Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1143

 

 

 

 

 

 

 

Т.Урантогоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03267 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Т.Урантогоогийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Г.Цэрэнбатад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 007 200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Хариуцагч: Г.Цэрэнбат,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цэрэнбат нь 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 317 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гэрээнд заасан хугацаа дууссан боловч холбоо барихгүй алга болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусаад удаж байна. Г.Цэрэнбатаас төлбөрөө шаардаж удаа дараа залгасан боловч сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Иймд үндсэн зээл 2 317 000 төгрөг, хүү 231 700 төгрөг, алданги
1 158 500 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 300 000 төгрөг нийт 4 007 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 2 сарын сүүлээр иргэн Г.Урантогоогоос 1 000 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн үед 200 000 төгрөгийг өгсөн бөгөөд 800 000 төгрөгийг төлж чадаагүй боловч алга болсон удаагүй. Гэтэл 2015 оны 9 дүгээр сард намайг хууль зүйн мэдлэггүйг далимдуулан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед хүү, алданги нийлээд 2 317 000 төгрөг болж байгаа юм байх гэж бодтол 4 007 200 төгрөг нэхэмжилсэн байна. Анх 1 000 000 төгрөгийг авахдаа гарын үсэг зурсан зүйл байхгүй. Үлдэгдэл 800 000 төгрөгийг банкны хүүгээр бодож зохих хугацаа авч төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Г.Цэрэнбатаас 3 517 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Урантогоод олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 490 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 100 төгрөгийг төсөвт үлдээж, хариуцагч Г.Цэрэнбатаас 71 222 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Урантогоод олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Цэрэнбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие зээлийн гэрээ байгуулах үед өмнө авсан зээлийн үлдэгдэл, түүний хүү, алданги нь нийлээд 2 317 000 төгрөг болж байгаа юм байх гэж бодсон учир зээлийн гэрээг хийсэн. Энэ нь хожим миний эсрэг ийнхүү ашиглагдана гэж санаагүй. Иймд миний бие иргэний хуульд заасан ноцтой төөрөгдлийн улмаас энэхүү гэрээг хийсэн байх тул 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хийсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Харин өмнө зээлж авсан зээлийн үлдэгдэл болон хүүнд 1 000 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэтэл шүүхээс дээрхи маргааныг шийдвэрлэхдээ 2 000 000 төгрөгийг өгсөн, авсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байхад Иргэний хуулийн 199.1 дэх хэсгийг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний зүйл болох 2 317 000 төгрөг нь миний өмнө авсан зээлийн үлдэгдэл болон хүү, алдангид төлөх ёстой мөнгө гэж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн байхад шүүх үүнийг өмнө үүссэн үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн байна. Мөн хариуцагч миний бие шүүх хуралдаанд биечлэн суух эрхээ хуулийн дагуу эдлээгүй. Учир нь миний бие тус шүүх хуралдаанд зайлшгүй нөхцөл байдлын улмаас 2 минут хоцорч очиход шүүх хуралдаан эхэлсэн байсан. Намайг хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагаар хуралд хоцорч ирж байгааг мэдсээр байж хурал түр хугацаанд хойшлуулах арга хэмжээг аваагүйд гомдолтой байна. Эсрэг тал шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож байхад ядаж намайг шүүх хуралд оролцуулах эрхээр хангах ёстой байсан. Иймд миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байна. Мөн 2015 оны 9 дүгээр сары 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү хэт өндөр тогтоогдсоныг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсээр байхад шүүгч зээлийн гэрээний хүү өндөр байгааг нэхэмжлэгчид анхааруулж, зээлийн гэрээний хүүг бууруулах тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй байна. Нэгэнт дээрхи гэрээг байгуулсанд тооцож, хянан шийдвэрлэж байгаа бол шүүгч хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж хэт өндөр тогтоогдсон хүүг бууруулах ёстой байсан. Эцэст нь шүүх хэт нэг талыг барьж миний хууль зүйн мэдлэг дутуу байдлыг далимдуулж, намайг хуурч мэхлэн, их хэмжээний төлбөрт унагасан зальтай этгээдүүдэд үйлчилж, тэдний талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Урантогоо нь хариуцагч Г.Цэрэнбатад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 4 007 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, уг гэрээнд зээлдэгч Г.Цэрэнбат нь зээлдүүлэгч Т.Урантогоогоос 2 317 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдэн авах, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцлийг тусгасан байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээгээр 2 317 000 төгрөг зээлдүүлсэн гэж хариуцагчаас үндсэн зээл, хүү, алданги нийт 4 007 200 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх өдөр 2 317 000 төгрөгийг бодит байдалд шилжүүлж аваагүй, харин 2015 оны 2 сард нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөг зээлдэж авсан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн баримтгүй байх ба зээлийн гэрээ нь дангаараа талуудын хооронд мөнгө шилжсэн эсэх үйл баримтыг нотлохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  болох 2 317 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч 2 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгснөө нотлоогүй байхад энэ үнийн дүнгээс тооцож зээлийн үүргийг тодорхойлсныг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж, нотлох баримтыг  үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

            Иймд 2015 оны 2 дугаар сард нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөгийг зээлж авсан гэх хариуцагчийн  тайлбарыг үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээний талууд 1 000 000 төгрөгийн зээлд хүү, алданги төлөхөөр тохирсон гэж дүгнэхээр байна.

 

            Иймд хариуцагчаас үндсэн зээл 1 000 000 төгрөг, 30 хоногийн зээлийн хүү 100 000 төгрөг, алданги 500 000 төгрөг нийт 1 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

              1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтын “… 3 517 000 төгрөг …” гэснийг “1 600 000 төгрөг” гэж, “… 490 200 төгрөг …” гэснийг “2 407 200 төгрөг” гэж,

2 дахь заалтын “…71 222 төгрөг…” гэснийг “”40 550 төгрөг” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 230 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

           

                                                                Г.ДАВААДОРЖ