| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/10502/И |
| Дугаар | 210/МА2026/00937 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00937
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/02562 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Гэрээний дагуу төлсөн 168,436,000 төгрөг, алданги 54,573,264 төгрөг нийт 223,009,264 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр П2-С-01/47-92 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, мөн өдөр ПЗ-С-01/47-196 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г тус тус байгуулсан. Уг гэрээнүүдээр ******* нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* хотхоны С блок 1 дүгээр орц 10 дугаар давхар ******* хаягт байрлах 61.16 м.кв талбай бүхий 3 өрөө, мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******хотхоны С блок 1 дүгээр орц 7 дугаар давхар ******* хаягт байрлах 55.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг барьж ашиглалтад оруулан захиалагчид 2023 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч гэрээгээр тохирсон төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. Дээрх гэрээний дагуу 2 орон сууцны төлбөрт нийт 168,436,000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу орон сууцны барилгыг ашиглалтад оруулаагүй тул гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, орон сууцны төлбөр, гэрээг цуцлах хүртэл хугацааны алдангийг шаардаж байна.
Иймд 2 орон сууцны төлбөрт төлсөн 168,436,000 төгрөг, алданги 54,573,264 төгрөг нийт 223,009,264 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч *******-аас 168,436,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,573,264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,272,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 1,000,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцалж, орон сууцны төлбөрт төлсөн 168,436,000 төгрөг, гэрээг цуцлах хүртэл хугацааны алданги 54,573,264 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд дэмжиж оролцсон байхад анхан шатны шүүх диспозитив буюу “хөндлөнгийн байх” зарчмыг зөрчиж, нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй харин гэрээнээс татгалзсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээг цуцлах тохиолдолд гэрээ цуцлах хүртэл хүчин төгөлдөр байсан, тус хугацаанд гэрээний алдангийг шаардах эрхтэй гэж заасны дагуу алдангийг шаардаж байгаа талаар тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх өөрийн үзэмжээрээ нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байна, гэрээнээс татгалзсан тул авсан, өгснөө буцааж, орон сууцны төлбөрт төлсөн 168,436,000 төгрөгийг шаардах эрхтэй, харин гэрээний 54,573,264 төгрөгийг шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.
4.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо ...орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй... гэж тайлбарласнаас үзэхэд, орон сууцны барилгын ажил ямар хэмжээтэй явагдсан эсэх, барилгын ажил эхэлсэн эсэх, барилгыг байнгын ашиглалтад оруулаагүй ажил зогссон эсэх үйл баримт тогтоогдоогүй, ажлын үйл явц, гүйцэтгэсэн ажлын үр тодорхойгүй тул талуудын байгуулсан гэрээ тус бүрийн 2 дугаар зүйлийн 2.2.4-т... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу баримтаар тогтоосны эцэст шаардах эрх үүснэ гэж зааснаар алданги тооцох үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Тодруулбал, хариуцагч нь орон сууцуудыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж дуусган, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй, барилгын явц зогссон байгаа бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүх диспозитив буюу “хөндлөнгийн байх” зарчмыг зөрчсөн.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд орон сууцуудыг ашиглалтад оруулаагүй эсэх ач холбогдол бүхий үйл баримт гэж үзэж байсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг гаргуулж авах бүрэн боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс орон сууцыг ашиглалтад оруулаагүй үйл баримтыг тогтоох талаар нотлох баримтыг шаардаагүй атлаа орон сууцыг ашиглалтад оруулсан байна гэж үндэслэлгүйгээр дүгнэсэнд гомдолтой байна.
Маргаан бүхий орон сууцууд ашиглалтад орсон бол нэхэмжлэгч орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох байсан. Гэтэл орон сууцууд өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байсан тул шүүхэд орон сууцны төлбөр, гэрээний алдангийг шаардаж нэхэмжлэл гаргасан билээ.
4.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гаргаж авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад шүүх “талууд тэгш байх”, диспозитив буюу “шүүх хөндлөнгийн байх” гэх мэт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж, өөрийн үзэмжээр хариуцагчид давуу байдал бий болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд зохигчдын хүсэл зориг, талуудын тэгш байдал, маргааны бодит үйл баримтыг харгалзан эрх тэгш, хөндлөнгийн байх зарчмыг удирдлага болгон анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний дагуу 2 ширхэг орон сууцны төлбөрт төлсөн 168,436,000 төгрөг, алданги 54,573,264 төгрөг нийт 223,009,264 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Талууд 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр П2-С-01/47-92 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* хотхоны С блок 1 дүгээр орц 10 дугаар давхарт ******* хаягт байрлах 61.16 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 82,566,000 төгрөг төлөх,
3.2. Мөн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ПЗ-С-01/47-196 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр ******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******хотхоны С блок 1 дүгээр орц 7 дугаар давхарт ******* хаягт байрлах 55.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 85,870,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6-16 дугаар тал/
3.3. Дээрх 2 гэрээний дагуу ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд нийт 168,436,000 төгрөгийг төлсөн. /хх-ийн 19-22 дугаар тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулна.
4.1. Талуудыг гэрээ байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацаанд барьж, хүлээлгэн өгөхөөр тохирсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байж болох боловч нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хувьд нийтийн зориулалттай орон сууцны байшингаас ирээдүйд бий болох орон сууцны өмчлөгч болох зорилготой, мөн талуудын хүлээсэн үүрэг зэргээс үзвэл худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх ба анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болжээ.
5. Хариуцагч байгууллага нь 2 орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, орон сууцуудын төлбөрт төлсөн 168,436,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардсан.
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2026/52657 дугаартай захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан журмаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
5.2. Улмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.
6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар хариуцагчийг маргаагүй гэж дүгнэж, худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 168,436,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Харин алдангийг хангах хуульд заасан дээрх үндэслэл бий болсон байхад шүүх гэрээний харилцаа дуусгавар болсон үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болсон.
7.1. Гэрээний 2.2.4-т “Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги захиалагчид төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.
Иймд 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тооцсон алдангид холбогдох шаардлагыг мөн хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцох тул хариуцагчаас алдангид 54,573,264 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/02562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 223,009,264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж,
2 дахь заалтын “...1,000,130.00” гэснийг “1,272,996” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,817 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА