| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0256/Э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 257
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Улсын яллагч: С.Болорзул
Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Эт холбогдох эрүүгийн 1914004970346 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эмэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х.Э,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 39 тоотод Д.Эг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Х.Эийн мөрдөн байцаалтад өгсөн
... Н эгч, Д хоёр гэртээ харилаа гэж хэлээд явсан. Араас нь Д.Э гарч явсан, гадаа М тэр хоёр хоорондоо хэрүүл хийгээд байгаа сонсогдсон. Би тэдний араас О.Н эгчийн очоод сууж байхад Д.Э хэрүүл өдөөд байж байснаа хүрч ирээд намайг цохиж, намайг багалзуурдаж аваад хойшоо дарахад би үснээс нь үсдэж аваад хойш болгоход Д.Э гарч явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн оройн 19 цагийн орчим М гэх айлд байж байхад Х.Эийн хамт орох уу гэж хэлсэн. Тэгээд Баянхонгор сумын 3-9-39 тоотод байх гэрт нь очсон. Урьд шөнө уучихсан шартсан байна гэж хэлээд нэг шил архи авч уух гэж байхад хажуу айлын хоёр хүн орж ирээд бид тав архи уусан. Н гэх хүүхэн найз хүүхнээ дагуулаад орж ирээд бид нар архи ууж дууссан. Х.Э 2 литрийн пиво гаргаж ирээд уугаад дуусахад О.Н надад нэг пиво байгаа уух уу гэж хэлсэн. О.Нгийн гэрт бид нар орж, Х.Э гэртээ үлдсэн. О.Нгийн гэрт сууж байхад Х.Э араас хүүхдээ тэвэрч орж ирээд пиво хувааж ууж дуусаад мөнгө нийлүүлж архи авахаар болсон юм. Н, Х.Э хоёр маргалдаж хэрүүл хийгээд байсан, Х.Э дахиж Нтай хэрүүл хийсэн би тухайн үед юм яриагүй сууж байхад Х.Э намайг чи Энхмаа, Г.М хоёрыг өмөөрдөг гэж хэлээд үгээр дайраад байсан тэр үед намайг Н өмөөрч Заяад ямар буруу байдаг юм, энэ хэрүүлэнд Заяа ямар ч хамаа байхгүй гэж хэлэхэд Х.Энхцэцжн над руу дайрч доромжилсон ядуу гуйлгачин гэж хэлээд би дуугүй сууж байхад шууд хүрч ирээд намайг үсдэж нүүр самардаж хоолой самардсан тэгээд би арай гэж тавиулаад цагдаа дуудаад сууж байхад над руу тал талаас хүмүүс дайраад байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэрч О.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн
...Ууж байсан архи дуусаад хүмүүс яваад Х.Э, Д.Э, Содоо бид 4 үлдсэн тэгтэл Х.Э хүн болгоноос хэрүүл гуйгаад байсан. Тэгээд Содоог хоёр удаа хэл үгүй шууд алгадаад авсан. Мөнгө төгрөгний маргаан үүсгэж байснаа Х.Эийг Д.Э шууд алгадаад авсан, тэр хоёр үсдэлцээд салгах гээд дийлээгүй тэгж байснаа гэнэт Д.Э гараад гүйчихсэн, удалгүй байж байтал цагдаад дуудлага өгчихсөн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 18 /,
Гэрч Н.Сийн мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Э бусад хүмүүс рүү үсчээд хэрүүл өдөөд байснаа намайг 2 удаа алгаад авсан юм. Гараад О.Н эгчийн ороод сууж байхад Д.Э хүмүүс рүү дайраад байхад түүнд Х.Э дургүйцсэн юм уу тэр хоёр барилцаад авсан. Тэгээд Д.Э гараад гүйчихсэн удалгүй цагдаа ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаар шинжээчийн
1.Д.Эгийн биед тархи доргилт, дух, хацар, чамархай, хүзүү, зовхи, уруул, сарвуунд зулгаралт, дух, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 25/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 520 дугаар шинжээчийн
1. Х.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 29/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 531 дугаар шинжээчийн
2. Н.Сын биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 31/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 44/, шүүгдэгч Х.Эийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1237 дугаартай тодорхойлолт /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, депозит дасны хуулгууд /хх-ийн 63-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 39 тоотод Д.Эг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Х.Эийн ... Д.Э хэрүүл өдөөд байж байснаа хүрч ирээд намайг цохиж, намайг багалзуурдаж аваад хойшоо дарахад би үснээс нь үсдэж аваад хойш болгоход Д.Э гарч явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Хохирогч Д.Эгийн ... Х.Э над руу дайрч доромжилсон ядуу гуйлгачин гэж хэлээд би дуугүй сууж байхад шууд хүрч ирээд намайг үсдэж нүүр самардаж хоолой самардсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэрч О.Нгийн ... Х.Э хүн болгоноос хэрүүл гуйгаад байсан. Мөнгө төгрөгний маргаан үүсгэж байснаа Х.Эийг Д.Э шууд алгадаад авсан, тэр хоёр үсдэлцээд салгах гээд дийлээгүй тэгж байснаа гэнэт Д.Э гараад гүйчихсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 18 /,
Гэрч Н.Сийн ... Д.Э бусад хүмүүс рүү үсчээд хэрүүл өдөөд байснаа намайг 2 удаа алгаад авсан , гараад О.Н эгчийн ороод сууж байхад Д.Э хүмүүс рүү дайраад байхад түүнд Х.Э дургүйцсэн юм уу тэр хоёр барилцаад авсан, тэгээдД.Э гараад гүйчихсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаар шинжээчийн ... Д.Эгийн биед тархи доргилт, дух, хацар, чамархай, хүзүү, зовхи, уруул, сарвуунд зулгаралт, дух, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 25/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Х.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Эт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.Э нь Х.Эийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц , жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй... гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Э нь 5 сартай жирэмсэн ба жирэмсэн эмэгтэй хөтөч картыг өрхийн эмнэлэг нүүж байгаа тул холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, эрхэлсэн тодорхой орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, бага насны 4 хүүхэдтэй, түүний эрүүл мэнд, хэвлий дэх ургийг хэвийн нөхцөлд өсөж торних боломжийг бүдрүүлэхийн тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Эийг /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450,000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Э нь дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450,000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Эт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Эт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА