Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Найман замбалын Түмэн зоос ХХК-ийн захирал Б.Цэрэнчимэд

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнж 3-13 тоотод оршин суух Э.Мягмардорж

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнж 3-13 тоотод оршин суух М.Мижидлхам

390 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цэрэнчимэд би Мягмардорж Бүжинлхам нарын хүсэлтээр 2016 оны 03 сарын 10-ны өдөр 150 000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнээс хойш Мягмардорж 2016 оны 03 сарын 13-ны өдөр 20 000 төгрөг, 2016 оны 03 сарын 22-нд 30 000 төгрөг нэмж нийт 200 000 төгрөг авсан. 2016 оны 04 сарын 28-ны өдөр Мягмардорж ирж 50 000 төгрөг хүү гэж өгөөд баримтаа аваад 7 сард цалингийн зээл аваад тэр мөнгийг өгнө гэсэн. Тэрнээс өмнө сар болгон хүүг нь өгнө гэсэн. 2016 оны 04 сарын 28-ны өдрөөс хойш ямар ч тооцоо хийлгүй өнөөг хүрсэн. Иймд Мягмардорж, Бүжинлхам нараас зээлсэн 200 000 төгрөг, хүү 90 000 төгрөг, алданги 100 000 төгрөг нийт 390 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Мягмардорж, М.Мижидлхам нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Цэрэнчимэдийн нэхэмжилж буй 390 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-нд өгч барагдуулах болно. Нэхэмжлэгчийн үнийн дүнг бүхэлд нь зөвшөөрсөн болно гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мягмардорж Мижидлхам нарын тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрлөө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Э.Мягмардорж, М.Мижидлхам нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 390 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулна гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6 175 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 6 175 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Найман замбалын Түмэн зоос ХХК-ийн захирал Б.Цэрэнчимэдийн нэхэмжлэлийн шаардлага 390 000 төгрөгийг хариуцагч Э.Мягмардорж, М.Мижидлхам нар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 6 175  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 6 175 төгрөгийг хариуцагч нараас  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ