Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01096

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2016/01057

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-14-49 тоотод оршин суух Луужин овгийн Рагчаагийн Эрдэнэсувд /ЦВ:74122361/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Их залуу 29-06 тоотод оршин суух Хөхөлдэй овгийн Сүрэнгийн Дэнсмаа /ОС:60092508/

            3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Эрдэнэсувд, хариуцагч С.Дэнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Эрдэнэсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Р.Эрдэнэсувд надаас С.Дэнсмаа нь 2015 оны 01 сард модны бизнес хийнэ гэж 3 500 000 мянган төгрөгийг хуурай дүү гэх Булган аймгийн харьяат Эрдэнэжаргалтайгаа нийлж аваад /нотариатаар ороод дараа нь тэр маш өртэй эмэгтэй байсан учир уг модыг өөрөө хүлээн авч нотариатыг салгуулсан/ Булганд очиж уг мөнгөөр мод худалдан авч жижиглэн шуудайлж 950 ширхэг шуудай мод болгон Улаанбаатар хот руу хоёр машинаар ачиж явж, охин Анхаа болон танилынхаа хашаанд буулгаж, би өөрөө зарж борлуулж чадна гэж үлдсэн. Зарсан мод болгоны мөнгийг дансанд хийнэ гэж хэлсэн боловч зарагдахгүй байна гэсээр цагаан сар болгосон. Ингээд цагаан сараар эгч нь мөнгөгүй байна, цагаан сараар мөнгийг чинь хэргэлчихлээ, 3 сард би мөнгийг чинь төлнө гэсэн. Гэвч 3,4 сард мөнгөгүй гээд байсан тул би мөнгөө авахын тулд гэрт нь болон өдөр бүр утасдахад Улаанбаатар хот руу утсаа хаагаад алга болсон. Ингээд 2 удаа очиход бизнес дампуурдаг, би өгч чадахгүй гээд бөөн хэрүүл болсон. Би 5 сард мод буулгасан айлд очиход 2 машин мод байхгүй болсон байсан. Тийм учир би 6 сард Солонгос явлаа, та одоо ирээд яаж өгөхөө тохиролц гэсэн. Гэтэл “би чамайг 9 сард ирэхэд уг мөнгийг бэлэн болгосон байна” гэсэн боловч 9 сард ирэхэд өртэй хүмүүс маань мөнгө өгөхгүй байна удахгүй тэд надад өгнө гэсээр 2016 он гарсан. Ингээд 4 сард би дахиад Солонгос явлаа ирэхэд найзад маань уг мөнгийг өгөөрэй гэж хэлээд явсан. 5 сард эргээд ирэхэд Дэнсмаа бас л Улаанбаатар руу ажил хийхээр явсан гээд утасаа ч авахгүй алга болсон. Надаас эгчмэд хүн болохоор нь өөрийнх нь хүсэлтээр байлгасан боловч мөнгийг минь өгөхгүй байгаа тул гомдолтой байна. Иймд 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч одоо 950 ширхэг шуудай мод буюу 2 500 000 төгрөг нэхэмжилж байна. Надаас маш их мөнгө гарсан түүнийгээ С.Дэнсмаагаас нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч С.Дэнсмаа  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Сүрэн овогтой Дэнсмаа би 56 настай, Их залуу шанд 29-06 тоотод амьдардаг. Би 2015 онд Эрдэнэжаргал Гэрэлмаа гэдэг 2 эмэгтэй хамтарч юм хиймээр байна гэхэд би энэ хоёрыг Эрдэнэсувдтай уулзуулсан. Ингээд модны наймаа хийхээр хэлэлцээд Эрдэнэжаргал Сувдаагаас мөнгө авсан. Би нэг ч төгрөг гардаж аваагүй. 7 хоногийн дараа Эрдэнэжаргал Булган аймгийн төв дээр гэрийнхээ хашаанд 5 портер мод худалдаж аваад нэг хөрөөчин, би өөрөө 4 хүүхдийн хамт тавуулаа мод хагалж шуудайлаад 1000 ширхэг мод шуудайлсан . Ингээд Эрдэнэжаргал цалин хөлс, хашааны хөлс гээд 1 000 000 төгрөг мөн 50 ширхэг шуудай мод авсан. Би 4 хүүхэд 20 000 төгрөг авсан. Хүйтэн жаврын ес эхэлсэн хүйтэнд миний хөдөлмөр бас байх ёстой. Хамгийн гол нь 950 ширхэг мод 1500 төгрөгөөр бөөндөж зарсан. Ингээд энэ хүүхэн надад цалин хөлс өгөхгүй, бид 7 хоног хүний нутагт даарч хөрсөн. Эрдэнэсувд өдөр болгон манайд машинтай ирж хэрүүл хийсээр өдийг хүрсэн. Ингээд би хууль дүрмээрээ явна гэж хэлсэн. Бололцоо болохгүй байна гээд өдийг хүрсэн. Ядарсан хүнийг мөнгөтэй хүн хэлтэй амтайгаас нь айгаад сая гаруйгаар өгдөг. Ийм учир би хөгшин хүн 4 хүүхдийн хөдөлмөр  хөлсөнд суутгах гэж байна. Улаанбаатар хотод 2 айлын хашаанд буулгасан мод тэр үед 2 000 төгрөг болсон байсан. Би 1 500 зээл өгөхөөр заримаас одоо хүртэл авч чадаагүй 1 500*800=1 200 төгрөг болсон. 100 шуудайтай түлээний мөнгийг өөрт нь өгсөн. Ингээд би энэ Эрдэнэсувдад 200 000 төгрөгийг өгнө. Шунана шунана гэхэд ингэж болохгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд моднуудыг зараад 1 800 000 төгрөг болсон би өөрийн оролцоо хүүхдүүдийн хөлс хөдөлмөрийг 1 000 000 төгрөгөөр үнэлэж суутгаж авсан. Эрдэнэсувдад 800 000 төгрөг өгөх ёстойгоос 300 000 төгрөгийг өгсөн одоо үлдэх 500 000 төгрөг өгнө гэж тайлбарлаж байна.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р.Эрдэнэсувд хариуцагч С.Дэнсмаагаас 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Хариуцагч С.Дэнсмаа нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Р.Эрдэнэсувд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 01 дүгээр сард модны бизнес хийхээр С.Дэнсмаагийн хуурай дүү Эрдэнэжаргал нартай тохиролцож 2 500 000 төгрөг өөрөөсөө гаргаж өгсөн. Уг мөнгийг Эрдэнэжаргал нь Гэрэлмаад өгсөн байсныг олж авч буцаад бизнесдээ оруулсан. Эрдэнэжаргалыг өртэй учир модоо салгаж авъя гэж С.Дэнсмаагийн хэлсний дагуу модоо салгаж авахаар Булган аймаг орсон. Эрдэнэжаргал мод өгөхгүй байсан тул 500 000 төгрөг өгч, модоо хоёр портерт ачаад Улаанбаатар хот орсон зардалд 500 000 төгрөг тус тус төлсөн. Иймд нийт 3 500 000 төгрөг авах ёстойгоос 1 000 000 төгрөг буюу модны үндсэн үнэнд өгснөөс бусад мөнгийг хасаад 950 ширхэг шуудай модны үнэ буюу 2 500 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг 950 ширхэг шуудай модоор авна гэж тайлбарладаг.

            Хариуцагч С.Дэнсмаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Урьд нь бид хоёр модны бизнес нийлж хийдэг байсан. Эрдэнэжаргалын хамтран амьдрагчийг таньдаг байсан ба мөнгөний ажил хийхээр Эрдэнэсувдыг уулзуулсан. Би 2 500 000 төгрөгийг тоолж аваагүй. Энэ 2 мөнгө төгрөгийг өгч авалцаж байсан. Мод бэлтгэхэд өвлийн хүйтэнд би өнчин 4 хүүхдээ аваад 1 000 ширхэг шуудай модыг жижиглэн бэлтгэсэн. Эрдэнэжаргалын бусдад төлөх өртэйг мэдээд Эрдэнэсувдад модоо салгаж авъя гэж хэлсэн. Эрдэнэжаргал мод өгөхгүй гээд намайг модоор цохиж зодсон. Ингээд бэлтгэсэн модноосоо 950 ширхэгийг аваад хоёр портер машинд ачуулаад Улаанбаатарт  3 500 төгрөгөөр зарахаар ирэхэд модны үнэ буусан байсан. Эрдэнэсувд маргааш нь яваад утсаар намайг байнга дарамталж байсан. Би 300 000 төгрөгийг 2 удаа төлсөн. Модоо борлуулж 1 800 000 төгрөг болсны 1 000 000 төгрөгийг хүүхдүүдийн мод бэлтгэсний болон борлуулсны ажлын хөлсөнд тооцож авсан. Үлдэх 800 000 төгрөгөөс 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн тул 500 000 төгрөгийг Эрдэнэсувдад өгнө гэж тайлбарлаж байна.

            2015 оны 01 дүгээр сард Р.Эрдэнэсувд, С.Дэнсмаа нар Эрдэнэжаргалтай хамтран модны бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр болж Р.Эрдэнэсувд 2 500 000 төгрөг, С.Дэнсмаа, Эрдэнэжаргал нар мод олж бэлтгэхээр тохиролцсон байна.

            Хэсэг хугацааны дараа Эрдэнэжаргал нь бусдад төлөх төлбөртэйг мэдээд Р.Эрдэнэсувд, С.Дэнсмаа нар нь Эрдэнэжаргалаас үйл ажиллагаагаа тусгаарласан ба 950 ширхэг шуудай мод ачиж Улаанбаатар хотод С.Дэнсмаагийн охин Анхаа болон танил айлд нь модоо үлдээгээд С.Дэнсмаа борлуулахаар хариуцан үлдсэн байна. 

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байх тул  зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болохоор хуульчилсан. Зохигчдын шүүхэд мэдүүлсэн тайлбар мэдүүлгээс дүгнэхэд талууд хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байна.

            Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж мөн хуулийн 477.2-т хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасан байдаг.

            Хураамж гэдэг нь гэрээний талууд хамтын ажиллагааны зорилгод хүрэх ажлыг дэмжих үүднээс хувь оруулах тухай бүхий л төрлийн амлалт хамаарна. Тухайлбал: мөнгө болон ажил үйлчилгээ үүнд хамааралтай юм.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжинд хувь тэнцүүлэн хувиарлана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн модны зардлаас гадна бусдад төлсөн мөнгө буюу 1 000 000 төгрөг, хариуцагчийн мод бэлтгэн жижиглэн шуудайлах, шуудайлсан модоо зарж борлуулах үйл ажиллагаа явуулсныг оролцогчдын хураамж гэж тооцов.

            Зохигчид хураамжийн хэмжээ болон ашиг алдагдлаа хэрхэн хувиарлах талаар нарийвчлан хэлэлцэж тохиролцоогүй болох нь шүүхэд мэдүүлсэн тайлбар мэдүүлгээр нотлогддог бөгөөд нэхэмжлэгч Р.Эрдэнэсувд мод бэлтгэхэд 2 500 000 төгрөг, Эрдэнэжаргалаас үйл ажиллагаагаа тусгаарлахад 500 000 төгрөг, мод тээвэрлэсний зардал 500 000 төгрөг нийт 3 500 000 төгрөг, хариуцагч С.Дэнсмаа нь өөрөө болон хүүхдүүдийн хамтаар мод бэлтгэн жижиглэн шуудайлах, шуудайлсан модоо зарж борлуулах үйл ажиллагаа явуулж хамтран ажилласан байна.

            Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авах ёстой байтал хариуцагч С.Дэнсмаа нь модыг 1 500 төгрөгөөр зарах болсон тухайгаа Р.Эрдэнэсувдад мэдэгдээгүй зөвшөөрлийг аваагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байх ба уг үүргээ зохигчид биелүүлээгүй гэж үзээд талуудын шүүхэд мэдүүлсэн тайлбарыг үндэслэн  нэг шуудай модыг 2 500 төгрөг /3 500 +1 500 /2= 2 500 төгрөг/ гэж тооцон, Р.Эрдэнэсувдын хариуцагчаас бэлнээр авсан 300 000 төгрөгийг хасвал нийт 2 075 000 төгрөгийг /950*2 500= 2 375 000/, /2 375-300 000= 2 075 000/  хариуцагч С.Дэнсмаагаас гаргуулан нэхэмжлэгч Р.Эрдэнэсувдад олгохоор шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шуудайлсан моднуудыг Улаанбаатар хотод 3 500 төгрөгөөр зарахаар авч явсан гэх тайлбар, хариуцагчийн модны ханш унаад 1 500 төгрөгөөр зарсан гэсэн тайлбаруудын аль аль нотлогдохгүй байгаа ч нэхэмжлэгч Р.Эрдэнэсувд мод ачиж Улаанбаатарт нэг бүтэн өдөр болоход модны үнэ ханш ямар байгааг судлах бүрэн боломжтой байсан, хариуцагчийн 1 500 төгрөгөөр зарсан тухайгаа нэхэмжлэгчид хэлээгүй зөвшөөрөл аваагүй зэргийг харгалзан 1 ширхэг шуудайлсан модыг 2 500 төгрөгөөр тооцов. Мөн зарсан модны мөнгөнөөс авч байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын нотлох баримтаар гаргаж өгсөн СД бичлэг болон Фото зургийг хэрэгт хавсаргаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Эрдэнэсувдын урьдчилан тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дэнсмаагаас 48 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Эрдэнэсувдад олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлйин 477.1, 477.2, 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаар хариуцагч С.Дэнсмаагаас 2 075 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Эрдэнэсувдад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 425 000 төгрөг болон 950 ширхэг шуудайлсан модоор төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дэнсмаагаас 48 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Эрдэнэсувдад олгосугай.

3. Хэрэгт нотлох баримтаар судлуулсан СД бичлэг болон фото зургийг хавсаргасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

a

 

 

 

                                       ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ