Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 214/МА2026/00008

 

   Д.*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 304/ШШ2026/00266 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Б******* сумын 1 дүгээр багт оршин суух ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.*******гийн хүсэлтийн шаардлагын агуулга: Миний бие 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарыг дуустал ******* нэгдэлд малчин, 1986 оны 11 сараас 1988 оны 10 сард цэргийн албанд яваад халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* нэгдэлд малчнаар ажилласан. 1995 оноос 2002 онуудад ******* болон Т******* ХХК-д малчнаар ажиллаж байсан боловч орсон гарсан тушаал байхгүй учир ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.

 

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г Булган аймгийн Б******* сумын “*******” ХК-д 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Б******* сумын “Төлүүжин” ХХК-д 1996 оны 05 сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Б******* сумын “Ац буурал” ХХК-д 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Хүсэлт гаргагч Д.******* нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 304/ШШ2026/00266 дугаар шийдвэрээр миний ажилласан жилийг дутуу тогтоосон.

Иймд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарыг дуустал ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлсэн боловч хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хүсэлтийн шаардлагыг зөв тодорхойлж, бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна.

3.Хүсэлт гаргагч Д.******* нь Булган аймгийн Бүрэнхангай сумын ******* нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 онуудад малчнаар, 1995 оноос 2000 онуудад “*******” болон “Т*******” ХХК-д мөн малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон тухай тэмдэглэл, ХААТР 1 дүгээр маягтын хуулбарын ажилладаг байгууллага, эрхэлдэг ажил хэсгийн мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 12/119 дугаартай албан бичиг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Д.******* нь Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1986 оны 11 дүгээр сард цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр халагдсан байна.

4.2.Цэргийн албанаас халагдаж ирээд Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Булган аймгийн Б******* сумын “Дархан” ХК-д 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1996 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл малчнаар,

 Булган аймгийн Б******* сумын “Төлүүжин” ХХК-д 1996 оны 05 сарын 07-ны өдрөөс 1997 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар,

Булган аймгийн Б******* сумын “Ац буурал” ХХК-д 1997 оны 01 сарын 14-ний өдрөөс  2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байна.

4.3.Булган аймгийн Бүрэнхангай сумын ******* нэгдэл нь 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Дархан” ХК болж, 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Төлүүжин” ХХК болж, 1997 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Ац буурал” ХХК болж хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэрээ өөрчилсөн байна.

5.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хүсэлт гаргасан иргэн аль байгууллагад ямар ажил, албан тушаалыг, ямар хугацаагаар эрхэлж байсныг ажил, албан тушаал нэг бүрээр тодорхой заан тогтоохоор хуульд заасан.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.*******г 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6.Хүсэлт гаргагч Д.*******гийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.*******гийн давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 304/ШШ2026/00266 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Булган аймгийн Б******* сумын “Дархан” ХК-д 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1996 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл малчнаар, Булган аймгийн Б******* сумын “Төлүүжин” ХХК-д 1996 оны 05 сарын 07-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, Булган аймгийн Б******* сумын “Ац буурал” ХХК-д 1997 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс  2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

 

                ШҮҮГЧИД                           Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                                                            Л.ХИШИГДЭЛГЭР