гэж хэлсэн чинь миний өөдөөс чи дуугүй бай гэж хэлэхээр нь би уурлаад түүнийг гараад ир гэж хэлсэн. Тэгээд би түрүүлж гэрээс гараад хашаа даваад шууд гудамжинд зугтсан. Гэтэл араас Д.Р- ах хашаа давж намайг гүйцэж ирээд миний зүүн талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохиж цус гаргасан. Тэгэхээр нь би уурандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр хэрүүл маргаан болоогүй гэх мэдүүлэг /хх 13-14/,

            Гэрч Ш.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед манай нөхөр Д.Р- согтуу гэртээ орж ирэхээр би одоо чи унтаж амар гээд загнасан юм. Тэгтэл Д.Р- надад “би хөдөө явчихаад л ирсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай эгчийн дүү М.Т-О- орж ирээд “юу болоод байна аа, чи муу миний эгчийг дээрэлхээд байна уу” гэж хэлээд үүдний амбаараас гэрт орж ирсэн. Тэгтэл Д.Р- “бид хоёр өөрсдөө учраа олчихно” гэж хэлтэл М.Т-О- “чи нааш аа гараад ир” гэж хэлэхээр нь Д.Р- араас нь гартал М.Т-О- хашаа даваад зугтсан. Араас нь Д.Р- хөөгөөд бас хашаа даваад гарсан. Би тухайн үед та хоёр болиоч гэж хэлээд ганц хоёр минут тэвдээд хашаандаа үлдсэн. Тэгээд хашаа тойроод очтол М.Т-О- Д.Р-аас нэлээн цаана би цагдаа дуудлаа гэж хэлээд цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг /хх 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 604 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.М.Т-О-ын биед зүүн нүдний дээд зовхины шарх, нүүрний цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.М.Т-О-т илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 25/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Д.Р-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д.Р- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Р-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч М.Т-О-ын хохирогчоор өгсөн “надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлгээр /хх 14/, шүүгдэгч Д.Р-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 1918005010374 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/,

Хохирогч М.Т-О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/,

Шүүгдэгч Д.Р-ы шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33-38/, “Шарын гол” ХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 41-42/,  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Засаг даргын тодорхойлолт /хх 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/,

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Р-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Р-д холбогдох эрүүгийн 1918005010374 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Р-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ