| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0335/Э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 339
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-, Р.М-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.А-,
Шүүгдэгч А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-т холбогдох эрүүгийн 1918003440360 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, М-р-Э ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, А.М-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.М- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шийрийн хөндий” гэх газар үйл ажиллагаа явуулдаг "А.М--Эрдэнэ" ХХК-ны шохойн үйлдвэрт ажиллаж байсан Г.М- нь халуун чулуун нурангид дарагдаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн хэрэг болох үед миний бие ажил дээрээ байгаагүй. Нэг сарын хугацаатай Дорноговь аймаг руу ажлын шугамаар явсан байсан. Улаанбаатар хотоос Дархан сум руу ирэх замд 61-ийн гарам дээр явж байхад уг байдлын талаар надад утсаар мэдэгдсэн. Холбогдох байгууллагуудад хэлсэн үү? гэхэд хэлсэн гэж хэлсэн. Хүнийг гаргах боломж байсан уу? гэхэд халуун чулуунд талийгаач дарагдсан байдалтай. Гаргаж чадахгүй байгаа талаар хэлсэн. Манай ХАБ-ын ажилтан Ч--гийн аавын бие муудаад Улаанбаатар хот явсан байсан. Ч--гийн хөдөлмөр хамгааллын сургалтын төлбөрийг төлөөд, цалинг нь нэмээд албан ёсны манай байгууллагын инженер болсон байсан. Иймд зүйл болсонд маш их харамсаж байгаа” гэв.
Хохирогч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач нь манай төрсөн ах. Айлын том хүү байсан. 2019-05 сард нурангинд дарагдсан талаар мэдээлэл ирээд Улаанбаатар хотоос нааш гараад шөнө 2 цагийн үед Дархан суманд ирсэн. Манай ах мэргэжилгүй байсан. Талийгаач ажилд хийчээнгүй хүн байсан. Талийгаач Дархан суманд 2 жилийн өмнө ирсэн. Гэр бүлдээ гайгүй байдаг байсан. Хашаа байшингийн өрийг дарагдуулаад, үлдэх эхнэр хүүхдүүдэд нь байр аваад өгчих гэж хэлсэн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Р.Г.М-зул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаачтай 2016 онд гэрлээд 3 жил болсон. Дундаасаа нэг охинтой байсан. талийгаач нь эхлээд Нэхий ХХК ажиллаж байгаад. шохойны үйлдвэрт цалин сайтай байна гээд тэнд ажиллах болсон. Төд удалгүй ийм асуудал гараад өнгөрсөн. Одоо манай гэр эр хүнгүй хэцүү байгаа. Би өөрөө ажил хиймээр байдаг боловч хүүхэд бага байгаа учир ажилд орж чадахгүй байгаа. Талийгаач нь ажилд сайн байсан. Талийгаач тухайн үед түгжээг нь хийчих юмсан гээд л ийм осолд орсон. Хэр баргийн хүмүүс тэгж ажиллахгүй. Хамгийн бага хүүхдэд тэжээгчээ алдсан гээд тэтгэмж тогтоолгосон. ажилд ороод ерөөсөө цалин аваагүй байж байгаад ийм асуудал болсноос хойш 1,300,000 төгрөгийг авсан. Буяны ажилд эхлээд 6 сая төгрөг, оршуулга гээд 1 сая төгрөгийг нэмж өгсөн. Нийтдээ 7 сая төгрөг болсон” гэв.
Эрүүгийн 1918003440360 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би Дорноговь аймгаас Дархан руу явж байхад Ч-ь над руу залгаад дээд баюу буюу /А.М—Э- ХХК-ийн шохой шатаах босоо зууханд/ халуун чулуу нураад 1 хүн дарагдчихлаа. Халуун чулуу учраас бид нар гаргаж авч чадахгүй байна. Онцгой байдалд дуудлага өгсөн байгаа гэж хэлэхээр нь мэргэжлийн хяналт цагдаагийн байгууллага, шаардлагатай төрийн байгууллагуудад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд явсаар байгаад 16 цагийн үед үйлдвэрийн талбай дээр ирэхэд онцгой байдал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас холбогдох хүмүүс нь ирчихсэн ослын газар ажиллаж байсан. Баюуд цуг ажиллаж байсан залуу нь Г.М- гэгч нь хамт ажиллаж байгаад халуун чулуунд дарагдсан болохыг харсан хүн нь надад хэлэхээр нь Г.М-ийг анкетыг авч ар гэрийнхэнд мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Хохирогч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “1978 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Г- болон О- нарын анхны хүү болж төрсөн. Хүүхэд бага насаа хөдөө мал маллаж ээж аавтайгаа хамт өссөн. Сумандаа ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаад 8 дугаар анги төгсөөд аав ээжийн хамт мал маллаж байгаад 2004 онд Улаанбаатар хотод ирж ганц бие ажиллаж амьдардаг байж байгаад 2017 онд Г.М-зул гэх 2 хүүхэдтэй эмэгтэй гэр бүл болсон. Тэгээд гэр бүл болоод Дархан-Уул аймагт шилжин ирээд Г.М-зул Г.М- нар нь дундаасаа 2017 онд охинтой болсон. Ингээд ах Г.М- маань ам бүл нийт тавуулаа Дархан-Уул аймгийн Дархан суманд хувийн байгууллагуудад ажиллаж амьдардаг байсан. Хамгийн сүүлд “А.М—Э-” ХХК-д ажилладаг байсан юм шиг байна лээ. Уг нь өмнө нь Дархан нэхий ХХК-д ажиллаж байгаад цалин мөнгөө өгөхгүй юм гараад өөр газар ажилд орно гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх 12/,
Хохирогч Р.Г.М-зулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаач Г.М-тэй хамтран амьдардаг байсан. Гэрлэлтээ батлуулаад хамтран амьдардаг болсноос хойш дундаасаа О- гэх 2 настай хүүхэдтэй байсан. Талийгаач маань Голомт банкинд цалингийн зээлтэй байсан одоо зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа. Одоо уг цалингийн зээлийг төлж чадахгүй, одоо амьдарч байгаа Дархан сумын 15 дугаар баг Мангирт 8 дугаар хэсэг 1-48 тоот хашаа байшинг иргэнээс худалдаж аваад одоо төлбөр нь бүрэн төлөгдөөгүй 2 сая төгрөг дутуу байгаа. Манай нөхөр Г.М- уг нь цалингийн зээл болон байшингийн дутуу төлбөрийг ажил хийж цалингаараа төлдөг байсан. Одоо манай гэр бүлд ажил эрхэлдэг хүн байхгүй байгаа тул уг асуудлуудыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. А.М—Э- ХХК-аас манай гэр бүлд орон сууц олгоно гэсэн. Үүнийг ч бас шийдүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх 212/,
Гэрч Ц.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 14:00 цаг өнгөрч байсан байх. Би ковшын джинам янзлаад байж байхад Ч- дарга дээр баюу нурсан байна бүгдээрээ хурдан явъя гээд баюу дээр ирэхэд дээрээс халуун шохой нураад улаан цог байсан. Ч- бид нар наанаас нь хүрзээр шохойг авах гэсэн боловч болохгүй байсан. Удалгүй онцгой байдлынхан ирсэн. Баюу дээр хамт ажиллаж байсан Ц-“Г.М-өө ахыг гараарай гэхэд гарч ирээгүй” гэж надад хэлсэн. Би ингэж хүн дарагдсан талаар мэдсэн. .” гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үйлдвэр дээр ажилладаг Ч-ь гээд залуу над руу утсаар ярьж баюуны чулуу нурж ажиллаж байсан Г.М- дарагдчихлаа хурдан ирээрэй Онцгой байдал дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Г.М--Болор-Эрдэнэ ХХК-ийн шохойн баюун дээр ирээд хамт ажиллаж байсан Ц-аас юу болсон талаар асуухад би падтайгаа ухраад орж байхад Г.М- ах ард байсан тэгж байтал халуун чулуу нурсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...өдөр 12 цаг өнгөрч байхад цайндаа орж дуусаад баюунд очиж бага оврын трактораар 1 удаа шохой татаж гаргасан. Уг татаж гаргасан шохой улаан цогтой байсан болохоор Г.М- ахад одоо болъё наадах чинь нурж магадгүй юм шиг байна гэхэд Г.М- ах би ороод тэр унжсан байгаа гинжийг янзлаад гараад ирье гэсэн. Тэгээд Г.М- ах баюуны цаад буланд очиход дээрээс халуун шохой нурсан. Тэр үед би бага оврын трактораа урагшлуулж баюунаас гаргаад Г.М- ахаа гээд дуудахад байхгүй болохоор нь доошоо гүйж ажлын байранд очиж Ч-ь даргад баюун дотор халуун шохой нураад Г.М- ах дарагдчих шиг боллоо гэж хэлээд Ч-ь даргатай осол болсон баюун дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Өглөө 8 цагийн орчимд ажилд гарахын өмнө би үйлдвэрийн талбайд байх офисс руу ороход ХАБЭА-н дэвтэр байхаар нь танилцаж гарын үсэг зурсан. Бусад хүмүүст хэн хэрхэн танилцуулсан болохыг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч С.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Өглөө ажилд гарахын өмнө үйлдвэрийн газарт байх офиссын ширээн дээр ХАБЭА-н дэвтэр дээр нэрс болон заавар зөвлөмж байхаар нь гарын үсэг зураад танилцаад ажилд гарсан. Өдөр бүр ажилд гарахад ХАБ инженер Ч- гэж хүн танилцуулж гарын үсэг зуруулж ажилд гаргадаг” гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч П.Ч--гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2019 оны 05 сарын 10-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад хувийн асуудлаар Улаанбаатар хотруу явах шаардлагатай болж энэ талаараа гүйцэтгэх захирал З.Б-д хэлээд чөлөө аваад явсан. Явахдаа нярав ажилтай Б- ХАБ-ын дэвтрийг өгөөд ажилчдын нэрс болон заавар зөвлөмжийг бичээд гарын үсэг зуруулчихаарай гэж хэлээд үлдээгээд явсан. Маргааш нь буюу 05 сарын 11-ний өдрийн 14 цаг өнгөрч байх үед З.Б- захирал надруу утсаар яриад үйлдвэр дээр осол болж хүн нас барсан асуудлын талаар хэлсэн би сонссон даруйдаа Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг Хонгор сумын Шийрийн хөндийд үйл ажиллагаа явуулдаг А.М—Э- ХХК-ийн үйлдвэр дээр ирэхэд шохой татах хэсэгт онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн алба хаагчид ажиллаж байсан. Болсон процессын талаар ажилчид болон захирал З.Б- нараас л сонссон бусдаар бол би байгаагүй болохоор мэдэхгүй байна. Б-, Ц- нар нь тушаал шийдвэрээр ажилладаг шохой татах хэсэгт ажилладаг байсан. Өмнө ганц нэг удаа шохой татах хэсэгт тусалж байсан. Г.М-ийн ажлын тушаал шийдвэр нь бутлуурын операторын туслах ажилтан байсан тул тушаалаар хүлээсэн ажил үүрэг нь биш байсан. Энэ асуудлаас болж би ХАБ-ын инженерээр ажиллаж чадахгүй гэдгийг А.М-д хэлсэн юм. Байгууллагаас бол ажилчдад ажлын даавуун бээлий, хамгаалалтын малгай, амны хаалт зэргийг олгож тавьдаг байсан. Ажилчид бол өөрсдийн муу хувцсаа ажилдаа өмсдөг байсан” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Н.Ч-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач Г.М-тэй цуг зууханд ажиллаж байсан залуу намайг доор өөрийн И-а Л-к ХХК-ийн зуух угсралтын ажил дээрээ байхад гүйж ирээд 'Баюу нураад Г.М- ах дарагдчихлаа” гэхээр нь би өөрийн ажилчдаа машинд суулгаад дээшээ шохойн зуухруу хурдан явж очиход халуун нурам уначихсан байсан тул наад талаас нь би хүмүүсийн хамт халуун нурамруу галын хор цацаж хүрзээр чулуудаж гаргах гэж оролдсон боловч хэтэрхий халуун төөнөөд хүн байхын аргагүй байсан тул хүмүүсээ дагуулаад гараад З.Б-руу утсаар залгаад “Халуун нурманд хүн дарагдчихлаа гялс онцгой дуудаарай” гэж хэлчихээд би доошоо И-ва л-к ХХК-ны талбайруу бууж галын хор бусад шаардлагатай багаж хэрэгслээ цуглуулаад буцаад А.М—Э- ХХК-ны зуухруу очоод олигтой үр дүнд хүрч чадахгүй байж байтал Онцгой байдлын алба хаагчид ирж ажилласан” гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би уг осол болсон гэх газраас бараг 1 километрийн зайд шинээр баригдаж байгаа зуухны ажлыг хийж байсан болохоор тухайн осол болсон талаар хараагүй. Ажлаа хийж байгаад 1 гараад ирэхэд бөөн машин тэрэг болчихсон байсан. Тэгээд би ажил ихтэй байсан болохоор нэг их тоолгүй ажлаа үргэлжүүлэн хийсэн сүүлд нь хүмүүсийн яриаг сонсоход хамт ажилладаг 1 хүн шохойн баюунд ажиллаж байгаад нурманд дарагдчихсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх 28/,
Гэрч Ү.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С-н Х-н дээр вагоноос нүүрс буулгаж байгаад орой 22 цагийн үед нүүрсээ буулгаж байхад З.Б- дарга үйлдвэр дээр осол гарсан байна гээд нүүрс буулгаж байсан хүмүүсийн 2-г нь үлдээгээд бусдыг нь микрод суулгаад аваад явсан юм. Нүүрс буулгах ажил дээр би болон манай ажлын нэг залуу бид хоёр үлдээд нүүрсээ 22 цагийн үед буулгаж дуусаад ажил дээр очиход онцгой байдал, цагдаа гээд бүгд ирчихсэн ажиллаж байсан. Тухайн байдлыг би холоос ажиглаж харчихаад яваад өгсөн. Тэр өдөр Ц- болон Г.М- нар шохой татах хэсэгт ажиллаж байсан. Өмнөх орой нь манай ажлынхан бөөндөө сууж байгаад маргааш нь 3 вагон нүүрс ирнэ хэн хэн нүүрс буулгахаар яваад хэн хэн нь үлдэж ажиллахаа ярилцаад Ц-, Г.М- хоёрыг тэр өдөр шохой татсан болохоор нь дарга З.Б- “Г.М-, Ц- нарыг маргааш нь шохой татаад үлд бусдыг нь нүүрс буулгахад авч явна” гэсэн гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн ослыг бол хараагүй гэхдээ Осол болох үед Сонглой хайрханд вагоноос нүүрс буулгаж байсан. Нүүр буулгаж байгаад орой 16 цагийн орчимд үйлдвэр дээр и-к дээр ирэхэд онцгой байдал болон цагдаагийн газраас хүмүүс ирчихсэн чулуу зөөж гаргаж байсан. Яг юу болсон талаар сүүлд нь хамт ажилладаг хүнээсээ сонссон. Осол гарах үед бол байгаагүй. Офисс дээр дэвтэрт аюулгүй ажиллагааны зааварчилгаа бичээд үлдээсэн байсан. Тухайн бичиж үлдээсэн зааварчилгаатай ажилчид өөрсдөө танилцаад гарын үсэг зурцгаагаад ажилд гарсан. Ер нь бол Ч-- нь энэ ажлын хийдэг юм. Яг энэ талын мэргэжлийн хүн мөн эсэхийг мэдэхгүй. Ч-- нь ажилладаг байсан одоо бол шинэ ажилтан авчихсан байгаа” гэх мэдүүлэг /хх 30/,
Гэрч И.Э-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би уг осол болсон гэх газраас бараг 1 километрийн зайд шинээр баригдаж байгаа зуухны ажлыг хийж байсан болохоор тухайн осол болсон талаар хараагүй. Дараа нь онцгой байдал болон цагдаагийн газраас хүмүүс ирсний дараа мэдсэн. Ч-- нь бид нарт аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулж гарын үсэг зуруулдаг байсан. Гэхдээ Ч--г ХАБ-н ажилтан мөн эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 31/,
Гэрч Б.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 05 сарын 11-ний өглөө нүүрс зөөхөөр Сонголон хайрханаас И-к ХХК-ийн талбай руу нүүрс зөөгөөд харанхуй болтол шахуу ажиллаж байгаад машинаа тавичихаад байж байхад осол гарсан гээд дээшээ шохойн баюу руу бужигналдаад явцгаагаад байсан. Манайхан намайг та хөгшин хүн тийшээ яваад яахав дээ гээд тэгээд доор хүлээж байгаад бүр орой харьсан. Би доор талбай дээр байсан болохоор дээр юу болсон ямар нөхцөл байдалтай байсан талаар мэдэх зүйл алга. Манайхан хүн дарагдчихсан ухаж байна гээд ярьцгааж байсан. Тэр өдөр Ч--гийн аав нь өвчтэй гээд чөлөө аваад явчихсан байсан. Тэгээд тэр өдөр офисс дотор ороход ХАБ-н дэвтэр дээр нэрс бичээд тавьсан байсан. Тэгээд ажилд гарах гээд яарч байсан учир гарын үсгээ зурчихаад л гараад явсан юм. Өглөө болгон л ХАБ-ын дэвтэр дээр зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулж ажилд гаргадаг байсан яг албан ёсны ХАБ-ын инженер мөн эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх 32/,
Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг ажилд орж байхад л Ч-- нь өөрийгөө ХАБ-ын ажилтан гэж хэлж байсан. Албан ёсны тушаал шийдвэрээр ажилладаг ХАБ-ын ажилтан хэн гэдгийг бол мэдэхгүй. Ч-- ажилчдад аюулгүй ажиллах зааварчилгаа өгч ажилд гаргадаг байсан. Нярав ажилтай байсан болохоор ажилчдыг талбайд гарахын өмнө би маск бээлий хамгаалалтын нүдний шил ажлын багаж зэргийг тавьж олгож гаргадаг байсан” гэх мэдүүлэг /хх 33/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт:
1.Талийгаачийн цогцост шинжилгээ бүрэн хийх боломжгүй шатсан байна.
2.Талийгаачийн биеийн ил хэсэгт гэмтэл байгаа эсэх нь тогтоох боломжгүй шаталт явагдсан байна.
3.Талийгаач Г.М-ийн биед архаг хууч өвчинтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй.
4.Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
5.Талийгаачийн цус болон булчин шатаж үгүй болсон цусны бүлгийг тогтоох боломжгүй.
6.Талийгаачийн цус болон булчин шатаж үгүй болсон тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.
7.Талийгаачийн цогцос нь шатаж, нүүрсжсэн тул нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй /хх 48-49/,
2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19/06 дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” шинжээчийн дүгнэлт:
1.“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж заасан тул Г.М- ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөж амь насаа алдсан тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.
2.А.М—Э- ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй.
3.Осолдогч Г.М- хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй байна.
4.Г.М-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн Ажил олгогчийн үүрэг биелэгдээгүй.
5.Тухайн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг тушаалаар томилж ажиллуулаагүй байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.
6.“А.М- Э-” ХХК-ийн Захирлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар Г.М-ийг “Бутлуурын операторын туслах” "эсэн ажлын байранд томилсон байна.
Г.М-ийг шохойн чулууны бааюу дээр ажлын байрыг сольж ажиллуулахдаа заавал тушаал шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт”-д хамруулах ёстой байсан.
7.“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” ММЗ 4969:2000 стандартын дагуу гүйцэтгэх ажлын онцлог, аюулгүй ажиллагааны арга барилыг хангалттай заасан анхан шатны зааварчилга хангалттай өгөгдөөгүй.
8.Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон тухай баримт байхгүй байгаа тул хариулах боломжгүй байна.
9.Шинжилгээний явцад өөр ямар нэгэн зүйл илэрвэл дүгнэлтэнд тусгах зүйл байхгүй /хх 75-76/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,
Хэргийн газрын бүдүүвч зураглал /хх 9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2957 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 60-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2655 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 68-70/,
Хохирогч Г.М-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, М.О- төрсний гэрчилгээний хуулбар, Д.Хонгорзулын төрсний гэрчилгээний хуулбар, Д.Г.М-зулын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 82-85/,
“А.М—Э-” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, захирлын тушаал, /хх 87-90/,
Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх 91-93/,
“А.М—Э-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /хх 94-95/,
Хохирогч Г.М-ийн ажилд орохыг хүсэгчийн анкет /хх 96/,
“А.М—Э-” ХХК-ийн шинэ ажилтан ажиллуулах журам, хамтран ажиллах гэрээ, сургалтын хөтөлбөр, хөдөлмөрийн дотоод журам, ХАБЭА-н дотоод журам /хх 99-119/,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх 122-124/,
“И-ва Л-к” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх 125-127/,
Хас банкны зээлийн гэрээний хуулбар /хх 138-146/,
Хохирогч Г.М-ийн арилжааны банкуудад харилцах, болон хадгаламжийн данстай эсэх талаарх лавлагаа /хх 148-157/,
Хохирогч Г.М-ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх 158/,
Шүүгдэгч А.М-ын арилжааны банкуудад харилцах, болон хадгаламжийн данстай эсэх талаарх лавлагаа /хх 162-190/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 193/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 197-199/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 200/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
2019 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шийрийн хөндий” гэх газар үйл ажиллагаа явуулдаг "А.М—Э-" ХХК-ны шохойн үйлдвэрт ажиллаж байсан Г.М- халуун чулуун нурангид дарагдаж нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
А.М—Э- ХХК-ий захирал А.М- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн Ажил олгогчийн үүрэг биелэгдээгүй.
А.М—Э- ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг тушаалаар томилж ажиллуулаагүй байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэснээр шүүгдэгч А.М- нь тухайн гэмт хэргийн субьект болно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.М- нь “П.Ч--г хөдөлмөр хамгааллын сургалтын төлбөрийг төлөөд, цалинг нь нэмээд албан ёсны манай байгууллагын инженер болгосон байсан” гэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч А.М-ын гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ. Үүнд:
Гэрч Ц.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...баюу дээр ирэхэд дээрээс халуун шохой нураад улаан цог байсан. Ч-ь бид нар наанаас нь хүрзээр шохойг авах гэсэн боловч болохгүй байсан. Удалгүй онцгой байдлынхан ирсэн. Баюу дээр хамт ажиллаж байсан Ц- “Г.М-өө ахыг гараарай гэхэд гарч ирээгүй” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 29/, гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үйлдвэр дээр ажилладаг Ч-ь гээд залуу над руу утсаар ярьж баюуны чулуу нурж ажиллаж байсан Г.М- дарагдчихлаа хурдан ирээрэй Онцгой байдал дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би Онцгой байдлын газарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 16/, гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Г.М- ах би ороод тэр унжсан байгаа гинжийг янзлаад гараад ирье гэсэн. Тэгээд Г.М- ах баюуны цаад буланд очиход дээрээс халуун шохой нурсан. Тэр үед би бага оврын трактораа урагшлуулж баюунаас гаргаад Г.М- ахаа гээд дуудахад байхгүй болохоор нь доошоо гүйж ажлын байранд очиж Ч-ь даргад баюун дотор халуун шохой нураад Г.М- ах дарагдчих шиг боллоо гэж хэлээд Ч-ь даргатай осол болсон баюун дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх 18-19/, гэрч Н.Ч-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач Г.М-тэй цуг зууханд ажиллаж байсан залуу намайг доор өөрийн И-ва Л-к ХХК-ийн зуух угсралтын ажил дээрээ байхад гүйж ирээд 'Баюу нураад Г.М- ах дарагдчихлаа” гэхээр нь би өөрийн ажилчдаа машинд суулгаад дээшээ шохойн зуух руу хурдан явж очиход халуун нурам уначихсан байсан тул наад талаас нь би хүмүүсийн хамт халуун нурам руу галын хор цацаж хүрзээр чулуудаж гаргах гэж оролдсон боловч хэтэрхий халуун төөнөөд хүн байхын аргагүй байсан тул хүмүүсээ дагуулаад гараад З.Б- руу утсаар залгаад “Халуун нурманд хүн дарагдчихлаа гялс онцгой дуудаарай” гэж хэлчихээд би доошоо И-ва л-к ХХК-ны талбайруу бууж галын хор бусад шаардлагатай багаж хэрэгслээ цуглуулаад буцаад А.М—Э- ХХК-ны зуух руу очоод олигтой үр дүнд хүрч чадахгүй байж байтал Онцгой байдлын алба хаагчид ирж ажилласан” гэх мэдүүлэг /хх 27/, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19/06 дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” шинжээчийн дүгнэлт: 1.“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж заасан тул Г.М- ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөж амь насаа алдсан тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. 2.А.М—Э-ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй. 3.Осолдогч Г.М- хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй байна. 4.Г.М-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй нь сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн Ажил олгогчийн үүрэг биелэгдээгүй. 5.Тухайн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг тушаалаар томилж ажиллуулаагүй байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. 6.“А.М- Э-” ХХК-ийн Захирлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар Ганбат овогтой Г.М-ийг “Бутлуурын операторын туслах” "эсэн ажлын байранд томилсон байна. Г.М-ийг шохойн чулууны бааюу дээр ажлын байрыг сольж ажиллуулахдаа заавал тушаал шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт”-д хамруулах ёстой байсан. 7.“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” ММЗ 4969:2000 стандартын дагуу гүйцэтгэх ажлын онцлог, аюулгүй ажиллагааны арга барилыг хангалттай заасан анхан шатны зааварчилга хангалттай өгөгдөөгүй. 8.Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон тухай баримт байхгүй байгаа тул хариулах боломжгүй байна. 9.Шинжилгээний явцад өөр ямар нэгэн зүйл илэрвэл дүгнэлтэнд тусгах зүйл байхгүй /хх 75-76/ болон хэргийн газрын үзлэг, шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг болно.
Иймд шүүгдэгч А.М- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шийрийн хөндий” гэх газар үйл ажиллагаа явуулдаг "А.М—Э-" ХХК-ны шохойн үйлдвэрт ажиллаж байсан Г.М- нь халуун чулуун нурангинд дарагдаж амь хохирсон нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжтэй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.М- нь хохирол төлбөрт 8 300 000 төгрөг өгсөн ба цалингийн зээлийн үлдэгдэл 13,707.753 төгрөг 057 мөнгийг графикийн дагуу банкинд төлж барагдуулах, амь хохирогчийн гэр бүл, үр хүүхдүүдэд 1 өрөө байр өгөх хугацаа хэтэрвэл 1 өрөө байрны үнэ болох 35 000 000 төгрөг өгөх, амь хохирогч Г.М- нь эхнэр Р.Г.М-зул,охин Д.Э-, охин Д.Х-, охин М.О- нарын хамт амьдрахаар Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, мангиртын 9 хэсэг, 4 гудамжны 150 тоот хашаа байшинг худалдан авсан бөгөөд тухайн байшингийн үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г.М-зул, Г.Б- нартай хэлцэл хийсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, гэрээ байгуулж хугацаа тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын ....хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгч А.М- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярнэмэх, Р.Г.М-зул нарын “гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирол төлбөрийг барагдуулах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр нь А.М—Э- ХХК-ий бусад ажилтан, алба хаагчдын эрх, хууль ёсны ашигт хамааралтай байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, эх хувиас хуулбарлан хэрэгт хавсаргахаар, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г.М-зулд 1 өрөө байр / хугацаа хэтэрсэн тохиолдолд 35.000.000 төгрөг/, амь хохирогч Г.М-ийн Голомтын банкин дахь цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэлд 13,707.753 төгрөг 057 мөнгө, хашаа байшин худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хэлцлээр тохиролцсон 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулж дуусгах үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь шүүхээс тогтоосон хугацаанд үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.М-т буцаан олгож, эх хувиас хуулбарлан баталгаажуулсан хувийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ