Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 674

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Түмэн тал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гүржав, Г.Ганболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Түмэн тал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Түмэн тал” ХХК-ийг сэргээн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гүржав, Г.Ганболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаа, гэрч Н.Нансал, С.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Түмэн тал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гүржав, Г.Ганболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Түмэнтал” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдаж, ашигт малтмалын ашиглалтын МV-005356 дугаар тусгай зөвшөөрөлтэй гөлтгөний орд болон ашигт малтмалын ашиглалтын МV-017423 дугаар тусгай зөвшөөрөлтэй шохойн чулууны ордыг эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Гэтэл БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь танай шохойн чулууны болон гөлтгөний дээрх ордуудад чинь Монголын талаас нэг ч төгрөг гаргуулахгүйгээр шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийж, хамтарсан компани байгуулж хамтран ажиллая гэсэн санал тавьсныг бид хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү тохиролцооныхоо дагуу дээрх Монголын “Түмэнтал” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал” ХХК болгон өөрчилж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 320000000 (гурван зуун хорин сая) төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн нийт хувьцааны 20,0 хувийг Гүржавын Энхжаргал, 20,0 хувийг Ганхуягийн Ганболор эзэмшиж, харин хувьцааны 60,0 хувийг дээрхи амлалтыг нь үндэслэн, хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөлд өөрийн эзэмшиж байгаа 60,0 хувийн хувьцааг “Түмэнтал” ХХК-д эдэлж байгаа эрхийн хамт Монголын талын хувьцаа эзэмшигчдэд үл маргах журмаар, үнэ төлбөргүй буцаан шилжүүлнэ гэсэн хатуу болзолтойгоор БНХАУ-ын иргэн Ши Жун Ганд эзэмшүүлэхээр болсон юм. Гэтэл Ши Жун Ган нь Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал” ХХК-ийг дөнгөж байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсний дараахнаас эхлээд өнөөг хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Компанийн тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчиж, гадаадын хөрөнгө оруулагч байх эрхээ алдаад байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу 5 гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгийн хэмжээ 100000 америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх ёстой. Энэ заалтын дагуу БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь 100.0 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний 630,000 юань (186000000 төгрөг)-ийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хамтарсан “Түмэнтал” ХХК-ийн ХААН банкин дахь юанийн дансанд хийсэн. Гэтэл Ши Жун Ган нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д “Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэр биелүүлэхээс татгалзах” гэсэн эрхийнхээ, дагуу тус компанийн ерөнхий нягтлан бодогч Ө.Ганхуягаас таны хамтарсан компанид хувь нийлүүлж оруулсан 630000 юань чинь хамтарсан компанийн мөнгө учир хувьдаа буцааж авч болдоггүй юм гэж хориглож зүй ёсны шаардлага тавьсаар байтал түүнийг үл тоож, 630000 юань бол миний мөнгө, тиймээс би дуртай үедээ буцааж авах эрхтэй гэж хэлээд 330000 юань (101607000 

төгрөг)-ийг тус компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүлээж байгаад хамтарсан компанийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснззс хойш дөнгөж 4 хоногийн дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр харилцах данснаас бэлнээр гаргаж хувьдаа авсан. Ши Жун Ганы уг мөнгийг хувьдаа буцааж авсан. Хамтарсан компанийн үйл ажиллагаа огт эхлээгүй, түүний хувь нийлүүлж оруулсан 630000 юаниас нэг ч төгрөгийг компанид зарцуулаагүй байсан юм. Ши Жун Ганы хийсэн дээрхи үйлдлээс үзвэл тэрээр хамтарсан компанид 100000 доллартой тэнцэх 630000 юанийг өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгө (Дүрмийн сан) болгон оруулахдаа анхнаасаа Улсыг болон Монголын талын хувьцаа эзэмшигч иргэдийг хууран мэхэлж, хамтарсан компанийг байгуулсан нэр хүлээж, эрх мэдэл олж авах гэсэн далдын санаатай зорилготой байсан нь тодорхой харагдаж байна. 

Нэгэнт тэрээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дугаар заалтыг санаатайгаар зөрчиж, хамтарсан компанид хувь нийлүүлж оруулсан 630000 юаниасаа 330000 юанийг хувьдаа буцааж авсан тул түүний хамтарсан компанид хувь нийлүүлсэн хөрөнгө энэ хэмжээгээр багасч, үүнээс үүдэлтэйгээр Ши Жун Ганы хамтарсан компанид эзэмших хувьцаа 60,0 хувь биш, 38,64 хувь болж буурсан юм. Үүнийг баталгаажуулж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” гэсэн заалтын дагуу хамтарсан компанийн 2015 оны II улирлын санхүүгийн тайланд Ши Жун Ганы хувьдаа мөнгө авсан 330000 юань буюу 101607000 төгрөгийн хэмжээгээр түүний хувь нийлүүлсэн хөрөнгө (Дүрмийн сан)-ийг бууруулан үнэн зөвөөр нь тусган гаргаж, санхүү, татварын байгууллагад тушаасан. Ши Жун Ган нь энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч уг тайланд гарын үсгээ зурсан болно. 

Гэтэл Ши Жун Ган нь хамтарсан компанийн 2015 оны III улирлын санхүүгийн тайланг гаргахдаа дээрх хувьдаа буцааж авсан мөнгөө нөхөж хийгээгүй мөртлөө хийсэн болгож Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичихийг хориглох” гэсэн заалт болон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус санаатайгаар зөрчиж, хамтарсан компани нь Ши Жун Ганаас нэг ч төгрөгийн авлагагүй байтал өөрөөс нь компани 101607000 төгрөгийн авлагатай мэтээр хуурамчаар зохиомол авлага үүсгэж, түүнийгээ өөрт нь компаниас өгөх зээлийн өрөөс суутган тооцсон болгож, анхан шатны ямар ч баримтгүйгээр нягтлан бодох бүртгэл, тайланд тусгаж, зориуд санаатайгаар хуурамч бичилт хийж, санхүү, татварын байгууллагад тушаасан байна.

Үүнийг нь Монгол талын хувьцаа эзэмшигчид мэдэж илрүүлэнгүүт тэрээр хувь нийлүүлсэн хөрөнгөнөөсөө хувьдаа буцааж авсан мөнгөө төлье гээд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Миний бие 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр “Түмэнтал” ХХК-ийн ХААН банкин дахь 5084317695 тоот юанийн харилцах дансанд 400000 юанийг хийсэн бөгөөд үүнээс 330000 юанийг нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс авсан 330000 юань буюу 101607000 төгрөгийг буцааж өгсөнөөр тооцож нягтлан бодох бүртгэлд тусгах тухай хүсэлтийг Монгол талын хувьцаа эзэмшигчдэд бичгээр гаргасан. Монгол талын хувьцаа эзэмшигчид түүнд итгэн хүсэлтийг нь хүлээж авсан. Гэтэл тэрээр хувь нийлүүлсэн хөрөнгө (Дүрмийн сан)-өөс хувьдаа буцааж авсан 330000 юанийг хувиасаа төлөх ёстой байтал хамтарсан “Түмэнтал” ХХК-иар төлүүлэхээр Хятадын “Хос орд экүйпмент” ХХК-тай өөрийнхөө нэрээр гэрээ хийн 400000 юанийн зээлийг хувьдаа авч, уг мөнгийг тус компаниар төлүүлж, компанийг 400000 юанийн өрөнд оруулан Монголын талын хувьцаа эзэмшигчдийг улайм цайм хууран мэхэлсэн байлаа. Энэ нь хамтарсан компанийн 2015 оны IV улирлын санхүүгийн тайланг гаргахдаа “Түмэнтал” ХХК-иас “Хос орд экүйпмент” ХХК-д 400000 юань (125000000 төгрөг)-ийг өгөх болсноор нотлогдож байгаа юм.

Энэ бүхнээс үзэхэд Ши Жун Ган анхнаасаа Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал" ХХК-ийг байгуулсан нэр хүлээж, эрх мэдэл олж авч гүйцэтгэх захирал болох гэсэн зорилго нь биелэлээ олж, түүний ар талд Монгол талын хувьцаа эзэмшигч иргэд эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоороо онц ихээр хохироод үлдлээ. Ши Жун Ган нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу хамтарсан компанид 100000 америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрэн оруулж байж гадаадын хөрөнгө оруулагчийн болзлыг хангах ёстой байтал анх оруулсан 100000 ам доллароос 52380 ам.доллартой тэнцэх 330000 юанийг буцаагаад авчихсан учир энэ хэмжээгээр түүний дүрмийн санд оруулсан өөрийн хөрөнгө дутаж, гадаадын хөрөнгө оруулагч болох шаардлагыг хангаж чадахгүй болсон.

Үүнтэй холбогдуулан хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хурлаар хамтарсан компаниас 2015 онд хийсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээний асуудал болон компанийн гэрээ, дүрмийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэх үед Хятад талын хувьцаа эзэмшигч  Ши  Жун  Ган  нь  дээрх  асуудлын   талаар  хуралд   бэлтгэж   урьдчилан 

тараасан материалаас өөрийг нь хамтарсан компаниас гаргах болон хамтарсан компанийг хамтарсан компани биш болгох гэж байгааг мэдээд уг асуудлыг хэлэлцүүлэхийг зориуд санаатайгаар хойшлуулахын тулд тус компанийн 2015 оны үйл ажиллагаанд “Санхүүч Аудит” компаниар хийлгэсэн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа дүр эсгэн би энэ хурлыг зөвшөөрөхгүй “Та нар хуулийн байгууллагадаа ханд” гэснээр хурлыг хийх боломжгүй болж хурал тарсан.

Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дахин хуралдуулан хамтарсан компанийн гэрээ, дүрмийн биелэлтийн асуудлыг хэлэлцэж, энэ асуудлаар хамтарсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Гүржав өмнөх хуралд тараасан илтгэлээ танилцуулсан. 

Ийнхүү Ши Жун Ган нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөний дээр Монгол талын хувьцаа эзэмшигчдийн эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироогоод байна. Тухайлбал, Ши Жун Ган нь Хамтарсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурал дээр "Түмэнтал” ХХК-ийн хятад тал бүх үйл ажиллагааг хариуцах бүрэн эрхтэй, Монгол тал нь хяналт тавих эрхтэй бөгөөд үйл ажиллагаанд эрхгүй гэж албан ёсоор мэдэгдэж, хамтарсан компанийг зөвхөн хувийн ганц гишүүнтэй компани мэтээр үзэж, Монгол талын хувьцаа эзэмшигчдийг үл тоож, уг мэдэгдлийг хийснээсээ хойш Монгол талын хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг компанийн үйл ажиллагаанд оролцуулахаа больж, бүх асуудлыг дангаараа шийдвэрлэж, дураараа авирладаг болсон. Үүнээс болж компанийн ажлыг бүхэлд нь унагаж, 2016 оны байдлаар хамтарсан компанийг 1024,3 сая төгрөгийн өрөнд оруулж, компанийг 356,2 сая төгрөгийн алдагдалтай ажиллуулж, тус компанийг дампууруулахад хүргээд байна.

Монгол талын хувьцаа эзэмшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гүржав, Ө.Ганхуяг нар хувьцаа эзэмшигч Ши Жун Ганд хувьцааны асуудлаар хамтарсан компанийн гэрээ, дүрэмд ойрын үед өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр албан шаардлага хүргүүлж, уг албан шаардлагын хариуг 2016 оны 05 дугаар сарын 19-ны дотор албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн боловч ямар ч хариу өгөөгүй. 

Иймээс Монголын талын хувьцаа эзэмшигчид бид 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ши Жун Ган та Монгол улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасан" ... Гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгийн хэмжээ оруулалтын  хэмжээ  100000  америк  доллар  буюу  түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш байх" гэсэн шаардлагыг хангаагүй учир гадаадын хөрөнгө оруулагч биш болсон, улмаар Монгол-Хятадын Хамтарсан “Түмэнтал" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалтын компани биш болж байгаа учир энэ асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэн даруй авч хэлэлцэх шаардлагатай болсон тухай хугацаатай албан шаардлагыг түүнд хүргүүлсэн боловч бас л ямар ч хариу өгөөгүй.

Ши Жун Ган нь Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч байх эрхээ нэгэнт алдсан учир түүнийг хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдээс гаргаж, тус компанийг хамтарсан компани биш болгох асуудлыг хамтран компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээс эмээж, Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батлана” гэж заасныг зөрчин хурлыг зориуд санаатайгаар хийлгэхгүй зугтаж, Монгол-Хятадын хамтарсан компанийг хамтарсан компани биш болгож, урьд нь 2015 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан Монголын 100,0 хувийн хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ши Жун Ган нь эрүүгийн хэргийн асуудлаар Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байх үедээ хамтарсан компанид мөнгө олж ирнэ гэж худлаа хэлж, Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 10 дугаар сард 14 хоногийн хугацаатай чөлөө авч яваад одоо болтол эргэж ирэлгүй сураггүй алга болсон. Үүнээс үүдэн 2016 оны 10 дугаар сараас хойш хамтарсан компани нь гүйцэтгэх удирдлагагүй болж, гадны байгууллага, хүмүүстэй харилцах ямар ч нөхцөлгүй болж, тус компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, түүнээс шалтгаалан Монголын талын хувьцаа эзэмшигч бид эх орныхоо нутагт харийн зальт этгээдийн хууль бус зальт үйлдлээс хамааран компанийхаа үйл ажиллагааг бие даан явуулах эрх зүйн ямар ч чадамжгүй болж хохироод байна. 

Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал" ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани биш болохыг Монгол Улсын хэмжээнд уг асуудлыг зохион байгуулж хэрэгжүүлэх эрх бүхий Төрийн захиргааны төв байгууллагууд дараах байдлаар баталж байгаа юм. Үүнд:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-д заасны дагуу нягтлан бодох бүртгэлийг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар Монгол Улсын хэмжээнд хангах үүрэгтэй Монгол Улсын Сангийн яамнаас, тухайлбал  Сангийн  яамны  нягтлан  бодох бүртгэлийн бодлогын газраас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Түмэнтал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г. Энхжаргал, Г.Ганболор нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. Гүржав, Ө.Ганхуяг нарт ирүүлсэн 6/2360 тоотдоо “Компанийн дүрмийн санд оруулсан хөрөнгийг буцаан татсан тохиолдолд дүрмийн санг бууруулж бүртгэх нь зүйтэй” гэжээ. Эндээс үзэхэд Ши Жун Ган нь хамтарсан компанид анх хувь нийлүүлж оруулсан 100000 (нэг зуун мянга) америк доллараасаа 52380 америк доллартой тэнцэх 330000 юанийг буцаагаад авчихсан учир түүний хувь нийлүүлсэн хөрөнгө (Дүрмийн сан) 47620 америк доллар болон буурч гадаадын хөрөнгө оруулагч байх эрхгүй болсон. 

Үндэсний Хөгжлийн газраас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монгол-Хятадын Хамтарсан “Түмэнтал" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Гүржав, ТУЗ-ийн гишүүн Ө.Ганхуяг нарт ирүүлсэн 01/188 албан бичигт “Хөрөнгө оруулалтын хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгийн доод хэмжээ болох 100 мянган америк доллар нь хөрөнгө оруулагч тухайн аж ахуй нэгжийн тодорхой хувийн хувьцааг эзэмшихээр төлсөн хувьцааны төлбөр буюу хувь нийлүүлсэн хөрөнгө байна” гэжээ. Ши Жун Ган нь гадаадын хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгийн доод хэмжээ болох 100000 (Нэг зуун мянга) америк долларын шаардлагыг хангалгүй, дөнгөж 47620 (100000-52380) америк долларыг хувь нийлүүлсэн хөрөнгө (Дүрмийн сан)-д оруулсан учир гадаадын хөрөнгө оруулагч биш болж байгаа юм. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан 201 дүгээр дүгнэлтэд “Ши Жун Ган нь ТУЗ-ийн шийдвэргүйгээр компанийн харилцах данснаас 330000 юань буюу 101607000 төгрөгийг авсан байна” гэжээ. Энэ нь Ши Жун Ганыг хувь нийлүүлсэн хөрөнгө (Дүрмийн сан)-д оруулсан 10000 америк доллартой тэнцэх 630000 юаниасаа 330000 юань буюу 101607000 төгрөгийг дураараа авирлан ТУЗ-ийн шийдвэргүйгээр хувьдаа буцааж авсныг нотолж байна.

Эдгээр хөдөлбөргүй баримтуудаас үзэхэд БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь Монгол Хятадын хамтарсан “Түмэнтал” ХХК-ийн хөрөнгө оруулагч биш болох нь нотлогдож байна. Нэгэнт Ши Жун Ган нь гадаадын хөрөнгө оруулагч биш болсон учир түүний хувь нийлүүлж байгуулсан Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани биш болох ёстой. Асуудал ийнхүү тодорхой байсаар байтал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, хяналтын газар хоёр бие бие рүүгээ түлхэж, уг асуудлыг шийдвэрлэж өгөхгүй өөрсдөөсөө зайлуулж эцэстээ шүүхээр шийдвэрлүүл гэж биднийг чирэгдүүлж хохироогоод байна.

Иймд Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани биш болгуулж, Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал" ХХК-ийг сэргээн бүртгэхээс татгалзсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх өөрчлөлтийн бүртгэлийг хийлгэж бүртгүүлэх хүсэлттэй байна” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаа шүүхэд гаргасан тайлбартаа: ““Түмэнтал" ХХК-ийг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А-25 дугаар тушаалаар гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бүртгүүлэх шийдвэр гарч тус газарт мөн ны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

“Түмэнтал” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай компани болгож, 60 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Ши Жун Ган, 20 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Энхжаргал, 20 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Ганболор нарыг, гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ши жун ган-ыг бүртгэхдээ хуульд заасан шаардлагатай баримтуудыг үндэслэн бүртгэсэн.

Дээрхи бүртгэлийг хийхэд ирүүлсэн баримт бичгүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Г.Энхжаргал, Г.Ганболор нарын гаргасан нэхэмжлэлийн 4 дүгээр хуудсад тус газарт ирүүлэх баримт бичгийн талаар дэлгэрэнгүй хариуг өгсөн байна. Үүнийг хувьцаа эзэмшигч нар биелүүлээгүй нэхэмжлэл гаргасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ…23.3.1. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 23.3.2. Эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоол, 23.3.3. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 23.3.4. Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, 23.3.5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч тал нь “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн 3.1.5 дугаар зүйлд заасан гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100000 америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний 630,000 юань “Түмэнтал” ХХК- ийн дансанд шилжин орж ирсэн болохыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдсан байх ба улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар нотлогдож байна.

Иймд “Түмэнтал” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай компани болгож, 60 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Ши жун ган, 20 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Энхжаргал, 20 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Ганболор нарыг, гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ши жун ган-ыг бүртгэсэн бүртгэл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Энэ бүгдээс дүгнэхэд компанийн захирал, хувьцаа эзэмшигчийн үйл ажиллагаанаас учирсан хохиролд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах хуулийн үндэслэлгүй болох нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гүржав, Г.Ганболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг нараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Түмэн тал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Түмэн тал” ХХК-ийг сэргээн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7 дэх хэсэг , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1  дэх хэсэгт тус тус заасан чиг үүргийнхээ дагуу, хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хөтөлнө. 

“Түмэн тал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Энхжаргал, Г.Ганболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг, БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж Монгол Улсын “Түмэн тал” ХХК-ийг Монгол-Хятадын хамтарсан ХХК болгон өөрчлөн байгуулж, Монгол-Хятадын хамтарсан “Түмэн тал” ХХК-ийн гэрээ, дүрмийг батлан 01 дүгээр тогтоол гарган, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигч нар дахин хуралдан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 320000000 /гурван зуун хорин сая/ төгрөгөөр тогтож, нэг бүр нь 10000 /арван мянган/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 32000 /гучин хоёр мянга/ ширхэн энгийн хувьцаатай байхаар тогтож, 60 хувийг БНХАУ-ын иргэн Ши Жүн Ган, Г.Энхжаргал, Г.Ганболор нар тус бүр 20 хувийг эзэмшихээр тохиролцон  мөн өдрөөр огноолон 01 дүгээр тогтоол дахин гаргажээ. 

Дээрх тогтоолоор Монгол-Хятадын хамтарсан “Түмэнтал” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Нансалыг томилсны дагуу “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, “Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-ийг  мөн сарын 26-ны өдөр тус тус гаргасан бөгөөд өргөдөлдөө хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 01 дүгээр сарын 19, 21-ний өдрүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, “Монгол-Хятадын хамтарсан “Түмэн тал” ХХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрээ, дүрэм, Хаан банкны тодорхойлолт зэрэг баримтыг  хавсарган өгчээ.

Дээрх өргөдөл болон хавсарган баримтад үндэслэн тус компанийн үүсгэн байгуулагчаар Г.Энхжаргал, Г.Ганболор, Ши Жун Ган нарыг бүртгэж, хуулийн этгээдийн хэлбэрийг гадаадын хөрөнгө оруулалттай болгон 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 15 дугаар зүйлийн 15.1.6, 171 дүгээр зүйлийн 171.2, 171.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.  

Харин бүртгүүлсний дараа БНХАУ-ын иргэн Ши Жун Ган хамтарсан компанид хувь нийлүүлж оруулсан 630000 /зургаан зуун гучин мянга/ юанийн 330000 /гурван зуун гучин мянга/ юаниа буцаан хөрөнгөө авснаар хөрөнгө оруулалтын хэмжээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх шаардлагыг хангахгүй болсон гэх боловч үүнийг нь эрх бүхий байгууллага тогтоогоогүй байх бөгөөд компанид оруулсан хөрөнгийн хэмжээтэй холбоотой Компанийн тухай хуулиар зохицуулагдах асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэж шийдвэрлэхгүй юм. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

23.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

23.3.2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр;

23.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

23.3.4.Иргэний хуульд заасан холбогдох гэрээ; 

23.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтаар хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуульд заасан холбогдох гэрээг хавсаргах учиртай бөгөөд “Түмэн тал” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “Монгол-Хятадын хамтарсан “Түмэн тал” ХХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрээг хавсаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4 дэх хэсэгт нийцэхгүй байна. 

Учир нь тус гэрээ нь 2015 онд “Түмэн тал” ХХК-ийг Монгол-Хятадын хамтарсан компани болгон өөрчилсөн гэрээ бөгөөд гэрээний заалт зөрчсөнтэй холбоотой асуудлаа холбогдох байгууллагаар тогтоолгосны дараа дахин бүртгэлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгч нарт нээлттэй байгаа болно. Иймд тус гэрээний Тавдугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ Ши Жун Ган биелүүлээгүй учир компанийг өөрчлөн байгуулж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр гаргасан өргөдөлдөө хавсаргасан гэрээг хуулийн дээрх заалтад заасан Иргэний хуульд заасан гэрээ гэж үзэхгүй юм . 

Дээрхээс дүгнэвэл 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Түмэн тал” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгон бүртгэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр компанийг дахин өөрчлөн бүртгүүлэхээр гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд ... түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.”, 19.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”  гэж заасантай нийцсэн байна. 

Иймд  нэхэмжлэгч  нараас  гаргасан  ““Түмэн тал” ХХК-ийн  2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Түмэн тал” ХХК-ийг сэргээн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 171 дүгээр зүйлийн 171.2, 171.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Г.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гүржав, Г.Ганболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг нараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Түмэн тал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Түмэн тал” ХХК-ийг сэргээн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН