| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/07669/И |
| Дугаар | 210/МА2026/00936 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00936
2026 04 27 210/МА2026/00936
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02074 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-г байгуулж, *******загварын барилга, 51.06 м.кв, 2 өрөө орон сууцны үнэ 81,696,000 төгрөгийг *******-д төлж үүргээ биелүүлсэн.
1.2. Дээрх гэрээг байгуулахдаа *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Бартераар орон сууц захиалах гэрээ” болон *******-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот албан бичгийг үндэслэсэн. Тодруулбал, *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Бартераар орон сууц захиалах гэрээ”-гээр маргаан бүхий орон сууцыг *******-аас *******-д гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон байсан. *******-ийн 131 тоот албан бичигт орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулахыг зөвшөөрсөн байсныг үндэслэн орон сууцны үнийг *******-д төлснөөр орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон боловч *******, *******-иуд өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй.
Иймд *******загварын барилга, 51.06 м.кв, 2 өрөө орон сууцыг хариуцагч нараас гаргуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-тай 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Бартераар орон сууц захиалах гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу ******* нь цахилгаан шат нийлүүлэх, угсрах үүргээ биелүүлээгүй учир гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээгээ цуцалсан.
2.2. ******* нь *******тай гэрээний харилцаа үүсгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул маргаан бүхий орон сууцыг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:
3.1. *******, *******-ийн хооронд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Бартераар орон сууц захиалах гэрээ” байгуулагдсан. Мөн *******-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот албан бичгээр *******-д *******тай гэрээ байгуулах эрхийг олгосон зөвшөөрлийг үндэслэн ******* нь *******тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулж, ******* нь орон сууцны үнийг *******-д төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******н тайлбарын агуулга:
4.1. *******-тай 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”-г байгуулж, урьдчилгаа 53,613,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 5 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцон сар бүр төлөлт хийж байгаа. Гэрээ хийхээр очиход энэ блоконд 1 байр үлдсэн, байрны эзэн нь төлөлтөө төлж чадахгүйн улмаас буцаасан байр, та энэ байрыг авч болно гэсэн тул гэрээ хийж урьдчилгаа төлбөрөө *******-ийн дансанд төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ийг ******* загварын барилга, 51.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгөхийг, нэхэмжлэгч *******ыг ******* загварын барилга, 51.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хариуцагч *******-д тус тус даалгаж, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 706,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. ******* нь *******-тай 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, төлбөрийг 100 хувь бартер хэлбэрээр /баригдаж байгаа орон сууцнаас өгөх/ байгуулсан. ******* гэрээнд заасан хугацаанд цахилгаан шатыг нийлүүлээгүй учраас *******-аас гэрээ цуцлах мэдэгдлийг 2 удаа хуульд нийцүүлэн явуулж гэрээгээ цуцалсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад *******-аас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр амаар хүсэлт гаргаж орон сууцыг худалдах эрхтэй гэсэн бичиг хийж өгөөч, бидний ажилд хэрэгтэй байна гэсэн гуйлтыг хүлээн авч худалдах эрхтэй талаарх бичгийг хийж өгсөн. Гэтэл ******* нь цахилгаан шат нийлүүлэх угсрах гэрээгээ 1 хувь ч биелүүлээгүй атлаа ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцогдох *******-ийн өмч болох баригдаж байгаа орон сууцыг гуравдагч этгээдүүдэд хямд үнээр худалдан борлуулсан.
Шударга ёсны зарчмаар манай компани бартераар цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ******* мөнгийг нь хүлээн авсан хариуцлагыг ******* дангаараа хариуцах нь ойлгомжгүй байна.
6.2. ******* захиалгын гэрээг *******-тай хийсэн нэхэмжлэгч *******тай гэрээ хийгээгүй төдийгүй орон сууцны үнийг манайд төлөөгүй. Нэхэмжлэгч ******* *******-аас орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлж авч байгаа бол гэрээний үүрэг мөн адил давхар шилжих ёстой. Өөрөөр хэлбэл, *******-д гэрээгээр хүлээсэн *******-ийн үүрэг болох цахилгаан шатыг нийлүүлэх угсрах ажлыг нэхэмжлэгч гэрээ шилжүүлэн авсан ******* бүрэн хариуцаж байж шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үнийг эзэмшигч *******-д төлж байж үүрэг дуусгавар болохыг шүүх анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Гэрээнд оролцогч талууд хэн хэнийхээ эрхийг зөрчихгүйгээр тусдаа гэрээ байгуулсан хэдий ч *******-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Бартераар орон сууц захиалах гэрээ” болон 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот албан бичиг буюу зөвшөөрлийн үндсэн дээр *******-аас орон сууц худалдан авсан үйл баримт нь хууль ёсны байсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243, 101 дүгээр зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий байна.
7.2. ******* нь гэрээнд заасан төлбөр 81,696,000 төгрөгийг төлсөн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Бартераар орон сууц захиалах гэрээг дагалдан байгуулсан орон сууцны лифт угсралт нийлүүлэх гэрээний үүрэг нь *******, ******* хооронд хэрэгжих ёстой байсан. Тухайн гэрээтэй холбоотой учирсан хохирлыг ******* нь *******-аас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас гэрээг цуцалсан гэдэг боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлэлт дүгнэлт хийж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү
8. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн өмгөөлөгч ******* гаргасан тайлбарын агуулга:
8.1. ******* нь хохирол шаардаж байгаа бол *******-иас шаардах ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээр эвлэрлийн санал хэлэлцэгдэж байсан. Манай байгууллагаас хохирлыг төлөхөд бэлэн байна. 2022 онд хийгдсэн гэрээ нь ковидын улмаас хэрэгжихгүй, БНХАУ-д очер дараалал үүсэж үйлдвэрлэгдэхгүй удсан. *******-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж лифтийг гаргаж өгөхөд бэлэн байна. *******-ийн зүгээс гэрээний үүргийг манай байгууллагаас шаардсан тохиолдолд манай байгууллага биелүүлнэ. Орон сууц авна гээд төлбөр хөлсийг төлсөн иргэнийг хохироох үндэслэл байхгүй гэж үзэж байна.
9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан ******* загварын барилга, 51.06 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* эс зөвшөөрч, маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагч *******-ийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
3.1. Нэхэмжлэгч нь *******, *******-ийн хооронд байгуулагдсан гэх 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 0-03011205 дугаартай “Бартераар орон сууц захиалах гэрээ” болон *******-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дугаартай албан бичгийг үндэслэн *******-тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу орон сууцны үнэ болох 81,696,000 төгрөгийг *******-д бүрэн төлсөн үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхээ бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Энэ тохиолдолд хариуцагч байгууллагууд маргаж буй орон сууцны өмчлөх эрхтэй холбогдох аливаа үйлдлийг хийх эрх бүхий этгээд байх, мөн орон сууцны барилга бүрэн баригдаж, ашиглалтад орсон эсэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой тул маргаан бүхий орон сууцны барилга бүхэлдээ болон хэсэгчлэн улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх бүртгэгдсэн эсэх, барилга ашиглалтад орсон эсэх, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй нөхцөлд орон сууцны барилгын захиалагч хэн болох талаарх баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд хэргийн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй.
4. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА