Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01163

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* болон *******д тус тус холбогдох,

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг ********т даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *******-тай гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хороо, *******, ******* хотхон 16 давхар орон сууцны АЗ блок, хойд орцны 13-р давхрын А сууц 81,21 м.кв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээний 3.1-д орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2,800,000 төгрөг, нийт үнэ нь 227,388,000 төгрөг, 3.2-т *******-д гэрээт ажлын бартерт өгч байгаа орон сууц болно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш орон сууцны үнэд өөрчлөлт орохгүй гэж тус тус харилцан тохиролцсон.

Миний бие тус орон сууцны төлбөр болох 227,388,000 төгрөгийг *******-д бүрэн төлсөн. Энэ талаар *******-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22/67 дугаар бүхий албан бичигт тодорхой дурдсан учир "*******-тай дээрх гэрээг байгуулсан.

Гэтэл "******* нь энэхүү гэрээг хүчин төгөлдөр байгаа талаар мэдэж байгаа атлаа *******тай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг давхардуулан байгуулжээ.

*******-ийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 25/16 тоот мэдэгдэлд "*******-д хандан *******д давхардуулан захиалгын гэрээг хийлгэж төлбөр тооцоог хүлээн авсан тул уг захиалгын гэрээ цуцлахтай холбоотой бүх асуудал, эрсдэл, төлбөр тооцоог манай байгууллага бүрэн хариуцна..." хэмээн баталж, иргэн *******гийн хохирлыг ******* нь бүрэн хариуцахаар болсон.

"*******, *******, ******** миний бие, Т.Ариунаа нар 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******-ийн байранд уулзалт зохион байгуулж, *******г тус орон сууцыг чөлөөлөх талаар ярилцаж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа болно.

Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч "*******-д даалгаж, дээрх орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

1.2. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт "Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж аваагүй буюу тус орон сууцад нүүж орсон үйлдлээрээ эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж зохицуулсан. Учир нь ******** нь цаг хугацааны хувьд анх "*******-тай гэрээ байгуулсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч *******гийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. 2022 онд ******* нь ******* хотхонд "*******-аас бартераар авсан гэх Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, *******, ******* хотхон, 16 давхар орон сууцны АЗ блок, 13 дугаар давхрын А сууц 81,21 м.кв талбай бүхий орон сууцыг зарна гэсэн тул тус орон сууцыг худалдаж авахаар тохирч *******-д орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн.

Үүний дагуу "******* нь надтай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон сууцыг надад хүлээлгэж өгсөн.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Гэрээ байгуулах үед "******* нь энэ байрыг бусдад давхардуулж зарсан талаар хэлээгүй. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш уг байрыг эзэмшиж байна.

Иймд тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч "*******-д даалгаж, ********ийг миний орон сууцаа эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү.

 

3. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай байгууллага нь туслан гүйцэтгэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох *******-ийн захирал ******* үгэнд бүрэн итгэж, орон сууц захиалгын гэрээг шилжүүлж хийж өгсөн. Манай байгууллага энэхүү захиалгын гэрээний төлбөрөөс аваагүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох этгээдэд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан дагуу Нийслэлийн Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, *******, ******* хотхон 741 дүгээр байр, 13 давхрын 177 тоотод байрлах 81,21 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ********ийг тогтоож, уг орон сууцыг ******* нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* даалгаж, уг орон сууцыг ******* эзэмшилд шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********, хариуцагч *******-нд холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 23-р хороо *******, ******* хотхон 741-р байр, хойд орц, 13-р давхрын 117 тоотод байрлах 81,21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* даалгах, орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг ********т даалгах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,365,090 төгрөгийг, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********т олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд оролцсон зохигчдын ирцийг дутуу бичсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********г ирцэд оруулж бичээгүй байна. Мөн анхан шатны шүүх уг орон сууцыг ******* нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудал дүгнэлт өгсөн.

5.2. Шүүхээс ******* нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр "*******-аас маргаан бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад хуулийн дагуу хүлээж авсан байна гэж дүгнэсэн атлаа уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* зүгээс орон сууц захиалах гэрээний дагуу төлбөрийг төлсөн эсэх нь эргэлзээтэй.

5.3. ******* нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авсан шударга эзэмшигч юм. Мөн уг орон сууцыг худалдан авахдаа "******* нь өмнө нь нэхэмжлэгч ********т худалдсан болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууц нь одоо бодитоор *******гийн эзэмшилд байгаа, тус орон сууцыг эзэмшилдээ авснаас хойш байрыг тохижуулсан тул шударга эзэмшигчийн эрхийг эхэнд тавьж *******г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох ёстой.

5.4. Нэхэмжлэгч ******** нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг үндэслэн давуу эрх шаардаж байгаа боловч уг гэрээ нь бодит байдалд хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тухайн барилгын ажил гүйцэтгэгч ******* нь ажлаа бүрэн гүйцэтгэлгүй орхисон бөгөөд ******* нь орон сууцны хуваарилалтад өөрчлөлт оруулж, *******г тухайн орон сууцны үндсэн захиалагч гэж хүлээн зөвшөөрсөн.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, ********ийг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх ******* болон ******** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсэгт зааснаар өмнөх гэрээг өөр гэрээний үүргээр сольсон тул өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон байна гэж зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшил хууль ёсоор үүссэн байх ёстой. Гэтэл хариуцагч *******д хууль ёсны эзэмшил үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй этгээд нь шударга эзэмшигч байна гэж заасан тул ******** нь шударга эзэмшигч болно.

Мөн "******* улсын комисс хүлээж аваагүй орон сууцанд оршин суугчдыг оруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа өмчлөх эрхтэй холбогдож байж Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэнэ.

6.2. Эзэмшлийн тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар орон сууцыг улсын комисс хүлээж авснаас хойш "******* нэхэмжлэгч ********т улсын комисс орон сууцыг хүлээж авсан, 7 хоногийн дотор нүүж орох ёстой гэх хугацааны талаар мэдэгдэх ёстой байсан. Гэтэл энэ талаар мэдэгдээгүй нь ********ийг тухайн орон сууцыг эзэмшилдээ авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангаагүй.

6.3. Анхан шатны шүүх ирцийг буруу дурдсан, хариуцагч компанид эрх, үүргийг нь танилцуулаагүй гэх асуудлын талаар ярьж байна. Ирцийг буруу дурдсан нь хэрэг маргааны үндсэн шийдэлд ач холбогдолтой нөхцөл байдал биш. Хариуцагч "*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон, шүүх хуралдааны тэмдэглэлд эрх, үүрэг танилцуулсан, хэргийн материалтай танилцах эрхүүдээр хангасан нь тодорхой харагдана. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Талуудын хэн алинтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Орон сууцыг ашиглалтад орох үед бид ******** гэх хүний орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан гэж бодож байсан. Учир нь ******* 2022 оны 09 дүгээр сард бид энэ орон сууцыг *******д худалдан борлуулж байгаа учир орон сууцыг энэ хүний нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичгийг дахин манай компанид ирүүлснийг үндэслэж маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулсан.

Манай компанийн хувьд шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэнэ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******гийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* болон *******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо /одоогийн 23-р хороо/ *******, ******* хотхон А-3 блок /одоогийн 741-р байр/, хойд орц, 13 дугаар давхрын А сууц /одоогийн 117 тоот/ 81,21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг *******-нд даалгах, орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.1. Хариуцагч ******* нь *******-ийн захирал ******* хүсэлтээр захиалгын гэрээнүүдийг байгуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох этгээдэд орон сууцыг, холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгөхөд татгалзахгүй гэх тайлбар гаргасан.

Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* даалгах, орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг ********т даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлд заасан өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардлагуудыг хариуцагч *******-д холбогдуулан гаргасан байгааг тодотгож байна.

 

2.2. Анхан шатны шүүх худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд худалдан авагч нарын хэнд өмчлөх эрх үүсэх асуудлыг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

2.3. Мөн хариуцагч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шинжтэй байх боловч үүнийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлд хамааруулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь маргааны зүйл болж буй орон сууцад холбогдох хариуцагч *******гийн нэхэмжлэлийг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх зарчимд нийцэж байна.

 

3. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр "******* нь *******-иар барилгын фасадны ажил гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд орон сууц олгохоор харилцан тохиролцжээ.

Энэ гэрээний дагуу ажлын хөлсөнд олгохоор тохиролцсон Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, *******, ******* хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор 177/ тоот хаягт байрлах 81,21 м.кв 3 өрөө орон сууцыг *******-ийн хүсэлтэд үндэслэн "******* 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр ********т 1 м.кв үнийг 2,800,000 төгрөгөөр тооцож, нийт 227,388,000 төгрөгөөр,

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр *******д 1 м.кв үнийг 2,800,000 төгрөгөөр тооцож, нийт 227,388,000 төгрөгөөр тус тус барьж ашиглалтад оруулж өгөхөөр харилцан тохиролцсон.

 

3.1. Гэрээнд заасан төлбөрийг *******-нд төлөхдөө ******** нь зээлийн гэрээний хүрээнд олгосон 150,000,000 төгрөгийг оролцуулж, мөн 60,000,000 төгрөгөөр үнэлж тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн, ******* нь 117,250,000 төгрөг шилжүүлсэн.

Ийнхүү төлсөн төлбөрийн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй боловч *******-иас "*******-нд 2022 оны 07 дугаар сарын 07, 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хүргүүлсэн албан бичгүүдэд төлбөр бүрэн төлөгдсөн болохыг заасан тул ********, ******* нарын хэн алиныг гэрээнд заасан төлбөрийг төлсөн гэж дүгнэнэ.

 

3.2. Улмаар "******* нь маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг *******д 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр акт үйлдэж хүлээлгэн өгсөн ба ******* нь уг орон сууцыг одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

Мөн хэрэгт авагдсан *******-ийн албан бичгүүд нь бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй боловч талууд тусгагдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй тул дээрх албан бичгүүдийг шүүхээс үнэлснийг буруутгахгүй.

 

4. Анхан шатны шүүх "*******-ийн ********, ******* нартай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. ********, ******* нар гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд нэрлэн заасан этгээд болох *******-д хүлээлгэн өгчээ.

Анхан шатны шүүх ******** нь *******-д төлбөр төлөхдөө зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэг рүү шилжүүлсэн гэж зөв дүгнэсэн.

 

4.2. Харин анхан шатны шүүх худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд худалдан авагч нарын хэнд өмчлөх эрх үүсэх асуудалд төлсөн төлбөрийн хэмжээ, гэрээ байгуулсан хугацаанд үндэслэн эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул талуудын хэн алины байгуулсан гэрээ нь үүргийн хэлцлийн шинжтэй бөгөөд эдгээрт үндэслэж өмчийн хэлцэл хийгдээгүй байна.

Энэхүү орон сууцтай холбоотой өмчлөх эрхийн улсын бүртгэл хийгдээгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлд байхгүй, өмчийн хэлцэл хийгдээгүй тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг баримтлан эзэмшлийн чиг үүргийг ашиглан өмчлөх эрх олж авах давуу эрхийг тодорхойлно.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн зохицуулалтыг хөдлөх эд хөрөнгөөс гадна улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчийн хэлцэл хийгдээгүй шинжээс шалтгаалж үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаанд хэрэглэнэ.

 

4.3. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* маргааны зүйл болж буй орон сууцыг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон.

 

4.4. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан.

Энэ хэргийн хувьд маргааны зүйл болж буй орон сууцыг өмчлөх эрх болон урьдчилсан тэмдэглэгээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, урьд "*******-ийн болон ******* хооронд байгуулагдсан гэрээг ******* мэдсэн, мэдэж байх боломжтой байсан гэж дүгнэх баримтгүй тул хариуцагч *******г өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

4.5. Иймд хариуцагч ******* нь маргааны зүйл болж буй орон сууцыг хамгийн түрүүнд эзэмшилдээ шударгаар олж авсан тул сөрөг нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах хэсгийг хангаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байдлаар гарах учир тул улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хангахдаа Улсын бүртгэлийн байгууллагад зохих өмчлөх эрхийн бүртгэл хийхийг даалгах нь зүйтэй.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангасан байдал өөрчлөгдсөн тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.

 

5. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул харилцан өмчийн эрх зүйн хүрээнд шаардлага гаргасан байна.

Өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангаж, холбогдох үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх өмчлөгчийн шаардах эрх үүсэхгүй. Иймээс орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн өмчлөх эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, мөн шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учир орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцэж байна.

 

6. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******** оролцсон болох нь тэмдэглэлд тусгагдсан байх ба түүний нэрийг шийдвэрийн удиртгал хэсэгт бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүйг дурдвал зохино.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* болон *******д холбогдох Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, *******, ******* хотхон, 741 дүгээр байр, 13 давхрын 177 тоотод байрлах 81,21 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, *******, ******* хотхон, 741 дүгээр байр, 13 давхрын 177 тоотод байрлах 81,21 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч *******г тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр *******г улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,

сөрөг нэхэмжлэлээс үлдэх орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч ********т даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,435,290 төгрөг, хариуцагч *******гийн төлсөн 1,435,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 1,365,090 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Т.БАДРАХ