Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01071

 

 

******* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01289 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* банк ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би ******* банкинд анх 2018 онд ажилд орсон, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс Санхүү удирдлагын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.

1.2. ******* банкны Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар надад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

1.3. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.5, 14.4.1, ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.2, хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 6.1.2, 10.2.1-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

1.4. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд удирдлагаас хэзээ, ямар хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар тодорхой тусгаагүй, хэт ерөнхий байдлаар тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан.

1.5. Мөн тушаалын нэр болон хууль зүйн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8.1.4-т заасныг тус тус үндэслэсэн зэргээс үзвэл надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж харахаар байна. Гэвч тушаалын 1 дэх заалтад Хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь сахилгын шийтгэл ногдуулсан эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн гэрээг цуцалж буй эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

1.6. Иймд ******* намайг ******* банкны Санхүү удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь тус банкны Санхүү удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтад Удирдлагаас өгсөн ажлын байрны чиг үүрэгтэй холбоотой хугацаатай үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ 2 болон түүнээс дээш удаа зохих ёсоор биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байдаг. Ажил олгогч ******* банкны зүгээс уг ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүсгэсэн байхад ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргаагүй буюу тушаалын үндэслэлд энэ хэсгийг дурдсан нь нэхэмжлэгч ******* ын эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл биш болно.

2.2. ******* ын гаргасан зөрчлийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хүний нөөцийн хорооны хурлаар авч хэлэлцсэн. Хүний нөөцийн хорооны шийдвэрийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д Ажилтан нь энэхүү гэрээг зөрчсөн, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон энэ гэрээнд заасны дагуу Ажил олгогч дараах сахилгын шийтгэл ногдуулна гэж, мөн зүйлийн 8.1.4-т Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад сахилгын шийтгэл гэж тус тус заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ******* т ногдуулсан.

2.3. ******* нь хөдөлмөрийн гэрээний хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлсэн ч хангалтгүй биелүүлсэн үйлдэл нь удаа дараа давтагдсанаас үүдэн байгууллагын эх үүсвэрийн зардлын төсвийн гүйцэтгэл цаг хугацаандаа гараагүй, төсвийн тодотгол цаг хугацаандаа хийгдээгүй, өдөр тутмын санхүүгийн тайлан хоцорч ирдэг зэрэг байгууллагын цаг хугацаатай ажлууд хойшлогдож, удирдлагын шийдвэр гаргалтад шууд нөлөөлсөн, банкны хэрэгжүүлж байсан томоохон төслүүдийн үйл явц удааширсан зэрэг сөрөг үр дагавар үүссэн.

2.4. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу түүний шууд удирдлага болох Санхүү хариуцсан захирал ******* төсвийн тодотгол хийх санал боловсруулахыг ******* т даалгасан. Төсвийн тодотголын санал эцсийн байдлаар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бэлэн болсон байх ёстой байсан боловч ******* нь төсвийн тодотголын саналыг эцэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албанд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн нь 24 хоногоор хугацаа хэтрүүлсэн.

2.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болсон ба хуралд танилцуулагдсан төсвийн тодотголын санал нь бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөтэй уялдаагүй, гүйцэтгэх удирдлагын багаар эцэслэн хянагдаагүй, Санхүү удирдлагын газар төсөв дээр хангалттай анхаарч ажиллаагүй гэж үзсэнээр 2023 оны төсвийн тодотголын санал боловсруулах ажлыг чанартай гүйцэтгээгүй болох нь тогтоогддог.

2.6. Удирдлагын тайланд оруулах мэдээлэл бэлтгэх ажлыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл шинжээч ******* хариуцан гүйцэтгэж байсан бөгөөд тайлангаа бэлтгэж дуусгаагүй байхад нь ******* ээлжийн амралтыг нь олгож, өөрөө орлон ажиллах болсон. Удирдлагын тайланг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулах учир ажлыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хийж дуусгах ёстой байсан ба Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас 2 хоногийн өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр удирдлагын тайланг бэлтгэж хүргүүлсэн буюу хугацааг 11 хоногоор хэтрүүлсэн.

2.7. Банкны салбарын тайлан, бусад бүх газар нэгжүүдийн үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлтэй холбоотой тоо мэдээлэл бэлтгэх ажлыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шинжээч ******* хариуцаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийн гэрээг уг өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон тул ******* ын ажлыг ******* хүлээн авсан.

Санхүү хариуцсан захирал ******* 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* , ******* нартай биечлэн уулзаж шинжээчийн ажлыг хүлээж авахдаа Бизнес нэгжүүдийн санхүүгийн гүйцэтгэлийн улирлын тайланг Гүйцэтгэх захирлын орлогч ******* , Салбарын удирдлагын газрын захирал ******* нарт илгээсэн байх боловч энэ тайлан нь тогтоогдсон форматаас өөр, ойлгомжгүй, нэгжүүдийн үр дүнг харах боломжгүй тун хангалтгүй хийгдсэн тайлан байсан тул Салбарын удирдлагын газрын захирал ******* дээрх тайланг тогтоогдсон форматаар гаргаж илгээхийг шаардаж байсан.

2.8. Гүйцэтгэх захирлын орлогч ******* Бизнес нэгжүүдийн гүйцэтгэлийн тайланг 1 сараар хоцроосон асуудлыг дурдаж ******* аар зогсохгүй шууд удирдлага болох Санхүү хариуцсан захирал ******* нарт хариуцлага тооцох асуудал дэвшүүлсэн.

2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Санхүү хариуцсан захирал Бизнес нэгжүүдийн гүйцэтгэлийн тайлан гаргах ажлыг ерөнхийд нь хянаж нэгтгэн ******* т чиглэл зөвлөгөө өгч гүйцэтгүүлсэн. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Бизнес нэгжүүдийн санхүүгийн гүйцэтгэлийн улирлын тайланг эцэслэн хүргүүлсэн.

2.9. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шууд удирдлага Санхүү хариуцсан захирал ******* корреспондент банкнуудын данснуудын үр ашигт байдалд бяцхан шинжилгээ хийх, санал танилцуулах, нэгжүүдийн гүйцэтгэлийн тайланд тусгах ажил болон сар, улирлын санхүүгийн гүйцэтгэлийн тайланд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн төсвийн гүйцэтгэл, биелэлтийг дүгнэж тусад оруулах ажлыг ******* т даалгасан. Дээрхээс эхний ажлыг гүйцэтгэсэн боловч 2 дахь ажлыг огт хийж гүйцэтгээгүй.

2.10. Санхүүгийн гүйцэтгэлийн тайланд банкны хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн төсвийн гүйцэтгэл, биелэлтийг тусгах нь төслүүдийн явцыг дүгнэх, үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх, удирдлагын шийдвэр гаргалтын түргэн шуурхай байдлыг хангах түүнчлэн төслүүдтэй холбоотой төсвийн тодотгол хийлгэх зэрэг өндөр ач холбогдолтой ажил байсан. Дээрх ажлыг хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалан 2023 оны төсвийн тодотголын санал боловсруулах үед бэлэн татаж ашиглах түүхчилсэн мэдээлэл байхгүй байсан бөгөөд банкны хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн нэг болох Картын процессингийн төв байгуулах төслийн гүйцэтгэлийг гаргах дахин ажил хийгдсэн. Мөн банкны шинэ салбар нээх төсөлд төсвийн гүйцэтгэлийн хяналт хийгдээгүйгээс үүдэн Министер тауэр барилга ашиглалтад ороогүй байхад зарцуулагдаагүй төсөл үүссэн зэрэг банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйл явц бий болсон.

2.11. Санхүү хариуцсан захирал 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр имэйлээр чиглэл өгч гадаад эх үүсвэрийн шинжилгээ, мэдээллийг сар, улирлын тайланд оруулах ажлыг гүйцэтгэхийг Санхүү удирдлагын газарт даалгасан. Хэдийгээр ******* т тухайлан даалгаагүй боловч ажлын байрны тодорхойлолтын 2.2.8-д зааснаар тэрээр газрын үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулж, удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх гэж заасан тул газрын захирлын хувьд газрынхаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажилтнууддаа даалган гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

Үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэсэн тохиолдолд гадаад эх үүсвэрийн шинжилгээ, мэдээлэл 2022 оны 11 дүгээр сараас эхлэн сарын тайланд, 2022 оны жилийн эцсийн тайлангаас эхлэн улирлын тайланд тусгагдах байсан боловч 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд огт хийгдээгүй тул Санхүү хариуцсан захирал ******* өөрөө тооцоолол жишээг гаргаж шинжээч ******* д даалган гүйцэтгүүлсэн.

2.12. Санхүү хариуцсан захирал ******* 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр имэйлээр чиглэл өгч өдөр тутмын тайланд сайжруулалт оруулах буюу Монгол банкны банкны үнэлгээний систем Camels үнэлгээг өдөр бүрийн Дэйли тайланд тайлагнадаг байхаар тусгах ажлыг даалгасан. Өдөр тутмын энэ тайланг ажлын өдөр бүрийн дараагийн өдөр гаргаж илгээдэг учир 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тайлангаас эхлэн дээрх үнэлгээ тусгагдаж явах ёстой байсан боловч 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Санхүү хариуцсан захирал ******* өөрөө загварыг гаргаж, тооцооллыг тайланд оруулахыг шинжээч ******* д үүрэг болгосон. Шинжээч ******* 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тайланг гаргахдаа өдөр тутмын тайлангийн ажлын файлд дээрх нэмэлт өөрчлөлтийг оруулж гүйцэтгэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр удирдлагуудад хүргүүлсэн.

2.13. ******* нь газрын захирлын хувьд газрынхаа ажлыг үр ашигтай зохион байгуулж чадаагүй болох нь ажлаас гарч байгаа ажилтны ажлыг хүлээн авахдаа бүтэн хүлээн аваагүй, улмаар 2023 оны 07 дугаар сард Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал ойртсон, хагас жилийн тайлан гүйцэтгэл гаргаж байгаа мэдээ тайлан бэлтгэх чухал үед шинжээч ******* д ээлжийн амралт олгосон, орлон ажиллахыг зөвшөөрсөн атлаа гүйцэтгэж байсан ажил үүргийг нь бүрэн гүйцэтгээгүй, чухал тайлан мэдээнүүд гаргах хугацааг 11 хоног, 1 сарын хугацаагаар тус тус хоцроосон, төсвийн тодотголын санал боловсруулах ажлыг хугацаа хэтрүүлж, хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй.

2.14. ******* нь Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу салбарын ахлах менежер албан тушаалд томилогдсон хугацаандаа ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж, ажилдаа огт ирээгүй. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд ажлын байрыг орхиж явах эрх ажилтанд байхгүй бөгөөд ажил олгогчийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэгтэй.

2.15. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд түүний хуулиар хамгаалуулах, ажил албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Харин ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяж явах, ажил олгогчоос баталсан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байх, ажил олгогчийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрхгүй гэж үзэж байна.

2.16. Гэвч нэхэмжлэгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 37 хоног томилогдсон ажилдаа ирээгүй тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1-Б-666 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай шийдвэр гарч ******* ыг ажлаас чөлөөлсөн болно.

2.17. ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 тоот Гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрсөн талаар гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу тушаалыг гардан авснаас хойш 2 сар 16 хоногийн дараа гаргасан байтал гомдлыг хүлээн авч, хурлаар хэлэлцүүлсэн.

Гэтэл ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдгээ шүүхийн захирамжаар баталгаажуулахаас бусад тохиолдолд, гурван талт хороо түүний гомдлыг хүлээн авч, хурлаар хэлэлцүүлэх үндэслэлгүй байсан.

2.18. Манай банкны зүгээс энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдолд хариу хүргүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09/50 тоот албан бичигт ...хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороодод хөдөлмөрийн маргаан зохицуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөв хэрэглэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн болно гэсэн нь тус хороо хуулийг буруу хэрэглэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

2.19. Дээр дурдсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, мөн уг маргаантай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаагүй байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ыг урьд эрхэлж байсан ******* банкны Санхүү удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* банкнаас нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 53,488,372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,040,153 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* банканд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 425,391 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын удирдлагуудаас нэхэмжлэгчид үүрэг даалгаврыг өгөхдөө тодорхой, нарийн заасан хугацаагүй байхаас гадна нэхэмжлэгч хариу ирүүлээгүй, эргэн ажлын талаар тайлагнаагүй гэдэг нь хангалттай тогтоогдоогүй гэж дүгнэж ******* ыг урьд эрхэлж байсан ******* банкны Санхүү удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан.

4.2. Анхан шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу бүрэн, бодитой, тал бүрээс нь үнэлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан цахим шуудангийн баримтуудаар удирдлагууд хоорондоо тодорхой асуудлаар харилцаж байсан үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх уг нотлох баримт бүрт нэг бүрчлэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Мөн эдгээр баримтаар тогтоогдож буй нөхцөл байдлыг няцаасан, үгүйсгэсэн ямар нэгэн үндэслэл, тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн шүүхийн шийдвэр ямар нотлох баримтад тулгуурласан, аль баримтыг ямар үндэслэлээр няцаасан, эсхүл үнэлээгүй талаар тодорхой, ойлгомжтой тусгагдсан байх шаардлага хангаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

4.3. Хэрэгт авагдсан ******* тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Санхүү удирдлагын газрын захирлын ажлын байрны тодорхойлолтоор ******* нь бизнес үйл ажиллагааны нэгжүүдээс төсвийн төсөлд тусгах зорилгоор ирүүлсэн төлөвлөгөө, түүнд шаардлагатай үйл ажиллагааны зардал болон хөрөнгө оруулалтын саналыг холбогдох газруудтай хамтран нэгж хоорондын зарцуулалтын давхардлыг арилгаж, уялдаа холбоог хянаж нэгтгэн бизнес, үйл ажиллагааны нэгж тус бүрээр бэлтгэн боловсруулах, удирдлагын санхүүгийн тайлагналын тасралтгүй, үнэн зөв байдлыг хангах, хариуцсан захирал, нэгжийн удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар, хариуцуулсан ажлыг цаг тухайд нь бүрэн шуурхай гүйцэтгэн ажиллах үүргийг ажил олгогчийн өмнө хүлээсэн.

4.4. ******* ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ цаг тухайд нь бүрэн гүйцэд биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн учир ажил олгогч түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Угтаа бол талууд шүүхийн маргааны явцад ажил үүргийн хамаарлын талаар маргаагүй бөгөөд гагцхүү тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй ажил чиг үүрэгт нэхэмжлэгч буруутай эсэх нь маргааны зүйл болсон.

4.5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болсон ******* нь удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж хариу мэдэгдэж байсан эсэх, удирдах албан тушаалтнуудаас түүнд үүрэг даалгавар өгч байсан эсэхэд хамаарах цахим нотлох баримтад үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

- Санхүү хариуцсан захирал ******* , ******* т 2023 оны төсвийн тодотголын санал бэлтгэхийг даалгасан үүрэг даалгаврыг цахим шуудангаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 цаг 24 минутад өгсөн. Уг үүрэг даалгавартай холбоотой төсвийн тодотголыг ******* 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* захиралд имэйлээр илгээх бөгөөд ******* захирал танилцаж үзээд Төсвийн тодотголын саналын нэгтгэлийг эцэслээгүй дутуу ирүүлсэн, нэгдсэн саналд байгаа алдааг засуулахаар дахин имэйлээр үүрэг даалгавар өгсөн боловч үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй мөн хугацаанд нь ирүүлээгүй.

- ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ******* аас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болох ТУЗ-ийн хуралд танилцуулах төсвийн тодотголын саналыг хүргүүлэх албан цахим имэйл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй.

- ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ******* аас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТУЗ-ийн хурал болохыг мэдэгдэж Төсвийн тодотголыг эцэслэн илгээх мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим имэйлээр хүргүүлсэн боловч уг үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь ирүүлээгүй. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТУЗ-ийн хурал болж уг хуралд тухайн асуудлаа оруулж чадаагүй.

- Улмаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ******* ТУЗ-ийн хурлаас хойш 8 хоногийн дараа ******* т дахин Төсвийн тодотголыг эцэслэн ирүүлэх тухай цахим имэйлийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Уг үүрэг даалгаврын биелэлт болгон ******* өмнө нь ******* захиралд хүргүүлэн эцэслэн хянагдаагүй алдааг засах талаар үүрэг даалгавар авсан тайланг дахин мөн өдрийн 06 цаг 01 минутад цахимаар ирүүлсэн. Уг тайлан эцэслэгдээгүй тул ******* захиралд илгээсэн бөгөөд ******* захирал 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тайланг засаж илгээсэн.

- 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТУЗ-ийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдах Төсвийн тодотголын санал ТУЗ-ийн тогтоол гарснаас хойш 11 хоногийн хугацаанд эцэслэгдээгүйгээс ТУЗ-ийн тогтоол 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр батлагдан гарч, ******* захирлын хариуцсан ажил үүрэг цаг хугацаандаа биелэгдээгүй 11 хоног хэтэрсэн үйл баримт тогтоогдоно.

- ТУЗ-ийн хуралд танилцуулах банкны хагас жилийн удирдлагын тайлан бэлтгэн, гүйцэтгэх захиралд хүргүүлэх үүрэг даалгаврыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бэлэн болгох үүргийг Санхүү хариуцсан захирал ******* , ******* т имэйлээр хүргүүлж, удирдлагын тайлан бэлтгэх чиглэл өгсөн. Гэтэл уг тайланг ******* захирал 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бэлтгэн ******* , ******* т нарт имэйлээр хүргүүлсэн буюу хугацаат үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй.

- Банкны салбар нэгжүүдийн бизнес, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан гаргах үүрэг даалгаврыг ******* захирал цаг тухайд нь гараагүй, 41 хоног хоцроосон ба энэ нь Санхүү хариуцсан захирал ******* ажлын явцын талаар шаардсан и- мэйлд ******* захирал ажил дуусаагүй байна гэж хариу ирүүлж байсан цахим и-мэйлд хийсэн үзлэгээр тогтоогдсон.

4.6. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор хуралдсан Хүний нөөцийн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлд ******* өөрийнх нь хариуцаж байсан ажлын чиг үүрэгтэй холбоотой алдаа гарсныг хүлээн зөвшөөрч би энэ ажлыг анх удаа хийж байгаа учраас алдаа дутагдал гарсан, ... санхүү хариуцсан захиралтай ийм байдалд хүрсэн учраас цаашид ажиллах сонирхолгүй байна гэх тайлбар гаргасан нь тусгагдсан.

4.7. Хэрэгт авагдсан цахим шуудангийн харилцаа, албан баримтууд болон Хүний нөөцийн хорооны хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар ******* нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан өөрийн гаргасан алдаа, дутагдлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн зэрэг нь хангалттай тогтоогдсон.

4.8. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг иж бүрэн, бодитой үнэлэлгүйгээр зөрчил тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэх үндэслэлтэй.

4.9. ******* т түүний гаргасан зөрчлийг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнийг ажлын байраа хаяж явах үндэслэл болохгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1-Б-666 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн, анхан шатны шүүх ...хариуцагч байгууллагаас ******* ыг ажлаас чөлөөлөөгүй, нэхэмжлэгч ******* ажил үүргээ гүйцэтгээгүй нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоогүй байх тул ... гэж дүгнэсэн атлаа ажилгүй байсан хугацааг 575 хоног гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

4.10. Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Санхүү удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан.

Энэ талаар анхан шатны шүүх ... Хэдийгээр хариуцагч талаас нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн нь сахилгын шийтгэл бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйлдэл биш гэж тайлбарладаг боловч тухайн албан тушаал бууруулсан шийдвэрийг нэхэмжлэгч үндэслэлтэй эсэхэд маргасан, нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулснаар өөр ажил албан тушаалд томилж байгаа тул энэ шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүйгээр гарсан бол ажилтны эрх ашгийг өмнөх байдалд сэргээх эрх зүйн үр дагавартай гэх дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасан хуулийн хэм хэмжээг баримтлан шийдвэр гаргасан.

4.11. Анхан шатны шүүх албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалд томилох шийдвэр гаргасныг өөр ажил албан тушаалд томилж байгаа шийдвэр гэж дүгнэн, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

4.12. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан байхыг шаарддаг бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлд тодорхой хуульчилсан.

******* т сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй бөгөөд ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан.

Энэ тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэж үзэхгүй бөгөөд ажил олгогч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаар ажилтны хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа өөрчлөгдсөн гэж үзнэ.

4.13. Мөн нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй атлаа ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шаардлагын агуулга, эрх зүйн үр дагаврын хувьд тодорхойгүй маргаанд шүүх дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, анхан шатны шүүх уг маргааныг сахилгын шийтгэлтэй холбоотой хөдөлмөрийн маргаан болохоос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан мэтээр буруу дүгнэж, нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн томилсон гэж тайлбарлан, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг хэрэглэн шийдвэр гаргасныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан өөр ажилд шилжүүлэн томилох харилцаа нь ажилтны зөвшөөрөл болон хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхтэй холбоотой бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл болох албан тушаал бууруулах арга хэмжээ нь ажилтны зөрчилд хариуцлага тооцох эрх зүйн тусдаа зохицуулалт юм.

4.14. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр харилцаа нь эрх зүйн шинж, зорилго, хэрэглэгдэх нөхцөлөөрөө ялгаатай байхад анхан шатны шүүх тэдгээрийг адилтган үзэж, нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн томилсон гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь заалтыг хэрэглэсэн нь маргааны бодит нөхцөл байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэгдүгээрт, хариуцагчийн өмгөөлөгчийн дурдсан ******* захирлаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн и-мэйлд ******* хариу өгөөгүй гэдэг. Хэргийн 92-102 дугаар талд авагдсан баримтаар ******* захирлаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн имэйлд ******* 06 дугаар сарын 27-ны өдөр хариу өгсөн нь харагддаг ба шүүх хуралдаанд ч мөн хариу өгсөн гэж тайлбарладаг.

5.2. Хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг үнэлэхдээ түүвэр байдлаар үнэлсэн гэдэг. Хэргийн 92 дугаар талд цахим нотлох баримтын түүвэр байдаг ба энэ баримтаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа болон ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас зөрчил гарсан гэсэн агуулгаар сахилгын шийтгэл үйлдэгдсэн гэдэг агуулгатай баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс дээрх баримтыг үнэлсэн ба шийдвэрийн 5.5.1-д хариуцагчийн зүгээс имэйлд хариу өгөөгүй талаар дурдсан асуудлаар шүүх дүгнэлт хийсэн.

5.3. Анхан шатны шүүхийн зүгээс хэргийн хэддүгээр талд авагдсан талаар иш татаж бичээгүй болохоос тухайн баримтыг үнэлсэн. ******* оос 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тухай гэх гарчигтайгаар явуулсан и-мэйлд оны төсөвт тодотгол хийж, Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэх саналыг бэлтгэх талаар үүрэг өгөхдөө Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 7 дугаар сарын эхээр төлөвлөж байгаа талаар, мөн цаашид Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүдэд хурлаас 5 хоногийн өмнө хүргүүлэх тул хугацаанд нь бэлтгэн ажиллах талаар үүрэг өгсөн байна. Үүний дараагаар ******* аас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тухай гэх гарчигтайгаар явуулсан и-мэйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 8 сарын эхний долоо хоногт хуралдахаар төлөвлөж байгаа тул хэлэлцүүлэх асуудлыг энэ сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг хүссэн байна. Харин үүний хүрээнд нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төсвийн тодотголын саналын нэгтгэл гэх хавсралттайгаар саналыг нэгтгэн хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэсэн ба энэ баримт нь хэргийн 96 дугаар талд авагдсан цахим нотлох баримт дээр хариу өгсөн талаар нотлогддог.

5.4. Хариуцагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болно, 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор хариу ирүүлээрэй гэж и-мэйл явуулахад хариу ирүүлээгүй ба хугацаа хэтрүүлж 08 дугаар сарын 16-ны өдөр хариу ирүүлсэн гэж дурдаж байна. Энэ талаар анхан шатны шүүх ******* оос 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өмнөх жилд Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж байсан жишгийн дагуу, нэмэлт мэдээлэл нэмж шинэчлэн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх талаар үүрэг өгч, үүний хариуд нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төсвийн тодотголд ирсэн саналыг тусган шинэчлээд хүргүүлж байгаагаа дурдаж, имэйл хүргүүлсэн байгаагаас талууд харилцан санал солилцож ажил явагдаж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

5.5. Өөрөөр хэлбэл, 08 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болох гэж байхад 08 дугаар сарын 07-ны өдөр баримтыг хүргүүлсэн байдаг. 08 дугаар сарын 10-ны өдөр үнэхээр хурал болсон уу, үгүй юу гэдгийг шүүх бүрэлдэхүүн тодруулаасай гэж хүсэж байна. 08 дугаар сарын 10-ны өдөр ******* банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болоогүй нь бичгийн нотлох баримт болон цахим нотлох баримтаар тогтоогдоно.

5.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5.1-5.5.6-т цахим нотлох баримтыг дүгнэсэн нь харагдаж байна. Иймээс анхан шатны шүүх нотлох баримтыг түүвэрлэн үнэлж дүгнэсэн, нэхэмжлэгчид ашигтай байдлаар нотлох баримтыг үнэлсэн гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.

5.7. Хэргийн 92-122 дугаар талд авагдсан баримтад анхан шатны шүүх үзлэг хийж, бэхжүүлсэн ба харилцан имэйл гэдэг нь тодорхой байгаа учраас үүргийг хугацаа хоцроож биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс үүрэг даалгаврыг хугацаанд ирүүлээгүй гэж байна. 08 дугаар сарын 10-нд хурал товлогдоод 08 дугаар сарын 07-ны өдөр хариу илгээсэн байхад яаж хугацаа хэтрүүлсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. 08 дугаар сарын 10-ны хурал хойшилсон учраас тухайн төсөлд тодруулах, нэмэлт хийх шаардлагатай байна гээд буцаасан материалыг 08 дугаар сарын 16-ны өдөр буцаагаад явуулахаар ******* 10 хоног хугацаа хэтрүүлж үүрэг даалгаврыг биелүүлсэн байна гэдэг. 08 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болоогүй байхад 08 дугаар сарын 16-ны өдөр үүрэг даалгаврыг биелүүлснийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас энэ талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.

5.8. Хариуцагчийн зүгээс сахилгын шийтгэл гэж гомдол гаргадаг. Сахилгын зөрчил гэж гомдол гаргаж байгаа тохиолдолд зөрчил хэзээ гарсан юм, ямар хугацаанд хариуцлага тооцох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Хариуцагчийн зүгээс хэлж байгаагаар 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу ирүүлэх ёстой байтал хариу ирүүлээгүй байна гэдгийг тухайн үед хариу ирүүлсэн имэйлээр мэдсэн гэж байгаа бол мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 09 дүгээр сард хариуцлага тооцох ёстой. Гэтэл 11 дүгээр сард хариуцлага тооцож байгаа нь хугацаа хэтрүүлсэн асуудал. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журам зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна.

5.9. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 58, 127 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна гэж тайлбарлаж байна. Иргэний хэргийн маргаанд сахилгын шийтгэл оногдуулсан, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгодог шаардлага байдаггүй. Өөрөөр хэлбэл, ажил эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн албан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба түүнийг шүүхээс шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгддэг.

5.10. Анхан шатны шүүхээс сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн гаргасан тушаалыг хүчингүй болгосугай гэсэн шийдвэр байхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хэмжээнээс хэтэрсэн, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн ба сахилгын шийтгэл ногдуулсан тушаал байгаа учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж гомдол гаргаж, тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ үндэслэлээр хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй.

5.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг, 58 дугаар зүйл нь ялгамжтай хэрэглэгддэг ба 58 дугаар зүйл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилтантай тохиролцсон үндэслэлээр сэлгэж ажиллуулах бол 127 дугаар зүйл нь сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй бол эргэн сэргээхтэй холбоотой зохицуулалт болохоос биш урвуу байдлаар тайлбарлан анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэн гэж үзсэн гомдлын шаардлага нь үндэслэлгүй байна.

5.12. Гуравдугаарт, цалин хөлстэй холбоотой асуудлыг гомдол дээр дурдаагүй байгаа учраас энэ асуудлаар мэтгэлцэх зарчим зөрчигдөж байгааг илэрхийлж байна. Хариуцагчийн зүгээс гаргасан сүүлийн гомдол нь 1, 2 дахь гомдлоо үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх 4,000,000 төгрөгөөс биш 3,000,000 төгрөгөөр цалинг бодох ёстой байтал ямар ч нотлох баримтгүйгээр 4,000,000 төгрөг гэж бодсон нь буруу байна гэж тайлбарлаж байгаа нь давж заалдах гомдлын 1, 2 дахь хэсгийг үгүйсгэж байгаа юм.

5.13. Нотлох баримтад тулгуурлаагүй асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргасан хугацаанаас эхлэн ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулна гэж тайлбарласан ба хариуцагчийн зүгээс ******* нь 3,000,000 төгрөг эсхүл 4,000,000 төгрөгийн цалинтай байсан гэдэг дээр маргадаг. Яг хэдэн төгрөгийн цалинтай байсан юм, ажилгүй байсан хугацааны цалинг хэдэн төгрөгөөс тооцож бодож олгох ёстой гэхээр нэхэмжлэгч би 4,000,000 төгрөгийн үндсэн цалин авдаг байсан гэдгээ илэрхийлэхэд хариуцагч тал маргаагүй.

5.14. Цалин хөлстэй холбоотой асуудалд 4,000,000 төгрөгийн цалин авдаг байсныг 2,000,000 төгрөгийн цалин болгож бууруулсанд маргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд энэ талаарх нотлох баримт байхгүй, хэрэгт байхгүй баримтыг үндэслэж шүүх дүгнэлт хийсэн гэж гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* банк ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* банк ХК болон ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Санхүү, удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлын байранд 89-07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан;

3.2. ******* банк ХК-ийн Хүний нөөцийн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар Санхүү удирдлагын газрын захирал ******* т сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар ******* т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Сидар салбарын ахлах менежерийн албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн;

3.3. ******* банк ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Санхүү, удирдлагын газрын захирал ******* т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг баримтлан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй үндэслэлээр албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ******* тай байгуулсан 89-09 тоот хөдөлмөрийн гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр цуцалж, дуусгавар болгон 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс Сидар салбарын ахлах менежерээр томилсон;

3.4. ******* банк ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1-Б-666 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Сидар салбарын ахлах менежер ******* т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг баримтлан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан ба өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа үйлдэл нь ******* банкны Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 14.4.3-т заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр цуцалж, дуусгавар болгосон;

 

4. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэх, ажил олгогчийн зүгээс ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх, ажилтан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хийвэл зохих зарим эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, дутуу хийсэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд баримтлах хуулийн заалтыг буруу баримталсан, хуулийн этгээдийн нэрийг бичихдээ хуулийн этгээдийн хэлбэрийг орхигдуулан бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн авснаас хойш 2 сар 16 хоногийн дараа хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, буюу маргаантай холбоотой урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй гэсэн үндэслэлийг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх татгалзлын нэг үндэслэл болгожээ.

6.1. Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн авснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, шүүх нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж, гомдлыг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаартай тэмдэглэлийг хүлээн аваад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан болох нь хэргийн баримтуудаар тогтоогдож байх тул хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хугацааг дахин шинээр эхлэн тоолоход нэхэмжлэгч нэхэмжлэлийг шүүхэд хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсэгт нийцжээ.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгчид албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй гэх үндэслэлийг заасан байх ба сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Хүний нөөцийн хорооны хурлаар сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

7.1. Нэхэмжлэгчид албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцсэний үндсэн дээр гарсан байх тул 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний нөөцийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан гэх сахилгын зөрчлийн хүрээ хязгаарыг тодорхойлно.

7.2. Уг хурлын тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг өмнө нь 2023 оны 09 дүгээр сард Хүний нөөцийн хорооны хурлаар нэхэмжлэгчийг оролцуулалгүй хэлэлцэн нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан, Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрт үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарч, улмаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Хүний нөөцийн хорооны хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй үндэслэлээр өмнө гаргасан тушаал, шийдвэрээ хүчингүй болгож, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дахин хэлэлцсэн байдал нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт энэхүү үйл баримтын талаар дурдагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.

7.3. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний нөөцийн хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчил буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй гэх зөрчлийн хүрээнд санхүүгийн шинжээч ******* ын хариуцан ажилладаг байсан газар, нэгжийн гүйцэтгэлээр улиралд 1 удаа гаргадаг тайлан буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гаргах ёстой байсан тайланг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргаагүй байсан, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн боловч шаардлага хангахгүй тайлан гаргасан, Төсвийн тодотголтой холбоотой гүйцэтгэх ёстой ажил, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй гэсэн 2 асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Сидар салбарын ахлах менежерийн албан тушаалд томилох шийдвэрийг гаргасан байна.

Анхан шатны шүүх албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болсон Хүний нөөцийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан бүх асуудлыг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болсон мэтээр дүгнэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан байдлаар залруулна.

 

8. Санхүүгийн шинжээч ******* ын хариуцан ажилладаг байсан газар, нэгжийн гүйцэтгэлээр улиралд 1 удаа гаргадаг тайлан буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гаргах ёстой байсан тайланг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргаагүй байсан, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн боловч шаардлага хангахгүй тайлан гаргасан гэх зөрчлийн тухайд:

8.1. Хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой Ажил хүлээлцэх акт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг актаар Санхүү удирдлагын газрын ахлах санхүүгийн шинжээч ******* ын ажлыг хүлээлцсэн байх ба хүлээлцэх зүйлсийн жагсаалтад лифтний карт, ажлын үнэмлэх, хариуцаж байсан эд хөрөнгүүд, хариуцаж байсан ажил хэргийн холбогдолтой бичиг баримт, ажлын хэрэгцээний компьютер дэх файлууд, энгэрийн тэмдэг зэргийг хүлээлцсэн талаар тэмдэглэж, ажил хүлээлцэх комиссын дарга, гишүүд, ажил хүлээлгэн өгсөн ажилтан болон ажил хүлээж авсан ажилтан гарын үсэг зурж баталгаажуулжээ. Нэхэмжлэгч ******* нь уг актын ажил хүлээлцэх комиссын гишүүд гэсэн хэсэгт болон ажил хүлээн авсан гэсэн хэсэгт тус тус гарын үсэг зурсан байна.

8.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно гэж зааснаар ажил олгогч ажилтнаар хэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгүүлэх боломжтой бөгөөд ажилтнаар хэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгүүлэх тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгох хуулийн зохицуулалттай.

8.3. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ыг санхүүгийн шинжээч ******* ын хариуцан ажилладаг байсан ажил үүргийг хүлээн авсан, хүлээн авсан ажил үүргийн хүрээнд гүйцэтгэх ажил үүргийг чанартай гүйцэтгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэх асуудлыг Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцэж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байх боловч ******* тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Санхүү удирдлагын газрын ахлах санхүүгийн шинжээчийн ажил үүргийг орлон гүйцэтгүүлэх талаар ажил олгогчоос холбогдох тушаал гаргасан болон гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгохоор шийдвэрлэсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой Ажил хүлээлцэх акт-ыг ******* аар Санхүү удирдлагын газрын ахлах санхүүгийн шинжээчийн ажил үүргийг орлон гүйцэтгүүлэх талаар хийсэн тохиролцоо, ажил олгогчийн шийдвэр гэж үзэхгүй.

8.4. ******* тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Санхүү удирдлагын газрын ахлах санхүүгийн шинжээчийн ажил үүргийг орлон гүйцэтгүүлэх талаар ажил олгогчоос холбогдох тушаал гаргасан болон гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгохоор шийдвэрлэсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тухайн ажил үүрэгтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй гэх үндэслэлээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх ба энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Төсвийн тодотголтой холбоотой гүйцэтгэх ёстой ажил, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй гэх зөрчлийн тухайд:

9.1. Нэхэмжлэгч ******* ын шууд удирдлага болох Санхүү хариуцсан захирал ******* нь 2023 оны төсвийн тодотголтой холбоотой үүрэг даалгавар өгч байсан, ******* нь өгсөн үүрэг даалгаврын дагуу ******* болон холбогдох бусад албан тушаалтнуудад төсвийн тодотголын санал, түүнтэй холбоотой хийсэн ажлын гүйцэтгэлийг хүргүүлж байсан нь хэргийн баримтаар буюу талуудын хооронд илгээгдсэн дараах цахим шуудангуудаар тогтоогдсон. Үүнд:

- ******* нь Санхүү хариуцсан захирал ******* оос 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 2023 оны төсвийн тодотголын санал бэлтгэх тухай цахим шууданг хүлээн аваад Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын тогтоосон хугацаа болох 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор банкны газар, нэгжүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн Санхүү хариуцсан захирал ******* т 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн;

- ******* ын зүгээс мөн өдөртөө ******* т хандан өмнөх жилд Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж байсан жишгийн дагуу мемо, хавсралттай бэлтгээд Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх, зарим нэмэлтийг тодруулан мэдээллийг шинэчлэх агуулгатай үүрэг даалгаврыг цахим шуудангаар хүргүүлсэн;

- Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаас мөн өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хуралдах болсон талаар мэдэгдсэн;

- ******* аас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* , ******* , ******* нарт төсвийн тодотголыг товч болон дэлгэрэнгүй байдлаар хүргүүлж, шийдвэрлэн тусгах шаардлагатай 2 асуудал байгаа талаар мэдэгдсэн;

- Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн орон тооны өөрчлөлт болон төсвийн тодотголын асуудлыг эцэслэн ирүүлэх цахим шууданг ******* болон бусад холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн;

- ******* аас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* т төсвийн тодотголын нэгтгэлийг цахим шуудангаар хүргүүлсэн;

- ******* мөн өдөр ******* т хүснэгтийн мэдээлэлд зарим засвар хийж эцэслэн хянуулах цахим шууданг хүргүүлсэн;

- ******* нь мөн өдөртөө засвар шинэчлэлт хийж буцаан хүргүүлж байгаа тухай цахим шууданг ******* т илгээсэн;

9.2. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу төсвийн тодотголтой холбоотой асуудлаар санал бэлтгэж хүргүүлсэн, нэмэлт засвар хийх, мэдээлэл шинэчлэх гэх мэт үүрэг даалгаврыг холбогдох засвар, нэмэлтийг хийж шууд удирдлагад хүргүүлж байсан байдал нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар төсвийн тодотголын асуудал орж чадаагүй явдал нь нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй, төсвийн тодотголын санал, түүнд оруулах мэдээлэл, тэдгээрийн боловсруулалт, гүйцэтгэлийн чанар, хугацаа хоцролт зэрэг нь дан ганц нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9.3. Нэхэмжлэгч ******* ажлыг хангалттай гүйцэтгээгүй, цаг хугацаанд нь өгөөгүй, мөн энэ талаараа хариу мэдэгдэж ажиллаагүй гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдолд дурдагдсан дараах асуудлууд буюу шинжээч *******ийн ажил үүргийг орлон гүйцэтгэхийг зөвшөөрсөн атлаа түүний хариуцан гүйцэтгэж байсан удирдлагын тайланд оруулах мэдээлэл бэлтгэх ажлыг 11 хоногоор хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн гэх асуудал, Санхүү хариуцсан захирал ******* ын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр даалгасан санхүүгийн гүйцэтгэлийн тайланд банкны хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн төсвийн гүйцэтгэл, биелэлтийг дүгнэж тусад нь оруулах ажлыг хийж гүйцэтгээгүй гэх асуудал, Санхүү хариуцсан захирал ******* ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр даалгасан гадаад эх үүсвэрийн шинжилгээ, мэдээллийг сар, улирлын тайланд оруулах ажил хийж гүйцэтгээгүй гэх асуудал, Санхүү хариуцсан захирал ******* ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр даалгасан өдөр тутмын тайланд сайжруулалт оруулах ажлыг хийж гүйцэтгээгүй гэх асуудал зэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцэгдээгүй тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болсон гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

11. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр цуцалж, дуусгавар болгосон үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч албан тушаал бууруулж томилсон ажил албан тушаалд ажиллаагүй байхад өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үндэслэлийн талаар буруу дүгнэлт хийсэн, мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд баримталбал зохих хуулийн заалтыг буруу баримталсан зэрэг алдааг гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

11.1. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон татгалзалдаа нэхэмжлэгч нь ажил албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлд гомдол гаргах эрхтэй боловч энэ нь ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяж явах, ажил олгогчоос баталсан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байх, ажил олгогчийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрхийг түүнд олгохгүй, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 37 хоног томилогдсон ажилдаа ирээгүй тул түүнийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар дурдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь өөрт нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, өөр ажилд томилсонтой холбоотой шаардлагаа гаргахдаа бууруулж томилсон албан тушаалын ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ шүүхэд нэхэмжлэл гарган, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч ******* ыг ажлаас чөлөөлөөгүй, нэхэмжлэгч ******* ажил үүргээ гүйцэтгээгүй нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоогүй ... гэсэн дүгнэлт хийж, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон олгожээ.

11.2. Хариуцагч нь нэхэмжлэгч бууруулж томилсон албан тушаалд ажиллаагүй, энэ нь түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд уг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан тул нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй гэж маргасан байх ба ажилтан түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ажил олгогчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхтэй боловч энэ нөхцөл байдалд үндэслэн ажил эрхлэхээс татгалзах, улмаар энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлсэнтэй адил хэмжээний цалин хөлсийг нэхэмжлэх, нийгэм, эдийн засгийн баталгаа шаардах эрхийг бүх тохиолдолд чөлөөтэй, шууд эдэлнэ гэж үзэх үндэслэл болохгүй.

Харин ажилтныг хууль бусаар албан тушаал бууруулсан бөгөөд буурсан албан тушаалд ажиллах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн бол ажилтан шүүхэд маргах хугацаанд ажил эрхлээгүй нөхцөл байдлыг анхаарч үзэж болно.

11.3. Хариуцагч нь нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Сидар салбарын ахлах менежерийн албан тушаалд томилох тушаалыг гаргасан байх боловч тухайн албан тушаалд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээг байгуулах, бууруулж томилсон ажил албан тушаалд ирж ажиллах талаар мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байсан баримтгүй байх тул нэхэмжлэгчийг буурсан албан тушаалд ажиллах бодит боломж нөхцөл байдал үүсээгүй гэж үзнэ.

Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил тасалсан үндэслэлээр бууруулж томилсон ажил, албан тушаалаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэх ба нэхэмжлэгч нь урьд нь эрхэлж байсан ажилд буюу Санхүү, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу гаргах эрхтэй.

11.4. Нэхэмжлэгч нь өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй боловч Санхүү, удирдлагын газрын захирлын цалин хөлс болон салбарын ахлах менежерийн цалин хөлсний зөрүүг сарын 2,000,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас олговор нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас олговорт 53,488,372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл талуудын зарчимд нийцнэ. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсгийг баримталсан анхан шатны шүүхийн алдааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад хариуцагч хуулийн этгээдийн нэрийг бичихдээ ... ******* банкнаас ..., ... ******* банканд ... зэргээр бичсэн байгааг ... ******* банк ХК-аас ..., ... ******* банк ХК-д ... гэж залруулсан найруулгын өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01289 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 127 дугаар зүйлийн 127.2-т ... гэснийг ... 127 дугаар зүйлийн 127.1-д ... гэж, ... ******* банкнаас ... гэснийг ... ******* банк ХК-аас ... гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... ******* банканд ... гэснийг ... ******* банк ХК-д ... гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Б.УУГАНБАЯР