| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0347/Э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 352
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг ,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-т холбогдох эрүүгийн 1918005130372 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, зуухны машинч мэргэшилтэй, “Анти хаус” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт --оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйпийн 181.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Х.М-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Х.Х.М- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Рояал” зочид буудлын гадна иргэн Э.Э.Г-ийн эрх чөлөөнд халдаж чулуу болон төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Эрүүгийн 1918005130372 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гадаа тамхи татаад зогсож байсан чинь нэг залуу найз охинтойгоо урдуур өнгөрөхөөр нь би яасан бэ, чи надруу хараад байгаа юм уу гэсэн чинь яасан гэхээр нь чи намайг таньдаг юм уу гээд маргалдаад тэр залуутай барьцалдаж авсан чинь тэр залуу миний толгой руу гараараа цохьсон чинь хажуу талаас найз охин нь салгахаар нь би хэн хэндээ гай болов гэсэн чинь дахиад над руу дайрахаар нь би чулуу аваад тэр залуугийн толгой руу цохьсон чинь тэр залуугийн толгойноос цус гарсан. Тэгсэн чинь тэр залуу дахиад над руу дайрахаар нь би гүйгээд зугтаагаад хажуу талын байрны буланд очоод модны ёроолд суусан” гэх мэдүүлэг /хх 18/,
Хохирогч Э.Э.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр залуу буудлын гадаа сууж байгаад хажуугаар нь өнгөрсөн чинь муухай хараад байна уу ахыгаа танихгүй юу гээд нэг удаа гараараа миний нүүр лүү цохихоор нь би барьж аваад зөрүүлээд нүүрлүү нь гараараа нэг удаа цохьсон чинь тэр залуу чулуу аваад миний дух руу цохиод зугтаахаар нь араас нь хөөсөн чинь дахиад нарийхан нэг метр орчим урттай төмрөөр дагз руу нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч М.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр залуу манай найз залуу Э.Г- рүү “Чи яагаад муухай хараад байгаа юм“ гэж хэлсэн. Тэгсэн чинь Э.Г- ” муухай харахаар яадаг юм бэ” гэж хэлсэн чинь тэр залуу босож ирээд Э.Г- тэр хоёр муудалцсан юм. Тэр танихгүй залуу “Би шорон оронгоор явж байгаад ирсэн” гээд хэрүүл хийгээд байхаар нь Э.Г- “Би тэгээд чамаас айх юм уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу гүйж явснаа замын хажуугаас нэг чулуу аваад гүйж ирээд Э.Г-ийн толгой руу нь барьж явсан чулуугаараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Э.Г- тэр залуутай барьцалцаж аваад муудалцаад байж байтал тэр залуу салангуутаа дахиад нэг төмөр барьж ирээд Э.Г-ийн толгой руу дахиад цохиод авсан юм” гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Ж.Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...12 цагийн орчимд Х.М- над руу залгаад хаана байна гэхээр нь буудалд байна гэсэн чинь найз нь яваад очъё гээд удалгүй Х.М- эхнэр Ц.С-о хүүхэдтэйгээ, У- тэгээд 2 эмэгтэйгийн хамт ирсэн. Бид нар буудлын 304 номерын өрөөнд нэг шил 0,75 литртэй Соёрхол архи хувааж уусан. Тэгсэн чинь нэг мэдсэн Ц.С-о надад Х.М- гадаа хүнтэй зодолдоод байна гэхээр нь би гарсан чинь Х.М- буудлын гадна талбай дээр нэг залуугийн толгойг нь хагалчихсан нөгөө залуу нь цус нь гойжчихсон зогсож байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Х.М- зугтаагаад нөгөө залуу араас нь хөөгөөд явахаар нь би араас нь очсон чинь Х.М-т зодуулсан залуу юу болсон талаар ярьсан” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч С.С.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0,75 литртэй Соёрхол архи хэдэн шил пивотой уугаад сууж байсан чинь Х.М- гараад явчихсан байсан. Тэгсэн чинь удалгүй Ц.С-о, Ирээдүй яанаа Х.М- гадаа хүн зодоод байна гэхээр нь гараад харсан чинь Х.М- нэг залууг зодчихсон толгойноос цус гарчихсан байж байсан. Тэгсэн чинь Х.М- зугтаагаад яваад өгсөн чинь араас нь нөгөө залуу нь хөөгөөд араас нь Ж.Б- гүйгээд явсан.” гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Ц.Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.М- тэр залуутай яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн Х.М- байхгүй байхаар нь би И- асуусан чинь гадаа тамхи татаж байгаа гэхээр нь заза гээд байж байсан чинь дуу нь гадаа гарах шиг болохоор нь цонхоор харсан чинь Х.М- нэг залуутай зодолдож байхаар гарсан чинь Х.М- тэр залуугийн толгойг чулуугаар цохьсон..” гэх мэдүүлэг /хх 19/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Э.Э.Г-ийн биед тархи доргилт, дагз, духны шархнууд, зүүн сарвуун дахь цус хуралт, хүзүү хоолойн дахь зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Э.Э.Г-ийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 21-22/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 8-9/,
Хохирогч Э.Э.Г-ийн яаралтай тусламжийн хуудас /хх 23-24/,
Шүүгдэгч Х.Х.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 54/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 55/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 56/, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх 57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 58-59/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Х.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Рояал” зочид буудлын гадна хохирогч Э.Э.Г-ийг “ муухай харлаа” гэдгээр шалтаглан хүний халдашгүй байх эрх чөлөөнд халдаж чулуу, төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэрч М.А-...“...тэр залуу гүйж явснаа замын хажуугаас нэг чулуу аваад гүйж ирээд Э.Г-ийн толгой руу нь барьж явсан чулуугаараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Э.Г- тэр залуутай барицалцаж аваад муудалцаад байж байтал тэр залуу салангуутаа дахиад нэг төмөр барьж ирээд Э.Г-ийн толгой руу дахиад цохиод авсан юм” гэх мэдүүлэг /хх 15/, гэрч Ж.Ж.Б-гийн...“...Ц.С-о надад Х.М- гадаа хүнтэй зодолдоод байна гэхээр нь би гарсан чинь Х.М- буудлын гадна талбай дээр нэг залуугийн толгойг нь хагалчихсан нөгөө залуу нь цус нь гойжчихсон зогсож байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Х.М- зугтаагаад нөгөө залуу араас нь хөөгөөд явахаар нь би араас нь очсон чинь Х.М-т зодуулсан залуу юу болсон талаар ярьсан” гэх мэдүүлэг /хх 16/, гэрч С.С.С-гийн...“...гараад харсан чинь Х.М- нэг залууг зодчихсон толгойноос цус гарчихсан байж байсан. Тэгсэн чинь Х.М- зугтаагаад яваад өгсөн чинь араас нь нөгөө залуу нь хөөгөөд араас нь Ж.Б- гүйгээд явсан.” гэх мэдүүлэг /хх 17/, гэрч Ц.Ц.С-ын...“...дуу нь гадаа гарах шиг болохоор нь цонхоор харсан чинь Х.М- нэг залуутай зодолдож байхаар гарсан чинь Х.М- тэр залуугийн толгойг чулуугаар цохьсон.”гэх мэдүүлэг /хх 19/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаартай шинжээчийн дүгнэлт: -“1.Э.Э.Г-ийн биед тархи доргилт, дагз, духны шархнууд, зүүн сарвуун дахь цус хуралт, хүзүү хоолойн дахь зулгаралт тогтоогдлоо”-ээр /хх 21-22/,
Шүүгдэгч Х.Х.М- нь хохирогч Э.Э.Г-ийн толгойн тус газар нь чулуу, төмрөөр цохиж гэмтээсэн гэм буруутай үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Х.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Х.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Э.Э.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 12/, шүүгдэгч Х.Х.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн 100.000 төгрөгөөр төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.М-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ