| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01131/И |
| Дугаар | 01152 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 01152
| 2016 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2016/01152 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбар
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-09-03 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэ-Очирын Очир /ФМ:82121877/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-77 тоотод оршин суух Боржигон овогт Хүүхнээгийн Халзан /ФМ:60102066/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу хабитат 11а-18 тоотод оршин суух Борной овогт Пүрэвдоржийн Батцэцэг /ФБ:80012907/
10 101 435,13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхчимэг, хариуцагч Э.Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Эрдэнэ-Очир овогтой Очир нь 2015 оны 09 дүгээр сарын 11-нд Төрийн банкны Орхон салбарын Зэст тооцооны төвөөс №1300/760 тоот зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 11 460 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө, зурагт зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 дахь заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Эрдэнэ-Очир овогтой Очироос зээлийн үндсэн төлбөрийн өр 9 383 461.71 төгрөг, зээлийн хүүгийн өр 712 310.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 662.99 төгрөг, нийт 10 101 435.13 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 176 573.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Очир нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Э.Очир нь Төрийн банкны 10 101 435.13 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2015 оны 09 дүгээр сарын 11-ний 1300/760 тоот гэрээгээр нийт 11 460 000 төгрөгний зээл авсан. Зээлийн гэрээний дагуу уг зээлийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд төлж дуусах байсан. 2016 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн миний бие ажлаас чөлөөлөгдсөн тул зээл төлөх хуваарийн дагуу зээл төлөгдөөгүй нь үнэн. Хамтран зээлдэгчээр ээж Халзан, Батцэцэг нар гарын үсэг зурсан боловч ээж Халзан тэтгэвэрт, одоо элэгний хорт хавдартай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Батцэцэг нь 2 хүүхэдтэй сарын 150 000 төгрөг гар дээрээ авдаг тусдаа амьдарч байгаа. Зээлийн гэрээний дагуу гэрээг дуусгавар болгох гэж байгааг би ойлгож байна. Зээлийн үлдэгдлийг би өөрөө хариуцан төлнө. Хамгийн гол нь уг зээлийг төлөхөд надад хугацаа хэрэгтэй байна. Миний хувьд 4, 5, 6, 7, 8 сарын төлбөрийг бөөнд нь төлөөд гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Ажилд ороод удаагүй байгаа тул их хэмжээний мөнгө хуримтлуулж чадаагүй байна. Ер нь бол миний чин хүсэл бол төлөгдөөгүй зээлээ төлөөд цаашид гэрээгээ үргэлжлүүлэн сар бүр хуваарийн дагуу төлж дуусгах болно гэв.
Хариуцагч П.Батцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Батцэцэг нь төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Очир бид хоёр хамтран амьдарч байсан боловч 2016 оны 1 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Гэр бүлийн баталгаагүй болно. Миний бие нь Эрдэнэт телевизэд гэрээт ажилтанаар ажилладаг. Цалин 600 000 төгрөгний цалинтай, цалингийн зээл сард 400 гаруй мянган төгрөгийг төлдөг. Би Э.Очирын 2.6, 11 настай хүү, охин хоёрыг тэжээж амьдардаг. Э.Очироос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байлаа. Э.Очир нь ажилд орсон тул өөрөө зээлээ хариуцан төлөх болно. Уг мөнгийг би авч хэрэглээгүй. Тухайн үед би гэрээтэй танилцаагүй. Иймд шийдвэрийг Э.Очирын нэр дээр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Халзан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Халзан нь төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү Э.Очир зээл авлаа гээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Би нэг төгрөг ч аваагүй. Би тэтгэвэрт байдаг. Одоо элэгний хорт хавдартай учраас Улаанбаатар хотод эмчлүүлж байна. Хүү маань ажилд орсон цалинтай залгасан зээлээ өөрөө хариуцан төлнө. Иймд настай хөгшин миний байдлыг харгалзан үзэж шийдвэрийг хүү дээр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагч Э.Очир, Х.Халзан, П.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 101 435.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Х.Халзан, П.Батцэцэг нар уг зээлийг хариуцахгүй гэж, хариуцагч Э.Очир зээлийн гэрээний хугацаандаа төлбөрийг барагдуулах талаар тайлбар гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1300/760 дугаартай Э.Очир, Х.Халзан, П.Батцэцэг нартай байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байна.
Хариуцагч Х.Халзан, П.Батцэцэг нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Зээлийг бид авч хэрэглээгүй тул хариуцан төлөхгүй гэж, хариуцагч Э.Очир ажлаас гэнэт халагдсан шалтгаан нь зээлийн үүргээ биелүүлэхэд саад болсон тул зөрчлөө арилгаж цаашид гэрээний хугацаандаа зээлээ төлөх хүсэлтэй гэж тайлбарлаж байна.
2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохигчдын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж зээлдэгч Э.Очир, Х.Халзан, П.Батцэцэг нар нь Төрийн банкны Орхон салбараас 11 460 000 төгрөгийг зээлж авсан болох нь 1300/760 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна. Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагч Э.Очир, Х.Халзан, П.Батцэцэг нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийг зөрчиж байгаа тул нийт 10 101 435.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай заасан байх ба ийнхүү банкны зүгээс мэдэгдэл хүргүүлж байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зээл 2 132 000 төгрөгийг хариуцагч Э.Очир үгүйсгээгүй бөгөөд дээрхи мөнгийг төлж барагдуулаад үндсэн хуваарьт төлөлтөөр зээлээ төлөх хүсэлтэй гэж байх тул хариуцагч нараас хугацаа хэтэрсэн зээлийг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь 1300/760 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч нарын өмчлөлийн зурагт, гэрийн эд хогшил, цахилгаан барааг барьцаалсан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Хариуцагч Х.Халзан П.Батцэцэг нар нь байлцуулахгүйгээр хурлыг хийх тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүсэлтийг дэмжиж байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тайлбар, бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 176 573 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 49 062 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Очир, Х.Халзан, П.Батцэцэг нараас 2 132 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 969 435.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176 573 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 49 062 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ