Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 01134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-21 тоотод оршин суух Мяранхай овогт Ганхуягийн Батбилэг /ФМ:84071102/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 17 дугаар гудамж А-14 тоотод оршин суух Олхонууд овогт Чулуунбаярын Пүрэвбат /ФА:79070512/

            Хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 16 887 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ж.Нямаа, хариуцагч Ч.Пүрэвбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.Пүрэвбатаас 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэж авахаар харилцан тохиролцоод зээлийн гэрээ хийлгүйгээр манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 24 дүгээр гудамж 3-ын А тоот 887 м2 талбай бүхий хашааны газар, 3 тал банзан хашааг 2 000 000 төгрөгөөр үнэлэн газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Мөн өдрөө 63 м2талбай бүхий 3 өрөөтэй хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр үнэлэн мөн гэрээ хийгээд харилцан тохиролцсоноор бол надад 7 000 000 төгрөг өгөх ёстой байтал тэр өдрөө надад 4 000 000 төгрөг өгөөд үлдэх 3 000 000 төгрөгөө 2014 оны 12 дугаар сарын 10-аар өгсөн. Би авсан мөнгөнөөсөө 2015 оны 1 дүгээр сард 750 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 2 000 000 төгрөг, 5 дугаар сард 1 000 000 төгрөг нийт 3 750 000 төгрөг буцааж төлөөд 3 250 000 төгрөгнийн тооцоо үлдсэн. Би ямар нэгэн гэрээ хийлгүйгээр 3 000 000 төгрөг нэмж авсан. Гэтэл Ч.Пүрэвбат гэр оронд маань ирж суучихаад хэл амаар доромжилж, гэр орноос маань хөөх боллоо. Бид 2 анх тохирохдоо мөнгө зээлдүүлэх зээлийн гэрээ хийсэн болохоос орон байраа зараагүй юм. Иймд Ч.Пүрэвбат бид хоёрын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн хувийн сууц, газар худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Пүрэвбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ч.Пүрэвбат миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Батбилэг бид 2 харилцан тохиролцоод хувийн сууц, газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн хувийн сууц, газар худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцоход татгалзах зүйлгүй. Хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж гэрээгээ буруу хийснээ хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

Ч.Пүрэвбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Батбилэг нь анх 2014 оны 11 дүгээр сарын 14-нд надаас 7 500 000 төгрөг зээлж, барьцаанд нь газар, байшингаа тавьсан бөгөөд миний бие нь баталгаатай болгох үүднээс газар болон хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд надад гэрээгээр тохирсон хүүнд нь 750 000 төгрөг нэг удаа төлсөн ба удаахгүй мөнгөө бүрэн өгнө нэгэнт газар, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн тул санаа зоволтгүй гэж нилээд удсан. Миний бие нь мөнгөө нэхэж, үгүй бол газар, хувийн орон сууцыг чинь гэрээний дагуу нэр дээрээ шилжүүлж авна гэж хэлэхэд Батбилэг нь одоо удахгүй газар, байшингаа зарах гэж байгаа зараад мөнгийг чинь өгнө гэсээр 2015 оны 5 дугаар сар хүргэсэн. Батбилэг нь 2015 оны 05 дугаар сарын 13-нд над дээр ирээд манай байр болох Согоот багийн 6-19-21 тоотод орших 2 өрөө байр маань “Нэт капитал” ББСБ-д анх 20 саяын барьцаанд тавьсан, одоо арван хэдэн саяын/ яг арван хэд гэснийг нь одоо санахгүй байна,/ барьцаанд байгаа байраа алдах гээд байна надад дахиад 10 000 000 төгрөг нэмж зээлээч, нэгэнтээ барьцаанд газар, байшин маань байгаа гэсэн. Тэгээд 10 000 000 төгрөг байхгүй, арай хүрэхгүй 9 240 000 төгрөг л байна гэхэд надад мөнгөө зээлчих би удаахгүй өмнөх зээлтэйгээ хамт 7 хоногийн дотор гаргаж өгнө, байрныхаа энэ зээлийг хаагаад, дахиад байраа урт хугацаагаар барьцаанд тавиад бүх мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь миний бие зөвшөөрөн гэрээ байгуулан, Батбилэгт 9 240 000 төгрөг, урд зээлдүүлсэн 7 500 000 төгрөг дээрээ нэмж, бүгд 16 740 000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингэхдээ урьд авсан 7 500 000 төгрөг, сүүлд авсан 9 240 000 төгрөгөө нэмж нэгтгээд шинээр 16 740 000 төгрөгний зээлийн гэрээг 7 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, 0.1 хувийн алдангитай гэрээ байгуулсан.

Миний бие хэрэв энэ гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ биелүүлэхгүй бол газар, байшинг чинь өөрийн нэр дээр шилжүүлж үнийн дүнгээс нь мөнгөө авна гэхэд Батбилэг болон түүний нөхөр Нарансүх нар зөвшөөрсөн. Ингээд хугацаандаа мөнгөө төлөөгүй учир би 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Батбилэгийн газар, байшинг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Удаа дараа мөнгөө төлж барагдуулахыг шаардсан ч бүрэн төлж барагдуулаагүй. Энэ хугацаанд надад Батбилэг 2 000 000 төгрөгийг банкаар, 1 000 000 төгрөгийг бэлнээр нийт 3 сая төгрөг үндсэн зээлээс төлж, 750 000 төгрөгийг хүүнд тооцон төлсөн боловч хүүнд тооцсон 750 000 төгрөгийг миний бие хүүнд тооцолгүйгээр үндсэн зээлээс хасаж тооцож байна. Иймд миний бие одоо Батбилгээс: Үндсэн зээл 12 990 000 төгрөг, хүү 1 948 500 төгрөг, алданги 1 948 500 төгрөг /2015 оны 05 дугаар сарын 20-ноос 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 150 хоногоор тооцож/, Батбилгээс 16 887 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Г.Батбилэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Хариуцагч Ч.Пүрэвбатын сөрөг нэхэмжлэлээс 7 250 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 9 637 000 төгрөг төлөхөөс татгалзаж байна. Хариуцагч Ч.Пүрэвбат 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надад 7 500 000 төгрөг өгсөн гэжээ. Энэ бол худлаа юм. Анх хашаа, байшин, газар худалдах-худалдан авах гэрээ хийсэн өдрөө надад 4 000 000 төгрөг өгөөд үлдэх 3 000 000 төгрөгөө өгөхгүй утсаа ч авахгүй олдохгүй болохоор нь би гэрээ баталж өгсөн нотариатын хүн дээр очиж учир байдлаа хэлж байж гэрийн хаягийг нь аваад гэрт нь очиход гэртээ байхгүй гэж хэлсэн. Гэтэл орой нь надруу залгаад би хотод явж байна, хүнээс мөнгө авах гээд чадахгүй байна, очоод уулзана гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд чимээгүй байж байгаад 10 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг өгсөн. Би дээрх мөнгийг авсанаас хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 05-ны үед өмнөх зээл дээрээ нэмж 2 500 000 төгрөг авсан. Үүнээс хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг аваад буцааж 3 750 000 төгрөг төлсөн. Би анхнаасаа нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэж авсан учир хүүд нь 1 000 000 төгрөг төлөхөөс өөрийн төлсөн 3 750 000 төгрөгийг хасаад үлдэх 7 250 000 төгрөгийг төлөх болно. Иймд Хариуцагч Ч.Пүрэвбатын сөрөг нэхэмжлэлээс 9 637 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Батбилэг нь хариуцагч Ч.Пүрэвбатад холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн хувийн сууц, газар худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ч.Пүрэвбат үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Г.Батбилэгээс зээлийн гэрээний үүрэг 16 887 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж зохигчид мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Г.Батбилэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.Пүрэвбатаас 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авахаар тохирсон. Зээлийн гэрээ байгуулахгүйгээр манай гэр бүлийн дундын өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 24-3 тоот 887 м.кв газрыг 2 000 000 төгрөгөөр, 63 м.кв хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр үнэлэн худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Бид анх зээлийн гэрээ байгуулсан болохоос орон гэрээ худалдаагүй юм. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ч.Пүрэвбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэг дутмагаас худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан нь буруу байж, үүнийгээ хожим мэдэж зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

Зохигчидын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба талууд зээлийн гэрээ байгуулахгүйгээр Г.Батбилэгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 24-3а тоотод байрлах газар, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. Дээрхи болсон үйл баримтын талаар талууд маргаагүй, гэрээний талаар нотариатчаас зөвлөгөө аваагүй зэрэг  талуудын буруутай үйлдэлээс болж хүсэн хүлээсэн гэрээ байгуулагдаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж заасан байх тул нэхэмжлэгч Г.Батбилэг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч Ч.Пүрэвбат нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Ч.Пүрэвбат нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  Г.Батбилэг нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надаас 7 500 000 төгрөг зээлж, барьцаанд нь газар, хувийн сууцаа тавьсан. Баталгаатай болгох үүднээс бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Хүүнд нэг удаа 750 000 төгрөгийг авсан. 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин нэмж 9 240 000 төгрөг авч урд зээлсэн мөнгөө нэмээд 16 740 000 төгрөгийн зээлийн гэрээ, 15 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай, 0.1 хувийн алданги тооцохоор байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад үүргээ биелүүлэхгүй бол газар, хувийн сууцыг шилжүүлж авахаар Г.Батбилэг болон түүний гэр бүл Нарансүх нартай тохирсон. Г.Батбилэг хугацаандаа мөнгөө өгөөгүй учир 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээгээ өөр дээрээ шилжүүлсэн. Үндсэн зээл 12 900 000 төгрөг, хүү 1 948 500 төгрөг, алданги 1 948 500 төгрөг, нийт 16 887 000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

Г.Батбилэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн зөвшөөрч байна. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 7 500 000 төгрөг  аваагүй. Харин Ч.Пүрэвбатаас нийт 10 000 000 төгрөг авсан үүнээс 3 750 000 төгрөг буцааж өгсөн тул 7 250 000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байна.  

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр анх зээлийн гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн ба зээлдүүлэгч Ч.Пүрэвбат зээлдэгч Г.Батбилэгт мөнгө нэмж зээлдүүлсэн тул 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр урд өмнө нь өгч байсан мөнгөө нэмж нэгтгэн 16 740 000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, 0.1 хувийн алданги тооцохоор тохирч талууд гарын үсэг зурсан байна.

Хариуцагч Г.Батбилэг уг гэрээнд гарын үсэг зураагүй, анх 7 500 000 төгрөгийг аваагүй, харин авсан мөнгөнөөсөө өгсөн мөнгөө хасч тооцвол 7 250 000 төгрөг өгнө гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Пүрэвбат нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, Г.Батбилэг нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буюу нэхэмжлэгчээс шаардсан хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэйбайна.

Ч.Пүрэвбат нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн тайлбарладаг ба уг гэрээнд зурсан  Г.Батбилэгийн гарын үсгийг тогтоолгохоор зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүх хоёр удаа шинжээч томилсон ба 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4866 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Г.Батбилэг мөнгө нэмж аваад байгуулсан гэх 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар хангалттай нотлоогүй тул Ч.Пүрэвбатын тохирсон хугацаа буюу 7 хоног өнгөрөөд мөнгөө өгөхгүй байсан тул гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэн авсан гэх тайлбар 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Пүрэвбатад олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр, 750 000 төгрөгийн хүү төлсөн гэсэн тайлбар зэргээс дүгнэвэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Г.Батбилэгээс үндсэн зээл 12 990 000 төгрөг /16 740 000 -3 750 000/, хүү 509 650 төгрөг /13 990 000*15% 5 хоног, 15 990 000*15% 2 хоног/, алданги нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар 1 948 500 төгрөг /2098 500 төгрөг боловч/ нийт 15 448 150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1 438 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар Г.Батбилэг, Ч.Пүрэвбат нарын урьдчилан төлсөн 126 950 төгрөг, 242 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Ч.Пүрэвбатаас 126 950 төгрөг гаргуулан Г.Батбилэгт олгож, Г.Батбилэгээс 235 190 төгрөг гаргуулан Ч.Пүрэвбатад олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар  нэхэмжлэгч Г.Батбилэг  хариуцагч Ч.Пүрэвбат нарын хооронд2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Г.Батбилэгээс 15 448 150 төгрөг гаргуулан Ч.Пүрэвбатад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 438 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.Батбилэгийн 126 950 төгрөг, Ч.Пүрэвбатын 242 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Ч.Пүрэвбатаас 126 950 төгрөг гаргуулан Г.Батбилэгт олгож, Г.Батбилэгээс 235 190 төгрөг гаргуулан Ч.Пүрэвбатад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ