| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/12325/И |
| Дугаар | 210/МА2026/00992 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00992
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2026/04062 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 52,065,000 төгрөг, хохирол 140,943,576 төгрөг нийт 193,008,576 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны Д блок 1 дүгээр орц 11 дүгээр давхарт ******* хаягт байршилтай, 34.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны үнэ 52,065,000 төгрөгийг бүрэн төлсөн.
1.2. Орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохирсон боловч өнөөдрийн байдлаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газар нь ч чөлөөлөгдөөгүй байна. Иймд орон сууц ашиглалтад орохгүй нь тодорхой болж байгаа тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 52,065,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
1.3. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 2.2.4-т заасан алдангийн 0.05 хувиар тооцож, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 1,268 хоногт 33,008,576 төгрөгийг хохиролд шаардаж байна.
1.4. Мөн хариуцагчийн гэрээ зөрчсөн үйлдлийн улмаас 2022 онд 52,065,000 төгрөгөөр 2 өрөө орон сууц авах юм боломжоо алдсан. Баянзүрх дүүрэгт одоогийн байдлаар ижил төрлийн орон сууцны зах зээлийн үнэ ойролцоогоор 150-160 сая төгрөг болсон тул гэрээний үнэ 52,065,000 төгрөгийг хасаж, бодит хохирол 107,935,000 төгрөг болж байна. Иймд нийт 193,008,576 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Үндсэн төлбөр болох 52,065,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Гэрээнд 180 хоногийн хүлээлгийн хугацаа дууссаны дараа 181 дэх хоногоос 0.05 хувиар алданги тооцохоор заасан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж, хохирол шаардсан тул гэрээ дуусгавар болсон. Иймд нэмэгдэл үүрэг болох алданги тооцогдохгүй.
2.2. 2 өрөө орон сууцны зах зээлийн ханшийг 107,935,000 төгрөгөөр тооцож, хохирол шаардсан боловч бодит хохирол учирсан гэх нотолгоо байхгүй, нотолж чадаагүй байх тул хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн 52,065,000 төгрөг, хохиролд 38,008,576 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 107,935,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 506,783 төгрөг, 614,309 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 583,318 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Үндэслэх нь хэсгийн 9-д *******-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн 52,065,000 төгрөг, хохиролд 38,008,576, төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 107,935,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэснийг хохиролд 38,008,576 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь
******* нь *******-тай Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцож 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний 3.1-т “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний ерөнхий хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж заасан. ******* нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ гэрээ цуцлахыг хүссэн мөн шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрсөн учир хариуцагч гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авч, уг гэрээг нэхэмжлэлийн агуулга болон хурлын явцад амаар хүлээн зөвшөөрсөн учир 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цуцлагдсан гэж үзнэ.
4.2. ******* анх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алданги нэхэмжилж байсан боловч уг шаардлагаа хожим шүүх хуралдааны үеэр шүүгч гэрээ байгуулж мөнгөө шилжүүлэн ашигласны хохирол болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуульд зааснаар хохирлыг шаардах тохиолдолд тухайн хохирол нь бодитоор үүссэн, хууль зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хэмжээг нь нотлох баримтаар тогтоосон байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх нөхцөлүүдийг хангахуйц баримт, нотолгоог ирүүлээгүй. Иймд анх гэрээгээр тохиролцсон алдангийг хохирол болгон өөрчилсөн нь үндэслэлгүй. Алданги нь гэрээний хариуцлагын нэг хэлбэр бөгөөд хохирлоос ялгаатай, тусдаа зохицуулалттай ойлголт юм.
4.3. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ алданги 33,008,576 төгрөгийг шаардсан атал шүүх шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт 38,008,576 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж үүрэг гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзаж байгаа учир гэрээний бүхий л тохиролцоо мөн адил цуцлагдаж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч алданги тооцох гэрээний заалт гэрээ цуцлагдсан, татгалзсан тохиолдолд хэрэгжих боломжгүй болсон учир алданги шаардах эрхгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан *******-аас хохиролд 38,008,576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хуралдаанд орон сууц баригдаагүй, ашиглалтад ороогүй гэдгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрдөг. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар алдангийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 52,065,000 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролд алдангийн хэмжээгээр 33,008,576 төгрөг, бодит хохиролд орон сууцны үнийн зөрүү 107,935,000 төгрөг нийт 193,008,576 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Талууд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр П3-Д-01/19-162 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* хотхоны Д блок 1 дүгээр орц 11 дүгээр давхарт ******* хаягт байрлах 34.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үүрэгт 52,065,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 4-6/
3.2. Гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 52,065,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 3/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй болон техникийн шинжтэй гаргасан алдааг залруулсан өөрчлөлт оруулна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
5. Хариуцагч байгууллага 2023 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон байх тул уг үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.
5.1. Гэрээнээс татгалзсаны үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийг хүлээх бөгөөд анхан шатны шүүх гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 52,065,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн. Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй.
6. Хариуцагч нь гэрээний харилцаа дуусгавар болсон үндэслэлээр алданги төлөх үндэслэлгүй гэх агуулгаар маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилж, гэрээгээр тохирсон алдангийн хэмжээгээр 33,008,576 төгрөгийн хохирлыг тодорхойлжээ.
6.1. Ийнхүү өөрчилсөн нэхэмжлэлийг 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч тал гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан журмаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
6.2. Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар маргаж, мэтгэлцсэн гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хууль болон шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбараа бичгээр гаргаснаар талуудын хооронд мэтгэлцээн өрнөж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхойлогдоно, харин ямар нэг тайлбар, нотлох баримт гаргаагүй нөхцөлд нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцээгүй гэж үзнэ.
Иймд шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дээрх хохиролд холбогдох шаардлагыг шийдвэрлэх учиртай.
7. Гэрээнээс татгалзсанаар гэрээний үүрэг дуусгавар болдог тул уг үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлага болох үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн нэгэн адил дуусгавар болох боловч энэхүү хариуцлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах замаар хэрэгжих боломжтой.
7.1. Тодруулбал, нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах болсон үндэслэл нь хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбоотой тул гэрээнээс татгалзсантай холбогдох хохирлыг талууд гэрээгээр харилцан тохиролцсон алдангийн хэмжээгээр, гэрээнээс татгалзах хүртэл хугацаагаар тодорхойлж шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй.
Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагын үүргээ огт биелүүлээгүй байдлыг үндэслэн, үүргийн зөрчлийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж тооцож, энэ хугацааны алданги болох 33,008,576 төгрөгийг үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу хохирол гэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч алданги шаардсан байхад шүүх хохирол гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
8. Харин анхан шатны шүүх дээрх мөнгөн дүнг шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт тусгахдаа 38,008,576 төгрөг гэж бичсэн техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлт оруулж, энэ хэсгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдана.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
9. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг талуудын тохирсон алдангиар, нотлох шаардлагагүйгээр тодорхойлсон нөхцөлд дахин өөр байдлаар хохирлыг тодорхойлох нь талуудын зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлээс бодит хохирол гэх агуулгаар 2 өрөө орон сууцны үнийн зөрүү 107,935,000 төгрөгт холбогдох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчимд нийцүүлж, тухайн шийдлийг хэвээр үлдээнэ.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2026/04062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...243.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, “...38,008,576” гэснийг “33,008,576” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,993 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА