| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04061/И |
| Дугаар | 210/МА2026/00584 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00584
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/008479 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 144,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь 2019 оноос эхлэн барилгын материалын худалдаа, цахилгаан бойлерын суурилуулалт, орон сууцны сантехникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр "******* ХХК-тай ******* дугаартай Сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай компани ******* дүүргийн ******* аманд баригдаж байгаа "*******" хотхоны цэвэр, бохир ус, дотор халаалтын шугам угсралтын ажлыг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү гэрээний үнийн дүн 1,135,000,000 төгрөг түүний 35 хувь болох 397,250,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 65 хувь болох 737,750,000 төгрөгийг бартераар тооцохоор харилцан тохиролцсон.
Гэтэл хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, гэрээнд заасан төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөнөөс дотоодын ба импортын бараа материалын үнэ өсөж, манай компани 1,135,000,000 төгрөгөөр "******* хотхоны сантехникийн угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр "*******" ХХК-д ******* тоот гэрээг цуцлах тухай хүсэлт явуулж, тус хүсэлтээр ******* тоот гэрээг цуцалж, үлдсэн ажлыг шинэчилсэн гэрээ хийж хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн.
1.2. Мөн хүсэлтэд "*******" хотхоны гадна, дотно сантехникийн ажилд нийт 194,620,000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс танай компаниас урьдчилгаа 50,000,000 төгрөгийг манай /Хаан банк *******/ тоот дансанд шилжүүлсэн. Өнөөг хүртэлх хугацаанд өөрийн компанийн санхүүжүүлэлтээр хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэлийн үлдэгдэл 144,620,000 төгрөг, санхүүжилтийн 6 хувь буюу 94,000,000 төгрөгийг бэлэн бартераар, 35 хувь болох 50,620,000 төгрөгийг бэлнээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч манай компаниас "******* ХХК-д явуулсан *******тоот гэрээг цуцлах тухай хүсэлтэд өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, тухайн хотхоны гадна, дотно сантехникийн ажилд зарцуулсан нийт 144,620,000Т төгрөгийг буцаан төлөөгүй.
Иймд сантехникийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны үр дагаварт 144,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******дугаартай 1,135,000,000 төгрөгийн /НӨАТ, бартер 65 хувь, бэлэн төлөлт 35 хувь/ үнийн дүнтэй сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ******* ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг өөрийн талаас цуцлах тухай албан бичиг, мөн нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг тус тус ирүүлсэн. Гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх байсан ажлаас бохир цэврийн ерөнхий шугам, газар доогуур татсан худгийн хоолой, 3 айлын барилгын доторх сангийн ажил хийсэн боловч тус ажлыг акт үйлдэн хүлээлгэж өгөөгүйгээс гадна тухайн ажил гүйцэтгэсэн ил далд актууд, тоног төхөөрөмжийн паспорт, ажиллагаа шалгасан акт, ашиглах заавар, бараа материалын гарал үүслийн бичиг баримт, ашиглагдсан бараа материалын нэр төрөл, тоо хэмжээ, гэрээнд тусгагдсан бараа материал ашигласан эсэх талаар нотлох бичиг баримт, баталгааны бичиг баримт, фото акт, ажлын гүйцэтгэлийн баталгаажсан зураг, гүйцэтгэсэн ажилбар тус бүрийн үнэлгээ, задаргаа зэрэг бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй тул хоёр талын төлбөр тооцоо эцэслэгдэн шийдэгдээгүй.
2.2. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн бохир цэврийн ерөнхий шугам, газар доогуур татсан худгийн хоолой, 3 айлын барилгын доторх сангийн ажил нь нийт 105,000,000 төгрөгийн өртөг бүхий ажил хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон, санхүүжилтийн болон хугацааны алдагдал нэмэгдсээр байсан тул 2023 оны 07 дугаар сараас эхлэн өөр гүйцэтгэгчид хүсэлт гарган ******* ХХК-ийн дутуу орхисон ажлуудыг гүйцэтгүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд мөн хийж гүйцэтгэсэн ажлууд дунд гарсан доголдол тус бүрийг дахин засварлан хийж гүйцэтгэсэн.
Иймд манай байгууллагын зүгээс ******* ХХК-ийг дутуу бичиг баримтын бүрдлийг гүйцээн төлбөр тооцоог эцэслэн нарийвчлан шийдвэрлэх, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирлыг манай байгууллагын зүгээс эцэслэн гаргаж, хохирлыг барагдуулсны дараа хоорондын өглөг, эсвэл авлагыг хэлэлцэн шийдвэрлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,620,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 881,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манайхаас барилгын гадна, дотно сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг нотлох шаардлагатай байсан тул барилгыг улсын комисс хүлээж авсан баримт буюу актыг хариуцагч ******* ХХК-аас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх тус хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн.
Өөрөөр хэлбэл, манайхаас анх шүүхэд гаргахад хавсаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг учир дутагдалтай шийдвэрлэсэн. Барилга хүлээн авсан улсын комиссын актаар манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил нотлогдоно, мөн хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй талаар хэлсэн боловч шүүх харгалзан үзээгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.2. Түүнчлэн шүүхээс хариуцагчийн тайлбар татгалзалдаа өгсөн баримт материалыг дутуу шалгаж, тухайн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тухайн баримтын учир, шалтгааныг олох талаас нь бус, маргааны үйл баримтыг гуйвуулж, ач холбогдолтой баримтуудыг үнэлэлгүй, тухайн эргэлзээтэй нөхцөл байдал гарч ирээд байхад түүнийг тодруулалгүй, хэргийн үнэн зөвийг олоогүй, хайнга байдлаар шийдвэрлэсэн. Шүүх талууд өөрөө нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн нэр бүхий зүйл заалтыг дурддаг. Энэ мэтээр шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд дээрх хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн. Дээрх байдлаар нотлох баримт хангалтгүй, талуудын тайлбараар эргэлзээтэй нөхцөл байгаа нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 зүйлд заасны дагуу захирамж гаргаж тухайн нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх талаас нь хандалгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж гэж заасан бөгөөд бага төвөгшилтэй барилга дээр улсын комисс ажиллуулах, барилгын зөвшөөрөл авах шаардлага байдаггүй. 600 м.кв болон 9 м өндөртэй барилга, амины орон сууц болон хувийн сууцанд комисс ажиллуулах шаардлага байхгүй ба акт үйлдэгдэхгүй. Гэхдээ барилгын хууль болон манай гэрээгээр ******* ХХК-аас ажлын акт болон бусад баримт бичгийг хүлээлгэж өгөх үүрэгтэй.
5.2. Барилгын тухай хуулиар 3 жил барилгын засвар үйлчилгээг хариуцах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн биднээс гаргуулна гэх баримт нь өөрсдийнх нь гаргаж өгөх ёстой, манайд хүлээлгэж өгөх ёстой баримт байдаг. Тухайн баримтыг гаргаж өгөөгүй учраас нийт дүнг тооцох боломжгүй учраас нэхэмжлэгчийн дүнгээр тооцох боломжгүй. Нэхэмжлэгч тал өөрсдийн авсан зураг нотлох баримтыг хүлээлгэж өгөөд хэдэн төгрөгийн ажил хийсэн гэдгээ тооцоод гаргаад явъя гэсэн, нэхэмжлэгч тал өөрсдөө зардлаа тооцож гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгчээс та нар хэдэн төгрөгийн ажил хийсэн гэж үзсэн бэ гэхэд бид нар тооцоод 105,000,000 гаруй төгрөгийн тооцоотой гэж хэлсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 144,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, холбогдох баримт бичгийг хариуцагчид шилжүүлээгүй, нэхэмжлэгчийн хийсэн ажлын хөлс 105,000,000 төгрөг боловч уг ажлууд доголдолтой байсан тул өөр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж доголдлыг арилгуулан, дутуу ажлыг гүйцэтгүүлснээс хохирол учирсан... гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаарх нотлох баримтын үнэлгээтэй холбоотой нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******тоот сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь ******* дүүргийн ******* баригдаж буй ******* хотхон төслийн цэвэр бохир усны системийн иж бүрэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид ажлын хөлс 1,135,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх-4/
3.2. Хариуцагч нь нэхэмжлэгч талд гэрээнд заасан ажлын хөлснөөс 50,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч талаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснээр ******* ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг өөр этгээдээр хийж гүйцэтгүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэж байх явцдаа 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бараа материалын үнийн өсөлтийн улмаас ажлыг үргэлжлүүлэх боломжгүй шалтгаанаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, улмаар гэрээг цуцалсан байна. /хх-16/
Ийнхүү гэрээг цуцлах хүртэл нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, гүйцэтгэгч ажлыг хүлээлгэн өгсөн эсэх талаар талууд маргаж байна.
6. Нэхэмжлэгч нь Н блокийн цэвэр усны ажил 90 хувь, бохир усны ажил 100 хувь, халаалтын ажил 95 хувь, D блокийн цэвэр усны ажил 40 хувь, бохир усны ажил 65 хувь, халаалтын ажил 20 хувь, A, B, C, E блокийн бохир усны ажил 50 хувь, гадна цэвэр усны ажил 25 хувийг тус тус хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.
7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаарджээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бараа материалын үнийн өсөлтийн улмаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдалд хамаарах ба нэхэмжлэгч гэрээг цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн хэмжээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.
7.1. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 194,620,000 төгрөгийн үнэ бүхий дээрх ажлыг гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7.2. Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийг 105,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт үйлдээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 105,000,000 төгрөгөөр тогтоож, уг мөнгөн дүнгээс хариуцагчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 55,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Иймд, анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч талаас өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг нотлох зорилгоор хариуцагч талаас тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн... гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг хариуцагч бусдаар гүйцэтгүүлсэн талаар талууд тайлбарласан тул маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тухайн барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын актаар тогтоох боломжгүй гэж үзэж анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-д заасныг зөрчөөгүй.
Иймд, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/008479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.БАТЧИМЭГ