Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00938

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/02799 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******анд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон алданги нийт 527,389,501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******наас зарласан төслийн тендерт шалгарч, 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/06, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 06/109 дугаартай гэрээнүүдийг байгуулж, гэрээний дагуу 1 дүгээр хорооллоос Орбит чиглэлийн цэвэр, бохир усны шугам, өргөлтийн насосын станц, усан сан байгуулах І, ІІ дугаар ээлжийн ажлыг хийж гүйцэтгэн техникийн комисст хүлээлгэн өгсөн.

1.2. Гэвч өргөлтийн насос станц, цахилгааны дэд станц, дэд өртөөний барилгууд үерт автаж, мөн Уулзвар төслийн хүрээнд баруун аймаг руу явдаг автозамыг өргөтгөхөд цэвэр усны шугамын хяналтын худаг замын голд орсон, зам доогуур хуванцар яндан гэмтсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.

1.3. *******наас албан бичиг ирүүлж, *******тэй 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 06/09 тоот нэмэлт гэрээг байгуулсан. ******* нь ******* газраас *******анд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1953 тоот албан бичгийн хавсралтад тусгагдсан усан хангамжийн тоног төхөөрөмжийн нэмэлт засвар шинэчлэлтийн ажлыг *******ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/2985 тоот албан бичгийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын тоо хэмжээ, төсөвт өртгийг *******өөр магадлал хийлгэж хянуулан батлуулж *******анд хүргүүлсэн боловч санхүүжилтээ авч чадаагүй.

1.4. Дээрх нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын талаар *******ын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/95 тушаалын хавсралтад гэрээт ажлыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаанд үүссэн зайлшгүй шаардлагатай нэмэлт ажил гүйцэтгэснээс шалтгаалж төсөвт өртөг нэмэгдсэн үнийн дүн 351,593,001 төгрөг гэж дүгнэлт гаргасан.

Иймд ажлын хөлс 351,593,001 төгрөг, 2005, 2006 оны үндсэн гэрээний дагуу алданги 175,796,500 төгрөг нийт 527,389,501 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/06, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 06/109 дугаар ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, гэрээний үүргийг гэрээнд заасан хугацааны дотор бүрэн гүйцэтгүүлж, үр дүнг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх хугацаанд шугам хоолой, үерийн ус болон авто зам өргөтгөл шинэчлэлийн нөлөөллөөс үүдэн засвар шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулан гүйцэтгэгч байгууллага “*******” ТӨААТҮГ-тай гэрээ байгуулж, тус нэмэлт ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байна. Нэмэлт ажлын гэрээг тус яамны архиваас шүүж үзэхэд байхгүй байгаа нь хариуцагч гэрээний оролцогч биш болохыг илтгэж байна.

2.2. Мөн тус яамны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/5246 дугаар албан бичигт дурдсанаар нэмэлт ажлын төсөв болох 105,400,000 төгрөгийг Монгол Улсын 2022 болон 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй. Энэ бичгийн агуулга болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд гүйцэтгэгч нь тухайн нэмэлт ажлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэсэн, уг ажлын гүйцэтгэл нь 105,400,000 төгрөг байсан нь нотлогдож байна.

2.3. “*******” ТӨААТҮГ-аас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 дугаар магадлалын дүгнэлтийг гаргахдаа “Барилгын төсөв зохиох дүрэм шинэчлэн батлах тухай” *******ын 2020 оны 30 дугаар тушаалын 2-т “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12*/2020/-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, *******ын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтыг хэвээр мөрдөж ажилласугай.” гэж, “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” *******ын 2019 оны 217 дугаар тушаалын 3-т “Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, *******ын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөж ажилласугай” гэж тус тус заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 105,400,000 төгрөгийг зөвшөөрч бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******”-наас 105,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 421,989,601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,952,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******”-наас улсын тэмдэгтийн хураамжид 684,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч тал нэмэлт ажил хийгдсэн, гүйцэтгэсэн ажлын төлбөрт маргадаггүй байсан нь *******-аас *******-нд хүргүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1953, *******-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/2985, *******-ны сайд *******гээс Сангийн сайдад хүргүүлсэн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/2347, ХББОС яамны сайд *******иас сангийн сайдад хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1382 дугаартай албан бичгүүдээр бүрэн тогтоогддог. Энэхүү ажил нь үндсэн гэрээний салшгүй хэсэг тул үндсэн гэрээний 4.2 болон 10.1-т зааснаар алданги шаардсан. Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг хэтрүүлсэн тал хүү төлөх үүрэгтэйг шүүх анхаарч үзнэ үү.

4.2. Нэхэмжлэгч 2020 онд нэмэлт засварын ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Нэмэлт ажлын өртгийг эрх бүхий мэргэжлийн байгууллага болох *******ийн 1789/2022 тоот магадлалын дүгнэлтээр 351,593,001 төгрөг болохыг тогтоож, улмаар *******ын А/95 дугаар тушаалаар хянан баталгаажуулсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс аудитын дүгнэлт гаргах үед гүйцэтгэсэн ажлын зураг, тайлан, зардлын мэдээлэл гэх мэт шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт мэргэжлийн байгууллагын дээрх дүгнэлтийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг тусгалгүйгээр, зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй үлдсэн 246,193,001 төгрөг, алданги 175,796,500 төгрөг, нийт 421,989,501 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийг гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 351,593,001 төгрөг, алданги 175,796,500 төгрөг нийт 527,389,501 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/06 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын I хороолол – Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь I хороолол-Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ф630 мм-ийн 3,8 км шугам угсрах болон холболтын худгууд, худгуудын цахилгааны ажлыг 1,379,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх,

3.2. Мөн 2006 оны 12 дугаар сарын сарын 06-ны өдрийн 06/109 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын I хороолол – Орбитын чиглэлийн цэвэр, бохир усны гол магистраль, насосын станц, усан сангийн II ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-гээр ******* нь I хороолол Орбитын чиглэлийн цэвэр, бохир усны гол магистраль, насосын станц, усан сангийн II ээлжийн ажлыг 1,252,116,460 төгрөгөөр хийж гүйцэтгэх,

3.3. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2015/248 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ******* нь Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг 175,483,268 төгрөгөөр хийх гүйцэтгэх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 200-203, 206-209/

3.4. Дээрх гэрээнүүдийн дагуу ******* нь ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Техникийн комиссын акт, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 317, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2015/653 дугаартай ******* байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар тогтоогдсон, төлбөрийн маргаангүй талаар зохигч тайлбарласан. /1хх-ийн 204-205, 210-211, 216-218/

3.5. Эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажил болох I хороолол-Орбитын чиглэлийн Баянголын амны цэвэр усны төв шугам нь автозамын өргөтгөлийн ажлын улмаас гэмтсэн, уг эвдрэл, гэмтлийг засварлах шаардлага гарсан, ******* нь 2020 оны 10 дугаар сард засварлах ажлыг гүйцэтгэж, ашиглагч байгууллага болох “******* газар” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй. Тэдний маргааны зүйл нь засварын ажилтай холбогдох гэрээний оролцогч нь хариуцагч байгууллага мөн эсэх болон ажлын хөлсний асуудлаар маргасан.    

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

4.1. I хороолол-Орбитын чиглэлийн Баянголын амны цэвэр усны төв шугамын гэмтлийг засварлахтай холбоотойгоор байгуулагдсан гэрээний тал биш гэж хариуцагч байгууллага маргасан боловч энэхүү тайлбар нь “*******” ОНӨААТҮГ-ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1953, *******ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/2985, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/3569 дугаартай албан бичгүүдээр үгүйсгэгджээ. /1хх-ийн 219, 222, 246/

Дээрх албан бичгүүдээр ******* нь *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг ашиглаж эхлэхтэй холбоотойгоор шинээр болон нэмж хийх ажлыг хийлгэх хүсэл зориг илэрхийлсэн, уг хүсэл зоригийг ******* хүлээн авч, ажлыг гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд аман хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ.

5. Талууд гэрээгээр ажлын хөлсийг урьдчилан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар ажлын хөлсийг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээ, эсхүл тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээнд тулгуурлан тогтоох учиртай.

Нэхэмжлэгч байгууллага нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр *******-ийн боловсруулсан төсөв болон уг төсвийг *******ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 дугаартай магадлалаар баталгаажуулсныг үндэслэн ажлын хөлсийг 351,593,001 төгрөг гэж тодорхойлсон.

6. *******-ийн боловсруулсан төсвөөс үзвэл 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар материалын үнийг тооцсон, барилга, байгууламжийн ажлын төсөв зохиоход хэрэглэгдэх тухайн үеийн дүрэм, журмыг баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасан журмаар ажлын хөлсийг тогтоосон гэж дүгнэхгүй.  

Өөрөөр хэлбэл, 2020 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгэх барилга угсралтын ажилд хамаарах дүрэм, журмыг үндэслэн зохиосон, улмаар барилгын материалын үнийг ажил гүйцэтгэсэн үеийн зах зээлийн үнээр тооцоогүй байх тул дээрх төсвийн дүнгээр хариуцагчаас ажлын хөлс гаргуулах нь үндэслэлгүй.

7. Түүнчлэн, Үндэсний аудитын газраас нэхэмжлэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажилд гүйцэтгэлийн аудит хийж, *******ын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар баталгаажуулсан боловч *******ийн магадлалаар баталгаажсан төсвийн дүн болох 351,593,001 төгрөгөөр нэмэлт ажлын зардал гарах боломжтой гэж дүгнэжээ. Иймд өмнө тайлбарласанчлан гүйцэтгэлийн аудитын тайланг үндэслэн ажлын хөлсийг тогтоогдсон гэж үзэхгүй.

8. Иймд нэхэмжлэгч байгууллагын шаардаж буй ажлын хөлс нь бодит гүйцэтгэлд суурилаагүй, энэ талаарх анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хуульд заасан журмаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх ажлын хөлсийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр 105,400,000 төгрөгөөр тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

9. Мөн талууд засварын ажилтай холбогдох ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах анзын тохиролцоо хийгдээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлээс алдангид холбогдох 175,796,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцнэ. Иймд засварын ажлын гэрээ нь үндсэн гэрээний салшгүй хэсэг тул алдангийг хангах байсан гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.  

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан алдааг дээрх байдлаар давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.

Харин шаардах эрхэд хамааралгүй хуулийн зүйл, хэсэг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш байгааг залруулсан өөрчлөлт оруулна.  

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/02799 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “345 дугаар зүйлийн 345.4” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,267,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                            Б.УУГАНБАЯР                          

 

                                                              Т.ГАНДИЙМАА