Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 335

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг ,

Улсын яллагч:  Д.Энхтуяа,

Хохирогч Ц.Б-,

Шүүгдэгч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-ад холбогдох эрүүгийн 1918003990382 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Хараагийн 3 дугаар гудамж 54 тоот хашаан дотор иргэн Ц.Ц.Б-ий бор зүсмийн азарганы хүзүүн тус газар хутгалж гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

     Хохирогч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Энхталд ажлаа хийгээд явж байхад 17:00 цагийн үед манай малчин залуу миний гар утас руу залгаад, бор азарга хүзүүндээ 2 удаа хутгалуулсан байна, цус их алдаад байна та яаралтай ир гэж хэлсэн. Би ирж байх хоорондоо цагдаад дуудлага өгсөн. Намайг цагдаагийн газарт очиход тантай зөрөөд бүрэлдэхүүн танай гэр лүү гарсан гээд байцаагч н.Г утасны дугаарыг өгсөн. Би уг дугаар луу залгахад Хараагийн эцэс дээр ирсэн байна, та хүрээд ирнэ үү гэж дуудахад нь би очих үед манай малчин бас ирсэн байсан. Ямар хэрэг болсон бэ гээд энэ залуугийн гэрийг заалгаад очсон” гэв.

Эрүүгийн  1918003990382 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Древин, Ширээ нурууны малтай айлын үхрийг хариулдаг. Мөн ингэж хариулж байх үедээ хадам аав Отгонбаярын хэдэн тооны малыг хамт малладаг. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай хадам аавын хэдэн адуу гол дээр байсан чинь Ц.Б- ахын бор зүсмийн азарга манай гүүнүүдийг гишгэх гээд мордоод байхаар нь очиж салгах гэтэл огт салахгүй хамт дагаж яваад байсан. Тэгэхээр нь би салгах гэж тууж явсаар хадмын хашаанд ирсэн мориноосоо буугаад уг азаргыг салгах гээд огт дийлээгүй улам их манай гүүнүүд рүү дайраад байсан тэр үед манай халтар морийг хазаж хайраад нуруун, хүзүү, сээр, гуя хэсэгт нь шалбалсан. Ингээд салгаж чадахгүй болохоор нь түрүүнд байсан бор иштэй жижиг хутгаар хүзүүн тус газарт нь зөөлөн хатгасан тэгэхэд бор азарга манай хашаанаас гараад явсан түүнээс хойш цагдаа нар ирээд юу болсон талаар надаас асуухаар нь үнэнээр нь би хэлсэн” гэх мэдүүлэг /хх 40/,

 

            Гэрч Х.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Ширээ нуруунд Ц.Б- гэж хүний малыг маллаад хашаанд нь байдаг юм. Тэгээд 2019.05.22-ны өдөр 17 цагийн орчим хашаан дээрээ гараад адуугаа хартал бор азарга айлын гүүг хураагаад эзэн нь морьтой ирээд гүүнээсээ бор азаргыг салгах гээд хөөгөөд дийлэхгүй байсан тэгж байгаад дийлэхгүй болохоороо нийлүүлээд Хараа голын гүүр гараад явсан тэгэхээр нь хашаа руугаа орж азаргыг салгах гэж байгаа юм байх гэж бодоод араас нь морь унаад гүүгээ туугаад очиход өмнөөс бор азарга гараад ирсэн. Бор азаргыг үзэхэд хүзүүний баруун талд 2 газарт шархтай тэр шархнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь бор азаргаа туугаад хашаандаа очоод адууны эзэн болох Ц.Б-д утсаар хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Би тэр адууг туугаад байсан залууг зүс мэднэ. Ц.Э- гэж дууддаг тэр орчим адуу хариулаад байдаг юм. Тэгээд тэр Ц.Э-гийн гэрт цагдаа нарыг дагуулаад очиход Ц.Э- эхлээд үгүй би адуунд хүрээгүй зүгээр гаргасан гээд байсан тэгснээ үнэнээ хэлээд би гүүнээс салахгүй болохоор нь хутгаар хатгасан юм гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 27/,

            Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.05.22-ны өдөр цагийг нь тодорхой санахгүй байна. Ц.Б- гэж хүн утсаар яриад морь цус алдаад байна та яаралтай хүрээд ирээч гэж дуудахаар нь би Ширээ нуруунд Ц.Б-ийн заасан газарт очиход Бор зүсмийн азарга хүзүүндээ 2 шархтай цус алдсан байдалтай байсан бөгөөд үзлэг хийхэд 2 шарх байсан ба дээд талын шарх 4-5 см орчим гүн, түүний доод талын шарх 2см орчим гүн байсан. Тэр шарх бол том судас дайраагүй, хялгасан судас дайрсан шинжтэй байсан. Тэгээд надаар эмчилгээ хийлгэсэн. Би өөрөө эмчилгээ хийж өгсөн. Оёдол тавихаар том шарх байгаагүй учраас хурдан эдгэсэн. Амь насанд аюултай шарх бол биш. Цус алдалт, гадны халдвар оруулсан. Түүнээс үүсээд биеийн ерөнхий үрэвсэл, биеийн дотор халуун нэмэгдэнэ. Одоо цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. Биеийн дархлааг сайжруулах витамин өгч болно. Эмчилгээ хийлгээд биеийн халуун бууж, үрэвсэл зүгээр болсон.” гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Г.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Б- гэж иргэнээс Ширээ нуруунд байх манай адууг хутгалсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ц.Э- гэж залуу өөрийнхөө гүүг гишгэх гээд салахгүй болохоор нь салгаж чадахгүй салгах гээд л хутгалчихсан байсан. Тухайн Ц.Э-ын гэрийг азарганы эзэн Ц.Б- болон малчин хоёр энэ айлын залуу манай азаргыг өөрийнхөө адуутай нийлүүлээд тууж явсан юм гээд хашаанд нь очиход тухайн Ц.Э- гэх залуу байсан бөгөөд машинд суулгаад юу болсон талаар нь асуухад Ц.Э- гэх залуу манай гүүнээс салахгүй болохоор нь хутгаар хатгасан юм гээд Ц.Б- гэж эзнээс нь намайг уучлаарай манай гүүнээс салахгүй болохоор салгах гээд хүзүүнд нь хатгасан юм гэхэд Ц.Б- нь яагаад азаргыг минь хутгалж байгаа юм адилхан малтай хүмүүс байна өөрөө үнэнээ хэлж байгаа бол би цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй дуудлага мэдээллээ буцааж авлаа гээд, “Ц.Э- гэх залуу би эмчилгээний зардлыг бүрэн төлнө” гэж хэлээд Ц.Б- гэж хүн “би цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй гомдол мэдээлэл гаргахгүй гэж хэлээд дуудлага мэдээллийг бүртгүүлээгүй” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Гэрч Ш.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Ширээ нуруунд нэг айлын хашаанд очиход хашаанд нь хүзүүний баруун хэсэгтээ хатгуулсан байдалтай хүзүүнээс нь цус гарсан бор зүсмийн азарга байсан. Түүний эзэн гэдэг хүн нь манай адуучин харсан байна энэ Ц.Э- гэдэг залуу мал малладаг юм тэр залуу манай азаргыг өөрийнхөө адуутай нийлүүлж туугаад хашааруугаа орсон хашаанаас нь гарч ирэхдээ манай бор азарга хүзүүнээс нь цус гарсан байдалтай гарч ирсэн гэж хэлээд тэр айлд нь очиход Ц.Э- гэж залуу байсан бөгөөд тэр залуу гарч ирээд цагдаагийн машин дотор суугаад би азаргыг хутгалсан гэдэгээ хэлээд хутгалсан хутгаа байшингийн хажууд байгаа гээд заасны дагуу гэрэл зургаар бэхжүүлж байсан боловч азарганы эзэн нь би цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй адилхан малтай хүмүүс гээд дуудлага мэдээлэл өгөхгүй гээд байсан болохоор жижүүрийн ахлахад мэдэгдээд тэр дуудлага мэдээллийг бүртгэж аваагүй учраас тухайн гэрэл зургыг хэвлэж гаргаагүй.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч Ц.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... Намайг хашаандаа ирэх үед танихгүй бор азарга манай хашаанаас гараад явж байсан. Тэгэхээр нь би Ц.Э-аас юун азарга юм бэ гэсэн чинь айлын азарга манай гүүг дагаж ирэхээр гаргасан юм гэж хэлээд өнгөрсөн би юу болсон талаар нь мэдээгүй. Тэгээд тугал авч ирээд хашаандаа байж байсан чинь цагдаа нар ирээд азарга хутгалсан байна гэж асуугаад байсан. Би мэдэхгүй гэсэн чинь Ц.Э-ыг цагдаа нар машинд суулгаад аваад явсан. Манай хүргэн Ц.Э- нь Древин, Ширээ нурууны үхэртэй айлын үхрүүдииг өдөрт нь аваад оройд өгч хариулдаг. Эхнэр нь ажил байхгүй. Тэр үхрийг маллаад сардаа 250000-350000 төгрөг олдог. Ам бүл 4 учраас хоол ундандаа идээд таардаг. Зан харьцааны хувьд бол даруухан ажилсаг, мал малладаг. Элдэв зан байхгүй. Архи уухгүй, тамхийг бол татдаг. Миний мэдэхээр гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч О.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Бид хоёр 2012 онд танилцсан. 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр хүүхэдтэй. Том хүүхэд 5 настай, бага хүүхэд 3 настай. Бид хоёр манай аавын хашаанд амьдарч байгаа. Аав, ээж нь нас барсан. Эмээ өвөө дээрээ өссөн өвөө нь энэ хавар нас барсан. Одоо Орхон суманд эмээ нь дүү нартай нь амьдардаг. Манай нөхөр зан харьцааны хувьд түргэн ууртай, хурдан уур нь гардаг. Тэрнээс өөрөөр дутагдалтай зан байхгүй ажилсаг, хөдөлмөрч, зөөлөн сэтгэлтэй, үр хүүхэдтэй хайр халамжтай, өрөвч. Хүмүүстэй нийтэч. Одоогоор эрхэлсэн ажил байхгүй Айлын үхрүүдийг өдрөөр маллаж орлого олдог. Өөр орлого бид хоёрт байхгүй. Манай нөхөр бол өөрийн гэсэн мал хуй байхгүй манай аавын хэдэн мал бусад тэр орчмын айлын малтай нийлүүлэн хариулдаг юм. Архи согтууруулах ундааг огт уудаггүй. Тамхи татдаг” гэх мэдүүлэг /хх 34/,

                                                                                                                       

         

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-9, 15-20/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/,

 

Шүүгдэгч Ц.Э-ын талаарх арилжааны банкуудаас ирүүлсэн харилцах болон хадгаламжийн данстай эсэх талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар, буурь боловсролын үнэмлэхийн хуулбар /хх 53-63/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Э- 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Хараагийн 3 дугаар гудамж 54 тоот хашаан дотор хохирогч Ц.Ц.Б-ийн бор зүсмийн азаргыг “манай гүүнүүдийг гишгэх гээд мордоод байхаар нь очиж салгах гэтэл огт салахгүй хамт дагаж яваад байсан манай халтар морийг хазаж хайраад нуруун, хүзүү, сээр, гуя хэсэгт нь шалбалсан” гэсэн шалтгаанаар хутгаар хүзүүн тус газарт нь хутгалж гэмтээсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

            Гэрч Х.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...араас нь морь унаад гүүгээ туугаад очиход өмнөөс бор азарга гараад ирсэн. Бор азаргыг үзэхэд хүзүүний баруун талд 2 газарт шархтай тэр шархнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь бор азаргаа туугаад хашаандаа очоод адууны эзэн болох Ц.Б-д утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх 27/, гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.05.22-ны өдөр цагийг нь тодорхой санахгүй байна. Ц.Б- гэж хүн утсаар яриад морь цус алдаад байна та яаралтай хүрээд ирээч гэж дуудахаар нь би Ширээ нуруунд Ц.Б-ийн заасан газарт очиход Бор зүсмийн азарга хүзүүндээ 2 шархтай цус алдсан байдалтай байсан бөгөөд үзлэг хийхэд 2 шарх байсан ба дээд талын шарх 4-5 см орчим гүн, түүний доод талын шарх 2см орчим гүн байсан.” гэх мэдүүлэг /хх 29/, гэрч Г.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Э- гэх залуу манай гүүнээс салахгүй болохоор нь хутгаар хатгасан юм гээд Ц.Б- гэж эзнээс нь намайг уучлаарай манай гүүнээс салахгүй болохоор салгах гээд хүзүүнд нь хатгасан юм гэхэд Ц.Б- нь яагаад азаргыг минь хутгалж байгаа юм адилхан малтай хүмүүс байна өөрөө үнэнээ хэлж байгаа бол би цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй дуудлага мэдээллээ буцааж авлаа гээд Ц.Э- гэх залуу би эмчилгээний зардлыг бүрэн төлнө гэж хэлээд Ц.Б- гэж хүн би цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй гомдол мэдээлэл гаргахгүй гэж хэлээд дуудлага мэдээллийг бүртгүүлээгүй” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Ш.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... тэр айлд нь очиход Ц.Э- гэж залуу байсан бөгөөд тэр залуу гарч ирээд цагдаагийн машин дотор суугаад би азаргыг хутгалсан гэдгээ хэлээд хутгалсан хутгаа байшингийн хажууд байгаа гээд заасны дагуу гэрэл зургаар бэхжүүлж байсан боловч азарганы эзэн нь би цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй адилхан малтай хүмүүс гээд дуудлага мэдээлэл өгөхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 31/, гэрч Ц.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Намайг хашаандаа ирэх үед танихгүй бор азарга манай хашаанаас гараад явж байсан. Тэгэхээр нь би Ц.Э-аас юун азарга юм бэ гэсэн чинь айлын азарга манай гүүг дагаж ирэхээр гаргасан юм гэж хэлээд өнгөрсөн

Шүүгдэгч Ц.Э- нь хохирогч Ц.Ц.Б-ийн бор зүсмийн азарганы хүзүүн тус газар хутгалж гэмтээсэн гэм буруутай үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийн  шинжтэй байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Хохирогч Ц.Б- нь хохирол төлбөрт 1 543 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч Ц.Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өмнө нь дуудагдаж ирэхэд 1,200,000 төгрөг өгсөн, шүүх хуралдааны өмнө 343,000 төгрөг өгсөн. Надад санал, гомдол байхгүй” гэснийг дурдаж шүүгдэгч Ц.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Э- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг арван сарын хугацаанд сар бүр 45 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ