| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00987/И |
| Дугаар | 01099 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 01099
| 2016 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2016/01099 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 36-2-15 тоотод оршин суух Боржигин овогт Базартумбаагийн Батбилэг /СЮ:77112614/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 7 дугаар хороолол Хөүп Таун хотхон 2-14 тоотод оршин суух Хатигин овогт Төмөр-Очирын Энхмэнд /ФМ:87021222/
Гэрлэлт цуцлуулах, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.Энхмэндтэй Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурч байхдаа танилцсан.Сургуулиа төгсөх үеэр буюу 2014 оны хавраас дотно харьцаатай болсон. Ингээд сургуулиа төгсөөд би Улаанбаатар хотод үлдэж Т.Энхмэнд Эрдэнэт хотод Төрийн банкинд ажилладаг учир Эрдэнэтдээ амьдрахаар явсан. Гэвч бид хайр сэтгэлтэй болсон учир байнга уулзах болж би ихэнхдээ Эрдэнэт хот руу явж түүний гэрт Эрдэнэтэд байх хугацаандаа амьдарч байсан. 2014 оны 6 дугаар сараас эхлэн хамт амьдрахаар тохиролцон өөрсдийн гэсэн байртай болъё гэж Т.Энхмэнд анх санал гаргасан. Т.Энхмэнд төрийн банкны ажилчдад жилд 1 удаа өгдөг хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу жилийн 6 хувийн хүүтэй байрны зээлэнд хамрагдаж байр авах боломжтой гэж надад хэлсэн. Ингээд шалгаруулалтанд орж Т.Энхмэнд хөнгөлөлттэй зээлэнд хамрагдахаар болсон. Гэтэл Т.Энхмэнд сургалтын төлбөрөө төлөх гэж банкинд 10 гаран сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан тул энэ зээлээ төлж дуусаад байрны 50 сая төгрөгийн зээлээ ав гэж банкнаас шаардлага тавиад байна гэж хэлсэн. Т.Энхмэнд өөрөө төлөх боломжгүй тул надаас зээлээ төлж дуусгахыг хүссэн. Ингээд миний бие Т.Энхмэндийн цалингийн зээлийг төлөхийн тулд Төрийн банкны дансанд 2014 оны 10 дугаар сар хүртэл сар бүр 500 000 төгрөгөөр нийт 3 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгэр сард 2 хувааж 7 000 000 төгрөгийг шилжүүлж нийт 10 000 000 төгрөг өгснөөр Т.Энхмэнд зээлээ дуусгаж орон сууц зээлээр авах боломжтой болсон. Тэгээд Т.Энхмэнд байрны зээлээ авах гэтэл цалингийн орлого нь бас хүрэхгүй байсан тул намайг хамтран зээлдэгчээр орохыг хүссэн. Ингээд бид хамтран зээлдэгч болж зээл авч байраа хамтран өмчлөхөөр болж хоёулаа нэр дээрээ байрны гэрчилгээ гаргуулж 2014 оны 11 дүгээр сард 7 дугаар хорооллын ХӨҮП ТАУН-д хоёр өрөө байртай болцгоосон. Бид байрандаа орж улмаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Би ажлаа зохицуулж гэрийн тавилга юмаа урдаас аваад гэрээ бүхэлд нь 2014 оны 12 дугаар сарын 25 гэхэд бүрэн тохижуулж дууссан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сард Улаанбаатар руу буцаж өөрийн ээж болон дүү нартайгаа ярилцаж бэр гуйх ёслол хийх ажилдаа бэлтгэж Эрдэнэт явахаар зэхэж байтал гэнэт Т.Энхмэнд би ер нь чамтай суухаа бодож үзмээр байна гэж хэлэхэд гэрлэлтээ батлуулчихаад ингэж хэлэхээр нь их гайхсан бөгөөд түүнд бодох хугацаа өгч эвлэрэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд бид хоёрын үл ойлголцол эхэлж хамтран амьдрах боломжгүй болсон. 2014 оны 12 дугаар сард буюу салах үеэр түүний эгч Мөнхзул надруу утасдаж чиний 10 сая төгрөгийг өгнө чи манай ээж дүү хоёрын гэрээс яваарай гэсэн. Намайг Эрдэнэтэд очихоор бидний дундын өмчлөлийн байранд буюу гэртээ оруулахаа байсан. Түүний ээж Дэлгэрсайхан нь анх намайг 2014 оны цагаан сарын дараа Эрдэнэтэд очиж гэртээ орох гэхэд цоожны маань голыг нь сольж намайг түлхүүрээрээ гэртээ орох боломжгүй болгосон. Би түүний ээж Дэлгэсайхантай уулзахад чамд түлхүүр өгөхгүй гээд өгөөгүй учир аргагүй эрхэнд Эрдэнэтэд хонох газаргүй учир өвөл машиндаа хоносон. Маргааш нь ээжтэй нь болон ээжийнх нь дүү нартай цуг уулзаж байж гэрийн түлхүүрээ авч 3 хоносон. Энэ үед бас ээж нь чиний мөнгийг ах дүү нараасаа аваад удахгүй өгчихнө чи эхлээд байрныхаа ордерийг итгэмжлэл хийгээд Т.Энхмэндэд шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Ээж нь хүртэл ийм увиагүй зан гаргасан болохоор энэ үеэс эхлээд надад салах хүсэл төрсөн. Уул нь би нэгэнт гэрлэлтээ батлуулчихсан бас байртай болсон тул эвлэрэхийн төлөө байсан. Гэтэл Т.Энхмэнд ч чи одоо мөнгөө аваад яв даа би мөнгийг чинь 2015 он дуусахаас өмнө олоод өгье гэж хэлсэн. Гэвч Т.Энхмэнд бараг бүтэн 1 жил хүлээлгэсэн. Иймд би гэр бүлээ салгуулах болон мөнгөө нэхэмжлэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр замгүй болсон. Бид одоо тусдаа амьдарцгааж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Өмнө нь тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдлөө гаргасан боловч эвлэрэхээс татгалзаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Иймээс Т.Энхмэндээс гэрлэлтээ цуцлуулах Т.Энхмэндэд цалингийн зээлээ төлж дуусгахад нь өгсөн 10 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч дансны хуулга, Т.Энхмэндийн тайлбар зэргээс үндэслэн 9 053 000 төгрөг нэхэмжилж шаардлагаа бууруулж байна гэв.
Хариуцагч Т.Энхмэнд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2009 онд МУБИС-ын улс төр эдийн засгийн ангийг дүүргээд ирэх уед аав минь “хүнд үйлдвэрийн органик бодисын уусгуурын нөлөөгөөр гүн хордлогын өвчний улмаас тэр жилийн намар 49 насандаа бурхан болж, ээж минь төсвийн газар ажиллаж гэр бүлээ ганцаар тэжээх болсон тул миний бие Орхон аймгийн Төрийн банкинд 2010 оны 12 дугаар сарын 29-нд ажилд орсон билээ. Ажилд орсон цагаас эхлэн банкны ажлыг түргэн хугацаанд эзэмшихийн тулд маш их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр гарган, ихэвчлэн шөнө орой болтол сууж шамдан ажиллаж улмаар өөрийн мэргэжлээ өөрчлөн, ажиллаж буй ажилтайгаа уялдуулан санхүүгийн мэргэжил эзэмшихээр СЭЗДСургуульд шалгалт өгч эчнээгээр сурч эхэлсэн билээ. Ажиллах сурах хугацаанд ээж минь ар гэр, амьдралын асуудлуудыг зохицуулж хүүг минь нялх байхаас нь асран, ар талд үндсэндээ энэ 2 хүн бат зогсож байв, одоо ч хэвээрээ.., Ийнхүү ажлаа ч сайн гүйцэтгэж, сургуулиа ч амжилттай төгсөж банкны мэргэжил эзэмшсэн тул Төрийн банкны захиргаа, хамт олны зүгээс нэр хүндтэй, үнэтэй ажилтанд жилдээ 1 удаа олгодог 6 хувийн хүүтэй орон сууцны 50 сая төгрөгийн зээлийн эрх олгосон билээ. СЭЗДС байхдаа нэг ангид байсан Б.Батбилэгтэй дотно харьцаатай болж өөрөө ч надад хол байх асуудал биш, би Эрдэнэтэд амьдарч болно… гэж ярьдаг байсан тул миний бие ч цаашид хамтран амьдрах хүсэлтэй байв. Ондоо багтаан орон сууцны зээлээ авах ёстой тул 2014 оны 12 дугаар сарын 03-наар зээлийн гэрээгээ байгуулав. Би ч урьдын адил ажилдаа өндийх ч завгүй ажиллаж байтал Батбилэг ажил дээр ирээд паспортоо өгч байдаа гээд аваад явсан. Ер нь ч сүүлдээ намайг “ажилтайгаа суугаач, ийм тэнэг ажил гэж хаа ч байхгүй,, хэмээн байнга дарамтлах болсон. Тэгтэл ганцаар шийдэж орон сууцны гэрчилгээг өөрийн нэрийг оруулан авсан байв. Би ч тухайн үедээ юм бодоогүй. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтийн гэрчилгээг Баян-Өндөр сумын захиргааны иргэний бүртгэлийн газраас авахдаа ч сайн сайхан зүйл бодож байлаа. Энэ үед Батбилэг өөрийн төрсөн ээжээ /айлд өргүүлсэн юм билээ/ авч, би найз охинтойгоо хамт очиж батлуулсан. Хүний эх л болсон хойно түүний ээж маш их баярлаж буй нь илт байсан, тэгээд ээж нь “хэдүүлээ цай хоол идье” гэтэл Батбилэг, та дуугүй гэртээ буу гээд хүргэж буулгачихаад, за гурвуулаа хоолонд орох уу? гэхээр нь маш их гайхаж эвгүйрхэх сэтгэл анх төрсөн. Гэтэл нөхцөл байдал уур амьсгал эсрэгээр эргэж гэрчилгээ авч, гэрлэлтийн баталгаа авсны оройгоос хүүд маань ширүүн, надад дээрэлхэнгүй хандаж улмаар надад гар хүрч хүүгийн маань нүдэн дээр алгадаад авсан. Яг энэ үеэр ээж маань хотод нурууны хүнд хагалгаанд орж, дээр нь байрны зээлийн бичиг баримт ганцаар бүрдүүлэх гээд надад үндсэн ажлын хажуугаар амжуулах ажил их байхад тэр үеэр өөрөө ч байгаагүйн дээр “нэгэнт шийдэгдсэн байхад ямар ч их юм шаарддаг юм бэ, чи дотор нь ажилладаг байж энэ бүхнийг зохицуулж болохгүй юу гэхчлэн байнга сэтгэл санааны хүнд дарамтанд оруулах болсон. Түүнийг хот руу явсны дараа шинэ байрны түлхүүрээ миний бие гээгээд гэртээ орох боломжгүй болж арга буюу үүднийхээ цоожийг өөрчилсөн. Хожим хэлэхээр нь үзтэл бусад запас түлхүүрийг хөргөгчний хаалганд хийсэн байсан. Энэ хүн боломж л гарвал ээжийг маань гадуурхах санаатай, миний ээж хүмүүсээс сонсдог шиг тийм хэцүү хадам эх хэзээ ч болохгүй. Ээжийг маань нэг ч төгрөг оруулаагүй байж миний гэрт орж ирлээ гэж загнасан гэсэн. Харин ч эсрэгээр миний ээж, хүү хоёр маань миний ар талд бат найдвартай, үнэнчээр зогсож, намайг ажлаа дуусгаад иртэл хоол нойроо хасан байж хүлээсэн өдрүүдэд миний бие хариуцсан ажлаа ардаа санаа зоволгүй сайн хийж гүйцэтгэснээр Төрийн банкнаас өгдөг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсан билээ. Энэ хоёрын маань хүний нүдэнд ил үзэгдэхгүй /бэлэн бус/ энэ их сэтгэл санааны дэмжлэг туслалцаа, үнэнч байдал, тэвчээртэй хүлээлт, ээжийн маань үнэт зөвлөгөө зэргийг үнэлбэл их л тоо гарна байхдаа! Гэтэл тэр хүн нэг ч төгрөгийн үнэлгээгүй болгоод байх нь орчин цагийн залуу хүний сэтгэлгээ мөн үү гэж бодоход хэцүү санагдаад байгаа юм. Ийнхүү миний бие энэ хүнтэй хамт амьдарна гэдэг бодол тэр чигээрээ өөрчлөгдсөн. СЭЗДС-д суралцах үеийн сургалтын 2,5 жилийн төлбөрт 10,0 сая гаруй төгрөг цалингийн зээлээр зохицуулж явсан тул шинэ байранд зээл авах нөхцөлд давхар зээлийн үлдэгдэлгүй байх журамтай тул бидний хоорондын уур амьсгал энгийн сайн байх үедээ зээлийн үлдэгдэл 8,0 гаруй сая төгрөг Батбилэгээр төлүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ хүний мөнгийг яаж ийгээд өгнө л гэж байгаа. Бид гэр бул дотроо ярилцаад ээж, дүүгийнхээ 2 өрөө байрыг зарж төлье гэж байгаа. Ер нь энэ хүний сонин атгаг санаа, гар хүрсэн үеэс хамт байхаас айх болсон төдийгүй, мессежээр дарамталж байсан уг үсэг бүр нь цаашид яав ч хамт амьдрах бүх боломжийг үгүй хийсэн гэж хэлж болно. Иймд гэрлэлтийн баталгааг салгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Энхмэнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Миний бие Т.Энхмэнд нэхэмжлэгч Батбилэгийн хүсэлтийн дагуу зээлийн болон цалингийн дансны хуулгыг гаргаж өгсөн. Батбилэгтэй харьцаатай байх хугацаанд өөрийн дансаар шилжүүлэлгүй бэлэн мөнгө авч байсан удаагүй. Дансны хуулгаар баталгаажсан мөнгөнөөс илүү мөнгө нэхэмжилж байгааг гайхаж байна. Тиймээс цалингийн дансаар баталгаажсан мөнгийг шүүхийн шийдвэр гарснаар эргүүлэн төлөх болно. Харин ч шинэ баяртай болтлоо ээжийн минь гэрт амьдарч байх хугацаандаа ашигасан цахилгаан, хоол унд, байрны мөнгийг би хариу тайлбартаа тусгаагүй билээ. Шүүх хурал болох өдөр би хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагаа мөн бичгээр гаргаж өгсөн тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх болно гэжээ.
Хариуцагч Т.Энхмэнд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Миний бие Төмөр-Очир овогтой Энхмэнд өөрийн ээж болох Дэлгэрсайханы Хаан банкан дахь дансаар /5090472721/ 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг нийт 1 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт Батбилэгийн дансаар дамжуулан авсан нь үнэн болно. Тиймээс өөрийн харилцах данс болон ээжийн дансаар Батбилэгээс нийт 9 000 000 төгрөг авсан нь үнэн болно. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хурлаар намайг байлцуулахгүйгээ уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбилэг нь хариуцагч Т.Энхмэндэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 947 000 төгрөгөөр бууруулж, 9 053 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Т.Энхмэнд гэрлэлт цуцлуулах болон 9 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Зохигчид Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд хамт суралцаж байхдаа дотно харилцаатай болж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болон гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 6101000491 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид гэр бүл болсноос хойш хоорондын үл ойлголцлын улмаас байнгийн маргаантай байх болсон төдийгүй, тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 947 000 төгрөгөөр бууруулж 9 053 000 төгрөг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагчийн зээлийг төлөхийн тулд гэр бүл болохоос өмнө зээлдүүлсэн мөнгө гэж тайлбарладаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй.
Нэхэмжлэгч Б.Батбилэг нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хариуцагч Т.Энхмэндийн 130000094681 дугаартай Төрийн банкны дансаар болон ээжийнх нь 5090472721 дугаартай Хаан банкны дансаар нийт 9 050 000 төгрөг шилжүүлсэн болох нь депозит дансны хуулгаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул хариуцагч Т.Энхмэндээс 9 050 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбилэгт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 245 150 төгрөгийг /70 200+174 950/ төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхмэндээс 229 950 төгрөг /70 200+159 750/ гаргуулан нэхэмжлэгч Б.Батбилэгт олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ