Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01068

 

*******-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/03749 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 559,568,545.2 төгрөг гаргуулах үндсэн, уг гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 239,815,090.8 төгрөг болон алданги 399,691,818 төгрөг нийт 639,506,908.8 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ЭТТ/201802231 дугаартай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ гэсэн нэртэй тендер зарласны дагуу ******* нь уг сонгон шалгаруулалтад шалгарч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭТТ-2019/782 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* нь *******-ийн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн.

1.2. Гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 5.1-д заасан баримт материалыг Захиалагчаас анх хүлээн авсан өдрөөс эхлэн хуанлийн 5 сарын дотор хийж гүйцэтгэж, ажлын тайланг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд захиалагчаас баримт материал ирүүлэх хугацаа удааширсны улмаас нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил үйлчилгээг 2022 оны 3 дугаар сард бэлтгэн хүргүүлж, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн холбогдох албаны хүмүүст танилцуулан албан ёсоор хүлээлгэн өгсөн.

1.3. Хариуцагч байгууллагаас албан бичгээр гэрээний 2.1 дэх заалт болон ажлын даалгаврын гүйцэтгэх ажлын хамрах хүрээнд ******* Зүүн, Баруун уурхай, бусад уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах ажил бүхэлдээ багтсан байх тул ******* зүүн уурхайтай холбоотой ажлыг тайланд оруулах шаардлага тавьж, гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийсэн.

Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах үед хариуцагч нь олборлолт явуулж байгаа Зүүн ******* ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байсан тул уг уурхайтай холбоотой хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх асуудал хариуцагчид хамааралгүй байсан гэдгээ 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн уулзалтдаа хүлээн зөвшөөрсөн.

1.4. Зөвлөх үйлчилгээний гэрээний нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт “...санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, НББОУС-ын 37 болон бусад холбогдох хууль, стандарт, журамд заасны дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж, холбогдох зардлыг тооцох, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөцийг үнэлэх... хуримтлагдах сангийн аргачлалыг боловсруулах” гэж тусгайлан зааснаас үзэхэд хариуцагчийн хүссэн уурхайн хаалтын төлөвлөгөө гэгч нь уурхайн нөхөн сэргээлт/хаалтын төлөвлөгөө гэхээсээ илүү уурхайн хаалт хийхэд шаардлагатай нөөцийн санг олон улсын санхүүгийн тайлагналын дагуу хэрхэн бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ байна.

Мөн ажлын даалгаварт зааснаас үзэхэд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гэдэгт Байгаль орчныг хамгаалах багц хуулийн дагуу хийгдэх уурхайн хаалтын нөхөн сэргээлт /техникийн/ гэхээсээ илүү олон улсын санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу уурхайн хаалтын төлөвлөгөө гаргах, түүнтэй холбоотой нөөц сан үүсгэх, аргачлал /санхүүгийн/ боловсруулах олон улсын санхүүгийн шинжтэй зөвлөх үйлчилгээ байсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4, 8.4.6, 8.4.7, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаас дүгнэн үзвэл, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг Монгол Улсын хуулийн дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий дотоодын аж ахуйн нэгж, байгууллага хийж гүйцэтгэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн хуулийн этгээд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, тэр дундаа уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах үүргийг хуулиар тусгайлан хүлээсэн. 

Зөвлөх үйлчилгээний гэрээ болон ажлын даалгавар, тендерийн өгөгдлийн хүснэгт дээр захиалагч нь хүсэл зоригоо “...уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэх” гэж тодорхой илэрхийлсэн байхад уурхайн хаалтын нарийвчилсан төлөвлөгөө буюу техникийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахыг шаардаж байгаа нь гэрээнд тусгаагүй ажил үйлчилгээг, ийм үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй этгээдээс шаардаж байгаа нь хууль бус бөгөөд гэрээгээ зөрчсөн үйлдэл болж байна.

1.5. Гэрээний дагуу хүргүүлсэн ажлын тайлангаас чухам аль бүлэг, хэсэг, хуудас, догол мөрд тусгагдсан асуудлыг тодорхой болгох, хэрхэн дэлгэрүүлэх, тодруулах, ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага байгаа тухайгаа нарийвчлан бичгээр ирүүлбэл бид тухайн тайлбар, шүүмжийн дагуу өөрчлөн хүргүүлж болно гэж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын тайлантай холбогдуулан бичгээр ирүүлсэн шүүмж, тайлбар, тодруулга байхгүй байгаа нь ажлын тайлан шаардлага хангасан гэж үзэж байна.

Иймд Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу шаардлагатай баримт материалыг хүлээн авснаас хойш хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн тул гэрээний төлбөрийн 70 хувийн үлдэгдэл болох 559,568,545.2 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-аас Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тухай урилгыг ажлын даалгавар, баримт бичгийн хамт нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. ******* нь уг ажлын даалгавар болон тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэх ажил, нөхцөлийг хүлээн зөвшөөрч техникийн саналаа ирүүлсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭТТ-2019/782 дугаартай “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгуулсан.

2.2. Гэрээний хүрээнд хийсэн ажлын Монгол хэл дээрх тайланг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр авсан. Тус тайлан нь ******* ордын Баруун ******* уурхай болон *******гийн уурхайн хүрээнд “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ” нэртэйгээр ирсэн байна. Уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбоотой хууль, дүрэм журмын хүрээнд *******-иас ирүүлсэн тайланг судалж үзэхэд

-******* ордын Баруун ******* уурхай болон *******гийн уурхайн хүрээнд Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ нэртэй тайлан нь 125 хуудас бичиглэл, 2 хавсралт бичиглэлээс бүтсэн, зөвлөх үйлчилгээний гэрээний 2.1-д заасан ******* зүүн уурхайн талаар тайланд ороогүй.

-Зөвлөх үйлчилгээний гэрээний 3 дугаар заалтад ажил гүйцэтгэх хугацааг захиалагчаас баримт материалыг анх хүлээн авсан өдрөөс 5 сарын дотор хийж гүйцэтгэх гэж заасан боловч гэрээ нь 2019 оноос 2022 оны 8 дугаар сар хүртэл үргэлжилсэн байдалтай байна.

-Төслийн тойм, хаалтын зорилго, зорилт тодорхой бус, гэрээний зорилго зорилтыг биелүүлээгүй, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах журмын агуулгын дагуу хийгдээгүй. Журмын 2.3.1-д төслийн тоймд ашиглалтын хугацаа, ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын арга, технологи, төслийн гол бүрэлдэхүүн хэсгийн цар хүрээ, төслийн дэд бүтцийн ашиглалтыг зогсоох магадлалтай хэсгийн цар хүрээ зэргийг тусгасан байх “Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах” зөвлөх үйлчилгээний тайланд урьдчилсан хаалтын төлөвлөгөө боловсруулсан талаар нэлээд дурджээ. Энэ нь зөвлөх үйлчилгээний гэрээ болон ажлын даалгаврын дагуу хийгдээгүйг илтгэж байна.

-Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын тайлан нь мэргэжлийн үг хэллэг, орчуулгын алдаа, өгүүлбэрийн утга, найруулгын алдаа нэлээдгүй байна. Түүнчлэн уурхай тус бүрийн жил бүр хийгдэх ажлын хэмжээ, ажлын жагсаалтууд он жилийн дарааллаар нэгтгэгдэн хийгдээгүй. Уурхайн хаалтын талаарх технологийн зураг схем байхгүй. Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын зөвлөх нь тайлангийн зорилгыг тодорхойлохдоо “Монголын ******* газар нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ******* хүрэн нүүрсний ордтой холбоотой уурхайн хаалтын санхүүгийн тайлан болон нөхөн сэргээлтийн баталгааг шаарддаг. Иймээс ******* уурхайд одоо болон ирээдүйд хүлээгдэж буй уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажилд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлага үүссэн. Төслийн зорилго нь зэргэлдээх талбайг багтаасан уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн цогц арга хэмжээний зардлын эмхэтгэл юм хэмээн тодорхойлсон байгаагаас үзвэл Зөвлөх үйлчилгээний ЭТТ-2019/782 тоот гэрээний 1.1-д заасан үндсэн ажлыг боловсруулах зорилгыг орхигдуулсан байна.

Мөн хаалтын урьдчилсан төлөвлөгөө боловсруулах үндэслэлийг “Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө” материал болон судалгаа хийгдээгүй. Хангалттай суурь (гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, БОНУ олон улсын түвшинд хийгдээгүй, захиалагчаас хангалттай мэдээлэл өгөөгүй, геотехникийн судалгаа хийгдээгүй), 1.4.1.2-р бүлэг “...Хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн төслийг урьдчилан боловсруулсан” гэж ТЭЗҮ-д тэмдэглэсэн. “Уурхайн хаалт тал дээр ЭТТ-ийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд (хандлага, аргачлал, бүртгэл) урьдчилсан бэлтгэл хангах түвшинд байна гэж Зөвлөх дүгнэж, Хаалтын зардлыг илүү бодитой бөгөөд иж бүрэн тооцоолохын тулд уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг боловсруулсан” зэрэг болно.

Дээрх тайлбар нь “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын 1.6-д заасныг давтаж хийснийг илтгэж байна.

Тайлангийн 20 дугаар хуудсанд “Үлдсэн лицензийн талбай болон ******* ордын ашиглалтын үйл ажиллагаа нь энэхүү ажлын нэг хэсэг биш юм” гэсэн нь тус тайлан нь зөвхөн *******г, ******* баруун уурхайн хүрээнд хийгдсэн бөгөөд гэрээнд заагдсан бусад уурхайг орхигдуулсан. Гэрээнд заасан Зүүн цанхи болон бусад уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө болон хаалтын сан бүрдүүлэх судалгааг хийх боломжтой байсан ч одоог хүртэл хийгээгүй. Зөвлөх нь тайлангийн 1.5.4-д “Уурхайн хаалтын ажлын концепци бүлэг дээр ...судалгааны өмнөх мэдээлэл, баримт бичгүүд нь хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа тул зардал-үр ашгийн тал дээр зөвлөх нь баталгаа гаргах боломжгүй” гэснээс зөвлөх нь өөрийн боловсруулсан энэхүү тайланг үгүйсгэсэн байна. Төслийн хаалтын дараах газар ашиглалтын зориулалтыг орон нутгийн иргэд, засаг дарга, газар эзэмшигчтэй зөвшилцөөгүй, хэлэлцүүлэг зохион байгуулсан эсэх нь тодорхой бус, орон нутгийн хөгжлийн хэтийн зорилт, төлөвлөгөөнд нийцүүлэн хаалтын дараах газар ашиглах зориулалт тодорхой бус байна. ******* ордын ашиглалтын нийт жилийн хугацаанд бүтээн байгуулагдах /гадаргын нэгдсэн төлөвлөлт/ дэд бүтцийн байгууламжуудын талаар тусгагдаагүй. Уурхай тус бүр дээр байгуулагдсан болон байгуулагдах дэд бүтцийн жагсаалт, холбогдох төлөвлөгөө тусгагдаагүй. Тайлангийн хуудас 48-д гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, БОННҮ олон улсын түвшинд хийгдээгүй, захиалагчаас хангалттай судалгаа мэдээлэл өгөөгүй, геотехникийн хийгдээгүй зэрэг нь оновчтой, үр дүнтэй үнэлгээ хийх боломжгүй гэжээ. Энэ нь боловсруулсан тайлан үнэмшил багатай тайлан болсон гэдгийг илэрхийлж байна. Тайлангийн хүснэгт 2.1-д “Уурхайн хаалтын төлөвлөлтийн талаар зөвлөлдөх хэмжээнд хангалттай нарийвчилсан төлөвлөгөө байхгүй тул энэ шатанд зөвлөлдөх хэлэлцүүлэг хийх шаардлагагүй” гэсэн байна. Энэ нь захиалагч тал болон оролцогч талуудын саналыг авалгүйгээр тайланг боловсруулсан гэдгийг илтгэж байна. Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын уурхайн төлөвлөлт, бизнесийн стратеги төлөвлөлт, нийгмийн оролцоо, бүх оролцогч талуудын саналуудыг тусгаж гүйцэтгэх шаардлагатай ажил юм.

Тайлангийн хуудас 74-д “Уурхайн талбай дахь байгууламж тус бүрээр болон нийт уурхайн талбайг хамарсан хаалтын дараах мониторинг хийх аргачлал, концепци цогцоороо гараагүй байна” гэжээ. Энэхүү хяналт-мониторингийн аргачлал, төлөвлөгөө энэхүү судалгааны ажилд хийгдэх ёстой гэж үзэж байна. Тайланд “Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага”-ын 2.2.4-д заасан хаалтын дараах гүйцэтгэлийн химийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй, 2.2.6-д заасан Хаалтын дараах гүйцэтгэлийн физикийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй, 2.2.7-д заасан хаалтын өмнө болон дараах хугацаанд уурхайн ажиллагсад болон нөлөөлөлд өртөх иргэдийн талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөлт бүхий нийгмийн нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг орхигдуулсан.

Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу шинээр болон зэргэлдээ бусад уурхайн төлөвлөлтийн уялдааны талаар ямар нэгэн зүйл тусгаагүй байна. “Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага”-ын 2.2.10-д заасан хаалтын дараах хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторингийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг орхигдуулсан. Уурхайн хаалтын бэлтгэл ажлыг хангахад хүрэлцэхүйц шилжилтийн үеийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг орхигдуулсан. Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын тайлан нь “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын агуулгын хүрээнд бичигдээгүй байна. “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын 1.6-д заасны дагуу урьдчилсан хаалтын төлөвлөгөө нь хайгуулын ажлын тайлан, ТЭЗҮ-д тодорхойлогдсон байхыг заасан байдаг. ******* нь тайланд урьдчилсан хаалтын төлөвлөгөөг захиалагчаас өгөгдсөн суурь мэдээлэлд тулгуурлан ******* баруун уурхай болон *******гийн уурхайн хүрээнд нэгтгэн боловсруулсан. Тайлангийн 116-р нүүрэнд уурхайн хаалтын зардлын харьцуулалт хэсэгт зардлын тооцооны үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулсан. Уурхайн хаалтын зардал ******* Баруун болон *******г уурхайн хувьд 4 дахин өссөн учир шалтгааныг тайлбарлаагүй, захиалагч тал хүлээн зөвшөөрөх эсэх дээр зөвлөлдөөгүй. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 37-д заасан санхүүгийн тайланд тусгах ёстой зардал нь төлөвлөгөөгөөр баталгаажсан мөнгөн дүн байх ёстой бөгөөд уг тайлан нь “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын 3 дугаар заалтад заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулан баталгаажуулаагүй.

2.3. Түүнчлэн, ******* нь техникийн саналдаа уг зөвлөх үйлчилгээг өөрсдийн түнш компани болох Герман улсын ******* компанийн мэргэжилтнүүдийн оролцоотой гүйцэтгэнэ гээд 2019 онд ******* Технологи Олон Улсын GmbH-тай байгуулсан Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцлийн санамж бичиг, зөвлөхийн танилцуулгыг ирүүлсний дагуу ******* компанийг гэрээнд тэмдэглэсэн. Гэтэл *******-тай байгуулсан Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцлийн санамж бичгийн дагуу ЭТТ-2019/782 дугаартай гэрээг хэрэгжүүлэх үүргээ зөрчин ******* компанитай зөвлөх үйлчилгээний ажлыг хамтарч хийсэн.

Иймд ******* нь ЭТТ-2019/782 дугаартай гэрээний 5.7-д “Зөвлөх нь гэрээний 2.2-т заасан ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын стандартад нийцүүлэн мэргэжлийн түвшинд, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэнэ”, 5.9-д “Зөвлөх нь ажлын тайланг /мэргэжлийн/ англи, монгол хэл дээр боловсруулах”, 5.10-д “Гэрээт ажлын асуудлаар шаардлагатай тохиолдолд бусад байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай арга хэмжээг шуурхай шийдвэрлэх” гэж заасан биелүүлээгүй.

2.4. Тус гэрээний 4.1.2, 4.1.3-т тус тус зааснаар зөвлөхийн ажлын явцын тайланг захиалагч хүлээн авснаар гэрээний үнийн дүнгийн буюу ажлын хөлсний 30 хувь болох 239,815,090.8 төгрөгийг, зөвлөх гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсний дараа, зөвлөхийн гаргасан ажлын эцсийн тайланг Захиалагч хүлээн авч, талууд гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээний үнийн дүнгийн 40 хувь болох 319,753,454.4 төгрөгийг зөвлөхийн нэхэмжлэхийн дагуу төлөхөөр тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь гэрээний 4.1.2-т заасан ажлын явцын тайланг ирүүлээгүй, 4.1.3-т заасан ажлын эцсийн тайланг ******* ордын Баруун ******* уурхай болон *******гийн уурхайн хүрээнд “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ” нэртэйгээр ирүүлсэн бөгөөд тус тайланд дурдсан үндэслэлүүдээр хүлээж авах боломжгүй байх тул гэрээний 6.2-т заасны дагуу ажлын хөлсний 70 хувийн үлдэгдэл болох 559,568,545.2 төгрөгийг *******-д гаргаж өгөх боломжгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: 

3.1. ******* нь *******-тай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЭТТ-2019/782 дугаартай “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 4.1.1-т заасны дагуу *******-аас гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 239,815,090.8 төгрөгийг *******-д шилжүүлсэн. Харин *******-аас өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д заасан ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй бөгөөд гэрээний 5.7-5.14-д заасан үүргийг биелүүлээгүй.

3.2. ******* газраас *******-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/36 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын тайланг баталгаажуулсан.

Дээрх гүйцэтгэлийн аудитын тайлангийн 2 дугаар бүлгийн 2.77-д “...компани 2019 онд Э-2019/782 дугаартай “Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх” зөвлөх үйлчилгээний гэрээг *******-тай 799,400,000 төгрөгөөр байгуулж, 239,800,000 төгрөгийн урьдчилгаа олгосон боловч хэрэгжилт хангагдаагүй үргүй зардал болж, өнөөг хүртэл уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй байна”, Дүгнэлт хэсгийн 13-д “Компанийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэл хангалтгүй, хууль, журмын дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй, хуримтлалын сан үүсгээгүй нь Ирээдүйд уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх зардал хүрэлцэхгүй байх эрсдэлтэй байна. Зөвлөмж хэсгийн *******-д даалгасан хэсгийн 18-д *******-тай 2019 онд байгуулсан ЭТТ-2019/782 дугаартай “Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний үүргийн биелэлтийг тооцож, гэрээг дүгнэн, олгосон урьдчилгаа төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах” гэж тус тус заасан.

3.3. Захиалагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд сүүлийн байдлаар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03/1831 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гэрээнд заасан ажлыг ажлын даалгаврын дагуу хийж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлж, үүргээ гүйцэтгэх шаардлагыг *******-д хүргүүлсэн боловч гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариуцлагагүй хандаж манай компанийг хохироож байгаа бөгөөд дээрх гүйцэтгэлийн аудитын тайланд заасан арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд төлбөрийн акт тавигдах бодит эрсдэл бий болоод байна.

3.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д заасны дагуу зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж захиалагч үзвэл төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй бөгөөд улмаар гэрээг цуцалж шилжүүлсэн төлбөрийг үл маргах журмаар буцаан шаардах эрхтэй, мөн 6.5-д заасны дагуу зөвлөх нь гэрээний хугацаанд багтаан ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул гүйцэтгээгүй үүрэг 799,383,636 төгрөгийн 50 хувиар тооцоход алдангийн хэмжээ 399,691,818 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч ******* гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, *******-аас гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулж *******-д олгож өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ ******* газраас хийсэн *******-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт нэртэй гүйцэтгэлийн аудитын тайлангийн холбогдох заалтыг үндэслэл болгожээ.

******* газраас хувийн эрх зүйн гэрээний харилцаанд оролцогч тал биш бөгөөд Зөвлөх үйлчилгээний гэрээг нэхэмжлэгчээс хариуцагч *******-тай байгуулсан. Иргэний эрх зүйн харилцаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зөвхөн гэрээнд оролцогч талууд хариуцах бөгөөд нийтийн эрх зүйн харилцаанаас ялгарах онцлог нь гэрээний талууд тэгш эрхийн үндсэн дээр эрх зүйн харилцаанд оролцдог юм. Гэтэл гэрээний нэг тал биш этгээд гэрээнээс татгалзах, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхийг *******-д олгосон мэт шаардлага, зөвлөмж хүргүүлж байгаа нь иргэний эрх зүйн талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулж байна. ******* газраас иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хоёр этгээдийн аль нэг талд гэрээтэй холбоотой үр дагавар үүсгэх нөхцөл байдлыг бий болгох, ийм агуулга бүхий шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй. ******* газрын гүйцэтгэлийн аудит нь хууль дээдлэх зарчимд үндэслэх бол аудитын тайлан нь өөрөө хууль тогтоомж болон стандартад нийцсэн байх ёстой.

Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн тогтолцоо, үйл ажиллагааны зохион байгуулалт, түүний хэмжилт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ” гэж заасан байхад ******* газар нь эрх хэмжээгээ хэтрүүлэн зөвлөмж хэсэгтээ гэрээгээр олгосон урьдчилгаа төлбөрийг буцаан төлүүлэх хэрэгтэй гэсэн нь үндэслэлгүй. Гэрээний дагуу төлсөн мөнгөө буцаан шаардах нь аудитаар шалгагдаж буй этгээд болох *******-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхтэй огт холбоогүй.

Хариуцагч ******* нь ******* газрын зөвлөмжийн дагуу бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс шууд татгалзах боломжгүй. ******* газрын *******-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт нэртэй гүйцэтгэлийн аудитын тайлангийн ижил төрлийн гэрээний эрх зүйн харилцаанд дүгнэлт өгсөн байдлыг харьцуулан судлах шаардлагатай. Тухайлбал, тус аудитын тайлангийн 2.71 дугаарт *******-ийн *******-тай байгуулсан ЭТТ-2019/779 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээний талаар дүгнэжээ. Ингэхдээ энэхүү гэрээг ямар үндэслэлээр гэрээ болон ажлын даалгаварт заасан үүргээ гүйцэтгээгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Гэтэл *******-тай байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээний тухайд гэрээгээр тохирсон ямар ажил үүргийг хийж гүйцэтгээгүй талаар тодорхой дүгнэсэн зүйл байхгүй.

Мөн *******-тай байгуулсан гэрээ болон *******-тай байгуулсан гэрээг үргүй зардал болсон гэж дүгнэсэн атлаа *******-аас гэрээний дагуу урьдчилан шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан шаардах талаар огт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн *******-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй.

4.2. Зөвлөх үйлчилгээний гэрээг дүгнэх нь *******-ийн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд гэрээг дүгнэхэд талуудын хооронд маргаан үүссэн тул энэхүү маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч талаас хандсан. Гэрээг дүгнэхийг *******-ийн зүгээс удаа дараа шаардсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэн холбогдох тайланг *******-д хүргүүлсэн. ******* газрын тайланд тухайн гэрээний биелэлт нь байхгүй гэдэг үндэслэлээр гэрээг дүгнэх болон урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь тухайн гүйцэтгэлийн аудит хийгдэж байх хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байхад Зөвлөх үйлчилгээний гэрээг биелэгдээгүй гэж дүгнэх нь хууль зүйн учир дутагдалтай. Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу хариуцагч талд шаардах эрх үүсээгүй. Хариуцагчаас гэрээний 6.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах, 6.5-д заасны дагуу алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зөвлөхийн ажил үйлчилгээг үзүүлсэн ******* нь гэрээний 2.2-т заасан болон ажлын даалгаварт үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр *******-д хүлээлгэн өгсөн. ******* нь ажлын тайланг хүлээн авсан атлаа энэхүү тайланг гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй гэж маргадаг. Мөн гэрээний дагуу ажлын тайланг хүргүүлсэн байхад үйлчилгээг огт гүйцэтгээгүй мэтээр тайлбарлаж, гэрээг цуцлах улмаар алданги шаардсан нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох 559,568,545.2 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас 359,722,636.2 төгрөг гаргуулж хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 279,784,272.6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,955,793 төгрөг, хариуцагчийн төлсөн 3,355,485 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,956,563 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Гэрээний зохицуулалтаас үзвэл ажлын хамрах хүрээ нь ...талбайд байрлах бүх уурхай, тэдгээрт холбогдох одоогийн болон төлөвлөгдсөн дэд бүтэц, барилга байгууламж гэж тодорхойлж талууд MV-011943 дугаар бүхий ******* зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг хамруулахаар нэрлэн заажээ” гэж нотлох баримтыг илт мушгин гуйвуулжээ. Талуудын хооронд байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээнд ******* зүүн уурхай гэдэг үг байгаа хэдий ч уг уурхайн тусгай зөвшөөрлийг гэрээ байгуулахаас өмнө Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолоор охин компанидаа шилжүүлсэн байсныг нэхэмжлэгчийн удирдлага уулзалтын явцад хүлээн зөвшөөрдөг нь талуудын хооронд солилцож байсан албан бичгээс харагддаг. Түүнчлэн гэрээнд ******* зүүн уурхай буюу MV-011943 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг хамруулах тухай нэг ч үсэг байхгүй байхад шууд зохион бичлэг хийж, шүүхийн шийдвэрээ үндэслэж байгаа нь хууль бус юм.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “талууд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед *******-ийн эзэмшлийн ******* зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг *******-ийн охин компанид эзэмшүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул захиалагч талын эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээ байгуулахаар тохиролцсон, өөр бусад этгээдийн эзэмшилд байх тусгай зөвшөөрөл бүхий талбайд тохиролцоогүй гэх зөвлөх *******-ийн гаргасан тайлбар үндэслэлгүй ба зөвлөх нь захиалагчийн гэрээгээр тохиролцсон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна” гэсэн нь дээд боловсролтой шүүгч хүн бичсэн гэхэд итгэмээргүй, ямар ч утга найруулгагүй, төрийн өмчийн компанийг хамгаалахын тулд юуг ч хамаагүй зохиож бичиж чадах ёс зүйгүй үйлдэл байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаарыг тусгаж дурдсан нь дээрх тусгай зөвшөөрлийн талбайгаар хязгаарлагдахыг илэрхийлсэн талуудын хүсэл зоригийг илтгэх бөгөөд ******* зүүн уурхай гэж дурдсан л бол “өөр бусад этгээдийн тусгай зөвшөөрлийг ч хүртэл хамруулна” гэсэн анхан шатны шүүхийн үндэслэл тайлбарыг зөвтгөх үндэслэл болохгүй.

6.2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т “Захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй”, 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 352.2.3-т “доголдлын улмаас ажлын ур дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэсэн зохицуулалттай байна.

Гэтэл хариуцагч төрийн өмчийн компанийн давуу байдлаа ашиглан ******* газрын дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хохирол нэрээр гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг алдангийн хамт нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг баримтлалгүйгээр төрийн өмчийн компанийн эрх ашгийг хуулиас дээгүүр үзэж, тендер зарлаж, хувийн хөрөнгө оруулалттай тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийг төрийн аудит болон шүүхтэйгээ хамтран улайм цайм дээрэмдэж, уурхайн олборлолтоос бус, гэрээ байгуулан алдангиар нь орлого олох шинэ орлогын эх үүсвэр байж болох шүүхийн жишиг тогтоох оролдлого боллоо.

6.3. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан. Зүй нь хэрэв захиалагч хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлэх шаардлагагүй болсон ч гэсэн нэхэмжлэгчийн боловсруулж өгсөн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн хуримтлалын нөөц сан үүсгэх, бүрдүүлэх аргачлал, төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагаанд ашиглах бүрэн боломжтой байтал заавал уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө бэлтгэж өгөхийг ийм тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдээс шаардаж байхад анхан шатны шүүх үл ойшоож, нэхэмжлэгчийн эл үндэслэлд хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хариулт өгсөнгүй.

Тодруулбал, талуудын хоорондын маргаан нь хууль, журмын хэрэглээний маргаан бөгөөд хариуцагч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/181, А/458 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын дагуу нэхэмжлэгчээс цаашид 40-50 жил ашиглах уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулахыг шаардсан бөгөөд уг хаалтын төлөвлөгөөг уурхайг хаахаас 3 жилийн өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд боловсруулдаг техникийн шинжтэй зөвлөх үйлчилгээ гэдэг талаас нь нэхэмжлэгч мэтгэлцсэн.

Гэтэл хариуцагч нь Зөвлөх үйлчилгээний гэрээгээр Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хувьцаагаа олон улсын хөрөнгийн биржид гаргаж, санхүүжилт босгохтой холбогдуулан олон улсын хөрөнгийн биржийн шаардлагад нийцсэн олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц санг Уурхайг хаах хүртэл хэрхэн бүрдүүлэх талаарх хаалтын сан бүрдүүлэх төлөвлөгөө буюу цэвэр санхүүгийн зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд боловсруулсан тул нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөггүй. Зөвлөх үйлчилгээний гэрээ болон ажлын даалгаварт заасан ажил үүрэгт заасан “Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах” гэдгийг нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах гэж тайлбарлавал агуулга, мөн чанарын хувьд огт өөр зүйлс бөгөөд боловсруулах эрх бүхий этгээдийн хувьд ч ялгамжтай, тухайлбал, нэг нь олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ байхад нөгөө нь Монгол Улсын хуулийн дагуу байгаль орчны зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй этгээдийн хийж гүйцэтгэх ажил юм.

6.4. Хариуцагчийн гаргаж өгөх гэрээнд дурдсан ажлын баримт бичиг ирэхгүй удааширснаас зөвлөх үйлчилгээг үзүүлэх хугацаа 2 жил шахам хойшилсон тул өмнө нь харилцан тохиролцсон туслан гүйцэтгэгч компани уг ажлаас татгалзаж гарсан бөгөөд Иргэний хуулийн 347.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь уг ажлыг хариуцагчийн өмнө бүрэн хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээлэгчийн хувьд нэхэмжлэгч нь үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд гэрээнд гэрээний үүргийг гэрээлэгч нь заавал биечлэн гүйцэтгэх, туслан гүйцэтгэгчийн өөрчлөхгүй гэсэн тусгайлсан зохицуулалт байхгүй тул туслан гүйцэтгэгч өөрчлөгдсөн гэдэг нь гэрээг цуцлах, төлсөн урьдчилгаа төлбөрийг алдангийн хамт нэхэмжлэх хууль зүйн үндэслэл биш.

Гэтэл анхан шатны шүүхээс “... Зөвлөх ******* нь ... зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг үл харгалзан үзэж гагцхүү нэг талыг барьж, төрийн өмчийн компанийг хамгаалсан шийдвэр болжээ.

6.5. Шинжээчийн дүгнэлтэд энэхүү хэрэг маргаантай холбоотой хэд хэдэн чухал дүгнэлтийг хийсэн байдаг бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар батлагдсан “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам” 2018 онд ажлын даалгавар батлагдах болон тендер сонгон шалгаруулах үед батлагдаж гараагүй байсан, уурхай тэлснээс үүдэлтэйгээр нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болон нөхөн сэргээлтийн ажилд хэрэглэх мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлэх, хэрхэн хуримтлуулах талаар хийж өгсөн зөвлөх үйлчилгээ байна, урт хугацаанд хэрэгжих төслийн хувьд хаалтын төлөвлөгөө боловсруулах нь цаг хугацааны хувьд тохиромжгүй, тухайн үед ******* зүүн уурхайн ТЭЗҮ батлагдаагүй байсан гэх зэргээр давж заалдах шатны шүүхээс тодруулах шаардлагатай гэсэн бүхий л асуултад тодорхой хариултыг өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ шинжээчийн дүгнэлтийн огт өөр асуултад хариулсан хариултуудыг хооронд нь нийлүүлэн нэг асуултын хариулт байдлаар “... урт хугацаанд хэрэгжих төслийн хувьд хаалтын төлөвлөгөө боловсруулах нь цаг хугацааны хувьд тохиромжгүй гэж бодож байна. Энэхүү асуултад хариулах эрх бүхий албан тушаалтан би биш гэжээ” хэмээн нотлох баримтыг санаатайгаар мушгин гуйвуулж шийдвэрээ үндэслэсэн нь зориуд санаатай үйлдэл гэж үзэж байна.

Шүүх “дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон доголдолгүй ажлын үр дүн шилжүүлсэн болохыг эргэлзээгүй тогтоосон гэж дүгнэх боломжгүй гэж үзэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно” гэж шийдвэрээ үндэслэсэн нь энэ хэрэгт тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж, хэрэг 4 жил сунжирч байгаагийн учир холбогдлыг бүрмөсөн үгүйсгэсэн, төрийн өмчийн компанийг хамгаалах талаар урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон дүгнэлтээ батлах байдлаар шийдвэрлэсэн хууль бус шийдвэр боллоо.

6.6. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ үндэслэхдээ ******* газраас *******-ийн 2018-2022 оны үйл ажиллагаатай холбогдуулан гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд аудитын дүгнэлтээр компани “хуримтлалын сан үүсгээгүй нь ирээдүйд уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх зардал хүрэлцэхгүй байх эрсдэлтэй байна” гэсэн нь нэхэмжлэгчийн бэлтгэсэн ажлын тайлангийн дагуу хариуцагч өөрөө хуримтлалын сан үүсгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, харин ч компанийн зардлаар ажлын тайлан бэлтгүүлсэн хэр нь хэрэглэхгүй байгааг нь шүүмжилсэн, компанийн өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой аудитын дүгнэлт мөн.

Гэтэл шүүх энэ бодит нөхцөл байдлыг шударгаар дүгнэхийн оронд “шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох” шаардлага нь дээрх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэхгүй гэж үзлээ” хэмээн илт төрийн өмчийн компанид тал засаж, хуралдааны эхэнд талууд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгааг тодруулсан атлаа хуралдааны дундуур өөрчилсөн мэтээр тайлбарлаж, шийдвэрээ үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хариуцагчийн өмчийн хэлбэрт илүү ач холбогдол өгч, хэт нэг талыг барьсан, төрийн өмчит компанийн эрх ашгийг хамгаалахын тулд нотлох баримтыг ч гуйвуулан өөрийнхөө өмнө нь хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон зорилгод нийцүүлэн тайлбарлахыг оролдсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Маргааны үйл баримтын тухайд уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах, нөхөн сэргээлтийн болон хаалтын хуримтлалын сан бүрдүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр ажлын даалгаварт тодорхой заасан. Үүний дагуу манай компаниас сонгон шалгаруулалт зарлаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудад урилга хүргүүлсэн. Урилгад ажлын даалгаврыг хавсаргаж хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компани тухайн ажлын даалгавартай танилцсаны үндсэн дээр техникийн болон үнийн санал ирүүлсэн. Тухайн саналд ямар мэргэжилтнүүдээр уг ажлыг гүйцэтгүүлэх, ямар аргачлалаар, ямар өртгөөр ажиллах талаар дэлгэрэнгүй тусгасан байсан бөгөөд эдгээр баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

7.2. Манай компанийн зүгээс сонгон шалгаруулалт хийхдээ зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвартай мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, туршлага болон нэхэмжлэгч компанийн олон улсын байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг харгалзан үзсэн. Тухайлбал, ******* гэх олон улсын компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үндэслэн тухайн компани нь шаардлагатай мэргэжилтэн, туршлагатай, Германы хөрөнгө оруулалттай компанитай хамтран ажилладаг гэж үзээд сонгон шалгаруулсан.

Улмаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахдаа мөн ажлын даалгаварт тусгасан нөхцөлүүдийг гэрээндээ тусган, Зүүн болон бусад уурхайд холбогдох зөвлөх үйлчилгээг үзүүлэх, уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах, хаалтын болон нөхөн сэргээлтийн хуримтлалын сан бүрдүүлэхтэй холбоотой ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцон гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч компани нь захиалагчид мэдэгдэлгүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компаниа өөрчилсөн. Уг нөхцөл байдлыг бид ажлын тайланг ирүүлэх үед, өөр компанийн нэрээр боловсруулагдсан байсныг мэдсэн. Үүнтэй холбоотойгоор “зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан компанид ажлыг яагаад гүйцэтгүүлээгүй вэ, мөн яагаад зүүн ******* хэсгийг оруулаагүй вэ, уг ажлыг бүрэн гүйцэтгэж өгнө үү” гэх шаардлагыг тавьсан.

7.3. Гэтэл нэхэмжлэгч талаас “зүүн ******* ТЭЗҮ тухайн үед батлагдаагүй байсан тул хийх боломжгүй байсан, хэрэв хийлгэх бол гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай” гэх тайлбар гаргасан. Гэвч зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан этгээдээс өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн нь тухайн тайлангийн үндэслэл, бодит байдалд эргэлзээ үүсгэж байна. Мөн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нь захиалагчийн эрх ашгийг зөрчсөн тул уг ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн, зүүн ******* ажлыг гүйцэтгэхээс татгалзсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх ажлын даалгавар болон гэрээнд зүүн ******* уурхай тодорхой тусгагдсан бөгөөд нийт 799,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүнд гурван уурхайн ажлыг бүхэлд нь гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн тусгай зөвшөөрөл нь охин компанид шилжсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь захиалагчийн анхны хүсэл зориг нь ажлын даалгаварт тусгагдсанчлан тухайн гурван уурхайд бүгдэд нь энэхүү ажлыг гүйцэтгүүлэхэд чиглэж байсан. *******гэх охин компанийг дараа нь байгуулсан нь уг гэрээний анхны зорилго, агуулгыг өөрчлөх үндэслэл болохгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн талын тайлбарлаж буйгаар IPO гаргахтай холбоотойгоор манай компанийн хувьцааг Монгол Улсын бүх иргэд эзэмшдэг тул олон улсын хөрөнгийн зах зээлд шууд гаргах боломжгүй гэж үзсэн. Иймээс Засгийн газрын шийдвэрийн хүрээнд тусгайлан охин компани байгуулж, уг охин компаниар дамжуулан олон улсын зах зээлд гаргах бодлого хэрэгжүүлсэн. Түүнчлэн, охин компанийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудыг ******* өөрөө сонгон шалгаруулж байсан. Уг нөхцөл байдал *******-тай холбоотой сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлангаас тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, ******* нь ямар компаниудыг зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгаруулахыг өөрөө хариуцан зохион байгуулж байсан.

7.4. Шинжээчийн дүгнэлтийн тухайд нэхэмжлэгч тал уг дүгнэлтийг буруу тайлбарлаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны журам тухайн үед гэрээнд тусгагдаагүй байсан шалтгаан нь уг журам гэрээ байгуулагдах үед батлагдаагүй байсантай холбоотой гэх агуулгаар шинжээчийн дүгнэлт гарсан. Гэвч гэрээнд “ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, дүрэм, журам, стандартуудыг мөрдөнө” гэж тодорхой заасан байдаг. Иймээс 2019 онд ажил эхлэхээс өмнө батлагдсан журмыг дагаж мөрдөхгүй бол манай компанид шаардлагатай, хэрэгцээтэй тайлан гарахгүй гэж үзсэн тул тухайн шаардлагыг тавьсан нь үндэслэлтэй.

7.5. Алдангийн тухайд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 болон 6.5-д тодорхой тусгагдсан бөгөөд нэхэмжлэгч тал эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Уг үйл баримт иргэний эрх зүйн харилцааны хүрээнд байгуулагдсан гэрээ бөгөөд манай компани төрийн өмчит гэдэг утгаар аливаа дарамт шахалт, албадлага үзүүлж гэрээ байгуулсан нөхцөл байдал огт байхгүй. Гэрээний 6.2-т зааснаар гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж захиалагч үзсэн тохиолдолд төлбөр шилжүүлэхээс татгалзах, улмаар гэрээг цуцалж, шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Мөн гэрээний 6.5-д зааснаар гэрээгээр хүлээсэн ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцох эрхтэй гэж тодорхой заасан. Иймээс хариуцагч талаас гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд шилжүүлсэн төлбөр болон алдангийг буцаан нэхэмжилсэн.

7.6. Мөн гүйцэтгэсэн ажлууд нь дутуу, зөвхөн хэлбэрийн төдий хийгдсэн. Өнгөц байдлаар харахад их хэмжээний ажил хийсэн мэт боловч мэргэжлийн түвшинд шалгаж үзэхэд шаардлагатай олон материал, мэдээлэл дутуу, зохих журам, стандартын дагуу боловсруулагдаагүй байсан талаар мэргэжилтнүүд тайлбарласан. Үүнээс гадна тухайн тайлан нь компанийн үйл ажиллагаанд бодитоор ашиглах боломжгүй байсан. Манай компани баруун болон зүүн ******* уурхайд үйл ажиллагаа явуулдаг байхад зүүн ******* хэсэг бүхэлдээ тусгагдаагүй байсан тул уг тайланг практикт хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 559,568,545.2 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч, эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 239,815,090.8 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 399,691,818 төгрөг нийт 639,506,908.8 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.  

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж, харин хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...ажлын тайлан нь төслийн тойм, хаалтын зорилго, зорилт тодорхой бус, гэрээний зорилго, зорилтыг биелүүлээгүй, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах журмын агуулгын дагуу хийгдээгүй, гэрээ болон ажлын даалгаврын дагуу хийгдээгүй, мэргэжлийн үг хэллэг, орчуулгын алдаатай, гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, түүнчлэн зүүн ******* уурхайн талаар тайланд ороогүй, тайлан нь зөвхөн *******г, баруун ******* уурхайн хүрээнд хийгдэж ажлыг дутуу, доголдолтой хийсэн” гэх агуулгаар тайлбарлаж, ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаарджээ.  

Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр тохирсон ажлын тоо хэмжээ, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, чанар буюу ажлын үр дүн доголдолтой эсэх асуудлаар маргажээ.   

3.2. Дээрх маргаантай асуудлыг тодруулах шаардлагаар шүүх хариуцагч талын хүсэлтийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2024/20604 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газар болон Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул ажиглалтын газрын уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн ******* нарыг шинжээчээр томилжээ. /3хх-ийн 154-157/

Гэвч Шүүх шинжилгээний ерөнхий газар нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13/1947 дугаартай албан бичгээр “...тус газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторид уул уурхайн ашиглалтын инженер, геологич, маркшейдерийн мэргэжилтэн томилогдоогүй тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй” болохыг мэдэгдэж, шинжилгээ хийгээгүй байна. /3хх-ийн 177/

Харин Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул ажиглалтын газрын уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн ******* нь шинжээчийн дүгнэлт гаргасан байх боловч үүнийг шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх шинжээч нарыг тус тусад нь дүгнэлт гаргуулахаар томилоогүй атлаа нэг шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Түүнчлэн, шинжээчид тавьсан асуулт нь талуудын маргааны хүрээнд хамаарч байгаа эсэх, тусгай мэдлэг шаардагдах асуудал мөн эсэхийг шүүх анхаараагүй, мөн маргаанд хамаарах асуудлыг тодруулахдаа бүрэн зөв илэрхийлэгдээгүйгээс шинжээчийн дүгнэлт нь агуулгаараа бүрэн бус болжээ. Тодруулбал, талууд нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл нь гэрээ болон ажлын даалгаварт заасны дагуу хийгдсэн эсэх асуудлаар маргасан байгааг шүүх анхаараагүй байна.

Энэ тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан шинжилгээ хийх эрх бүхий мэргэжлийн бусад этгээдийг оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар шүүх дахин шинжилгээ хийлгэх боломжтой байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.  

3.3. Мөн талууд ажлын хэмжээг тодорхойлсон гэх тусгай зөвшөөрлийн МV016682, MV016881, MV019554 дугаарууд гэрээнд алдаатай бичигдсэн, ******* зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар тогтоолоор өөр этгээдэд шилжүүлсэн тул гүйцэтгэх ажлын хүрээнд хамаарахгүй гэж гэрээгээр тохирсон ажлын тоо, хэмжээнд маргаж байхад анхан шатны шүүх энэ талаарх холбогдох баримтуудыг гаргаж өгөх боломжтой эсэхийг тодруулах замаар талуудыг мэтгэлцээнд чиглүүлж маргааны үйл баримтыг бүрэн тогтоох байжээ.   

4. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/03749 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,912,356 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                                  

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УУГАНБАЯР

 

                              ШҮҮГЧИД                                           Д.ЗОЛЗАЯА

 

                                                             Т.ГАНДИЙМАА