| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-30 тоотод оршин суух Зөөхий овогт Алтангэрэлийн Болормаа /РС:64090302/ Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-07 тоотод оршин суух Боржигон овогт Батнасангийн Батцэцэг /ФД:64032001/ 7 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-07 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Болормаагийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Б.Батцэцэг, гэрч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч А.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Батнасан овогтой Батцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 0.4 хувийн алданги тооцохоор зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдий хүрсэн. Ажлын газарт нь болон утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү алдангийг тооцоод 7 800 000 төгрөг нэхэмжилж байна мөнгийг минь гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: А.Болормаагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. А.Болормаа нь надад 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Ингэж зээлэхдээ хугацаа хоцорсон хэмээн үзэж алданги тооцож нийт 7 800 000 төгрөг нэхэмжилж байна. Би Болормаагаас 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Гэхдээ алданги авах талаар тохиролцоогүй. Тэр үед Болормаа бичгээр гэрээ биччихсэн надаар гарын үсэг зуруулж авсан нь үнэн гэхдээ алдангийн талаар юу ч тохиролцоогүй. Ингэж зээлэхэд Болормаа нь барьцаа хөрөнгө нэхээд гэрчилгээг чинь авна гээд байсан учир би өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-07 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд нь тавьсан юм. Тэгээд би Болормаагаас чи миний байрны гэрчилгээг өгчих банкинд барьцаанд тавьчихаад мөнгийг чинь өгье гэхээр өгдөггүй юм. Уг нь бид хоёр сарын дотор банкнаас зээл хөөцөлдөхөд болох юм даанч яараад байна харин чи банкны зээл бүтэхээр гэрчилгээг маань өгөөрэй гэж тохирсон. Гэрчилгээг маань өгөхгүй байсаар өдийг хүрсэн юм. Гэтэл алданги авах гээд өгөхгүй байсан юм байна гэсэн бодол одоо надад төрж байна. Тэгээд миний өмчлөлийн 1-5-07 тоот 2 өрөө байрны гэрчилгээг барьцаанд авсан. Энэ байр манай нөхөр бид 2-ын нэр дээр байдаг. Тухайн үед хүү маань машин авна гээд яараад л энэ мөнгийг авчихсан юм. Энэ тухайгаа Болормаад хэлж гэрчилгээгээ банкинд тавиад зээл авчихаад буцаагаад чиний мөнгийг өгье гэж тохирсон. Банкны зээл 1 сарын дотор бүтчихнэ гэж ярилцсан юм. Тэгээд дараа нь банкны зээл авах гээд гэрчилгээгээ авах гэтэл өгөхөө больчихсон мөнгөө төлж байж ав гээд байдаг болсон. Бид тохирохдоо банкнаас зээл авч байж мөнгийг чинь өгнө гэсэн шүү дээ гэхээр үгүй мөнгөө өгч байж ав гэдэг болсон. Хэрвээ гэрчилгээг маань өгчихсөн бол энэ мөнгийг би хугацаандаа өгчих байсан юм гэв. Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Батнасан овогтой Батцэцэг нь Алтангэрэл овогтой Болормаагаас 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Ингэж зээлэхэд А.Болормаа нь барьцаа хөрөнгө нэхээд гэрчилгээг чинь авна гээд байсан учир өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-07 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаа болгон өгсөн. Ингэхдээ банкнаас зээл авахдаа буцааж авахаар тохиролцсон. Тэгээд тохирсон ёсоор би банкнаас зээл авах болж Болормаагаас байрны минь гэрчилгээг өгчих банкны зээл бүтэх боллоо, банкинд барьцаанд тавьчихаад мөнгийг чинь өгье гэхээр өгдөггүй юм. Харин эсрэгээр дүү Батдорж, найз Алтаа гэх хүмүүстэй хамт ирж дүү гэх Батдорж нь байрны чинь гэрчилгээг таньдаг ломбарддаа тавина, эсвэл чамайг байрнаас чинь гаргаж байрыг чинь түрээслүүлж мөнгөө авч чадна шүү гэсэн. Би гэрчилгээний эзний зөвшөөрөлгүй ийм шийдвэр гаргаж байгаад гайхаад, Та нар ямар итгэлтэй ярьж байна вэ? Мөнгө зээлсэн гэж түрэмгийлж эздийнх нь зөвшөөрөлгүй ийм зүйл хийж болдог юм бол өөрсдөө мэд гэсэнд Батдорж танил тал байхад юу ч болдог шүү гэсэн. Үүнээс үзэхэд миний байрны гэрчилгээ хаана байгаа нь тодорхойгүй болчихсон. Уг нь банкны зээл хөөцөлдөхөд болох л юм гэхдээ яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул өндөр хүүтэй мөнгө 1 сарын хугацаатай чамаас зээлж байна, харин чи банкны зээл бүтэхээр гэрчилгээг минь өгөөрэй гэж тохирсон боловч гэрчилгээг минь өгөхгүй байсаар өдий хүрсэн юм. Гэтэл хүүгээ олон сараар бодож, дээр нь алданги авах гээд өгөхгүй байсан юм байна гэсэн бодол одоо надад төрж байна. Иймээс миний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-07 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Болормаагийн хууль бус эзэмшлээс гаргаж надад эргүүлэн өгнө үү гэв. Нэхэмжлэгч А.Болормаа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.Болормаа надаас 5 000 000 төгрөг зээлж авсан Б.Батцэцэг нь зээлийн барьцаанд тавьсан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-07 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Болормаагийн хууль бус эзэмшлээс гаргаж надад эргүүлэн өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Б.Батцэцгээс энэ байрны гэрчилгээг би хууль бусаар аваагүй. Өөрөө сайн дураараа байрны гэрчилгээг тавиад нөхөр ирэхээр банкнаас зээл аваад өгнө гэсэн боловч хэлсэндээ хүрэхгүй өнөөдрыг хүртэл зээл, зээлийн хүү, алданги төлөхгүй намайг хохироосоор явна. Нэхэмжлэлдээ ...банкны зээл бүтэхээр гэрчилгээг минь өгөөрэй гэж тохирсон, гэрчилгээг минь өгөхгүй байсаар өдийг хүрсэн... гэжээ. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу А.Болормаа надаас авсан зээлээ, хүү алдангийн хамт төлөөгүй байж гэрчилгээгээ авна гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Гэрээний талуудын үүрэг нь А.Болормаа би Б.Батцэцэгт 5 000 000 төгрөгөө бэлнээр өгсөн, тэрээр мөнгө хүлээн аваад гарын үсэг, хурууны хээгээ дарсан. Харин зээлээ хүү, алдангийн хамт төлөхгүй үүргээ биелүүлээгүй явна. Б.Батцэцэгийн зээл, хүү алданги болох 7 800 000 төгрөг төлөөгүй цагт би гэрчилгээг нь өгөхгүй. Шүүхэд гаргасан энэхүү шаардлага нь үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв. Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч А.Болормаа нь хариуцагч Б.Батцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Батцэцэг нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-7 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Болормаагийн хууль бус эзэмшилээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндсэн нэхэмжлэлийн талаар: Нэхэмжлэгч А.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй алданги 0.4 хувь тооцохоор байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Гэрээг нэг хувь үйлдэж надад өгөөгүй, алдангийн талаар мэдээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцны гэрчилгээг өгсөн бол банкнаас зээл аваад өгчих боломжтой байсан. Ийм их мөнгө нэхэх гээд өгөөгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 0.4 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр байгуулсан байх ба гэрээ байгуулагдсан хийгээд гарын үсэг зурагдсан эсэх, мөнгө хүлээн авсан талаар маргаагүй, харин гэрээ нэг хувь үйлдэгдсэн тул алданги тооцох талаар тэр үед тохироогүй гэж маргаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч А.Болормаа нь шаардах эрхтэй. Хариуцагч Б.Батцэцэг нь гэрээ байгуулж гарын үсэг зурсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байгаа ба түүний гэрээг нэг хувь үйлдсэн, алданги тооцох талаар тохироогүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх тул хуулинд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэлээ. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул алданги тохироогүй байсан гэсэн хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна, анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байх ба гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон алдангийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна. Иймд хариуцагч Б.Батцэцгээс 7 216 000 төгрөг /үндсэн мөнгө 5 000 000 төгрөг+ хүү 500 000 төгрөг+ алданги 78 хоног 1 716 000 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч А.Болормаад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 584 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Сөрөг нэхэмжлэлийн талаар: Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч А.Болормаатай зээлийн гэрээ байгуулсан болохоос барьцааны гэрээ байгуулаагүй. Миний өмчлөх эрхэнд халдана гэж дүү Батдорж гэх хүнийг дагуулж ирсэн тул хууль бус эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-7 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулна гэж тайлбарлаж байна. Хариуцагч А.Болормаа сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Би Б.Батцэцэгийн байрны гэрчилгээг хууль бусаар аваагүй, өөрөө авчирч өгсөн. Би мөнгөө авч байж өгнө гэж тайлбарлаж байна. Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээ нь барьцааны гэрээгүй байгуулагдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул Б.Батцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. Б.Батцэцэг нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-7 тоот орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ү- 2101001560 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд А.Болормаагаас Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-7 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан Б.Батцэцэгт олгох нь зүйтэй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч А.Болормаагийн төлсөн 139 750 төгрөг, Б.Батцэцэгийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Б.Батцэцэгээс 130 406 төгрөг гаргуулан А.Болормаад олгож, А.Болормаагаас 70 200 төгрөг гаргуулан Б.Батцэцэгт олгохоор тус тус шийдвэрлэв. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: - Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Батцэцэгээс 7 216 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 584 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч А.Болормаагаас Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-7 тоот Ү-2101001560 дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.Болормаагийн 139 750 төгрөг, Б.Батцэцэгийн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Б.Батцэцэгээс 130 406 төгрөг гаргуулан А.Болормаад олгож, А.Болормаагаас 70 200 төгрөг гаргуулан Б.Батцэцэгт тус тус олгосугай.
- 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШЗ2016/04936 дугаартай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр үлдээсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ |