Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01080

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01080

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 23б-06  тоотод байрлах Залуус СӨХ

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 22-45 тоотод оршин суух Мижиддоржийн Отгонцэцэг

176 865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Мижиддоржийн Отгонцэцэг нь  Монгол Улсын Сууц Өмчлөгчдийн холбооны Эрх зүйн байдал нийтийн зориулалттай Орон сууцны байшингийн Дундын өмчлөлийн Эд хөрөнгийн тухай хуулийн 5-р зүйлийн 6-р заалт. “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэргийн төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” мөн Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 144 дүгээр зүйлийн 144.1, 148 дугаар 148.2.8-р заалтуудыг тус тус зөрчиж 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны 176 865 төгрөгийн өр төлбөр үүссэн байгаа тул тухайн өр болон алдангийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус 22-45 тоотод оршин суугч М.Отгонцэцэг миний бие уг СӨХ-ийн мөнгийг 2017 оны 02 сарын 01-ний дотор нийтэд нь биш багаар төлж дуусгах болно гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Залуус СӨХолбооны гүйцэтгэх захирал нь Ц.ОТгонсүрэн миний бие 22-45 тоотод оршин суугч М.Отгонцэцэгийн гаргасан хариуг уншиж танилцлаа, зөвшөөрөв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч М.Отгонцэцэг нь нэхэмжлэгч Залуус СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 176 865 төгрөгийг 2017 оны 02 сарын 01-ний дотор төлж барагдуулна гэж  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2850 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2850 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Залуус СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 176 865 төгрөгийг хариуцагч М.Отгонцэцэг 2017 оны 02 сарын 01-ний дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 2850 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2850 төгрөгийг хариуцагч М.Отгонцэцэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ