| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 304/2025/00281/И |
| Дугаар | 214/МА2026/00006 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 214/МА2026/00006
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д. даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 304/ШШ2026/00261 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У******* хот, ******* дүүрэг, 15 дугаар хороо, Ч*******-6, С*******-1, ******* цамхагт байрлах “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 2 дугаар багийн 2-820 тоотод оршин суух ******* овогт *******гийн ,
******* аймаг, ******* сум, 1 дүгээр багийн 117 тоотод оршин суух овогт гын нарт холбогдох,
32,139,906.88 /гучин хоёр сая нэг зуун гучин есөн мянга есөн зуун зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. /цахимаар/, хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Зээлдэгч Н., Б. нар нь тус банкнаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,638,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж зээлийн санхүүжилтээр худалдан авсан Н.ийн эзэмшлийн 2006 онд үйлдвэрлэсэн 0201 УБГ улсын дугаартай, тоёота харриэр маркийн авто машиныг барьцаалуулсан.
Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 11,955,659 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,873,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,823 төгрөг нийт 16,858,923 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нар гэрээнд зааснаар зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,682,341.47 төгрөг, хүү 20,549,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,836,934 төгрөг, нотариатын зардал 71,000 төгрөг нийт 32,139,906 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******”-аас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг Б.д хүргүүлж, зээл төлөхийг шаардсан байна. Энэ мэдэгдлийг би огт хүлээж аваагүй. Зээлийг төлөгдөж дууссан гэсэн ойлголттойгоор өнөөг хүрсэн. Зээлийн гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчвөл гэрээ цуцлах үндэслэл болно. Ийнхүү гэрээ цуцлагдсанаас хойш аль нэг тал хохирол учирсан гэж үзвэл хууьд заасан хугацааны дотор учирсан хохирлоо шаардах эрхтэй. Гэвч Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулсан гэрээнд зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээг банкны санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардахаар тохиролцсон. Хариуцагч нарт зээл төлөх мэдэгдлийг 2015 оноос хойш өгөөгүй. Зээлийн гэрээг цуцлахгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн хүүг тооцоолж нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар зээлийн үлдэгдэлтэй талаар мэдэгдээгүй учраас ийг төлж барагдуулсан гэж ойлгож байсан.
Иймд хөөн хэлэцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ны нэхэмжлэлтэй Н., Б. нарт холбогдох 32,139,906.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,897 /гурван зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “....банк талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201542297793 тоот зээлийн гэрээний банкны эрх хэсгийг буюу шаардлага гаргах эрхээ ХААН Банк хэрэгжүүлээгүй, барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Гэтэл барьцааны зүйлийг хариуцагчаас шилжүүлэн авсан, шилжүүлэн авах талаар шаардлага гаргаж байгаа байна” гэж зээлдүүлэгчийн эрхийг үүрэгтэй адилтгаж дүгнэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлгүй байна.
Зээлдүүлэгч буюу ХААН Банк ХК нь мөнгөн хөрөнгө 20,638,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн зээлдэгч нар нь гэрээний үүрэгт 16,858,923 төгрөг төлж, 32,068,906.88 төгрөгийн үүргээ биелүүлээгүйд зохигч маргаагүй, харин нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэх, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй эсэх асуудлаар зохигч маргасан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэсэн үүрэг гүйцэтгэх зарчим, хугацааг тодорхойлсон. Зээлийн харилцааны хувьд зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч, зээлдэгчийн хэн нь эхэлж гүйцэтгэх дарааллыг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан буюу зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид эхэлж шилжүүлснээр зээлдэгч зээлийг ашиглах, захиран зарцуулах эрх үүсч, улмаар гэрээгээр тохиролцсон нөхцөл, хугацаанд зээлийг буцаан төлөх үүрэг зээлдэгчид үүсэхээр хуульчилжээ.
Энэхүү зарчмаар талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.1-д “Зээлийн төлбөрийг Хавсралт 1-р тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлнө” гэж, тохиролцсоноос гадна мөн гэрээний 4.2.2-т зааснаар зээлийг энэхүү хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус зээлдэгч хүлээж харин зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч гэрээний 5.1.1-д зааснаар “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгчээс шаардах” эрхтэй байх, мөн барьцаат зээлийн гэрээний 5.1.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг Банк дахь харилцах данснаас, харилцах дансанд дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж Банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авахаар харилцан тохиролцсон.
Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно" гэж заажээ. Нэхэмжлэгч ХААН Банк ХК нь барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч буюу зээлдэгч нарын зээл төлдөг 5027337165 тоот данснаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг суутган авч байсан бөгөөд хариуцагч нар нь энэ талаар нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-д гомдол гаргаж байгаагүй болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн хувьд зээл төлүүлэх арга хэмжээ авч хариуцагч нарын банкинд мэдүүлсэн хаягаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус зээлээ төлөхийг шаардсан мэдэгдлийг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хамтран үүрэг гүйцэтгэгчтэй утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтуудаар шаардах эрхээ хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх байдлаар зээл төлүүлэх ажиллагааг явуулж, хариуцагч нарын тус банкин дахь зээл төлдөг данс буюу 5027337165 тоот харилцах данснаас зээлийн төлбөрийн үл маргах журмаар суутгаж байсныг Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөл, зөвшөөрлийн хүрээнд мөнгөн гүйлгээ хийгдсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл бол үүрэг бүхий этгээд үүргээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний тулд үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа үйлийг ойлгох ба хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх ...зэрэг олон хэлбэрээр илэрч болно. Эдгээр үйлдэлд өрийн үндэслэл, хэмжээг заавал дурдсан байх шаардлагагүй.
Хариуцагч нар 2020.10.08-ны өдөр 449,800 төгрөг, 2020.10.21-ний өдөр 893,800 төгрөг, 12020.10.29-ний өдөр 184,600 төгрөг, 2020.11.20-ний өдөр 500,000 төгрөг, 2020.12.23-ны өдөр 500,000 төгрөг, 2021.01.22-ны өдөр 200,000 төгрөг, 2021.03.01-ний өдөр 252,700 төгрөг, 2021.03.09- ний өдөр 1,000 төгрөг, 2021.04.20-ний 150,000 төгрөг, 2021.05.21-ний өдөр 200,000 төгрөг, 2025.04.08-ны өдөр 4,400 төгрөг нийт 11 удаагийн гүйлгээгээр 3,336,300 төгрөг төлсөн байх бөгөөд үүнтэй холбоотой зээлдэгчид гомдол гаргах шаардлагыг гаргаж байгаагүйгээс үзэхэд зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрсөн явдал гэж үзэх үндэслэлтэй. Энэ тохиолдол бүрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдож эхлэх тул хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хэсэгт заасан “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нарын татгалзаж үндэслэлтэй байна гэх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй”гэж заасантай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 304/ШШ2026/00261 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
5.Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хариуцагч нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаан дээр маргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүлйийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж хуульчлан заасан байна. Хариуцагч Н.ийн хувьд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гүйлгээ хийсэн байдаг. Түүнээс хойшхи хугацаанд хариуцагчаас шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Н.ийн данснаас 4,400 төгрөгийг суутгасан. Ингэж суутгасан нь зээлийн гэрээтэй ямар ч хамааралгүй. 4,400 төгрөгийг банк өөрийн санаачилгаар суутгаад байгааг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Хамтран зээлдэгчтэй утсаар ярьсан, мэдэгдэл хүргүүлсэн гээд байгаа нь өөрөө тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үйлдэл юм. Ийм учраас үүнийг зээлийн гэрээг биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэх үндэслэлгүй юм. Зээлдэгчийн данснаас нэхэмжлэгч өөрөө сайн дураараа мөнгө татсаныг хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Талууд 2015 онд зээлийн гэрээ байгуулдаг. 2018 оны 06 дугаар сард талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болчихсон. Гэтэл 2026 оны байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээд байдаг. Хариуцагч нар анх 20 сая төгрөгийн зээл авсан ба өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч тал 32 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын хувьд нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир татгалзах эрх нь хуулиар олгогдсон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Н., Б. нарт холбогдуулан 32,139,906.88 /гучин хоёр сая нэг зуун гучин есөн мянга есөн зуун зургаа/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нараас хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлээгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй гэж дүгнэжээ.
4.Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
5.Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааны талаар:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Н., Б. нарт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 8,682,341 төгрөг, хүү 20,549,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,836,934 төгрөг, нотариатын зардал 71,000 төгрөг нийт 32,139,906 төгрөгийг шаардсан,
Хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлэхгүй гэжээ.
5.1.Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч Н., Б. нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ201542297793 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр банк 20,638,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, жилийн 21 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.
Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан бөгөөд гэрээ хэрэгжих явцад хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан болох нь хавтаст хэргийн 17-18 талд авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээл төлөх мэдэгдэлээр тогтоогдож байна.
1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
5.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэжээ.
Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэнэ. Маргаантай нөхцөл байдлыг урт удаан хугацаа өнгөрөхөд үнэн бодитоор тогтооход хүндрэлтэй байдаг тул хуульд ийнхүү тухайн шаардлагыг хэдий хугацааны дотор гаргах шаардлагатайг заасан байдаг.
Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч Н., Б. нарын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлээ төлөх ёстой байсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд зээл төлөхийг шаардаж болно гэсэн үг юм. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч энэ хугацаанаас хойш 3 жилийн дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч ийн “*******”-ны 5027337165 данснаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 10 дугаар сарын 08, 21, 29-ний өдрүүдэд нийт 1,578,200 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 20 -ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 252,700 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг ХХЗ төлөв гэсэн агуулгаар, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны 4,400 төгрөгийг ******* зээл төлөв гэсэн агуулгаар гэрээнд заасны дагуу үл маргах журмаар татсан гэв.
Хариуцагч нар нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн төлөлтийг зөвшөөрч харин 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээл төлөлтийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хариуцагч нарт мэдэгдэлгүй банк өөрийн санаачилгаар татан авсан, хариуцагч би 4,400 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн төлөлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байх тул зохигчийн хооронд байгуулсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс шинээр тоологдож, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байсан.
Гэвч нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон буюу хариуцагч нар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
5.3.Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Н.т мэдэгдэл очдоггүй үнийн дүнгээр /хх-ийн 219-р талын 20-22-р мөрт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар/ буюу 4,400 төгрөгийг харилцах данснаас нь татан авснаа хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасанд /...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана./ нийцэхгүй байна.
Хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлнэ. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хоёр үндэслэлийг заасан.
Үүрэг хүлээн зөвшөөрнө гэдэг нь үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа зан үйлийг ойлгож болох юм. Тухайлбал хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх, өрийг хойшлуулах хүсэлт тавих, баталгаа гаргах гэх мэт үүрэг бүхий этгээдийн хүсэл зоригийн дагуу үйлдэл тул банк нь хариуцагч Н.ийн харилцах данснаас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4,400 төгрөгийг татан авснаар түүнийг зээлийн төлөлтийг сайн дураар хийсэн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.9-т зааснаар хариуцагчаас зээл төлөлтөд 4,400 төгрөгийг авснаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.
6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 304/ШШ2026/00261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 388,850 /гурван зуун наян найман мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ