Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00912

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/02129 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 185,000,000 төгрөг, хохирол 28,112,068 төгрөг нийт 213,134,068 төгрөг гаргуулах үндсэн,

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг *******ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, нэхэмжлэгч *******ийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Өмнөговь аймгийн Баруун цанхын уурхайн хөрс хуулалтын ажил явуулах зорилгоор хүнд даацын ачааны автомашин худалдан авахаар *******-ийн захирал *******тай *******ээр дамжуулан холбогдож, ******* арлын дугаартай, ******* маркийн, ******* улсын дугаартай, шар өнгийн 2021 онд үйлдвэрлэгдсэн гэх ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

1.2. Тус компанийн ******* нь урьдчилгаа 65,000,000 төгрөгөө эхлээд өгчих гэсэн тул 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр түүний ******* банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж нийт 185,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг явцын дунд төлөхөөр тохиролцсон.

1.3. Гэтэл тээврийн хэрэгслийг хүлээж авснаас хойш 20 хоногийн дараагаас ажилд гарахад эхний өдрөөсөө эвдэрч эхэлсэн бөгөөд энэ талаар худалдагч талд мэдэгдэхэд “засаж, янзалж өгье” гээд моторын жийрэг /турбин/ солиход зориулж 1,500,000 төгрөг өгснийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1,350,000 төгрөгөөр сэлбэг худалдан авч, засвар хийлгэсэн. Дахин ажилд гарахад хэдэн рейс яваад мөн л эвдэрч /мотор нь асуудалтай/ сул зогссон ба удаа дараа эвдрэл гэмтэл гарч ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Эвдрэлийн талаар худалдагч талд цаг алдалгүй мэдэгдсэн бөгөөд захирал ******* нь мотор асуудалтай машин зарсан гэдгээ мэдэж байсан. Анхнаасаа эд хөрөнгийг доголдолтой болохыг мэдсээр байж сайн машин ажил хийхэд асуудалгүй хэмээн итгүүлэн доголдолтой машин зарсанд гомдолтой байна. ******* нь эд хөрөнгийн биет байдлын доголдолтой автомашиныг шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.

1.4. Улмаар 2024 оны 6 дугаар сард *******-ийн захирал *******д гэрээ цуцлах талаар амаар мэдэгдэж, машиныг Өмнөговь аймгийн *******-ийн Баруун цанхын уурхайн бүсэд байрлах *******-ийн паркийн талбайд тавьж хүлээлгэн өгсөн ба гэрээг цуцалж өгсөн мөнгөө буцааж авахаар шаардсан. Ингээд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бичгээр мэдэгдэл /шаардлага/ хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Иймд 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 185,000,000 төгрөгийг гаргуулна.

1.5. Мөн тээврийн хэрэгслийн үнийг төлөхдөө ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* банканд амьдарч буй орон сууцаа барьцаалан 70,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй зээл авч урьдчилгааг төлсөн. ******* нь 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр *******-д амьдарч буй орон сууцаа барьцаалан 120,000,000 төгрөгийг жилийн 38.28 хувийн хүүтэй зээл авч үлдэгдэл төлбөрийг төлсөн байхад эд хөрөнгийн доголдлын улмаас тээврийн хэрэгслийн үр шим, ашиг орлогыг олж чадалгүй гэрээг цуцлахад хүрсэн.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлсөн хүүний төлбөр 7,419,315 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлсөн хүүний төлбөрт 14,691,833 төгрөг, сэлбэг 130,000 төгрөг, масло 180,000 төгрөг, шүүр 10,000 төгрөг, наалт 15,000 төгрөг, цавуу баглагч 21,000 төгрөг, цахилгаан засвар 200,000 төгрөг, апартур 4,000,000 төгрөг, боолт бээлий 22,800 төгрөг, дүмбэн гол мэдрэгч 535,620 төгрөг, 72,000 төгрөг, стүцэр 19,000 төгрөг, зээлийн хүү 740,000 төгрөг, өрөм 15,000 төгрөг, түлшний шаланк 18,500 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг нийт 28,112,068 төгрөгийн бодит хохирол учирсан тул хохиролд 28,112,068 төгрөгийг нэхэмжилнэ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2023 оны 5 дугаар сард БНХАУ-аас 2021 онд үйлдвэрлэгдсэн ******* маркийн өөрөө буулгагч гурван тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирсэн. 2023 оны 12 дугаар сард ******* нь худалдан авах хүсэлт гаргаж *******ын хамтаар ирж үзсэний үндсэн дээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахаар болж 185,000,000 төгрөгийг төлж, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлснээр талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон.

2.2. Уг тээврийн хэрэгсэл нь үйлдвэрээс гарсан цоо шинэ тээврийн хэрэгсэл биш, 2021 онд үйлдвэрлэгдсэн, БНХАУ-д хэрэглэгдэж байсан тээврийн хэрэгсэл бөгөөд тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бүрэн дүүрэн өгсөн ба тээврийн хэрэгсэл эдийн болон эрхийн доголдолгүй байсан.

2.3. Тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 4-7 дугаар сар хүртэл ашиглаж *******-д ажиллаж, ******* гэх хүний ******* банкны дансаар 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5,518,200 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10,196,000 төгрөгийг тус тус *******-ийн дансаар, *******-ийн данснаас шилжүүлж авч байсан нь тээврийн хэрэгслийг хэвийн байдлаар ашиглаж байсныг илтгэнэ.

2.4. Тээврийн хэрэгсэл доголдолтой байсан бол худалдан авснаас хойш 5 сар өнгөрч байхад гомдлын шаардлага гаргаж байгаагүй нь доголдол байгаагүй гэдгийг илтгэж байна. Мөн нэхэмжлэлд тээврийн хэрэгсэл худалдан авснаас хойших гарсан зардлууд хэмээн 17 төрлийн 28,112,068 төгрөг гаргасан нь тээврийн хэрэгсэл эзэмшиж буй хүний гаргах ердийн зардлуудад хамаарна. Аж ахуйн зориулалтаар өдөр тутам их хэмжээний шороо зөөж байгаа тээврийн хэрэгсэл зардал гаргахгүйгээр явах боломжгүй, түүнчлэн хувь хүн тээврийн хэрэгсэл худалдан авахдаа бусдаас зээл авсны үр дагавар буюу зээлийн хүүг хохирол төлбөрт оруулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний 3.2 дахь хэсэгт тээврийн хэрэгслийн үнэ 190,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон боловч 185,000,000 төгрөгийг төлж, үлдэх 5,000,000 төгрөгийг төлөөгүй тул *******ээс 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Гэрээнд заасны дагуу 185,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж байх явцад төлөхөөр тохиролцож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Гэвч *******ы санал болгосон асуудалгүй гэх ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж аваад ажилд гарсан эхний өдрөөс эхлэн тогтмол эвдрэл гэмтэл үүсэж ажил хийх боломжгүй болсон. Худалдагч тал тээврийн хэрэгслээ анхнаасаа эвдрэл гэмтэлтэй буюу доголдолтой гэдгийг мэдсээр байж худалдан авагч нарт зарсан байдаг. Дээрх асуудлыг мэдсэн даруй ******* нь *******тай холбогдож гэрээнээсээ татгалзаж тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 165,285,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47,848,268 төгрөгийг болон хариуцагчийн гаргасан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,223,650 төгрөг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 984,379 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ, мөн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэсэн атлаа гэрээний оролцогч биш, тээврийн хэрэгслийн өмчлөгч биш этгээд *******ыг тээврийн хэрэгслийн зарим төлбөрийг төлсөн үндэслэлээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар тээврийн хэрэгслийн дундаа хэсгээр өмчлөгч-нэхэмжлэгч гэж үндэслэлгүй дүгнэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

******* нь тээврийн хэрэгслийн урьдчилгаа 65,000,000 төгрөгийг *******д төлсөн боловч 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г ******* хийх, төлбөрийг ******* хийнэ гэсний дагуу гэрээг *******тэй хийсэн.

Тус гэрээний дагуу ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******д худалдсан ба ******* нь тээврийн хэрэгслийг *******аар үзүүлж харуулан шалгаж авсан. Гэрээний үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ******* төлснөөр тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ******* өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.2, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар ******* тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч болохоос тээврийн хэрэгслийг ******* жолоодож, ******* гэх хүн шөнийн ээлжинд жолоодож байсан нь тогтоогдсон, эзэмшилдээ байлгаж байсан, тээврийн хэрэгслийн үнэд 65,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр түүнийг дундаа хэсгээр өмчлөгч гэж үзэх, мөн *******, *******-ийн хооронд өмчлөх эрхийг үүсгэх, олж авах талаар гэрээ хэлцэл байгуулагдсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр бүртгэлгүй, ийнхүү бүртгүүлээгүйгээс түүнийг тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгч, дундаа хэсгээр өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.

6.2. *******, ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан тул гэрээний үүргийг ******* шаардах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхгүй, ******* нэхэмжлэх эрхтэй этгээд биш юм.

Энэ талаар *******ээс *******д ямар нэгэн итгэмжлэл олгогдоогүй тул хэрэгт авагдсан *******ын гарын үсэг бүхий гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр хариуцагчид өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл доголдолтой талаар, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах асуудлыг гэрээний тал, тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* огт гаргаж байгаагүй, *******ийг ******* төлөөлөх талаар хариуцагчид мэдэгдэж байгаагүй.

6.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5, 62.2, 65.1.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж өгсөн байх боловч мөн хэвээр байсан. Учир нь ******* нь тээврийн хэрэгслийн үнэд 65,000,000 төгрөгийг төлсөн, тээврийн хэрэгсэлд засвар хийсэн гэж хохирол шаардах атлаа нэхэмжлэлийн нийт шаардлагын 213,134,068 төгрөгөөс хэдийг өөрт гаргуулахаар нэхэмжилж буй нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад ******* нь 213,143,068 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилнэ, ******* энэ мөнгөнөөс авахгүй, улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж хариулсан ба ******* нь улсын тэмдэгтийн хураамжид нэг ч төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон.

Мөн анхан шатны шүүх *******ыг тээврийн хэрэгслийн үнэд 65,000,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийн дундаа хэсгээр өмчлөгч гэж дүгнэсэн атлаа тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 185,000,000 төгрөгөөс *******ийн тээврийн хэрэгсэл ашиглаж олсон 19,714,200 төгрөгийг хасаж тооцон үлдэх 165,285,800 төгрөгөөс хэдэн төгрөгийг дундаа хэсгээр өмчлөгч *******, ******* нарт гаргуулахаар шийдвэрлэж буй нь тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваарилан шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

6.4. Хариуцагчийн худалдсан тээврийн хэрэгсэл доголдолтой байсан эсэх, нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагчид буцаан өгсөн эсэхэд талууд маргасан. Гэтэл анхан шатны шүүх “...талуудыг гэрээ байгуулах үед илрэх боломжгүй далд доголдол байсан, тээврийн хэрэгслийг жолоодож байсан *******ыг хариуцагч компанийн захирал *******ы гэрээт ажил гүйцэтгэж байсан *******-ийн уурхайн машины зогсоолд үлдээснээр буцаан өгсөн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт “...машин эвдэрч эхэлсэн, мотор нь асуудалтай байсан, эвдрэл гэмтэл гарсан, доголдолтой байсан, мэдсээр байж нууж худалдсан” гэж тайлбарладаг боловч өнөөдрийг хүртэл яг ямар эд анги нь эвдрэлтэй байсан, доголдолтой байсан талаар хэлж чаддаггүй, үүнийгээ нотолж чадаагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын тээврийн хэрэгслийн доголдлыг засахад гаргасан гэх 28,112,068 төгрөгийн хохирлын шаардлагыг маргаан бүхий тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээнд зарцуулагдсан болох нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа шинжээч, мэргэжлийн автозасвар, техникийн оношилгоо-дүгнэлтгүйгээр зөвхөн *******ын хариуцагч руу фэйсбүүк чатаар явуулсан машины хянах самбар бүхий зургууд, хянах самбар дээрх учир нь үл мэдэгдэх гэрэл, тоон агуулга бүхий зургуудыг үндэслэн талууд гэрээг байгуулах үед далд доголдолтой байсан гэж шүүх оношилж дүгнэсэн.

Талууд гэрээ байгуулахад тээврийн хэрэгсэлд илрэх боломжгүй яг ямар эд анги нь ямар эвдрэл гэмтэл доголдолтой байсан, тэрхүү доголдол нь худалдахаас өмнө байсан эсэх, эсхүл худалдсаны дараа ашиглалтын явцад үүссэн эсэх нь тогтоогдоогүй. Хариуцагч шинэ машин худалдаагүй ба 2021 онд үйлдвэрлэгдсэн, БНХАУ-д 3 жил ашиглаж байсан хуучин тээврийн хэрэгслийг худалдсан ба худалдан авагч шалгаж авах үүрэгтэй. Хариуцагч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийн эд ангиудыг оношлуулж “тэнцсэн” гэсэн техникийн хяналтын хуудас бүхий, мөн 2023 оны 11 сард мотор нь эвдэрч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******автозасварын газарт моторт нь 8,800,000 төгрөгөөр бүтэн ээлж хийлгэн засуулж байхад нь ******* ирж үзэж байсан тээврийн хэрэгслийг худалдсан юм.

Энэ талаар ******* нь уг автозасварын газар очсон, моторыг засуулж байгаа мэдээллийг өгсөн гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Хариуцагч мотор нь асуудалтай тээврийн хэрэгслийг нуун дарагдуулж худалдсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй.

Хариуцагч тээврийн хэрэгслийн моторыг засуулж, засварын баримтын зургийг ******* руу чатаар явуулсан байхад анхан шатны шүүх ******* машины моторыг засуулж, баримтыг нь хариуцагч *******д явуулж байсан хэмээн нотлох баримтыг буруу үнэлж, далд доголдол байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь цахилгаан хөдөлгүүр бүхий электрон системтэй байсныг ******* нь энгийн хөдөлгүүртэй болгон өөрчилснөө шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан.

6.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохын тулд *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч гэрч *******ий хаяг тодорхойгүй, хаяг дээрээ байдаггүй талаар 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн цагдаагийн илтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан тул захирамжийн биелэлт хангагдсан үндэслэлээр шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18597 дугаартай захирамж гарсан, мөн нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч дээрх гэрчүүдийг оролцуулахаас өөрсдөө татгалзсан тул шүүгч татгалзлыг баталж 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 24038 дугаартай захирамж гаргасан.

Гэтэл нэхэмжлэгч талаас дээрх гэрчүүдийг дахин оролцуулах хүсэлт гаргасныг шүүх өмнө шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж хангахаас татгалзаж шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28904 дугаартай захирамж гаргасан атлаа 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг үндэслэн *******, ******* нарыг албадан ирүүлж, шүүх өөрийн санаачилгаар гэрчээр асууж, нотлох баримт цуглуулахаар хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх өөрийн санаачилгаар гэрчийг дуудан мэдүүлэг авах ажиллагаа нь өөрөө хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа билээ.

6.6. ******* нь хариуцагч компанийн захирал *******тай тээврийн хэрэгслийг буцаан өгөх, ******* нь буцаан авахгүй гэж маргасан байдаг ба ******* нь тээврийн хэрэгслийг *******д биш, гэрч *******д ч биш, маргаан бүхий тээврийн хэрэгслийг *******-ийн уурхайн ажил явуулж байсан уурхайн машины зогсоолд хаяж үлдээгээд явсан, түлхүүрийг нь ******* гэж хүнд өгсөн нь тодорхой болсон. Үүний улмаас тээврийн хэрэгсэл тоногдсон.

Маргаан бүхий тээврийн хэрэгслийг жолооч ******* нь анхнаасаа *******-ийн хөрс хуулалтын ажилд явуулж тус компанийн хашаанд зогсоож байрлуулдаг байсан тул ийнхүү тус компанийн уурхайн хашаанд зогсож байгааг ******* өөрт нь буцаан хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

6.7. *******, *******-ийн хооронд 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч ******* нь 185,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 5,000,000 төгрөгийг *******ээс гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 255.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Гэрээ хийх үед ямар эд зүйлийг ямар үнээр, хэрхэн яаж авах гэж байгаа талаар ярилцаж тохиролцдог. Тус тохиролцоо ******* болон хариуцагч байгууллагын захирал ******* нарын хооронд болсон буюу ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Үүний дагуу урьдчилгаа 65,000,000 төгрөгийг банкнаас өндөр хүүтэй зээл авч төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө өгч чадахгүй байсан тул дүү *******ээр банк бус санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгө байршуулж 120,000,000 төгрөгийн зээл авхуулсан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр эсхүл хуульд заагаагүй хэлбэрээр талууд харилцан тохирч буюу аман гэрээ хийснээр байгуулах боломжтой. ******* болон ******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ дээрх хэлбэрээр байгуулагдсан.

******* нь *******тай уулзаж, тээврийн хэрэгсэл худалдаж авах тохиролцоо хийгээгүй бөгөөд нотариатад очиж гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу *******ыг хэсгээр өмчлөх эрхтэй этгээд буюу тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрийг төлсөн, гэрээ байгуулах бодит харилцаа ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн.

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн нэхэмжлэгч шаардлага гаргаж болох тул хамтран нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэл гаргасан. Үүнийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийнхээ хүрээнд энэ нэхэмжлэлийг гаргасан.

7.3. Гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан эсэх асуудлаар хариуцагч маргасан. Доголдолтой байсан эсэх асуудлын талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй боловч уг асуудал гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Анх ажилд гарах үед унаж явсан *******ын мэдүүлэгт сургалтад сууж 3 дугаар сарын 08-ны өдрөөс ажилд гарах үед доголдож эхэлсэн гэж дурдагдсан. Өөрөөр хэлбэл, хянах самбар дээр stop гэх бичиг гарч ирэн, үйлдэл хийх боломжгүй болсон гэж мэдүүлсэн. Мөн гэрч *******ий мэдүүлэгт байнга л эвдрэл гэмтэлтэй байсан гэж дурдагдсан. Гэрч *******ий мэдүүлэгт мөн адил эвдрэлтэй байсан талаар дурдагдсан. Дээрх гэрчийн мэдүүлгүүд зөрүүгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тухайн тээврийн хэрэгсэл доголдолтой байсан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хүсэл зоригийг илэрхийлж байсан тухай гэрчүүд мөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, эвдрэл гэмтэл гарч байгаа талаар *******тай удаа дараа харилцаж байсан бөгөөд хариуцагч байгууллагын механик инженерүүд засвар үйлчилгээг хамтарч хийж байсан нь үзлэг хийсэн баримтаар нотлогддог.

7.4. Тээврийн хэрэгслийг ******* хүлээж авсан бөгөөд жолооч хүн хэдий ч ямар эвдрэл гэмтэлтэй байгаа талаар мэдээгүй. Маргаан бүхий тээврийн хэрэгслээр цаашид ажил хийх боломжгүй байгаа талаар *******д мэдэгдсэн. ******* нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч төлбөрийг мөнгөтэй болохоороо буцаан хийнэ гэж хэлсэн. Мөн мөнгөний оронд газар авахыг санал болгосон бөгөөд газрын зургийг чатаар явуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй, *******а байгаа талаар мэдэхгүй гэж хариуцагч тал маргадаг боловч *******ы ажиллаж байсан уурхайд 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон ******* компаниас шүүхийн журмаар гаргуулан авсан шалган нэвтрүүлэх түр зогсоолын бүртгэлээр тогтоогдсон. Мөн маргаан бүхий тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүлээж аваагүй гэж тайлбарласан боловч хүлээн авсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл хариуцагч тал хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

7.5. Бид *******ы дор ажилладаг ******* болон ******* гэх бүх процессыг мэдэж байгаа 2 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. ******* нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үеэс оролцсон хүн юм. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчүүд шүүх хуралдаанд ирэхгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч эхэлсэн. Иймд шүүхэд албадан ирүүлэх захирамж гарсан боловч гэрчүүд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй байсан. Шүүхээс захирамжийн биелэлт хангагдсанд тооцох байдлаар гэрчүүдийг асуугаагүй буюу бид *******, ******* нарыг гэрчээр асуух хүсэлтээсээ татгалзсан. Харин *******ээс гэрчийн мэдүүлэг авахаар болсон. Гэтэл хариуцагч тал гэрч асуух хүсэлтээ татгалзсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт шаардагдсан тохиолдолд шүүх нэг удаа өөрийн санаачилгаар дээрх ажиллагааг хийх боломжтой. Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарах тул шүүх өөрийн санаачилгаар гэрч асуух ажиллагааг хийсэн нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан гэрээний үнэд төлсөн 185,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардалд 5,238,920 төгрөг, тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүний төлбөрт төлсөн 22,851,148 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг нийт хохирол 28,112,068 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******ээс тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-гээр ******* нь ******* маркийн ачааны зориулалттай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлэх, ******* нь автомашины үнэ 190,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 6-7 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь *******-д 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 65,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 120,000,000 төгрөг төлж, тээврийн хэрэгслийг хүлээн авч, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд *******ийн нэр дээр 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн. /1хх-ийн 8-10 дугаар тал/

3.3. Талуудын маргааны зүйл нь ******* гэрээний оролцогч мөн эсэх, гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой байсан эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх асуудлаар маргасан.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч маргааны зарим үйл баримтыг буруу тодорхойлж, зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.

4.1. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь эд хөрөнгө болон түүний үнэ бөгөөд энэ талаар харилцан тохиролцсон тохиолдолд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг байгуулагдсан гэж үздэг.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “...******* нь том оврын тээврийн хэрэгсэл худалдаж авахаар болж, *******-ийн захирал *******тай холбогдож, ...******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгөөр худалдан авахыг санал болгосон, түүний саналыг хүлээн зөвшөөрч, ...2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилгаа 65,000,000 төгрөг төлсөн, дараа нь 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр дүү ******* болон *******-ийн хооронд бичгээр гэрээ байгуулсан” гэж тайлбарлажээ.

Дээрх тайлбарыг хариуцагч эсэргүүцэж, маргасантай холбогдуулан гэрч *******ээс мэдүүлэг авсан, тэрээр “...******* нь 2023 оны 10 сард байх над руу яриад уул уурхайн техник авах гэж байгаа юм, таньж мэддэг итгэл даах хүн байна уу гэсэн тул би *******тай холбож өгсөн, ...2024 оны 1 сард худалдаж авсан, ...машины моторт ээлж хийж байхад ирж үзэж байсан” гэж мэдүүлсэн. /1хх-237-244/

Түүнчлэн, 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр “урьдчилгаа *******” утгаар 65,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагч тал дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй тул гэрчийн мэдүүлэг болон урьдчилгаа төлбөрийг төлсөн хугацаа зэргээс үзвэл худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаарх тохиролцоо ******* болон *******-ийн захирал ******* нарын хооронд аман хэлбэрээр хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Өөрөөр хэлбэл, *******, ******* болон ******* нь худалдах, худалдан авах гэрээний талууд болсон байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, мөн давж заалдах гомдол хангагдахгүй.

Харин талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэхэд нэхэмжлэгч нарын хооронд дундын өмчийн харилцаа үүссэн эсэх нь хамааралгүй тул анхан шатны шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй байжээ.

5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

5.1. Талуудын маргааны зүйлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах гэрчүүдээс мэдүүлэг авсан, ******* “...2024 оны 2 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэгч оператор компани болох *******-д очиж ******* автомашиныг анх жолоодсон. ...эхний өдөр ажилд гараад эхний ачилт хийгээд явж байхад хянах самбар дээр “stop” гэсэн бичиг гараад, ажиллахгүй зогссон. ...түлшний эд анги дагалдах жижиг эд ангийг ихэнхийг нь сольсон. ...үнэхээр муу машин байсан” гэж, ******* “...*******ы компанитай түрээсээр ажиллаж байсан, ...******* 03 гэх парк дугаартай машиныг *******аас авсан гээд..., ...байнга эвдрэлтэй байсан, ...ямартай ч ******* би бол энэ машиныг аваад хөдлөхгүй юм байна, зөндөөн эвдэрлээ, ямар ч байсан мотор нь эвдэрчихсэн байсан, ...” гэж, *******ий мэдүүлэгт “...машины эвдрэл, гэмтлийн талаар мэдэж байгаа, ...жижиг сажиг эвдрэлээс болоод нэг сарын 10 хоногт нь ажил хийсэн, бүтэн рейсээ хийж чадахгүй байсан, ...миний мэдэж байгаагаар засвартай гэж их зогсдог байсан. Засвараас гараад хэд хоног явж байгаад зогсчихдог байсан. ...” гэж тус  тус мэдүүлжээ. /1хх-113, 2хх-144-148, 236-244/

Түүнчлэн, нэхэмжлэгч *******ын тээврийн хэрэгслийг засварлахад зориулж *******аас 1,500,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан, уг тайлбарыг хариуцагч талаас эсэргүүцээгүйгээс гадна “******* банк” ХК дахь *******ы эзэмшлийн ******* дугаартай данснаас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “*******” гэсэн утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх-107/

Мөн *******ын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд тээврийн хэрэгслийн эд анги, эвдрэл, гэмтэлтэй холбоотой асуудлаар ******* болон бусад этгээдэд удаа дараа хандаж, харилцаж байсан үйл баримт тусгагджээ. /1хх-216-221/

*******-ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09/26 дугаартай албан бичигт “...******* дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл нь уурхайн бүсэд ажиллахдаа ******* дугаартайгаар 2024 оны 3-5 дугаар сард ажилласан.” гэжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагаас худалдан авсан тээврийн хэрэгслээр 2024 оны 3-5 дугаар саруудад ажил гүйцэтгэх хугацаанд удаа дараа эвдэрч, энэ талаар хариуцагч байгууллагад мэдэгдэж, засварын зардал авч байсан үйл баримт тогтоогдсон байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.  

Тодруулбал, тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч нарт шилжсэнээс хойш хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааны дотор буюу 6 сарын дотор доголдол илэрсэн байна. Энэхүү доголдол нь гэрээ байгуулах үед илрэх боломжгүй далд доголдол байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй талаарх хариуцагч талын гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

6. Учир нь маргаан бүхий тээврийн хэрэгсэл удаа дараа эвдэрч, доголдол илэрсэнтэй холбогдуулан *******ын зүгээс гэрээнээс татгалзах хүсэл зориг илэрхийлснийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар дараах үйл баримтыг үндэслэн хариуцагч байгууллагыг хүлээн авсан гэж үзэхээр байна.   

6.1. Гэрч ******* “...******* гаднаас орж ирээд *******тай автомашиныг 2 сар явуулах гэж үзлээ, явахгүй байна, машин тэргээ буцаагаад өгье гэж хэлсэн. ******* буцааж авахгүй гээд маргаан үүссэн. ...******* ...ах нь энэ машинаа явуулж чадахгүй юм байна больж байгаа гэж хэлээд явсан. ...түлхүүрийг надад өгөөгүй, *******д байсан, ...уурхайн ажил зогсоод дотор нь байсан техникүүдийг гаргах зайлшгүй шаардлага бий болсон, ******* дугаартай автомашин дугуйгүй байсан учраас ******* бид хоёрын заавраар ******* дугаартай автомашинаас авч тавьж байсан. ...” /2хх-240, 243/, гэрч ******* “...ямар ч байсан ******* энэ 2 хүлээлцээд тойроод явж байсныг харсан, ...маргааш нь дахиад тэр ******* машины дугуйг зөөгөөд паркалж байсан. ...” гэж тус тус мэдүүлсэн. /2хх-145, 146, 148/

Мөн гэрч *******ий нотариатчаар гэрчлүүлж, гаргасан тайлбарт “...******* ******* бид хоёрт хандан муу машин зарсан гэж уурлаж, *******-ийн ажилчдын амрах байранд *******тай маргалдан машинаа буцаан өгч, мөнгө төгрөгөө авна гэсэн. ...Тухайн үед тэнд байсан хүмүүс ******* болон ******* нар маргаж наймаа буцсаныг мэдэж байсан бөгөөд ******* ч энэ талаар маш сайн мэдэж байсан. Тус машиныг хүлээлгэн өгөхдөө ******* *******-ийн паркийн талбайд үлдээгээд явсан байсан. ...2024 оны 8 сарын сүүлээр *******, ******* нарын заавраар жолооч операторууд гаргаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баруун талд кемпийн талбайд байрлуулсан. Тухайн үед *******ы заавраар ...******* дугаартай машины 6 дугуйг авч, *******ы ******* УЕЕ машинд тавьж гаргаж ирсэн” гэжээ. /2хх-178-179/

Хариуцагч байгууллагын хүсэлтээр тус байгууллагын ажилтан *******аас  гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр “...2024 оны 10 дугаар сард ...*******тай таарсан, ******* ах намайг шүүхэдсэн байна, хүлээлгэж өгсөн гэж ярьж байна, чамтай юм ярьсан уу гэж асуусан, тухайн үед би үгүй, нарийн зүйл мэдэхгүй гээд өнгөрч байсан. ...паркийн талбайгаас шилжүүлэхэд ******* ахын машин үлдсэн, түлхүүрийг нь хайгаад олдохгүй байсан, ...цонхыг нь онгойлгоод ...нэг түлхүүр олоод гаргаад ирсэн, хийгээд үзтэл таарсан. ...” гэж мэдүүлсэн. /2хх-192-194/

7. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл *******ын мэдүүлэг нь *******, ******* нарын мэдүүлэг болон *******ий бичгээр гаргасан тайлбарыг үгүйсгэж, няцааж чадаагүй, гэрчүүдийн хэн алиных нь мэдүүлгээр маргаан бүхий тээврийн хэрэгслийн түлхүүрийг хэнд үлдээсэн нь тодорхойгүй байх боловч ******* нь тээврийн хэрэгслийн доголдлын улмаас буцаан өгөх хүсэл зоригийг *******д илэрхийлж, *******-ийн паркийн зогсоолд тээврийн хэрэгслийг үлдээж явсан үйл баримт тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар *******ий нотариатчаар гэрчлүүлж, бичгээр гаргасан тайлбар нь бичмэл нотлох баримтад хамаарах бөгөөд нотариатын үйлдэл нь тухайн баримтад бичигдсэн мэдээллийг тухайн этгээд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бичиж, гарын үсэг зурсан болохыг илэрхийлнэ. Иймд ******* бичгээр тайлбар гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгсөн, уг тайлбарт дурдагдсан мэдээлэл нь гэрч *******гийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж дүгнэнэ.   

7.2. Түүнчлэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг тогтоох зорилгоор шүүх шинжээч томилсон, Шинжлэх у******* технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн шинжээчийн дүгнэлтээр “...арын тэнхлэгийн давхар дугуйнуудын дотор талын дугуйнууд байхгүй. Дунд тэнхлэгийн давхар дугуйнуудын дотор талын дугуйнууд байхгүй. Уг автомашинд 14.00R25 хэмжээс бүхий 10 ширхэг дугуйтай байхаас 4 дугуй байхгүй 6 ширхэг дугуйтай байна. Мөн арын тэнхлэгт суурилагдсан 4 ширхэг дугуйг ашиглах боломжгүй байна. ... гэмтлүүдийг засаж, “алдагдсан” эд ангиудыг нэмж угсарч, тохируулга хийхгүй тохиолдолд уг автомашиныг ашиглах боломжгүй. ... Автомашиныг асааж, хөдөлгөөнд оролцуулж туршилт (олон тооны эд ангиуд алга болсон, мөн гэмтсэн, автомашины түлхүүр байхгүй зэргээс болсон) хийгээгүй, бүрэн оношилгоо хийгээгүй учир уг автомашин засварлагдах эсэхийг тогтоох боломжгүй. ...” гэжээ. /2хх-27-33/

8. Иймд маргаан бүхий тээврийн хэрэгслийн түлхүүрийг хэнд үлдээснээс үл хамааран гэрээнээс татгалзах хүсэл зориг *******д хандаж илэрхийлэгдсэн, түүний байгаа газарт тээврийн хэрэгслийг үлдээсэн, ******* маргаан бүхий тээврийн хэрэгслээс дугуйнуудыг салган авч, бусад тээврийн хэрэгсэлд тавьж ашигласан, улмаар *******-ийн кемпийн хашаанд байршуулсан, тээврийн хэрэгслээс олон тооны эд ангиуд алга болсон зэргээс үзэхэд түүнийг эзэмшилдээ хүлээн авсан гэж үзнэ.  

9. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлүүд нь гэрээ байгуулах үед илрэх боломжтой байсан эсэх, худалдахаас өмнө байсан эсэх, ашиглалтын явцад бий болсон эсэх нь маргаанд хамааралгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.

10. Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь моторт бүтэн ээлж хийсэн, хуучин тээврийн хэрэгсэл худалдан авч байгаагаа мэдэж байсан боловч энэ нь худалдагчийн хувьд үндсэн үүрэг болох гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөх, худалдан авагчийн хувьд доголдлын улмаас гэрээнээс татгалзах эрхээ алдах үндэслэл болохгүй юм. Иймд тээврийн хэрэгсэл доголдолгүй байсан, нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан талаарх хариуцагч талын тайлбар, татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй.

11. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний харилцаа дуусгавар болсны үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх гэрээний дагуу нэхэмжлэгч нарын төлсөн 185,000,000 төгрөгөөс гэрээний хугацаанд олсон ашиг болох 19,714,200 төгрөгийг хасаж, үлдсэн 165,285,800 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. 

11.1. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл хангагдахгүй талаар шүүх зөв дүгнэсэн боловч гэрээнээс татгалзсаны үр дагаварт холбогдох шаардах эрхэд хамаарах баримталсан хуулийн зохицуулалт оновчтой бус болсныг залруулж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс тээврийн хэрэгсэлд хийсэн засварын зардал болон зээлийн хүүнд төлсөн гэх нийт 28,112,068 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн дээрх шийдлийг хэвээр үлдээнэ.  

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдэгч төлөөлөгч, өмгөөлөгчийн дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд

13.1. Шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/30343 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гэрч *******, ******* нараас мэдүүлэг авахаар шүүх шийдвэрлэжээ. /2хх-ийн 199-201 дүгээр тал/

Дээрх шүүгчийн захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргасныг шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 192/ШТ2025/00814 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй. /2хх-ийн 203, 217-219 дүгээр тал/

13.2. *******, ******* нар хамтран нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг ******* төлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаарх гомдол хангагдахгүй.

13.3. Мөн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчээс гэрчийн мэдүүлэг авхуулах боломжтой байдаг, энэ талаар талуудад хүсэлт байгаа эсэхийг асууж, нэхэмжлэгчийг чиглүүлсэн гэх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчихгүйгээс гадна гомдлыг хангах үндэслэл болохгүй.

14. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/02129 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 165,285,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,848,268 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,009,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.ЛХАГВАСҮРЭН

 

    ШҮҮГЧИД                                           Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                               Т.ГАНДИЙМАА