Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00505

 

  

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17523 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг, ******* байрлах төрийн байгууллагын албан хаагчдын зуслангийн газрыг харж хамгаалахаар хариуцагч *******тай гэрээ байгуулж, гэрээний дагуу 2021 оноос хойш сахиулын ажлыг гүйцэтгэсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан 3,600,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. Нэг талаас *******, ******* , ******* р, ******* , ******* зэрэг төрийн байгууллагуудыг төлөөлж газрын дарга нар, нөгөө талаас ******* нар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* тоот, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* тоот хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан.

 

Уг гэрээгээр ******* нь ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* байрлах төрийн байгууллагын зуслангийн зориулалттай газрын хашаа, хайсыг бүрэн бүтэн байлгах, мал оруулахгүй, эвдэрч унахаас хамгаалах, орчны ариун цэвэр байлгах, хогийг хогийн цэгээс тээвэрлэх, өвлийн улиралд хашаа руу автомашин орох, гарах, хаалганы цас мөс арилгах ажлыг хийж гүйцэтгэх, тухайн байгууллагын албан хаагчдын зуслангийн 0,07 га газрыг сар бүр 10,000 төгрөгөөр тооцож харж хамгаалах, төрийн байгууллага ажлын хөлсийг сар бүрийн 10-ны өдөр олгохоор тохиролцжээ. /хх-ийн 8-14/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.1. Нэхэмжлэгч ******* нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн боловч хариуцагч байгууллагын зарим албан хаагчид 2022 оны 06 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны зуслангийн газрын харуул хамгаалалтын ажлын хөлсийг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагчаас түүнтэй холбоотой татгалзал гаргаагүй.

 

Үүнд, ******* 360,000 төгрөг, н.******* 420,000 төгрөг, н.******* 180,000 төгрөг, н.******* 300,000 төгрөг, Д.******* 180,000 төгрөг, М.******* 180,000 төгрөг, Г.******* 180,000 төгрөг, н.******* 180,000 төгрөг, Б.******* 180,000 төгрөг, Г.******* 180,000 төгрөг, н.******* 180,000 төгрөг, н.******* 180,000 төгрөг, Г.******* 180,000 төгрөг, Э.******* 180,000 төгрөг, н.******* 180,000 төгрөг, н.******* 180,000 төгрөг, н.******* 180,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн ажлын хөлсийг төлөөгүй байна.

 

Иймд хариуцагч ******* нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажлын хөлс 3,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн.

 

5. Мөн талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд байгууллага тус бүрийн газрын хэмжээ, түүнд хамаарах хөлсийг тусгайлан заагаагүй тул гэрээ байгуулсан байгууллагууд хөлс төлөх үүргийн тухайд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд ажлын хөлсийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

 

6. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т төрийн байгууллага сахиулын ажлын хөлсийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч байгууллагын зарим албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдсөн, түүнчлэн тухайн зуслангийн газар нь байгууллагын өмч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч байгууллагын албан хаагч ******* , ******* , ******* , ******* , ******* , ******* нар зуслангийн газрын сахиулын хөлсийг төлсөн гэж хариуцагчаас тайлбарласан боловч баримтаар нотлоогүй, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгаанаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн гомдол нь хариуцагч байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал тул хүлээн авахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.БАТЧИМЭГ