Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/01146

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Баруун задгай 27-05 тоотод оршин суух Онход овогт Нэргүйн Мөнгөнтуяа /ИЮ:90051302/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 27-10 тоотод оршин суух Идэр овогт Жамъянсүрэнгийн Энх-Амгалан /ФА:88022557/

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 27 дугаар гудамж 10 тоотод оршин суух Чочин овогт Пашкагийн Мягмаржав /ФА:54031800/

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Мөнгөнтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Ж.Энх-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганзориг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний бие Н.Мөнгөнтуяа нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нөхөртэйгээ гэр бүл болсон юм. Гэр бүлээ батлуулахаас өмнө 2007 онд хамт амьдарч эхэлсэн болно. Хүү Э.Чойжанцан нь 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоо 6 настай 1-р ангид суралцдаг. Гэр бүл болсноос хойш нөхөр маань гэртээ согтуу ирж агсам тавина, хэд хоногоор ирэхгүй, ирэхээрээ хэл ам хийж элдвээр доромжилж зоддог болсон, мөн гадуур хонохдоо өөр хүүхэнтэй явдаг болсон. Бид хоорондоо таарамж муутай болж сэтгэл санаа таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдраад 2 жил гаран болж байна. Учир нь манай нөхөр ээжтэйгээ нийлж хэл ам хийж доромжилж элдвээр хэлээд гэрээсээ хөөж явуулсан ба үүнээс хойш тэр гэрээс яваад өнөөдрийг хүртэл очоогүй болно. Хаягийн өөрчлөлт хийгээгүй, хэвээр байгаа болно. Намайг ямар ч учир шалтгаангүйгээр элдвээр хэлж, хардаж зоддог, доромжилдог занд нь гомддог. Гэр бүл болсноос хойш үүссэн дундын эд хөрөнгө Соната-6 маркийн 59-96 оро улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Рашаант багийн 27-10 тоот хашаа байшин, гэрийн доторхи тавилга ханы стенк, 3 хавтастай толь /треляж/, 3 хаалгатай шкаф, 2 модон толгойтой ор, булангийн буйдан, ширээ, тоос сорогч, индүү, 21 инчийн зурагт, болор рункний цуглуулга, шургуулгатай шүүгээ, 2 хаалгатай улаан өнгөтэй хөргөгч, гал тогооны шкаф, будаа агшаагч, халуун тогоо, угаалгын машин, шарах шүүгээ /пич/, хувцасны өлгүүр зэрэг эд хөрөнгөөс хүү бид 2 оногдох хэсгээ гаргуулж авна. Иймд нөхөр Ж.Энх-Амгалангаас гэр бүлээ цуцлуулах, хүү Э.Чойжанцанг эхийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө Соната-6 маркийн 59-96 оро улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэр доторхи тавилга, Рашаант баг 27-10 тоот хашаа байшин зэрэг эд хөрөнгөөс хүү бид хоёрт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Рашаант 27-10 тоот хашаа байшин болон гэрийн доторхи зарим эд зүйлсээс татгалзаж байна гэв.

           Хариуцагч Ж.Энх-Амгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Энх-Амгалан нь Н.Мөнгөнтуяатай өөрийн эд зүйлээ хувааж чадахгүй ээ учир нь Рашаантын 27-10 тоот хашаа байшин нь миний ээжийн байшин бөгөөд 59-96 оро улсын дугаартай машин нь банкинд байгаа салах өргөдлийг зөвшөөрч байгаа. Манай хүн надтай амьдарч байх энэ хугацаанд өөр хүнтэй явалдаж надад 4-5 удаа баригдаж байсан бөгөөд би хүчирхээ больсон ийм хүнд би өөрийн үр хүүхдээ өгмөөргүй байгаа бөгөөд энэ хүнтэй хамтарч амьдармааргүй байна. Шаардлагатай бол би энэ талаар мэдээлэл өгч чадах бөгөөд надад баримт гэрч хүртэл байгаа, манай хүний хувьд намайг ор мөргүй юман дээр хардаж харааж намайг уурлахаас өөр аргагүй байдалд оруулдаг байсан.

           1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй, итгэл алдаж өөр хүмүүстэй дотно харилцаатай болсон тул цаашид гэр бүл болж, хамтран амьдрах боломжгүй.

           2. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй учир нь нэхэмжлэгч Н.Мөнгөнтуяа нь өөрөө хүүхдийг асран хамгаалах боломжгүй, ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй, байж боломгүй үйлдэл гаргадаг тул хүү Э.Чойжанцанг миний бие өөрийн асрамжиндаа өгсөн хүмүүжүүлнэ. Харин би Н.Мөнхтуяагаас хүүхдийн тэтгэвэр нэхэмжлэхгүй. Хүүгээ хүний зэрэгтээ эрдэм боловсролтой хүн болгож өсгөх болно.

            3. Рашаантын 27-10 тоотод байрлах хашаа байшин нь улсын бүртгэлээс ирсэн лавалгаанаас үзвэл миний болон Н.Мөнгөнтуяа, хүү Э.Чойжанцан нарын өмчлөлд өмнө огт байгаагүй, одоо ч байхгүй юм. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

            4.Гэрийн тавилга эд хогшил болох ханын стенк, 3 хавтастай толь, 3 хаалгатай шкаф, 2 модон толгойтой ор, булангийн буйдан, ширээ, тоос сорогч, 21 инчийн зурагт, болор рункний цуглуулга, шуургуулгатай шүүгээ, 2 хаалгатай улаан өнгөтэй хөргөгч, гал тогооны шкаф, будаа агшаагч, халуун тогоо, угаалгын машин, шарах шүүгээ, хувцасны өлгүүр зэрэг эд хөрнгөөс оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Учир нь эдгээр эд хөрөнгүүд нь миний болон Н.Мөнгөнтуяа, хүү Э.Чойжанцан нарын өмч биш бөгөөд үүнийг үнэлүүлсэн ч ач холбогдолгүй. Үүнийг гэрчлэх олон хүн бий. Ээж өөрөө ч үүнийг хэлэх байхаа.

             5. Миний ээж 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  Голомт банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч мөнгөөр нь ББ-ОД ХХК-иас машин худалдан авсан бөгөөд энэхүү автомашин нь миний нэр дээр бүртгэгдсэн боловч манай ээжийн хөрөнгө бөгөөд Н.Мөнгөнтуяа бид хоёрыг тусдаа амьдарч байхад байхад бий болсон хөрөнгө юм. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ээжийн мөнгөөр авсан ээжийн машин юм. Харин миний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан нь миний бие тендрийн таксинд орох гэсэн зорилготой тул ийнхүү бүртгүүлсэн билээ. Энэхүү тайлбар, татгалзлалаа нотлох баримтуудыг мөн гаргаж өгч байгаа гэв.

           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Мягмаржав шүүхэд гаргасан шаардлагадаа: Миний бие Пашка овогтой Мягмаржав нь тус шүүхэд хянагдаж байгаа Н.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй, Ж.Энх-Амгаланд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах бие даасан шаардлага гаргаж оролцож байна. Миний бие хүү Ж.Энх-Амгалан, бэр Н.Мөнгөнтуяа нарт өөрийн амьдарч байсан 1-19-70 тоот нэг өрөө орон сууцыг өгсөн боловч тэд нар үүнийг худалдаад машин, компьютер тоглоомын газар худалдаж аваад олигтой ажиллуулж чадахгүй хаасан. Тэгсэн атлаа тухай үед миний өмчлөлд байсан Рашаантын 27-10 тоот хашаа байшин /2007 оны 10 дугаар сард байлаа / би нөхөртэйгээ хамт худалдаж авсан, энэ үед Энх-Амгалан, Мөнгөнтуяа нар танилцаагүй байлаа/,  миний өвгөнийгөө нас барахаас өмнө хэрэглэж байсан болон сүүлд нь худалдаж авсан гэрийн тавилга эд хогшлууд /ханын стенк,  гутлын тавиур, хувцасны өлгүүр, шургуулгатай шүүгээ зэргийг би өөрөө 2015 оны 07 дугаар сард Капитал банкнаас зээлж авсан мөнгөөр нийт 1 260 000 төгрөгөөр Хангайн бүс худалдааны төвөөс худалдаж авсан, 3 хаалгатай шкаф,  модон толгойтой 2 орыг 2007 онд худалдаж авч байсан, хүү Ж.Энхбаатар тавилгаа солиод булангийн буйдан, ширээ хоёрыг 2015 онд, зурагтыг хүү Ж.Энхбаатар аавынхаа 50 насны ойгоор 2001 онд өгч байсан, 2 хаалгатай улаан хөргөгч, угаалгын машин, тоос сорогч зэргийг 2008 онд талийгаач охинтойгоо хамт Эрээн явж байхдаа урдаас авсан тоос сорогч нь одоо эвдэрсэн, будаа агшаагчийг 2016 оны Ардчилсан намын ёолкны баяраар азтан болж сугалаанд хожоод авсан, болор рункийг миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох Оюумаа, Нэргүй нар надад бэлэглэсэн, 2015 оны 10 дугаар сарын 20-нд Голомт банкнаас өөрийн мөнгөн хадгаламжаа барьцаалан 59-96 ОРО улсын дугаартай соната-6 автомашиныг ББ-ОД ХХК-иас 4 400 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үүнийг хүү Энх-Амгалангийн нэр дээр бүртгүүлсэн болохоос миний мөнгөн хөрөнгөөр худалдан авсан машин юм. Иймээс миний амины болон өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг ийнхүү Н.Мөнгөнтуяа хуваах гэж байгаад гомдолтой байгаа тул миний бие зөвшөөрөхгүй байна. 59-96 ОРО соната-6 маркын автомашин, гэрийн бүх тавилга эд хогшил нь / ханын стенк, 3 хавтастай толь буюу терляж, 3 хаалгатай шкаф, модон толгойтой 2 ширхэг ор, булангийн буйдан, ширээ, тоос сорогч, индүү, 21 инчийн зурагт, болор рункны цуглуулга, шургуулгатай шүүгээ, 2 хаалгатай улаан өнгөтэй хөргөгч, гал тогооны шкаф, будаа агшаагч, халуун тогоо, угаалгын машин, шарах шүүгээ, хувцасны өлгүүр зэрэг/ миний хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Ж.Мөнгөнтуяа гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Н.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй Ж.Энх-Амгаланд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр П.Мягмаржав нь оролцож шаардлага гаргаж байгаатай холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1-19-70тоот нэг өрөө орон сууцыг нөхөр бид хоёрт өгсөн гэсэн нь худлаа бөгөөд энэ орон сууц нь хадам ээжийн нэр дээр байсан тул П.Мягмаржавын өмчлөлийн орон сууц юм. Энэ байраа зараад хадам ээж өөрийн хадгаламжинд мөнгөө хийсэн санагдах юм.  Би энэ айлд амьдрах хугацаанд үнэлгээнд дурдсан эд хөрөнгүүд нь гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө гэж үзэж байгаа. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хувцасны өлгүүр, гутлын тавиур, стенк, тольгүй... юу нь мэдэгдэхгүй зарлагын баримтанд, эдгээр зүйлийг нэг дор хэзээ ч авч байгаагүй болно. 59-96 ОРО улсын дугаартай соната-6 автомашиныг манай нөхөр Энх-Амгалан эзэмшдэг бөгөөд хадам ээжийн өмчлөлийн эд хөрөнгө биш юм. Харин би Рашаантын 27-10 тоот хашааны оногдох хэсгээ гаргуулахаас сайн дураараа татгалзаж байгаа болно. Манай хадам шаардлагандаа дурдсанаас харахад бид хоёрыг орлого олж байсан тухай комьпютер тоглоомны газар ажллуулж байсан талаар бичсэн байна. Хэсэг хугацаанд ажиллуулж байсан түүнээс олсон орлогоо гэр орондоо хэрэглэж эд хөрөнгө тавилга тавьж байсан. Харин талийгаач хадам аав биднийг гэр бүл болсон гээд Рашаантын 27-10 тоот хашаа байшинг нэр дээр шилжүүлж өгнө гэж байсан юм. Гэвч шилжүүлж өгөхөөс өмнө өвчний улмаас нас барсан. Манай нөхөр хувиараа такси үйлчилгээнд явдаг байсан ба одоо ч гэсэн явж байгаа болно. Такси үйлчилгээнд явсан орлогоо гэр орондоо л зарцуулж байсан бөгөөд харин сүүлийн үед хүү бид хоёрт мөнгө төгрөг өгөхгүй байгаа болно. Иймд бие даасан шаардалага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ж.Энх-Амгалан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Н.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй, надад холбогдох иргэний хэрэгт миний ээж П.Мягмаржав бие даасан шаардлага гаргасан байх ба энэхүү  шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Мөнгөнтуяа нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа миний ээжийн амины болон хуваарьт хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мэтээр хуваалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс ээж П.Мягмаржавын гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь Рашаантын 27-10 тоот хашаа байшинг Н.Мөнгөнтуяа бид хоёрыг танилцаж гэр бүл болохоос өмнө манай ээж, аав нар авч байсан тул ээжийн хуваарь хөрөнгө, ханын стенк, гутлын тавиур, хувцасны өлгүүр, шургуулгатай шүүгээ зэргийг ээж П.Мягмаржав өөрөө 2015 онд Капитал банкнаас зээлж авсан мөнгөөр нийт 1 260 000 төгрөгөөр Хангайн бүс худалдааны төвөөс худалдаж авсан. 3 хаалгатай шкаф, 3 хавтастай толь зэргийг аав ээж 2 маань намайг төрөхөөс ч өмнө худалдаж авч байсан, гал тогооны шкаф, модон толгойтой 2 орыг 2007 онд худалдан авч байсан байдаг. Зурагтыг миний төрсөн ах Ж.Энхбаатар аавын 50-н насны ойгоор аавд авч бэлэглэж байсан, мөн ах гэрийнхээ тавилгыг солиод 2015 онд ээжид булангийн буйдан, ширээгээ өгсөн, 2 хаалгатай улаан хөргөгч, угаалгын машин, тоос сорогч зэргийг 2008 онд ээжид манай талийгаач эгч авч өгч байсан, будаа агшаагчийг ээж өөрөө 2015 оны Ардчилсан намын ёолкны баяраар азтан болж сугалаанд хожоод авсан, шарах шүүгээ 2009 онд цагаан сараар талийгаач эгчийн нөхөр манай хүргэн ах Цэрэндаваа аав, ээж хоёрт бэлэглэж байсан, халуун тогоо, индүү хоёрыг ээж 2015 онд хувийн хэрэгцээндээ зориулж Н.Мөнгөнтуяа бид хоёрыг тусдаа амьдарч байх үед худалдаж авч байсан. Болор рункийг манай эгч нар болох Оюумаа, Нэргүй нар ээжид хувийн хэрэгцээнд зориулж бэлэглэсэн, мөн ээж өөрөө хөл муутай учраас хааяа нааш цаашаа явах намайг таксинд явуулахаар 2015 оны 10 дугаар сарын 20-нд Голомт банкнаас мөнгөн хадгаламжаа барьцаалан 59-96 ОРО улсын дугаартай соната-6 автомашиныг ББ-ОД ХХК-аас 4 400 000 төгрөгөөр худалдан аваад таксинд явахын тулд, мөн өөрөө машин барьж чаддаггүй учраас тус машиныг миний нэр дээр авсан. Иймээс дээрх бүх эд хөрөнгө нь ээж П.Мягмаржавын амин хувийн хэрэгцээг хангахаар авсан бэлэглэлийн журмаар авсан, мөн өөрийн хуваарьт хөрөнгөөрөө бий болгосон хөрөнгүүд учраас миний  бие ээжийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Харин Н.Мөнгөнтуяа болон бидний хөрөнгө гэвэл комьпютер тоглоомын газар ашиглаж байсан комьпютер л байгаа гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Н.Мөнгөнтуяа нь хариуцагч Ж.Энх-Амгаланд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Э.Чойжанцанг өөрийн асрамжиндаа үлдээж, тэтгэлэг гаргуулах, 59-96 оро улсын дугаартай автомашин, Рашаант 27-10 тоотод байрлах хашаа байшин, гэрийн дотрох эд хөрөнгөөс хүүгийн хамтаар оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн зөвшөөрч мэтгэлцэж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Мягмаржав зохигчдын маргаж байгаа эд зүйл нь өөрийнх нь хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

 

Нэг. Гэр бүл цуцлах, хүүхдийн асрамжийн талаар:

Зохигчид 2007 онд  дотно харилцаатай болж, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болон гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 014/018769 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид гэр бүл болсноос хойш хоорондын үл ойлголцлын улмаас  байнгийн хэрүүл маргаантай байх болсон төдийгүй, 2 жил гаран тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан, мөн шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч амжилтгүй болсон нөхцөл байдлыг тус тус харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэрлэгчдийн дундаас 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү Энх-Амгалангийн Чойжанцан төрсөн бөгөөд одоо эрүүл энх, өсөж торниж байгаа болох нь Орхон аймгийн Наран цогцолбор сургуулийн тодорхойлолт, Үйлс бадрах өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Рашаант багийн Засаг даргын тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна.

Зохигчид хүү Э.Чойжанцангийн асрамжийн асуудлаар маргаж байх бөгөөд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулсан болно. Бага насны хүүхдийн асаргаа, эхийн халамж анхаарал, хүүхдийн санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү Э.Чойжанцанг эх Н.Мөнгөнтуяагийн асрамжинд үлдээхээр  шийдвэрлэлээ.

2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Э.Чойжанцанг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу эцэг Ж.Энх-Амгалангаар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид анхаарвал зохино.

Хоёр: Эд хөрөнгийн маргааны талаар:

Нэхэмжлэгч гэр бүл болсноос хойш үүссэн дундын эд хөрөнгө болох соната-6 маркын 59-96 оро улсын дугаартай автомашин, Рашаант баг 27-10 тоот хашаа байшин, гэрийн доторхи эд зүйлсээс өөрт болон хүүдээ оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Рашаант баг 27-10 тоот хашаа байшин болон 3 хавтастай толь, 3 хаалгатай шкаф, модон толгойтой 2 ор, тоос сорогч, 21 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, гал тогооны шкаф, шарах шүүгээ зэрэг эд зүйлсээс татгалзсан болно.

Нэхэмжлэгч соната-6 маркын 59-96 оро улсын дугаартай автомашин болон ханын стенк, булангийн буйдан, индүү, болор рункны цуглуулга, шургуулгатай шүүгээ, будаа агшаагч, халуун тогоо, хувцасны өлгүүр, ширээ зэрэг эд зүйлсийг гэр бүл болсноос хойш бий болсон тул оногдох хэсгээ гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч эдгээр эд зүйлс ээжийн хуваарьт хөрөнгө учир хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Мягмаржав бие даасан шаардлагадаа: Зохигчдын маргаантай байгаа эд зүйлс миний өмч хөрөнгө юм. Талийгаач нөхөртэйгөө амьдарч байсан хашаа байшинд хожим хүү, бэр, ачтайгаа хамт амьдарч байсан, хүний амьдралын энэ тэргүүний зайлшгүй хэрэглэгдэх  эд зүйлсийг би өөрөө болон хүү Ж.Энхбаатар, талийгаач болсон охины нөхөр, ах дүүгийн  тусламжаар бий болсон хөрөнгө болохоос Н.Мөнгөнтуяа, Ж.Энх-Амгалан нарын хөрөнгө биш гэж тайлбарладаг.

59-96 оро улсын дугаартай автомашиныг Голомт банкны зээлээр авч хүүгээ такси үйлчилгээ эрхлэхэд нь өөрийнх нь нэртэй байх гэсэн зайлшгүй шаардлагын улмаас Ж.Энх-Амгалангийн нэр дээр шилжүүлсэн болохоос Ж.Энх-Амгалангийн хөрөнгө биш. Уг машин нь энэ хоёрыг тусдаа амьдарч байхад нь бий болсон хөрөнгө Н.Мөнгөнтуяагийн оролцоо байхгүй гэдэг.

Зохигчид Рашаант баг 27-10 тоотод Ж.Энх-Амгалангийн ээж П.Мягмаржавтай хамт амьдарч байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байгаа гэрийн доторхи эд зүйлсийг хэрхэн хэзээ бий болсон эсэх талаар болон хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хэдийгээр орлогоо ээжид өгч хадгалуулдаг байсан тэр мөнгөөр бий болсон хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн үгүйсгэсэн тайлбар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ тайлбарлаж нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.

Иймд Рашаант баг 27-10 тоот хашаа байшинд байгаа гэрийн доторхи эд зүйлс нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Мягмаржавын хуваарьт хөрөнгө мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 59-96 оро улсын дугаартай соната-6 маркын автомашин нь Ж.Энх-Амгалангийн өмч болох нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  Авто тээврийн үндэсний төвөөс олгосон 01088898 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг үндэслэн Лэндс ХХК-н шинжээчийн дүгнэлтийн автомашины үнэлгээг баримтлан гэр бүлийн гишүүдэд адил хувиарлан, гэр бүлийн нэг гишүүнд оногдох хувийг 1 733 333 төгрөгөөр тооцож Ж.Энх-Амгалангаас 3 466 666 төгрөг гаргуулан Н.Мөнгөнтуяа, Э.Чойжанцан нарт олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Мягмаржавын урьдчилан төлсөн 120 094 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энх-Амгалангаас  166 709 төгрөг /70 200 төгрөг+ 26 092 төгрөг+70 417 төгрөг/ гаргуулан төрийн сангийн орлогод оруулах, Н.Мөнгөнтуяа, Ж.Энх-Амгалан нараас 36 894 төгрөг гаргуулан П.Мягмаржавт олгохоор шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Онход овогт  Нэргүйн Мөнгөнтуяа, Идэр овогт Жамъянсүрэнгийн Энх-Амгалан нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Э.Чойжанцанг эх Н.Мөнгөнтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.Чойжанцанг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Энх-Амгалангаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
  5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар  59-96 оро улсын дугаартай соната-6 маркын автомашиныг Ж.Энх-Амгалангийн эзэмшилд үлдээж Ж.Энх-Амгалангаас 3 466 666 төгрөг гаргуулан Н.Мөнгөнтуяа, Э.Чойжанцан нарт олгож, нэхэмжлэгч Н.Мөнгөнтуяа нь Рашаант баг 27-10 тоот хашаа байшин, 3 хавтастай толь, 3 хаалгатай шкаф, модон толгойтой 2 ор, тоос сорогч, 21 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, гал тогооны шкаф, шарах шүүгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, ханын стенк, булангийн буйдан, индүү, болор рункны цуглуулга, шургуулгатай шүүгээ, будаа агшаагч, халуун тогоо, хувцасны өлгүүр, ширээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШЗ2016/2209 дугаартай шүүгчийн захирамжийн нэг дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.
  8. Рашаант баг 27-10 тоот хашаа байшин, 3 хавтастай толь, 3 хаалгатай шкаф, модон толгойтой 2 ор, тоос сорогч, 21 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, гал тогооны шкаф, шарах шүүгээ, ханын стенк, булангийн буйдан, индүү, болор рункны цуглуулга, шургуулгатай шүүгээ, будаа агшаагч, халуун тогоо, хувцасны өлгүүр, ширээ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Мягмаржавын хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоож, 59-96 оро улсын дугаартай соната-6 маркын автомашиныг хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мөнгөнтуяа нь  улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Мягмаржавын урьдчилан төлсөн 120 094 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энх-Амгалангаас 166 709 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, Н.Мөнгөнтуяа, Ж.Энх-Амгалан нараас 36 894 төгрөг гаргуулж П.Мягмаржавт олгосугай.
  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ