Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00166

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаана        

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01792 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2201 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Н

          Хариуцагч: “М” ХХК /хуучнаар “М” ХХК/-д холбогдох

    Үндсэн нэхэмжлэл: Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Нд буцааж өгөхийг даалгах тухай,         

         Сөрөг нэхэмжлэл: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

         Нэхэмжлэгч Б.Нгийн гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2013-05-29-ний өдөр “Мандалженерал даатгал” ХХК-с өөрийн танил хүнээр дамжуулан зээл хүссэн бөгөөд  зээл олгох боломжтой гэсэн хариу өгсөн. Ингээд  нэхэмжлэгчийн  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот  116 м.кв байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны дараа 110сая төгрөгийн зээл олгох боломжтой гэж хэлсэн.  2013-05-31-ний өдөр  "Орон сууц худалдах-худалдан авах" гэрээ байгуулагдсан бөгөөд орон сууц худалдах үнийг зээлийн мөнгөн дүнгийн хэмжээгээр бичнэ гээд бичиж гарын үсэг зурсан. Үүнийг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч баталснаар, 300сая төгрөгийн үнэтэй орон сууц компанийн мэдэлд шилжсэн. Гэрээний дагуу  2013-05-31-ний өдөр мөнгө дансаар шилжиж орсон.  Түүнээс хойш зээл төлөхийг  үе үе утсаар шаарддаг байсан ч  санхүүгийн боломж муудсан тул зээлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэтэл 2015-08-28-ны өдөр 15/878 дугаар мэдэгдлийг гэрийн хаягаар ирүүлсэн. Энэ талаар  асуухад  зээлийн гэрээний дагуу авсан 110сая төгрөг дээр нэмж 110сая төгрөг төлвөл орон сууцыг буцаан шилжүүлнэ гэсэн. Зээл олгохдоо зөвхөн зээлийн мөнгө 110сая төгрөгөөр  орон сууцыг шилжүүлэн авсан, одоо орон сууцыг 225сая төгрөгөөр худалдах саналтай байгаа гэсэн. Байрны төлбөрийг “Мандалженерал даатгал” ХХК-ийн  дансанд 2016-03-31-ний дотор шилжүүлэхийг дурдсан бичгийг  санхүү эрхэлсэн захирал нь  ирүүлсэн.  Компани нь хууль зөрчин Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Өөрөөр хэлвэл, зээлийн гэрээгээр халхавчлан орон сууцыг шилжүүлэн авсан. Б.Н болон “Мандалженерал даатгал” ХХК-ийн хооронд 2013-05-31-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг Б.Нд олгохыг даалгаж өгнө үү. Зээлийн гэрээгээр авсан мөнгийг төлнө гэжээ.       

        Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Яаралтай мөнгө хэрэгтэй байгаа орон сууцаа худалдах санал гаргасан. Орон сууцны үнийг бид харилцан тохиролцон гаргасан. Бид түүнд зээл олгоогүй. Манай компани зөвхөн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй учраас зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй бас боломжгүй. Хэрэв зээлийн гэрээ байгуулагдсан бол хүүтэй байх байсан. Б.Нгийн зүгээс бидэнд хүүний төлбөрт нэг ч төгрөг өгч байгаагүй. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш уг орон сууцыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчээс шаардахад тухайн орон сууцыг нэхэмжлэгч мөнгөтэй болохоороо буцааж худалдаж авна гэж хэлсэн. Иймд найз нөхөд танил талаа бодоод түүнийг орон сууцаа буцаан худалдаж авах боломжийг харгалзан үзэж, хүлээсээр байсан. Гэтэл нэхэмжлэгч буцаан худалдаж авах эсэх нь тодорхойгүй байсаар 2015 оны 8 дугаар сар хүрсэн. Нэхэмжлэгч орон сууцыг буцаан худалдаж авах саналыг хүлээн авалгүйгээр шүүхэд хандсан нь ойлгомжгүй. Бид өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар шилжүүлэн авсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “Мандалженерал даатгал” ХХК 2013 онд Б.Нгаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот орон сууцыг худалдаж авах болж 2013-05-31-ний өдөр "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ" байгуулсан. Үүний дагуу гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу түүний дансанд 110 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч одоог хүртэл байрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106.1-р өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардаж байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот орон сууцыг  Б.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.     

        Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Б.Н өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот  байраа барьцаалж 110сая төгрөг зээлэх хүсэлтээ  илэрхийлэхэд хариуцагч зөвшөөрсөн. Гэхдээ  орон сууцыг байгууллагын нэр дээр шилжүүлэн авсны дараа  зээлийг олгоно гэсэн тул  худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ зээлийг авах үед  мөнгөний хэрэгцээ их байсан тул арга буюу  зөвшөөрч  орон сууцыг шилжүүлж, үнийг  олгогдох зээлийн мөнгөн дүнгийн хэмжээгээр  тавихыг шаардсаны тул  110сая төгрөг гэж бичсэн. Орон сууцыг тухайн  хамгийн бага ханшаар бодоход 290сая  төгрөг байсан. Талуудын хүсэл зориг нь мөнгө зээлэх, зээлдүүлэх байсан. Зээл авсан, зээлээ бүрэн төлж чадаагүй нь үнэн. Б.Н зээлээс хэсэгчлэн төлж байсан. Энэ төлбөр хийсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01792 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Мандалженерал даатгал" ХХК-д улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон, 102 дугаар байр, 17 тоот орон сууцыг Б.Нд буцаан өгөхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс  төлсөн 708.000 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, "Мандалженерал даатгал" ХХК-иас 708.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар  сарын 13-ны өдрийн 2201 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01792 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг Б.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг  хуваарилан,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

       Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Давж  заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243.1-р худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгө болон бичиг баримтыг худалдагч нь худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэтэл уг орон сууцыг хүлээлгэн өгч, хүлээн аваагүй, тухайн байранд одоог хүртэл нэхэмжлэгч оршин сууж байгаа нь тогтоогдож байгаа. 2015-08-28.,  2016-03-24-ны өдрийн мэдэгдлээр  орон сууыг 225 сая төгрөгөөр худалдах саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн баримт, 2016-03-31, 2016-04-26-ны өдөр зээлээс төлсөн баримтыг шүүх  анхаарч  үзсэнгүй. Хариуцагчийн 2017-09-12-ны өдрийн  гомдолд  “..танил найз нөхдөө бодоод орон сууцаа буцаан худалдан авах боломжийг харгалзан үзэж хүлээсээр байсан... худалдан авах эсэх нь тодорхойгүй байсаар 2015 оны 8 сарын сүүл хүрсэн... 2016-03-24-ний өдрийн мэдэгдэлд  225сая төгрөгөөр худалдах санал тавьсан, худалдах-худалдан авах гэрээ байгаагүй, харин  буцаан худалдах-худалдан авах болзолтой хийсэн  гэрээ байсан..”  гэх мэт баримт хэрэгт байхад  харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлан  байгуулагдсан гэрээг 243.1-д хамаарах гэрээ гэж сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэхдээ хүсэл зориг байгаагүй нь орон сууцаа өдий хүртэл хүлээлгэн өгч, хүлээн аваагүй, шаардаагүй, худалдагчид эгүүлэн орон сууцаа худалдан авах санал тавьсан зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж  хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судалсны үндсэн дээр шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж буй хэдий ч зээлийн гэрээг халхавчлан, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор байгуулагдсан Иргэний хуулийн 235-д заасан “Фидуцийн гэрээ”-г ашиглан хуулийн энэ заалтыг зөрчиж хийсэн гэрээ байсныг давж заалдах шатны шүүх гэрээг ялган танилгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 243.1-д заасны дагуу байгуулагдсан гэрээ гэж дүгнэсэнд тус тус гомдолтой байна.  Орон сууцны үнэ тухайн үеийн  үнэлгээгээр 266.800.000 төгрөг гэж үнэлэгдсэн байна.Одоо ч ийм үнэтэй байгаа. Гэтэл энэ үнэлгээг харгалзан үзээгүй. Тэгээд ч тухайн үед зах зээлийн үнийн 40%  буюу 110сая төгрөгөөр орон сууцаа зарах хэн ч байхгүй. Харин талуудын хэн аль нь 110сая төгрөгийг авсан өгсөн талаар маргадаггүй тул талуудын хооронд хийгдсэн гэрээнд дүгнэлт хийж,  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.Н 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “М” ХХК / хуучнаар “Мандалженерал даатгал” ХХК/-д холбогдуулан шүүхэд /хх1-2/ хандан, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “орон сууц худалдах-худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 11-р хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102-р байр, 17 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх нэхэмжлэл гаргасан  /хх 1-2, 58-60, 77,182/ байна.

       Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, орон сууцыг Б.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг /хх 30, 71/ шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...зохигчдод худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй нь  тогтоогдож байна...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн  байна.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа “... орон сууцыг худалдсан нь тогтоогдсоноос гадна орон сууц хариуцагчийн өмчлөлд шилжсэн байна... орон сууцыг худалдах санал хүргүүлсэн зэрэг баримт нь зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг үгүйсгэх, нөхцөл болохгүй...нэхэмжлэгчийн баримтууд нь зээлийн гэрээ байгуулагдсаныг хангалттай, эргэлзээгүйгээр нотлохгүй байна...” гэжээ.

         Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд “... орон сууцыг өгч, аваагүй, байранд  нэхэмжлэгч оршин сууж байгаа... орон сууцыг 225 сая төгрөгөөр худалдах санал, зээлээс мөнгө төлж байсан баримтыг шүүх  анхаарч үзсэнгүй...худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэнд гомдолтой...хариуцагч буцааж худалдах-худалдан авах гэрээ гэж хэлдэг үүнд шүүх дүгнэлт хийгээгүй... шүүх үнэлгээг харгалзан үзээгүй...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Талуудын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 6, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцнэ.

        Зохигчид шаардлага болон татгалзлаа нотолж, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “орон сууц худалдах-худалдан авах” гэрээ /хх 6/, М ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15/878., 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16/066F дугаар мэдэгдэл /хх7,8/, дансны хуулга /хх 9-12/., оршин суугаа хаягийн тодорхойлолт Б.Нгийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт /хх13-14/.,итгэмжлэл /хх 5,17,35,170/., Мандалженерал даатгал ХХК-н хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх 28-29/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 42/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 43-45/, компанийн дүрмийн хуулбар /хх 46-47/, Маршал Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт нэхэмжлэхийн хамт /хх 55-56/., Маршал комфорт ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 002/051 дугаартай тодорхойлолт /хх 57/., Б.Нгаас хариуцагчид 2016-03-31-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх 70-71/., өмгөөлөгч Г.Мөнхбатад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай Бэста ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 001 дугаар албан бичиг /хх 171/., М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар /хх 179/-г шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд өөр баримт хэрэгт байхгүй, уг баримтын хэмжээнд шүүх шийдвэр гаргасан байв.

       Шүүх эдгээр баримтын хүрээнд шийдвэр гаргасан тул хяналтын шатны шүүхээс уг баримтыг үндэслэн гомдлын талаар дүгнэлт хийнэ.  

       Б.Н  нь Улаанбаатар хотын, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот нэг хүний буюу өөрийн өмчлөлийн  орон сууцыг Мандалженерал даатгал ХХК-н өмчлөлд шилжүүлж 110.000.000 төгрөг авсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаангүй байна.

        Харин зохигчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн үндэслэлийн талаар маргаж, нэхэмжлэгч “...хариуцагчаас 110.000.000 төгрөг зээлж,  барьцаанд нь  орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн...” гэж, харин хариуцагч “...орон сууцыг 110.000.000 төгрөгөөр худалдан авсан...” гэж мэтгэлцжээ. 

       Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд, нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Б.Н Мандалженерал даатгал ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. 

       Өөрөөр хэлбэл, талууд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид шилжүүлсэн, уг орон сууцны өмчлөгч нь “Мандалженерал даатгал” ХХК болсон тул сөрөг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд нийцжээ.         

       “...17 тоотод оршин суугч Б.Н та ...компанийн албан тушаалтантай...ирж уулзана уу...” гэсэн 2015 оны 15/878 дугаар мэдэгдэл., “... таны хүсэлт гаргасны дагуу ...компани нь ...17 тоотод байршилтай...үл хөдлөх эд хөрөнгийг 225 сая төгрөгөөр худалдах саналтай байх тул дээрх төлбөрийг ...тоот дансанд 2016-03-31-ний дотор шилжүүлнэ үү...” гэсэн 2016 оны 16/066F дугаар мэдэгдэлд талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны тухай ямар нэг мэдээлэл байхгүй тул уг баримт нэхэмжлэлийг нотлоогүй тухай  давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

        Б.Нгаас хариуцагчид 2016-03-31-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн хэдий ч энэ нь зээлийн гэрээний төлбөр эсхүл 2016 оны 16/066F дугаар мэдэгдлийн дагуу шилжүүлсэн мөнгө эсэхийг ялгах боломжгүй тул уг баримт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг  нотлоогүй гэж үзнэ. 

      Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56, 57, 106, 243, 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд засан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

      Нэхэмжлэгч 2016-03-31-ний өдөр 200.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг нийт 400.000 төгрөг шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй тул уг мөнгийг Б.Н буцааж шаардахад энэ тогтоол саад болохгүй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2201 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 708.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                               Б.УНДРАХ