Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00503

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08851 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 136,000,000 төгрөг гаргуулах,

Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 242,999,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2020 оны 11 дүгээр сард 100,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаагаар зээлэх хүсэлт гаргасны дагуу зээлүүлсэн бөгөөд түүний хувийн компанийн гүйцэтгэх захирал *******ын эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс руу 100,000,000 төгрөг шилжүүлсэн.

1.2. Миний бие *******тэй сургуулийн найзууд бөгөөд байнга харилцаа холбоотой байдаг учраас итгэж мөнгө зээлсэн ба 8 сарын хугацаанд хүү бодож, сүүлд нь хүү тооцоогүй. Тохиролцсон хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сараас зээлсэн мөнгөө *******гээс удаа дараа шаардахад шалтгаан хэлж, зээлийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд зээлийн үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, хүү 36,000,000 төгрөг, нийт 136,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие *******гаас мөнгө зээлээгүй бөгөөд өөрийн гэсэн бизнестэй тул бусдаас мөнгө зээлэх шаардлагагүй. *******тай нэг сургуульд сурч байсан нь үнэн боловч дансны хуулгад тусгагдсан данс нь миний данс биш болно. Мөн нэхэмжлэгчийн тайлбар тогтмол бус, зөрүүтэй байна. Тухайлбал, анх *******тэй холбогдуулан 100,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч дараа нь уг мөнгийг *******т хадгалуулсан, улмаар *******тэй холбогдож мөнгөө хадгалуулах газар асуухад надад шилжүүл, би хадгалъя гэсэн тул 100,000,000 төгрөгийг *******д хадгалуулсан гэх агуулгатай тайлбарыг удаа дараа гаргасан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тогтвортой тайлбарлаж чадаагүй бөгөөд зохиомол нөхцөл байдал үүсгэн нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгч 6 удаагийн хүү төлсөн гэж тайлбарласан боловч анхны нэхэмжлэлдээ 8 удаагийн хүү бодсон гэж дурдсан нь зөрүүтэй байна. Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд 1,000,000 төгрөгийн гүйлгээнүүдийн утга нь бүгд тэжээлийн мөнгө, адууны тэжээлийн мөнгө, *******аас гэх мэт агуулгатай бөгөөд эдгээр гүйлгээ нь зээлийн хүү төлсөн болохыг нотлох баримт болохгүй. Иймд уг гүйлгээг хүүгийн төлбөр гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй, түүний эзэмшлийн данснаас над руу ямар нэгэн байдлаар мөнгө орж ирээгүй. Хувьцаа эзэмшигч ******* нь *******тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулах, зээл авах ажил надад даалгаагүй. ******* нь *******тай холбогдож, ******* гэх хүнд газрын төлбөрт 100,000,000 төгрөг өгөх гэсэн юм, би чиний данс руу шилжүүлье, чи бэлнээр гаргаад өгөөч гэж хэлэхэд нь *******тай холбогдоход тийм, бэлэн аваад өг гэж хэлсний дагуу тус мөнгийг бэлнээр өгсөн.

3.2. *******аас сар бүр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийн хувьд *******гаар 2 тооны адуу тэжээлгэж байсан ба тус мөнгө нь тэжээлийн мөнгө болохоос ямар нэгэн зээлийн харилцаатай холбоотой хүү төлсөн зүйл байхгүй. ******* нь 100,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сард *******аар дамжуулан *******д өгсөн бөгөөд *******аас тэжээлийн үнийг 2022 оны 08 дугаар сараас эхлэн шилжүүлсэн байхад сар бүр зээлийн хүү авч байсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч зээлийн хүүд 36,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү нэхэмжлэх үндэслэлгүй, надад 100,000,000 төгрөг шилжүүлж өгсөн гэх боловч яагаад *******гээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

4.1. 2020 оноос эхлэн ******* нь өөрийн найз *******гаар дамжуулан хурдан удмын адуу тэжээж байсан найз нөхдийн харилцаагаа урдаа барьж 6 удаагийн үйлдлээр нийт 230,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд мөнгөө буцаан шаардахад өгөхгүй өдийг хүрсэн. Мөн ******* нь 2020 оны намар надад 6 айлын газар байна, нийт 12,000,000 төгрөгөөр худалдаж авах уу гэхэд нь *******, ******* нарт мөнгөө бэлнээр өгсөн боловч газрыг шилжүүлж өгөөгүй.

4.2. Дараа нь *******тай дахин холбогдоход байрлал сайтай 5,000 м.кв талбайтай газар байна энэ газрыг 100,000,000 төгрөгөөр авах уу гэхэд нь би зөвшөөрсөн. *******тай найз нөхдийн харилцаатай учраас итгэсэн. Улмаар дээрх газрын төлбөрт өөрийн найз болох *******оос гаалийн бичигтэй prius-41 маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр тооцож ******* руу шилжүүлж, үлдэх төлбөрт 50,000,000 төгрөгийг бэлнээр *******д өгсөн. Үлдэх төлбөрийг газар шилжүүлж өгмөгц төлнө гэж тохиролцсон. Гэтэл газрыг шилжүүлж өгөөгүй, төлбөрөө удаа дараа шаардахад ******* нь зах зээлийн үнээс хямд арматурын төмөр авах уу гэсэн учраас зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-ийн Хасбанкны ******* тоот данснаас арматурын төмөр худалдаж авах зорилгоор 19,999,999 төгрөг, 19,999,991 төгрөг, нийт 39,999,990 төгрөгийг ******* руу шилжүүлсэн. Гэтэл ******* нь арматурын төмрийг өгөөгүй.

Иймд *******гаас нийт 242,999,990 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

5.1. ******* бид 2 хоорондоо огт наймаа хийж, мөнгө өгч, авч байгаагүй. Морь тэжээлгэж байсан гэж тайлбарласан боловч 2019-2023 он хүртэл цар тахлын үе, хөл хориотой байсан тул морь тэжээх, уралдаан болон адуу мал нааш цааш зөөх ямар ч боломжгүй байсан ба уг тайлбар нь үндэслэлгүй, миний бие морь уяж, тэжээж байгаагүй.

5.2. Сонгуульд хэрэглэх болон бусад зорилгоор *******аас мөнгө зээлэх хэмжээний дотно харилцаатай биш юм. Харин 2022 оны 10 дугаар сард эхнэрийн хамт хотод ирж *******гээс мөнгө нэхэхэд би *******д 95,000,000 төгрөг өгсөн, тэрийг авчих гэж хэлж байсан тул би *******гаас асуухад надад өгөөгүй. Ингээд *******гээс мөнгөө нэхсэн боловч алга болсон. Миний бие Улаанбаатар хотод газар эзэмшдэггүй, газрын наймаа хийж байгаагүй.

5.3. Арматурын хувьд 2024 онд миний бие барилга, байшинтай холбоотой нэг ч бизнес хийгээгүй тул арматур худалдах, худалдан авах боломжгүй. ******* нь *******тай ямар нэгэн өр, авлагатай бол надад ямар ч хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 98,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******д холбогдох болон нэхэмжлэлээс үлдэх 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 242,999,990 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

6.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 995,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,372,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шаардлагыг хангаагүй, шүүх процессын зөрчил гаргасан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх *******аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг үүссэн гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур шийдвэр гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх талаар заасан.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах эрхтэй. Гэвч шүүх хөндлөнгийн байх зарчмыг баримтлахгүйгээр нэхэмжлэгч талын өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэр гаргасан. Мөн хуулийн 6.З-т заасны дагуу хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн дагуу тайлбар, татгалзлаа бэлдэж ирсэн. Гэтэл шүүх хуралдааны өдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйл 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж мэтгэлцэх эрхийг хязгаарласан.

7.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч *******ын ...миний дансанд мөнгө төгрөг орж ирээгүй... гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.1-д заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй нийцэхгүй байна гэж дурдсан нь бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдааны явцад хэлэгдээгүй тайлбар юм.

******* нь *******т хадгалуулсан өөрийн 100,000,000 төгрөгийг *******аар дамжуулан *******т 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буцаалт ******* гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэрч ******* нь мэдүүлэгтээ зөвхөн *******гийн хэлснээр *******ын дансанд шилжүүлсэн гэдэг бөгөөд ******* нь тухайн мөнгийг *******д бэлнээр өгсөн байдаг. Шүүхээс зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.2-т заасан ...нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх үүргээ дутуу биелүүлсэн. ******* нь гэрч ******* гэх хүнийг танихгүй бөгөөд түүний мэдүүлгээр хэт нэг талыг барьж ач холбогдол өгсөн. 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн плашт хийсэн үзлэгээр ******* нь *******д зээлсэн мөнгөний хариуд орон сууц авахыг санал болгож буй агуулгатай харилцан ярилцсан үйл баримт тогтоогдсон гэсэн хэр нь *******ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг үүссэн гэж үзсэн.

7.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу анхан шатны шүүхээс *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэхдээ хуулийн заалт, агуулгыг буруу ойлгосон. Тодруулбал ******* нь *******аар дамжуулан *******ын данс руу буцаалт ******* гэсэн утгатайгаар шилжүүлэг хийсэн нь тодорхой нэг үйлдлийн хариу төлбөрийг буцааж байна, эсхүл ямарваа нэгэн тооцооны үндсэн дээр шилжүүлж байгаа гэх ямар харилцааг илэрхийлж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд гүйлгээний утгаас харахад Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг биш юм. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ******* нь *******д 8,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд үүнийг, ******* тайлбарлахдаа зээлийн гэрээний хүү гэж тайлбарладаг. Энэ тохиолдолд *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Дээрх 8,000,000 төгрөгөөс ямар үндэслэлээр 2,000,000 төгрөгийг хасаж, 98,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх 6,000,000 төгрөгийг хэрхэх талаар тодорхой бус шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын *******аас бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 98,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч ******* нь *******д мөнгө зээлэхээр тохиролцож, тухайн мөнгийг *******аар дамжуулж өгсөн байдаг. Гэтэл ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа би тухайн мөнгийг аваагүй гэж хэлсэн байдаг. Иймд ******* тухайн мөнгийг цааш нь дамжуулж өгөөгүй гэх үндэслэл гарч ирсэн бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон.

Өөрөөр хэлбэл, *******ыг хариуцагчаар оролцуулах үндэслэлээ тодорхой дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг хариуцагчаар оролцуулсан процесс гэнэт өрнөөгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн гэх хуулийн зүйл заалтыг тодорхой болгосон процесс анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад бий болсон. Түүнээс үйл баримт болон тайлбар өөрчлөгдсөн зүйл байхгүй. Иймд процессын зөрчил гаргасан гэх хариуцагч талын гомдлын агуулга үндэслэлгүй.

8.2. Мөн хариуцагч тал давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх 6,000,000 төгрөгийн талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэж дурдсан. *******гийн дансанд 8,000,000 төгрөг орсон бөгөөд ******* тухайн мөнгийг миний зээлсэн мөнгөний хүү гэж ойлгодог. Гэтэл ******* тухайн мөнгийг адууны тэжээлийн мөнгө, газрын мөнгө гэх мэтээр тайлбарладаг. Хариуцагч ******* тухайн мөнгийг морь мал, газрын мөнгө гэх утга агуулгаар тайлбарласан тул шүүх 2,000,000 төгрөгийг нь хасаж, 6,000,000 төгрөгийг нь хасахгүй шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хариуцагч нь ******* гэх хүний талаар ярьдаг боловч нэхэмжлэгч рүү мөнгө шилжүүлсэн гэдгээ эсхүл ямар нэгэн хэлцэл хийгдсэн гэдгийг нотлох үүргээ биелүүлээгүй, *******г гэрчээр дуудаж асуугаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг нэхэмжилсэн байр суурь хэвээр байгаа нь тодорхой харагдаж байх бөгөөд болсон бодит байдлыг өөрсдөдөө ашигтай байдлаар 100,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлж байсан гэж тайлбарлаж нэхэмжилсэн нь зээлийн хүү биш гэх асуудлын тухайд зээлийн гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 9 сарын дараа буюу өвлийн улирал эхэлсэн цагт тэжээлийн мөнгөнүүд орж ирсэн байдаг. Хариуцагч нар зээлийн гэрээтэй холбоотой шаардлага, татгалзлаа нотлохоор шүүх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэгч тухайн мөнгийг 2020 оны 11 дүгээр сард шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулж байж зээлийн хүү шаардах эрх үүснэ. Тиймээс нэхэмжлэгч талын зээлийн хүү гэж тайлбарлаж буй бүхий л төлбөрүүд хууль зүйн хувьд зээлийн хүү байх боломжгүй.

9.2. Нэхэмжлэгч мөнгөө шилжүүлснээс хойш 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй анхны гэрчийн өгсөн мэдүүлэг, зээлийн гэрээ гэж тайлбарлаж байгаа бүхий л баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ үүссэн, үүний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэх үйл баримт маш тодорхой харагдаж байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх асуудлыг тодорхой болгохгүйгээр, нэг гэрээнд холбогдуулан хоёр хүнийг хариуцагчаар татаж, хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж шийдвэрээ гаргасан. *******гийн нэхэмжлэл буюу хариуцагч нарын хэн алины хувьд зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан. Мөн 100,000,000 төгрөгийг цааш нь өөр хүн рүү шилжүүлсэн гэх үйл баримт байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 136,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 142,999,990 төгрөг, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөг, нийт 242,999,990 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *******аар дамжуулан хариуцагч *******т буцаалт ******* гэх гүйлгээний утгаар 100,000,000 төгрөг шилжүүлсэн. /хх-4, 37-38/,

 

3.2. Хариуцагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 6,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн. /хх30-35/

 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 100,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 6,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нараас 100,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч *******гийн саналын дагуу 100,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд түүний зөвшөөрлийн дагуу мөнгийг *******т шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

6.1. Нэхэмжлэгч ******* нь 100,000,000 төгрөгийг зээлийн хүү тогтоож эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хариуцагч *******д шилжүүлэхээр хэлэлцэн тохиролцож, тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 100,000,000 төгрөг шилжүүлэх, хариуцагч ******* нь уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй.

 

6.2. Харин нэхэмжлэгч ******* нь 100,000,000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлсэн байх ба хариуцагч ******* нь тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу *******д бэлнээр өгсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүний шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

6.3. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан ба талуудын хооронд үүрэг үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч *******аас нэхэмжлэгч *******д шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс гүйлгээний утгыг нь үндэслэн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн 100,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 98,000,000 төгрөгөөр хариуцагч *******ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 100,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, 8,000,000 төгрөгийг тэжээл, 39,999,990 төгрөгийг арматур, 12,000,000 төгрөгийг бэлнээр, 50,000,000 төгрөгийг бэлнээр, 33,000,000 төгрөгийн үнэ бүхий Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус газар худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг буцаан төлөх, худалдах-худалдан авах гэрээний дагуу тэжээл, арматур, газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласан байна.

 

8. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байхыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.4-т тус тус заасан.

 

8.1. Хариуцагчийн гаргасан баримтаар ******* ХХК-ийн Хасбанк ХК дахь ******* тоот данснаас *******гийн ******* тоот данс руу 19,999,990 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр буюу нийт 39,999,990 төгрөгийн зарлагын гүйлгээг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн байх боловч уг баримтыг үндэслэн хариуцагч *******ыг нэхэмжлэгч *******тай байгуулсан арматур худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

8.2. Мөн хариуцагч ******* нь зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөг, газар худалдах-худалдан авах гэрээний дагуу 95,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******д шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй. Түүнчлэн дээр дурдсанчлан хариуцагч *******аас тэжээлийн үнэ гэх гүйлгээний утгаар 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх боловч тэрээр 2 тооны адуу тэжээлгэсэн гэж тайлбарласан бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлд маргаан бүхий мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүйгээс гадна талууд зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

8.3. Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 100,000,000 төгрөгийн зээлийн, 8,000,000 төгрөгийг тэжээл, 39,999,990 төгрөгийг арматур, 95,000,000 төгрөгийн газар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

9. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасныг баримталсан алдааг залруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримталсан өөрчлөлтийг оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08851 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 гэснийг хасаж, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Ч.БАТЧИМЭГ