Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00991

 

*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/02847 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

******* хаягт байршилтай, дулааны узелийн зориулалттай 192 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байршилтай, *******, ******* дугаар нэгж талбарын дугаартай, 2,868 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах үндсэн,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ байгуулж, *******д байрлалтай 192 м.кв талбайтай дулааны узелийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг бэлнээр төлсөн.

Энэ гэрээ байгуулагдсантай холбоотойгоор мөн өдөр ******* байрлах 2,868 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

1.2. Дээрх хоёр гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхээ шилжүүлэн авахаар улсын бүртгэлийн байгууллагад 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдүүлэг гаргасан.

Гэтэл уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хориг тавьсан байсан тул улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэхээс татгалзсан. 

1.3. *******д байрлалтай 192 м.кв талбайтай дулааны узелийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэнтэй холбоотойгоор уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагаасаа татгалзаж, ******* байрлах 2,868 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тухайн үед ******* нь *******-тай хөдөлмөрийн гэрээгээр нягтлан бодогчоор ажиллаж байсан ба БНХАУ-ын иргэн хөрөнгө оруулж хамтарч ажиллая гэсэн санал тавьсан, тухайн газарт байрлах үл хөдлөх болон газрыг миний нэр дээр байх шаардлага тавьсан, газрыг шилжүүлж өгвөл хөрөнгө оруулалт хийнэ гэсэнд нь итгэж ******* хаягт байрлалтай, 192 м.кв талбайтай дулааны узелийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус дүр үзүүлэн байгуулсан.

2.2. Гэрээний үнийг 30,000,000 төгрөг гэсэн боловч дүр үзүүлж хийсэн хэлцэл тул уг үнийг төлөөгүй. Мөн ******* нь өөрийн хамаарал бүхий *******-ийг төлөөлж 3 ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, эдгээр гэрээний үүрэгт 92,473,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий хөрөнгө болон газрыг төлбөрт авахаар тохирсон байсан гэх агуулгаар 92,473,400 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Энэ нэхэмжлэлийн хүрээнд *******-аас 30,000,000 төгрөг, *******-аас 30,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Тэгэхээр *******ийн өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл болон *******-аас гаргаж байгаа үйлдлүүдээс харвал энэ хэлцэл нь анхнаасаа дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь тодорхой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь *******-тай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тул барилга барих хөрөнгө оруулагч шаардлагатай байгааг мэдэж байсан бөгөөд хөрөнгө оруулагч олсон, тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрыг миний нэр дээр шилжүүлснээр хөрөнгө оруулъя гэсэн санал тавьсан гэсэн. Үүний дагуу 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнүүдийг дүр үзүүлэн байгуулсан. Дүр үзүүлж хийсэн учраас ******* гэрээний үнийг төлөөгүй.

3.2. *******ийн хамаарал бүхий ******* нь *******-тай 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “*******-2 төслийн хашаа угсралтаар хаалганы ажил гүйцэтгэх гэрээ”, “Ажил гүйцэтгэх барилгын буулгалтын ажлын гэрээ”, мөн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “******* төслийн багцын барилгын ажил буулгалтын ажлын гэрээ”-г тус тус байгуулахдаа *******-ийг төлөөлж ******* гарын үсэг зурсан. Энэ 3 гэрээний ажлын хөлсөнд нийт 92,473,400 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн үндэслэлдээ талууд гэрээний төлбөрийг *******-ийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр төлөхөөр тохирсон байсан боловч уг хөрөнгө нь Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас битүүмжилсэн байгаа учраас гэрээний үүрэгт 92,473,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн хүрээнд эвлэрч, *******-аас 30,000,000 төгрөг, *******-иас 30,000,000 төгрөгийг *******т бэлнээр хүлээлгэж өгсөн. Тэгэхээр энэ үйлдлээр худалдах, худалдан авах гэрээ дүр үзүүлсэн хэлцэл болохыг нотолж байна.

Иймд *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. ******* нь *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлс 97,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ ******* болон *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар *******-ийг тодорхойлж, энэ маргаан шийдэгдсэн. Энэ ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгийг өгнө, газар эзэмших эрхээ өгнө гэдэг үг, өгүүлбэр байхгүй.

4.2. Хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар тайлбарлахдаа Хятадаас хөрөнгө оруулагч оруулахын тулд ******* өөрийн нэр дээр маргаан бүхий хөрөнгийг шилжүүлж авах шаардлагатай болсон гэж тодорхойлсон. Ийм үйл баримт огт байхгүй.

4.3. Түүнчлэн, энэ гэрээг хэрэгжүүлэх гэж улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хориг тавьсан байсан учраас өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан, энэ нь тухайн гэрээ бодитойгоор хэрэгжсэн гэдгийг харуулж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр гэрчилгээний ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр улсын бүртгэлийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх шаардлагаас татгалзсаныг баталж, уг хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 378,150 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд ******* байрлах *******, *******, ******* дугаар нэгж талбарын дугаартай, 2,868 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр бодитоор төлөгдөөгүй, талуудын хооронд өмнө өглөг, авлага байсан түүгээр гэрээний үнэ тооцсон гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.2. Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн уг гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлснээр төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч олох зорилготой байсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй боловч гэрээний төлбөр төлөгдөөгүй, гэрээний дараа талуудын хийсэн хэлцэл, түүний үр дүн зэргээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл” гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

6.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой татгалзлаа нотлоогүй гэж үзсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээг биелүүлэх, хууль зүйн үр дагаврыг хэрэгжүүлэхээр ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 600,000 төгрөгийн татвараа төлсөн, 4 дүгээр сарын 05-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандан мэдүүлэг гарган Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригтой байгаа талаар хариу авч байсан, хариуцагч талаас ч мөн гэрээг хэрэгжүүлэх үүднээс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан уг хориг цуцлуулахаар хүсэлт гаргаж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж, хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд хэн аль нь гэрээг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан талаар баримт, тайлбараа өгсөн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэг хариуцагчид байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгө оруулалт татах зорилготойгоор хийсэн гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй, талууд анхнаасаа ийм тохиролцоо хийгээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэлгүй талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн шүүх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

6.4. Түүнчлэн ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Orchlon complex II төслийн хашаа, хаалганы ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн Orchlon complex II төслийн багц 18/22-p байр/ барилга байгуулалтын ажлын гэрээ, Orchlon complex II төслийн багц 19/23-р байр/барилга байгуулалтын ажлын гэрээний үр дүнд үүссэн нөхцөл байдал хэрхэн шийдвэрлэгдсэн байгаагаас үзэхэд худалдах худалдан авах гэрээ нь бодит хүсэл зоригийн илэрхийлэл биш гэж үзэх үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Гэтэл *******, ******* нь уг хэргийн оролцогч биш, эдгээр хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний төлбөр тооцоо болон бусад хэсэгт маргаан бүхий газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэх талаар ямар ч тохиролцоо байхгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08058 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй, *******, *******-ийн хооронд үүссэн маргаан нь уг *******ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэрэгтэй харилцан хамааралгүй болно.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх талаар баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбарт үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, хэрэгт буй нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээнд 30,000,000 төгрөгийг төлөөгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас гэрээний 30,000,000 төгрөг, татварт 600,000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймээс үндсэн нэхэмжлэлтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. *******тэй байгуулсан гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ гэдгийг нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ баримтыг анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* хаягт байршилтай, дулааны узелийн зориулалттай 192 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байршилтай, *******, ******* дугаар нэгж талбарын дугаартай, 2,868 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийг тус тус шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ******* хаягт байршилтай, дулааны узелийн зориулалттай 192 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. /2хх-ийн 18/

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 3 дугаар сарын 18 өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь *******хаягт байршилтай, дулааны узелийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 192 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, ******* нь 30,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 7-8, 19/

3.2. Мөн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/55 тоот шийдвэрээр, 15 жилийн хугацаатай олгогдсон *******, *******, ******* нэгж талбарын дугаартай, 2,868 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг *******ийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. /1хх-ийн 11-14, 17/

3.3. ******* нь *******-тай 2007 оны 3 дугаар сарын 28-ны “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр *******хаягт байршилтай, дулааны узелийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 192 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр худалдан авч, 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлж, гэрчилгээ авсан. /1хх-ийн 148-162/

3.4. Улмаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04017 дугаартай захирамжийг үндэслэн *******хаягт байршилтай, дулааны узелийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 192 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр *******-д шилжсэн. /1хх-ийн 177-192/

3.5. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/812 дугаар захирамжаар ******* нутаг дэвсгэрт байршилтай, *******, *******, ******* нэгж талбарын дугаартай, 2,868 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг *******-д шилжүүлж, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээ олгожээ. /1хх-ийн 235-236, 249-250/  

3.6. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан асуудлаар болон худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн байсны улмаас гэрээ хэрэгжээгүй үйл баримтад маргаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

4. Хэдийгээр талууд гэрээг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагад хандсан боловч уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний хүсэл зориг бодитоор илэрхийлэгдээгүй дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн. Учир нь

4.1. 1хх-ийн 66-72 дугаар талд ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГ01-01, АГ-01/02, 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн АГ01/03 дугаартай “Хашаа, хаалганы ажил гүйцэтгэх гэрээ”, “Барилга буулгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүд авагдсан байх ба уг гэрээнүүдэд *******-ийг төлөөлж нэхэмжлэгч ******* гарын үсэг зуржээ.  

******* нь дээрх гэрээнүүдийн төлбөрт 92,473,400 төгрөг гаргуулахаар *******, *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 32,472,400 төгрөгөөр багасгаж, үлдсэн 60,000,000 төгрөгийг *******, ******* төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08058 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх-ийн 76-77/

Уг захирамжид тусгаснаар ******* нь *******, *******-д холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ “...2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГ01-01, АГ-01/02, 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн АГ01/03 дугаартай гэрээнүүдийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, эдгээр гэрээний төлбөрийг *******-ийн өмчлөлийн *******хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 192 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр төлөхөөр тохирсон байсан боловч уг эд хөрөнгө нь битүүмжлэгдсэн байсан тул гэрээний үүрэгт 92,473,400 төгрөг гаргуулна” гэх агуулгаар тайлбарласан байна.  

Мөн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр *******-аас 30,000,000 төгрөг, *******-аас 30,000,000 төгрөгийг тус тус *******-д хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт авагджээ. /1хх-ийн 73/

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь *******-аас 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авч, тухайн үед үнийг бүрэн төлсөн тохиолдолд өөрийн хамаарал бүхий *******-ийг төлөөлж, 2021 оны 7 дугаар сарын 08, 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд гэрээ байгуулахдаа уг гэрээнүүдийн төлбөрт мөн хөрөнгийг тооцож авахаар тохирсон байх бодит боломжгүй юм.

4.2. Мөн нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 30,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байх тул гэрээний үнийг төлөөгүй гэж шүүх дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй.

4.3. Түүнчлэн, ******* нь *******-тай байгуулсан 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр 192 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 60,000,000 төгрөг гэж тохирчээ.

Хэдийгээр гэрээний үнийг талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд харилцан тохиролцож тогтоох боловч нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулснаас хойш үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг бодитоор эзэмшилдээ аваагүй, үнийг төлсөн гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй зэрэг нөхцөл байдал, мөн орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар дээр байршиж буй хөрөнгийн үнийг 14 жилийн өмнөх үнэтэй харьцуулан үзэхэд талуудын байгуулсан гэрээний үнийг бодитой гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.  

5. Иймд талуудын байгуулсан гэрээ хэлбэрийн хувьд худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан боловч хүсэл зоригийн илэрхийлэл нь бодит байдалд нийцээгүй байх тул тухайн гэрээний эрх, үүргийг үүсгэх зорилгогүй дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул үндсэн нэхэмжлэл хангагдахгүй. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл хангагдана.    

6. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг төлбөргүй шилжүүлэхээр тохирсон гэж тайлбарладаг боловч дулаан хангамжийн тоног төхөөрөмж байрласан инженерийн дэд бүтцийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /дулааны узель/ нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газрын бүрдэл хэсэг болох бөгөөд бие даасан объект байх боломжгүй. Иймд дулааны узелийн барилга болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд тус тусдаа бие даасан эрх, үүрэг үүсгэх агуулгатай гэрээ биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.   

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг дутуу бичсэн алдааг залруулж, мөн сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг найруулгын хувьд өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/02847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох ******* нутаг дэвсгэрт байршилтай, *******, *******, ******* нэгж талбарын дугаартай, 2,868 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдох ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, дулааны узелийн зориулалттай, 192 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 756,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧИД                                           Б.УУГАНБАЯР

 

                                                               Т.ГАНДИЙМАА