| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/15742/И |
| Дугаар | 210/МА2026/00504 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00504
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/13651 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК, *******, ******* нарт холбогдох,
Гэм хорын хохирол 15,837,167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, *******, ******* нарт холбогдуулан хохирол 15,837,167 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эмчилгээний зардал 2,346,783 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцсэн байна.
2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэж заасныг зөрчиж насанд хүрээгүй охин *******гийн эрүүл мэндэд хохирол учруулсан тул эмчилгээний зардал 2,346,783 төгрөг, эх *******ын БНСУ-аас Монгол Улс руу ирж очсон замын зардал 800,060 төгрөг, дутуу авсан цалин 5,053,764 вон буюу 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монголбанкны ханшаар 2,61 төгрөгөөр тооцож 13,190,324 төгрөг, нийт 15,837,167 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулна гэж,
хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу нэхэмжлэгчийн БНСУ-аас ирж очих замын зардал, цалин, мөн эцгийн хүүхдээ асрах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой аливаа хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Тээврийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар хариуцагч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* урд замд Меrcedens benz маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэж заасныг зөрчиж насанд хүрээгүй явган зорчигч *******г мөргөж зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. /хх17-25/
3.2. Нэхэмжлэгч ******* нь насанд хүрээгүй *******гийн эх болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон.
4. Хариуцагч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн хүүхдээ асарсан хугацааны олох байсан орлого, түүнтэй холбоотой замын зардал зэрэг нь гэм хорын хохиролд тооцох эсэх талаар маргажээ.
5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын охин *******гийн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй тул анхан шатны шүүх хариуцагчийг бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Анхан шатны шүүх *******гийн эмчилгээний зардал 2,346,783 төгрөг, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой асарч сувилах зардалд эх *******ын тээврийн зардал 800,060 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д нийцсэн.
7. Нэхэмжлэгчээс хүүхдээ асарч сувилсантай холбоотойгоор дутуу авсан цалин хөлс болон ажлын өдрийг буруу тооцсон талаар давж заалдах гомдол гаргасан.
7.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нөхөн төлөхөөс гадна хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой зардал, эрүүл мэндийн хэвийн байдалд оруулахтай холбоотой зардлыг хариуцна
Үүнээс үзвэл хуулийн дээрх зохицуулалтад хохирогчийг асарч сувилсан этгээдийн олох байсан орлого, дутуу авсан цалин хөлс хамаарахгүй тул нэхэмжлэгчид дутуу авсан 28 хоногийн цалин хөлсөө хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй. Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7.2. Дээр дурдсанчлан, нэхэмжлэгчийн олох байсан орлого буюу дутуу авсан цалин хөлсийг гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй боловч анхан шатны шүүх эмнэлгийн магадалгааг үндэслэн нэхэмжлэгчийн эмнэлэгт хүүхдээ асарсан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 9 хоногийн цалингийн хэмжээгээр асарч сувилах зардал гарсан гэж үзэж хариуцагчаас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэнд хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээж, түүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 9 өдрийн олох байсан орлогыг тооцохдоо түүний цалин гадаад мөнгөн дэвсгэртээр тодорхойлсон байхад хөрвүүлэхгүй төгрөгөөр тооцсон алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 138,889 вон болох нь түүний ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 53/-оор тогтоогдож байх ба нийт 9 өдрийн цалин 1,250,001 вон-ыг төгрөгт хөрвүүлж /1,250,001*2,61/ 3,262,502 төгрөгөөр тооцсон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
8. Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/13651 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 6,409,345 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,427,822 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 237,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 117,499 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ч.БАТЧИМЭГ