Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ХШТ/135

 

Х.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолтой, Х.Д-т холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1952 оны байдлаар Х.Д нь Сүхбаатар аймгийн Зотол сумын 11 дүгээр багийн харьяат, Дотоод Монголын Шилийн голын чуулганы Баруун хуучид хошуунд 1931 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, 1945 онд тус улсад орж ирсэн, баригдахын өмнө Сүхбаатар аймгийн Зотол суманд амьдарч байсан.          

Х.Д нь нам засгийн удирдагч болон нам, улсын байгууллагын идэвхтэн нарыг үг хэлээр гүтгэн доромжилж, “алж, хорлоно” гэх зэргээр хорсон занасны зэрэгцээ хувийн хөрөнгөд халдаж ард Ж-ын 1 хонийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Х.Д-ийг хувийн бодол, өшөө хонзонгоор нам засгийн удирдагч нарыг доромжлон “ална” гэж занаж байсны дээр ардын малыг санаатайгаар сүйтгэсэн хэрэгт 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 18, 64 дүгээр зүйлийг тус тус баримтлан 60 дугаар зүйлд зааснаар буудан албал зохих боловч зориуд бэлтгэж байсан ажиллагаа, зэвсэг багажгүй, санаа сэтгэл нь бачимдсан, ухвар мөчид байдлыг харгалзан 64 дүгээр зүйлд зааснаар 10 жил хорих ял шийтгэжээ.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлд зааснаар 10 жил хорих ял хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн баримтуудаас үзэхэд Х.Д нь Ардын хувьсгалт засгийн төлөөлөгчид болон хувьсгалын байгууллагуудын ажилчдыг тэдгээрийн албан тушаалын буюу олон нийтийн ажил явуулгад холбогдуулж хороохыг завдсан буюу хэрэглэх зэвсэг, аргыг зохиосон, уг гэмт хэргээ үйлдэхээр бэлтгэсэн гэх баримт байхгүй. Түүний бүхий л мэдүүлэг болон Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн бэлтгэл хурлын 23 дугаар тусгай тогтоолын тэмдэглэлд: Дээс “орон нутгийн албаны ба энгийн хүмүүсээс намайг галзуу, солиотой гэж доромжлон дарладаг, эцэг, эх, ах дүү, энэрч тэтгэх хүнгүй өнчин ядуу болохоор элэг барьж хэдэн малаас минь хулгай хийдэг, албан газарт энэ тухай мэдүүлэхэд хайхардаггүй, ингэж амьтан хүнд дарлуулж зовж зүдэрч сэтгэл санаагаар унаж амьд явснаас үхсэн дээр гэж боддог юм. Одоо ч үхэхэд гомдол, аминд минь хайр алга байна. Би Ч-г “мухар халзан бух юм, түүнийг дөнгөлж ална” гэж, аймгийн хариуцлагатан Б, Ө нарыг мөн “ална” гэж байсан. Би үнэндээ алъя гэсэн бодолгүй, харин үхэхийн тулд ярьсан юм. Өөрийгөө алах буу алга, боож үхэх гэхээр үхдэггүй юм байна лээ. Тэгээд аминд харшилтай яриа ярьж байгаад үхье гэж бодсон. Хуулиас яаж ч шийтгэвэл дагана, болбол хүнд ял өгөөсэй гэж бодож байна” гэж мэдүүлснээс үзэхэд Дийн бусдад дээрэлхүүлж байсан талаарх мэдүүлгүүдийн үнэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ хэргийн талаар холбогдох гэрчүүд /Б, О, С, Ө, Л, Г, П, М, Ш/-ийг байцаагаагүй, нам засгийн удирдагч, нам, улсын байгууллагын идэвхтэн нарыг үг хэлээр гүтгэн доромжилж, “алж, хорлоно” гэсэн гэм буруугийн санаа зорилгыг хангалттай баримтаар тогтоогоогүй атлаа галзуу, солиотой гэж харагдуулахаар зориуд тараасан худал цуу үгэнд үндэслэж улс төрийн хэргээр ял шийтгэсэн нь шийтгэх тогтоолоос илэрхий байна.

Х.Д-ийн үйлдсэн гэх хэрэгт гэм буруугийн санаа зорилгыг хангалттай баримтаар тогтоолгүй улс төрийн зорилгоор хилсээр хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзнэ.

Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Х.Д-т хорих ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д заасан /1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлд “Энгийн хүмүүсийн эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэсэн буюу гэмтээсэн байвал 1 жил хүртэл хугацаагаар хорих буюу засан хүмүүжүүлэх ажлыг хийлгэх, эсвэл 1500 төгрөг хүртэл торгож шийтгэвэл зохино” гэж заасан гэмт хэрэг нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

Иймд 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлд зааснаар Х.Д-т хорих ял шийтгэсэн Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Х.Д-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийн 5.1.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Х.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

2.Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Х.Д-ийг “... Ардын хувьсгалт засгийн төлөөлөгчид болон хувьсгалын байгууллагуудын ажилчдыг тэдгээрийн албан тушаалын буюу олон нийтийн ажил явуулгад холбогдуулж амийг хорлохыг завдсан, мөн энгийн хүмүүсийн эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэсэн буюу ард Ж-ын 1 хонийг санаатайгаар сүйтгэсэн” гэж дүгнэн, 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 18, 64 дүгээр зүйлийг тус тус баримтлан 60 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял шийтгэжээ.

3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Х.Д нь Ардын хувьсгалт засгийн төлөөлөгч, улсын байгууллагын ажилчдыг албан тушаалын байдалтай нь холбогдуулан алахыг завдсан, уг гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхээр бэлтгэсэн, хэрэглэх зэвсэг, аргыг сонгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тэрбээр “... Ч-г “мухар халзан бух, түүнийг дөнгөлж ална” гэж, аймгийн хариуцлагатан Б, Ө нарыг мөн “ална” гэж ярьсан. Би үнэндээ алъя гэсэн бодолгүй, үхэхийн тулд ярьсан юм” гэж мэдүүлсэн бөгөөд хүнийг алах гэмт санаа зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, боломж, гэмт хэрэгт завдсан, бэлтгэсэн үйлдлийн хуульд заасан шинж бүрдсэн эсэхийг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримтгүй байх тул Х.Д-ийг хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Харин түүний үйлдсэн бусдын 1 тооны хонийг төхөөрч хууль бусаар ашигласан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, шүүхээс хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэсэн болохыг дурдах нь зүйтэй.

5.1942 оны Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйл нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д хамаарч байх тул Х.Дийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэлтэй байна.

6.Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоос 1942 оны Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр Х.Дийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1952 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоос Х.Д-т 1942 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18, 64 дүгээр зүйлийг тус тус баримтлан 60 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                     С.БАТДЭЛГЭР

М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Ч.ХОСБАЯР