Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 330

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  А.О-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ө.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М-,

Шүүгдэгч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-т холбогдох эрүүгийн 1918003200285 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 сарын 16-ны өдөр Говь-Аптай аймгийн Гуулин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өдрийн 13-с 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Арвин далай" зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талын шороон зам дээр өөрийн өмчлөлийн 30-25 ДАР улсын дугаартай “Тоуоtа Наrriег” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М-ыг мөргөж амь насыг нь хохироосон улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5а 3.5в, 3.5г-д заасан дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Т.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 23 дугаар байрнаас гараад төв зам руу гарах гээд тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн үед шороон замаар тойрох үед хажуугаар тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Түүнийг хараад явж байтал дугуй нэг зүйл давах шиг болсон. Тэгтэл миний тээврийн хэрэгслийн хойд талд замын голд нэг согтуу хүн хэвтэж байсан. Тэгээд замын голоос хохирогчийг холдуулаад цаашаагаа явсан. Тэгтэл орой нь цагдаагийн байгууллагаас над руу залгасан” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаач нь хоёр хүүхэдтэй, хувийн ажил эрхэлдэг байсан. Одоо хоёр хүүхэд нь дрейвэнд амьдарч байгаа. Талийгаачийн хоёр хүүхэд нь ээжээрээ овоглож явдаг. Цагдаагийн байгууллагаас дуудаж талийгаачид юу тохиолдсон талаар хэлсэн. Эхэндээ миний бие ийм явдал болсонд итгээгүй очоод хартал манай дүү мөн байсан. Оршуулгын зардлыг шүүгдэгч талаас төлөөд нэмж 3 сая төгрөгийг өгсөн. Цаашид биднийг харж үзнэ гэж хэлсэн тул одоо ямар нэгэн гомдол саналгүй” гэв.

Эрүүгийн  1918003200285 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрч байна. Харин 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зугтаасан гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний бие тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл саруул байсан, мөн гадаа гэгээтэй өдрийг цагаар байсан. Талийгаачаас тухайн үед өөрөөс нь юм асуух үед талийгаач их согтуу юм шиг харагдсан. Өөдөөс гараа өргөөд яриан ойлгогдохгүй юм яриад байхаар нь согтуу хун зам дээр хэвтэж байна, зам тээврийн осолд өртчихвий гэж бодоод замаас холдуулж гражийн хажуу тал руу болгосон Тэгээд явсан юм. Би үнэхээр хүн дайрсан гэдгээ мэдсэн бол нэн яаралтай эмнэлэг цагдаагийн байгууллагад хандах байсан.Тэгээд ч тухайн замаар өөдөөс машинтай хүмүүс ирээд наадхаа холдуулаач гэж хэлсэн Хэрвээ би дайрсан гэдгээ мэдэж байсан бол хүн харсаар байтал хаяж явна байхгүй шүү дээ” гэх мэдүүлэг /хх 95/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаачийн буяны ажил явагдах үед яллагдагч ар гэрээс бид нарт хашаа байшин юм уу эсвэл нойлын өрөө авч өгнө гэж хэлж байна. Бид нарын хувьд амьдрал хэцүү, хашаа байшин юм уу нойлын өрөөтэй болчихвол амьдралд нэмэртэй байна. Талийгаач ерөнхийдөө намайг болон манай хүүхдүүдийг тэжээн тэтгэж байсан ганц хүн юм. Цаашид бид нар тэтгэж тэжээдэг байсан ганц хүнээ алдаад яаж амьдрахаа мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 31/,

 

            Гэрч Л.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...13-14 цагийн орчимд гадаа түг хийх чимээ гарахаар нь буудлынхаа 2 давхарын 20-4 дүгээр байр руу харсан цонхоороо харахад цагаан өнгийн 30-25 гэсэн дугаартай авто машин зогсож байсан ба уг машины жолооч машинаасаа бууж ирээд машины урд газар унасан байсан хүнийг цээж хэсгээс нь өргөж чирээд гражуудын хажууд дөхүүлж машин замаас холдуулж тавьчихаад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд гражуудын хажууд орхисон эрэгтэй хүн нь дээшээ хараад 10-20 минут орилж хэвтэж байгаад хажуу талаараа эргэж хэвтэхээр нь би тоолгүй орхисон” гэх мэдүүлэг /хх 33/,

            Гэрч Э.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүүхдүүдээ дагуулаад гэртээ орох гэтэл  цагдаа тааралдаад танай хүүхэд уг хэргийн газарт машин зогсож байхыг нь харсан байна. Та хүүхдийнхээ нэр болон утасны дугаараа хэлээч гэсэн. Тухайн үед тэнд байсан хүүхдүүд манай хүүхдийг уг осол болсон гэх газарт машин байхыг харсан гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх 39/,

 

            Гэрч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэсэг бүлэг хүүхдүүд намайг дуудаад “ эгч ээ энд нэг хүн хөдлөхгүй хэвтээд байна” гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа буугаад газар хэвтэж байсан хүнийг харахад амьсгалахгүй, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгчихөөд тэр хавьд байсан хүүхдүүдийг явцгаа одоо цагдаа нар ирнэ гэж хэлээд машиндаа суугаад явсан юм. Тэгээд гэртээ очоод байж байхад над руу цагдаагаас залгаад дуудлага өгсөн хүн мөн үү бид нар ирчихсэн байна. Газар хэвтэж байсан хүн нас барчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 41/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2019.04.25-ны өдөр өдөр 15 цагийн орчим манай эгч болох С- намайг гэрт байж байхад дэлгүүр гараад талх аваад ир гэж хэлэхээр нь гэрээсээ гараад Дархан сум 5 дугаар баг 20-4 байрны хажуу талд Арбатын гудамжинд байрлах Манайх нэртэй дэлгүүр лүү явж байтал манай байрны урд талын автомашины гражийн хажуу талд газар нэг эрэгтэй хүн хэвтэж байсан ба хажуу талд цагаан өнгийн машин зогсчихсон харагдаж байсан. Тэгээд би тоолгүй шууд цаашаа дэлгүүр лүү гүйгээд дэлгүүрээс талх авчихаад буцаад гэрлүүгээ орсон юм. Тэгээд удаагүй аавынхаа хамт гадагшаа гарахад цагдаа ирээд миний нэрийг бичиж аваад явуулсан юм. Тухайн үед нөгөө цагдаа надаас газар хэвтэж байсан хүний хажууд хүн байсан уу гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 44/,

 

Насанд хүрээгүй гэрч Х.М-мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Тэр өдөр ангийн хүүхдүүд болох Б-, Э-, Т-, М-нарын хамт хичээл тарчихаад 20-4 байрны урд талын сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байгаад их халуун болохоор нь таван од зайрмагны цехээс зайрмаг авах гээд явж байтал 20-4 байрын урд талын гражийг нэг эрэгтэй хүн налчихсан амнаас нь цус шиг сонин юм гарчихсан байсан. Тухайн үед граж налаад сууж байсан ах амьсгалж байгаа юм шиг гэдэс нь хөдлөөд байсан юм.Тэгээд цаашаа явж зайрмагаа авчихаад буцаж ирээд сагсны талбай дээр очиж тоглож байхад манай найз М-дугуйгаа унаж явж байгаад хүрч ирээд гражийн хажуу талд нэг хун амьсгалахгүй хэвтээд байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би наад хүн чинь амьсгалж байсан гэж хэлсэн. Мөн эмнэлэг дуудсан гэж хэлсэн юм. Мөн тухайн үед тэр хавьд байсан хүүхдүүд сониуч зан нь хөдлөөд очиж үзчихээд нээрээ амьсгалахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд л цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх 46/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр найз болох Б-, М-, М-, Э- нарын хамт Дархан сум 5 дугаар баг 20-7 байрны урд талын сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байгаад таван одын зайрмагны цех рүү явж зайрмаг авахаар ангийн дарга М- хамт явж нөгөө хэд сагс тоглоод үлдсэн юм. Тэгээд таван од нэртэй зайрмагны цех рүү явж байх зам 20-7 байрны урд талын гражийн хажуу талд нэг ах амьсгалж чадахгүй байгаа юм шиг харагдсан. Тэгээд бид хоёр зайрмагаа авчихаад буцаж сагсны талбай дээр очоод тоглож байхад баахан дугуйтай жаахан жаахан хүүхдүүд тойрчихсон энэ ах үхчихсэн юм шиг байна гээд хоорондоо яриад байхаар нь бид нар очиж үзэхэд амьсгалахгүй байгаа юм шиг байсан. Тэгээд Мөнх-Оргил замаар явж байсан нэг эгчийн утсаар дуудлага өгч удалгүй цагдаа болон эмнэлэг ирсэн юм.Тэгээд бид явцгаасан” гэх мэдүүлэг /хх 48/,

                                                                                                                       

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Талийгаачийн биед цээжний битүү гэмтэл, зүүн талын 1-8-р, баруун талын 2-6-р хавирганы хугарал, уушгины няцрал, цээжний гялтан доорхи тархмаг цус хуралт, цээжний хөндийн цусан хураа 450 мл болон баруун шанаа, зүүн тохой, зүүн гарын шуун дахь зулгаралт, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь автомашинд мөргөгдөх үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтлүүд нь 2019.04.25-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Талийгаачийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10., 3.1.12-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

5.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.

6.Талийгаачийн биед баруун бөөрний уйланхайт архаг үрэвсэл, зүрхний үнхэлцэг хальсны наалдацт үрэвсэл илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй.

7.Талийгаачийн цусанд спирт илрээгүй боловч ходоодны агууламжинд 0,8 промилли спирт илэрсэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг харуулж байна.

8.Талийгаачийн цусны бүлэг АII байна /хх 51-52/,

 

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 57-60/,

 

Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.А- 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт:

 

“1.Явган зорчигч хохирогч Д.М-ын хэрэг бүртгэлтийн 181800320 дугаартай хэргийг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөх, цагдаагийн ахмад С.С-2019.05.27-ны өдрийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хэргийн материалыг хүлээн аваад материалтай танилцахад осол болох үед хохирогч Д.М- шороон замаар тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн гол хэсгээр зорчиж явсан ба уг зам тээврийн осол гарах үед явган зорчигч Д.М- МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 5. Явган зорчигчийн үүрэг: 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна.

Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно.

Мөн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэх заалтыг зөрчсөн байна” /хх 71/,

 

Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.А- 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт:

 

Хариулт 1: Т.М- нь Тоёота хариар маркийн 30-25 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт,шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. Мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

Жолоочийн үүрэг 3.5.**Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг.дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх;

Г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

 

Хариулт 2: Т.М- нь Тоёота Хариар маркийн 30-25 1 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан талаар тухайн үед мэдэгдээгүй үйлдэл нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх заалтыг зөрчин байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

 

Хариулт 3: Уг зам тээврийн ослын улмаас явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаар асуултад байхгүй, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэргийн материалтай танилцахад явган зорчигчийн талаар тодорхой зүйл материалд хавсрагдаагүй байх тул өөр ямар нэгэн зүйлийг дүгнэлтэнд тусгах боломжгүй байна гэж үзэж дүгнэлт гаргав” /хх 75/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас:

 

1.Тоуоta Harier 240 маркийн 30-25 ДАР тээврийн хэрэгслийг нь Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарт техник оношилогоонд 2019-06-11- нд техникийн оношилогоонд хамруулан, тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37, 13.2, Зураг №01-07,

2.Техникийн хувьд бүрэн, бүтэн ямар нэгэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан. зураг

11-07,

          3.Т.М-ын жолоодож явсан Тоуоta Harier 240 маркийн 30-25 ДАР дугаарын тээврийн хэрэгсэл нь осол гарсны дараа тээврийн хэрэгсэлд техникийн болон ашиглалтын эвдрэл гэмтэлгүй байна. Зураг №01,

          4.Автомашины бүхээгний зүүн гар талын толины доод хэсэгт гадна их бие хагархай байгаа нь ослын өмнөх эвдрэл байна. Зураг №07 /хх 78-82/,

 

          Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт:

          “Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний байдлаар 28 000 000 /хорин найман сая/ төгрөгөөр тодорхойлов” /хх 87/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/,

Хэргийн газар давтан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-18/,

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 19-22/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 23, 25/,

Гэрч Л.Э- мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 64-67/,

Шүүгдэгч Т.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 104-105/,

Дархан сумын 2, 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх 106-107/,

Шүүгдэгч Т.М-ын дипломын хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, арилжааны банкуудаас ирүүлсэн харилцах болон хадгаламжийн данстай эсэх талаарх тодорхойлолт /хх 108-122/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.М- нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өдрийн 13-14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Арвин далай" зочид буудлын зүүн талын шороон зам дээр өөрийн өмчлөлийн 30-25 ДАР улсын дугаартай “Тоуоtа Наrriег” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн, мөн дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М-ыг мөргөж амь насыг хохироосон, шүүгдэгч Т.М- нь зам тээврийн осол гаргасны дараа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5а 3.5в, 3.5г-д заасан дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Гэрч Л.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...13-14 цагийн орчимд гадаа түг хийх чимээ гарахаар нь буудлынхаа 2 давхарын 20-4 дүгээр байр руу харсан цонхоороо харахад цагаан өнгийн 30-25 гэсэн дугаартай авто машин зогсож байсан ба уг машины жолооч машинаасаа бууж ирээд машины урд газар унасан байсан хүнийг цээж хэсгээс нь өргөж чирээд гражуудын хажууд дөхүүлж машин замаас холдуулж тавьчихаад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд гражуудын хажууд орхисон эрэгтэй хүн нь дээшээ хараад 10-20 минут орилж хэвтэж байгаад хажуу талаараа эргэж хэвтэхээр нь би тоолгүй орхисон” гэх мэдүүлэг /хх 33/,

Шинжээч эмч Д.Т- мэдүүлэг авсан тухай тэмдэглэл: “...Талийгаач нь цээжний битүү гэмтэл авсан бөгөөд ийм гэмтэл авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач нь цээжний битүү гэмтэл авсан даруйд цаг хугацааны хувьд удаагүй нас барсан байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой. Дайрагдах үед дугуй нь цохих, чирэх, түлхэх дарах үйлчлэл үзүүлнэ. Дайрагдах үед хувцас ба биен дээр дугуйны мөр гардаг. Хүн нас барсан хэргийн газрын үзлэгт би цагдаагийн бүрэлдэхүүний хамт очиж оролцсон. Өмссөн хувцсан дээр болон шинжилгээний үед хийгдсэн гадна биеийн үзлэгт дугуй дээгүүр нь гарсан гэсэн ул мөр байхгүй байсан. Тээврийн хэрэгсэлд дайрагдах үед илэрдэг нэг гол шинж болох дугуйны эргэлт үрэлттэй холбоотой арьс доод эдээсээ хөндийрч сунаж уутарч энэ хэсэгт цус хуримтлагдах шинж энэ тохиолдолд илрээгүй. Талийгаачийн цусанд спирт илрээгүй нь талийгаачийг согтуу байсан гэж үзэхгүй. Ходоодны агууламжинд спирт илэрсэн нь архи уусан байж болохыг л харуулна. Амнаас архи ихээр үнэртэж байж болно. Гэхдээ согтуу биш гэсэн үг. Архи цусанд нэгэнт илрээгүй тохиолдолд биеэ удирдан жолоодох чадвартай гэж үзнэ. Олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд цуснаас архи шимэгдэж ялгарсан байж болно” гэх мэдүүлэг /хх 42/,

 

- шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Талийгаачийн биед цээжний битүү гэмтэл, зүүн талын 1-8-р, баруун талын 2-6-р хавирганы хугарал, уушгины няцрал, цээжний гялтан доорхи тархмаг цус хуралт, цээжний хөндийн цусан хураа 450 мл болон баруун шанаа, зүүн тохой, зүүн гарын шуун дахь зулгаралт, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь автомашинд мөргөгдөх үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь 2019.04.25-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4.Талийгаачийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10., 3.1.12-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 5.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 6.Талийгаачийн биед баруун бөөрний уйланхайт архаг үрэвсэл, зүрхний үнхэлцэг хальсны наалдацт үрэвсэл илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй. 7.Талийгаачийн цусанд спирт илрээгүй боловч ходоодны агууламжинд 0,8 промилли спирт илэрсэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг харуулж байна. 8.Талийгаачийн цусны бүлэг АII байна /хх 51-52/,

 

-Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.А- 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт:

Хариулт 1: Т.М- нь Тоёота хариар маркийн 30-25 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт,шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. Мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

Жолоочийн үүрэг 3.5.**Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг.дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх;

Г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтаныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

Хариулт 2: Т.М- нь Тоёота Хариар маркийн 30-25 1 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан талаар тухайн үед мэдэгдээгүй үйлдэл нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх заалтыг зөрчин байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

Хариулт 3: Уг зам тээврийн ослын улмаас явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаар асуултад байхгүй, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэргийн материалтай танилцахад явган зорчигчийн талаар тодорхой зүйл материалд хавсрагдаагүй байх тул өөр ямар нэгэн зүйлийг дүгнэлтэнд тусгах боломжгүй байна гэж үзэж дүгнэлт гаргав” /хх 75/ болон шүүгдэгч Т.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

 

            Түүнчлэн явган зорчигч Д.М- нь Монгол Улсын зам хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зохих буруутай байдал зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

- Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.А- 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт:

“1.Явган зорчигч хохирогч Д.М-ын хэрэг бүртгэлтийн 181800320 дугаартай хэргийг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөх, цагдаагийн ахмад С.С-  2019.05.27-ны өдрийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хэргийн материалыг хүлээн аваад материалтай танилцахад осол болох үед хохирогч Д.М- шороон замаар тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн гол хэсгээр зорчиж явсан ба уг зам тээврийн осол гарах үед явган зорчигч Д.М- МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 5. Явган зорчигчийн үүрэг: 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна.

Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно.

Мөн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэх заалтыг зөрчсөн байна” /хх 71/,

 

Шүүгдэгч Т.М- нь 30-25 ДАР улсын дугаартай “Тоуоtа Наrriег” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэм буруутай үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Мөн шүүгдэгч Т.М- зам тээврийн осол гаргасны дараа  Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 в,г заалтад заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргийг биелүүлээгүй зөрчиж хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутай үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн  шинжтэй байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршигийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.М- нь амь хохирогч Д.М-ыг оршуулахтай холбоотой зардалд 3 300 000 төгрөг өгсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- нь “шүүх хуралдаанаас өмнө дахин 3 000 000 төгрөг хүлээн авсан. Хохирол барагдуулсан. Гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч Т.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.М- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, харин хэргийн  газрыг зориуд орхиж зугтааж буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” журам хамаарахгүй гэх зохицуулалтад хамаарахгүй байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, шүүгдэгчийн №311998 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан зохих байгууллагад хүргүүлж нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.М-т буцаан өгч, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох 30-25 ДАР улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.М-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М- нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.   

 

9.Шүүгдэгч Т.М- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-т 6 300 000 төгрөг төлснийг дурдсугай.

 

10.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн 1918003200285 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 30-25 ДАР улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

12.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 30-25 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.М-т буцаан олгож, жолоочийн №311998 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            13.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

14.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ