Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01067

 

 

*******ий нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01472 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 130,787,079 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-ийн хүсэлтээр 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй зээлж, *******-ийн ******* банкны ******* тоот дансанд 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ******* дугаартай данснаас 5,000,000 төгрөг, ******* дугаартай данснаас 10,000,000 төгрөг, 35,000,000 төгрөг, *******-ийн ******* банкны ******* дугаартай данснаас 5,000,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлийн нэг сарын хүү 2,400,000 төгрөгийг сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр тохирсон бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 18 сарын хүүний төлбөр 43,200,000 төгрөгөөс 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,353,562 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,353,562 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн төлбөр 60,000,000 төгрөг, хүүний төлбөр 17,846,438 төгрөг, нийт 77,846,438 төгрөгийг төлөөгүй байна.

1.2. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Тус зээлийн үндсэн төлбөр 35,000,000 төгрөг болон 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 14 сарын хугацааны хүүгийн төлбөр 17,940,641 төгрөг нийт 52,940,641 төгрөгийг огт төлөөгүй.

Иймд дээрх хоёр зээлийн гэрээний үндсэн төлбөр 95,000,000 төгрөг, хүүний төлбөр 35,787,079 төгрөг, нийт 130,787,079 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Гүйцэтгэх захирал ******* нь 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр *******ээс компанийн нэрийн өмнөөс эхний удаад 60,000,000 төгрөг, хоёр дахь удаад 35,000,000 төгрөг, нийт 95,000,000 төгрөгийн зээл авчээ. Иймд *******-ийн хувьд төлсөн төлбөрөө хасуулаад төлөх хүсэлтэй байна.

2.2. *******тай уулзахад тэрээр 95,000,000 төгрөгийн зээлийн хүүг, нэг удаагийн хүү гэж тайлбарласан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү төлөх үндэслэлгүй.

2.3. Хариуцагч *******ий хувьд зээлийн гэрээний оролцогч биш, хувийн дансанд ямар нэг мөнгө орж ирээгүй тул иргэнийхээ хувьд энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******-аас 69,646,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 61,140,641 төгрөгийн шаардлага болон *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 811,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 506,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “...гэрчийн мэдүүлгээр зээлийн хүүг бичгээр тохиролцсон гэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймээс хэлбэр заасан хүсэл зоригийн илэрхийллийн хувьд хүлээн авсан тухай хариу нь хуульд заасан бичгийн хэлбэрээр буюу захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийн хэлбэрээр нөгөө талдаа хүрсэн байх ёстой тул зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү гаргуулахаар шаардах эрхгүй болжээ.” гэсэн дүгнэлт нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь талуудын хэн аль нь тухайн зээлийн гэрээний нөхцөлийн талаар цахим шуудангаар харилцсаныг үгүйсгэдэггүй бөгөөд өнгөрсөн хугацаанд төлөгдсөн зээлийн хүүгийн төлбөрийг ч мөн татгалзаагүй. ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тухайн зээлийн мөнгөн хөрөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан бол 71,000,000 төгрөгийг хувааж төлнө гэдэг. Мөн тэрээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******ын нэгэнт тохиролцсон, төлсөн хүүгийн төлбөрийг өөрт нь мэдэгдээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй байхад шүүх хэт нэг талыг баримталж, төлөгдсөн хүүгийн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцсонд гомдолтой байна.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас 61,140,641 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосноос 25,353,562 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 35,787,079 төгрөг гаргуулах болон *******д холбогдох хэсгээс татгалзаж байна.

4.2. ******* нь *******-ийн гүйцэтгэх захирал *******ын хүсэлтийн дагуу дээрх мөнгөн хөрөнгүүдийг тохирсон хүүгээр шилжүүлсэн ба тус компанийн санхүүгийн менежер ******* нь захирлынхаа хэлсэн нөхцөлөөр зээлийн гэрээг бичгээр боловсруулж ******* миний мэйл хаяг руу илгээсэн байдаг. Тухайн мэйл хаягийг ашиглах боломжгүй болсон учраас энэхүү үйл баримтыг нотлуулахаар *******ыг гэрчээр асуулгасан. Гэвч шүүх гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй, ******* нь зээл тус бүрийн эргэн төлөлт, хуваарь, хүүгийн тооцоолол бүхий хүснэгтэн мэдээллийг миний мэйл хаяг руу илгээдэг байсан бөгөөд энэ хугацаанд хүү төлөгдсөн гэж 25,353,562 төгрөгийг шүүх зээлсэн мөнгөнөөс хасаж тооцсонд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүрэгт 95,000,000 төгрөгийг *******-аас гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч ******* 95,000,000 төгрөгийг зээлсэн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь дансны хуулгаар 95,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул зээлийн харилцаа бодитоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэж байгаа боловч бичгээр байгуулагдаагүй. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь хүү шаардах эрхээ алдсан.

5.2. Харин *******-аас нэхэмжлэгч *******д шилжүүлсэн 25,353,562 төлбөрийг зээлийн төлбөрөөс өөр үндэслэлээр шилжүүлсэн гэж үзэх боломжгүй тул үндсэн төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлтэй. Мөн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан эсэх асуудлаар нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасныг үндэслэн мэтгэлцэж байгаа боловч хариуцагч талаас үүнийг үгүйсгэж байна. Учир нь талуудын гарын үсэг зурсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан бичгээр байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй. Захидал, цахим шуудан, телефакс, албан бичиг зэрэг баримтын тухайд хэрэгт хангалттай, шаардлага хангасан нотлох баримт авагдаагүй.

5.3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргаан үүссэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын хэрэгслээс гэрчийн мэдүүлгээр уг үйл баримтыг тогтоох боломжгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, “******* гүйцэтгэх захирал гэрээнд гарын үсэг зурж байсныг харсан”, “тухайн баримтыг сканердаж, тамга дарж илгээсэн”, “нөгөө тал нь хүлээн авсан” гэх зэрэг нөхцөл байдлыг зөвхөн гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 95,000,000 төгрөг, зээлийн хүүнд 35,787,079 төгрөг нийт 130,787,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсны улмаас хариуцагч байгууллагын гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх замаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.

3.1. ******* нь *******-д 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийг тус тус зээл утгаар шилжүүлсэн, улмаар ******* нь 25,353,562 төгрөгийг буцаан төлсөн талуудын маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон. /хх-ийн 10-18/

4. Дээрх үйл баримтыг үндэслэн ******* болон *******-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

4.1. Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан эсэх, нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй эсэх асуудал болжээ.

5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул зээлийг буцаан шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай цахим шуудангаар харилцаж, зээлийн хүүний талаар тохирсон тул зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж хүү шаардсан боловч бичгээр хийх хэлцлийн хувьд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан, эсвэл зээлийн хүүний талаарх нэхэмжлэгчийн саналыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн захидал, цахилгаан, албан бичиг, бусад адилтгах баримт бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан нөхцөлд байгуулагдсан гэж үзэх болохыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2 дахь хэсэгт заасан. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад зээлийн хүүний хэмжээний талаар санал хүргүүлж, талууд зээл, хүүний тооцооллын талаар харилцаж, зээлийн төлбөрийг хариуцагч төлж байсан нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэх үндэслэл болохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

6.1. Түүнчлэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр *******-ийн санхүүгийн менежер *******аас гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр “ ...гэрээний эх бичвэрийг бэлдэж өгсөн боловч талуудын хэн аль нь гарын үсэг зураагүй гэж санаж байна” гэж мэдүүлсэн байхаас гадна Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх гэрээг байгуулсан эсэхийг гэрчийн мэдүүлгээр нотлохгүй. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж дүгнэхгүй.

7. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрт хүү шаардах эрхгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн.

8. Харин анхан шатны шүүх дээрх гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хүүний төлбөрт төлөгдсөн мөнгөн хөрөнгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэл муутай болсон, уг алдааг дараах байдлаар залруулна.

8.1. Гэрч *******ын мэдүүлэгт “...хамгийн анхны төлбөрийг хүү 2,400,000 үндсэн төлбөрөөс 5,600,000 төгрөг төлснийг маш тод санаж байна. Бүх мөнгийг би өөрийн интернэт банкны эрхээр гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шилжүүлж байсан, ...6 сарын 05-ны үед 2,353,561.6 төгрөгийг зээлийн хүү, 10 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 1 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн.” гэжээ. /хх-ийн 115/

Гэрч нь хариуцагч байгууллагын зүгээс 4,753,562 /2,400,000 + 2,353,561.6/ төгрөгийг хүүний төлбөрт төлсөн гэж мэдүүлсэн, уг мэдүүлгийг хариуцагч тал үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй байх тул зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч ийнхүү хүлээн зөвшөөрч зээлийн хүүнд төлсөн мөнгөн хөрөнгийг зээлийн үндсэн төлбөрт тооцох нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсэг хангагдана. 

Харин гэрчийн мэдүүлэгт дээр дурдсанаас бусад төлбөрийн хувьд зээлийн хүүнд төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар өөр баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд хариуцагч байгууллагын төлсөн бусад төлбөрийг зээлийн хүүний төлбөрт зөвшөөрч төлсөн гэж дүгнэх үндэслэлгүй.   

9. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь зээлийн үндсэн төлбөрт 95,000,000 төгрөг төлөхөөс төлсөн 20,600,000 /25,353,562-4,753,562/ төгрөгийг хасаж, үлдэх 74,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.  

10. Хэргийн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

11. Анхан шатны шүүх зээлийн хүү шаардах эрхэд хамаарахгүй хуулийн зохицуулалт баримталсныг залруулсан, мөн нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 74,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,387,079 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...506,182” гэснийг “529,950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                                  

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УУГАНБАЯР

 

                              ШҮҮГЧИД                                           Д.ЗОЛЗАЯА

 

                                                              Т.ГАНДИЙМАА