Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1545

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г, улсын яллагч /томилолтоор/ Ч.Т, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ххолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05391 2031 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Б.Х, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Х нь согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Энканто-2 хотхоны 208-60 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Мөнхгэрэлийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Б.Мөнхгэрэлийн өргөдөл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мөнхгэрэлийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 8-11, 21-23/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагаанд Х.Өлзийгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 24-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 31/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 53-54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 36/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 41/, хохирогчийн хүсэлт /хх-н 59/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Б.Х нь согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Энканто-2 хотхоны 208-60 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Мөнхгэрэлийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Энканто-2 хотхоны 208-60 тоотод Б.Мөнхгэрэлийг зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнхгэрэлийн хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө би гэртээ хүүхдийн хамт унтаж байсан. Ингээд байж байтал 00 цагийн үед манай нөхөр гэртээ согтуу ирсэн. Ингээд би орондоо унтаж байтал манай нөхөр хөнжил сөхөөд намайг цохих гээд байсан. Үэгэхээр нь би хүүхдээ сэрээгээд аав чинь ээжийг чинь цохих гээд байна гээд хэлтэл манай нөхөр Хишигжаргал ямар ч шалтгаангүйгээр миний нүүр лүү цохьсон...Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Энэ гэмтлийг манай нөхөр Хишигжаргал нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан...Бид хоёр сүүлийн 5 гаруй жил таарамж муутай маргаантай байгаа Одоо гэрлэлтээ цуцлах гэж байгаа...Албан ёсны гэрлэлтийн баталгаа байгаа. Бид хоёр хамт амьдраад 17 гаруй жил болж байгаа...Надад санал хүсэлт, гомдол байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Өлзийгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай аав хуриманд явсан байсан. Тэгээд 22 цагийн үед аав над руу залгаад намайг ирээд аваадах гэсэн. Тэгээд би аавыг авах гээд гэрээсээ гараад Скай ресортод байдаг хурмин дээр нь очтол манай аав байхгүй байсан. Тэгэхээр нь буцаад ээж рүү залгаад аав очсон уу гэж асуутал ээж надад аавыг ирж байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явж байсан чинь ээж залгаад аав чинь уурлаад байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ удалгүй ирсэн чинь аавын хацар хамарных нь хажууд урагдчихсан байсан. Тэгтэл ээж цаад өрөөнөөс хаалгаа онгойлгоод гарч ирсэн чинь манай ээжийн нүд хавдчихсан байдалтай байж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10702 дугаартай:

1. Б.Мөнхгэрэлийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Хын өгсөн: “...би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Мөнхгэрэлийн баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Энэ үйлдэл нь би маш их хэмжээний согтолттой байсан болохоор яагаад цохисоноо санахгүй байна. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 54/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мөнхгэрэлийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх36/ болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа хэдий ч хэрэгт авагдсан захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх43-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх34/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Хд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.