Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 214/МА2026/00007

 

   М.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 304/ШШ2026/00201 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 6 дугаар баг, *******, 8-838 тоотод оршин суух, ******* овогт *******ы *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, Улаан *******, “Х*******” ОНӨХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол нийт 40,984,200 төгрөг болон ажлаас халагдах тушаал гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******х, хариуцагчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Би ******* аймгийн т нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтыг хуульд заасан хугацаагаар авсан. Гэтэл энэ хугацаанд татан буугдаж, Х******* ОНӨХХК-тай нэгдсэн. Хариуцагч байгууллага санхүүгийн тайлан балансаа сар бүр хуулийн хугацаанд гаргадаг байж миний шимтгэлийг төлөхөөс удаа дараа зайлсхийсэн тул Хүний эрхийн Үндэсний Комисст хүртэл хандаж, эрх зөрчигдөж байгаа талаар гомдлоо гаргасан. Иймд миний “2022 оны 9, 10 сар болон 2023 оноос 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд шимтгэл төлөгдөөгүйг тогтоож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 11,210,400 төгрөгийн цалин гаргуулах, 4,860,000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг нийт 40,984,200 төгрөгийг гаргуулж, ажлаас халагдах тушаал гаргуулна” гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/486 дугаартай захирамжаар “Аймгийн нөөцийн газар” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, “Х*******” ОНӨХХК-тай нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан.

Компанийн тухай хуулийн 18.4-т компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар ...өөрчлөн байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа компанийг улсын бүртгэлээс хасалт хийгээгүй бөгөөд одоог хүртэл “Аймгийн нөөцийн газар” ОНӨААТҮГ нь хуулийн этгээдийн эрхтэй байхад манай компанид холбгдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн түүнчлэн нэгтгэх ажлын хэсэг байгуулагдах явцдаа компанийн бүтэц зохион байгуулалттай холбоотой чиг үүрэг өгөөгүй ба өөрчлөлт ороогүй. М.******* гэх хүнтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл үүсэх ба манай байгууллагаас түүнийг чөлөөлсөн талаар тушаал шийдвэр гараагүй, ямар үндэслэлээр сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь ажил олгогч болон ажлаас чөлөөлсөн байгууллагаасаа эрхээ сэргээлгэх шаардлага гаргах нь зүйтэй” гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч С.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.*******гийн нэхэмжлэлийг хангаж өгөх нь зүйтэй” гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 32 дугаар зүйлийн 32.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Х*******” ОНӨХХК-иас 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт 9,136,800 /есөн сая нэг зуун гучин зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, 2022 оны 09, 10 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч “Х*******” ОНӨХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас цалин 2,073,600 төгрөгт холбогдох хэсгийг, ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг, нийт 27,425,700 /хорин долоон сая дөрвөн зуун хорин таван мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,071 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.*******д буцаан олгож, 362,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х*******” ОНӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 161,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******х давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Учир нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит X хуралдааны тогтоолоор “Аймгийн нөөцийн газар” ОНӨААТҮГ- ыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс татан буулгаж, “Х*******” ОНӨХХК-тай нэгтгэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/486 дугаартай захирамжаар ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дүгээр хуралдааны тогтоолоор дээрх тогтоолын 2.7-д заасан “2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор” гэснийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор” гэж өөрчилж шийдвэрлэсэн. Мөн одоог хүртэл нэгтгэх ажиллагаа үргэлжилж байгаа талаар /хх53/ талд ******* аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан тоот авагджээ.

Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцоно”, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болж, энэ өдрөөс Татан буулгах комисст шилжжээ.

Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 4.2 дахь хэсэгт "Мөн заалтын “төлбөр-төлөгч хуулийн этгээд татан буугдсан” гэдэгт хуулийн этгээдийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1,5-д заасан үндэслэлээр татан буулгах шийдвэр гарч, татан буулгах комиссын ажиллагаа дуусгавар болж, бүртгэх байгууллага тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд зарласан байхыг ойлгоно." гэж хуулийн этгээдийн татан буугдах үйл ажиллагааг тодорхой тайлбарласан байна.

Иймд татан буулгах компанийн ажилтны хөдөлмөрлөх харилцаатай холбоотой асуудал нь татан буулгах комисс болон татан буугдаж буй компанийн эрх хэмжээний асуудал бөгөөд гэрээг цуцалсан эсэх, нэхэмжлэгчийн ажлын байр хадгалагдаагүй, хасагдсан, өөр ажлын байранд ажиллуулахаар шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй бөгөөд Х*******” ОНӨААТҮГ-д компани хуулийн дагуу нэгтгэгдээгүй тул гомдлыг татан буулгах комисст хандан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогч гэрээг цуцлахаар заасан бөгөөд нэхэмжлэгчтэй хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй, татан буугдсан компани болон хариуцагч компанид холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлагыг гаргаагүй тул 2025 оны цалин хөлсийг гаргуулах нь хуульд нийцэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ “Х*******” ОНӨААТҮГ-д эрх үүрэг нь шилжсэн гэх үндэслэлээр шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иргэний хуульд зааснаар татан буулгах компанийн өр төлбөртэй холбоотой асуудлыг түүнийг хөрөнгөөр шийдвэрлэх бөгөөд тухайн ******* аймгийн нь өөрийн нэр дээр газартай бусад актлагдсан эд хөрөнгөтэй. ******* аймгийн Засаг даргын захирамжаар Нөөцийн газрын нийгмийн даатгал, татварын өр төлбөрийг өөрийнх нь хөрөнгө болох малыг зарах захирамж гарч төлж барагдуулсан.

Компанийн тухай хуулийн 18.4-т “Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.” гэж заасан бөгөөд нэгдэж байгаа компани болох ******* аймгийн нь улсын бүртгэлээс хасагдаагүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.6-д заасан “хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад төлөх хөдөлмөрийн хөлс”-ийг татан буугдаж буй хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хуульд зааснаар дарааллын дагуу хангахаар хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Татан буулгах комисст хандан шаардлага гаргах, эс зөвшөөрвөл хуулийн этгээдийн эрх нь дуусгавар болоогүй ******* аймгийн Орон нутгийн Өмчийн газарт холбогдуулан хөдөлмөрлөхтэй холбоотой шаардлагыг гаргах нь зүйтэй юм.

Шүүх хариуцвал зохих этгээд бус болох “Х*******” ОНӨААТҮГ-аас 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин 9.136.800 төгрөг, 2022 оны 09,10 сар, 2023 оноос 2025 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх, шимтгэл төлөхийг баталгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6.Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би шат шатны байгууллагад өргөдөл гомдлоо гаргаад явж байна. Эхлээд би тухайн үеийн аймгийн Нөөцийн газрын даргад хандсан. Тэр үед дарга нь гэх хүн байсан ба надад чиний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх эрх байхгүй. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан гэх хариултыг өгсөн. Дараа нь би аймгийн Засаг даргад хандсан. Тэгэхэд мөн адил аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамж гарсан. Чи нэгдсэн газар буюу Х******* орон нутгийн өмчит компанид хандаарай гэсэн. Үүний дараа би Хүний Эрхийн Үндэсний Комисст хандсан. Тэгэхэд нийгмийн даатгалын шимтгэл, цалин зэргийг тухайн байгууллагаар төлүүлэх ёстой гэсэн хариултыг авсан. Хариуцагч талаас огт нэгдээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэгдсэн асуудал байхгүй. Тэгээд ч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасагдаагүй гэж яриад байна. Гэвч “Х******* орон нутгийн өмчит” компани нь аймгийн Нөөцийн газрын бүх тоног төхөөрөмж, зарим эд хөрөнгийг өөр дээрээ хүлээж авсан тухай акт үйлдэгдсэн байсан. Мөн уг акт дээр миний нэрийг дурдсан байсан. Миний нэрийг хүлээлцэх актан дээрээ дурдаж байгаа юм чинь надад татан буугдаад нэгдэж байгаа тухай дуулгаж болоогүй юм бол. Тэр үед би жирэмсний амралтаа аваад ******* сумын төвд гэртээ л байж байсан. Надад хэлсэн бол гүйгээд л ирэх боломжтой байсан. Өмнө нь намайг ажиллаж байх үед нөөцийн газрыг шинэ хөдөө төсөлтэй нэгтгэе гэх асуудал яриад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж байсан. Би Нөөцийн газрын нягтлан байсныхаа хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт нэгдэж болохгүй, одоо ч гэсэн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Тухайн үед байсан Хурлын дарга Эрдэнэбатад хандаж та онцгойгийн байранд байсан нэг нуруу өвс тэжээлийг яасан юм бэ?, энэ их өр авлагатай байгууллагыг өөр хувийн аж ахуй нэгжтэй нэгтгэж болох юм уу?, энэ асуудлаа эхлээд шийд, энэ дээр нэг биш нилээн хэдэн хүний асуудал яригдах гээд байна гэсээр байгаад болиулсан. Намайг жирэмсний амралтаа авсан хойгуур татан буулгаад нэгтгэх асуудал гаргасан байсан. Сүүлдээ би аргаа бараад олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүк группт аймгийн Нөөцийн газрыг хариуцах этгээд байна уу? гэж зар тавьсан. Би энэ байгууллагын асуудалтай байгаа бүх юмыг нь гаргаж ирээд хууль хяналтын байгууллагад өгсөн. Ажил хүлээлцэх актан дээрээ миний нэрийг оруулсан хэрнээ огт дуудаагүй. Би шат шатных нь албан тушаал, эрх бүхий байгууллагад хандсан. Дараагийн дугаарт би жирэмсний амралтаа аваад байж байхдаа аймгийн Нөөцийн газрыг шүүхэд өгөөд өмнөх дикритнийхээ мөнгийг гаргуулж авсан. Намайг шүүх дээр ирээд ингээд зогсож байхад чиний хүүхэд амьд юм уу? гэж дооглож байсан. Энэ бол арай л дэндүү хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Батхуяг гэх малчин 47 хонийг тууж ирээд манай хашаанд тавьчихсан байсан. Тэгэхэд нь би буцаагаад аваачиж өгөөд би үхэх гэж байгаа юм шиг ийм туранхай, эцэнхий хонь авмааргүй байна гээд Өмчийн газрын даргыг дагуулан очиж байгаад хэдэн хонь шилж сонгон авсан. Тэгэхэд 47 хонь аваагүй, 37 хонь аваад за энэ асуудлыг ингэсгээд хаая, харин миний шимтгэлийг төлөөрэй гэхэд за гээд үлдсэн. Энэ байгууллага энэ олон хүмүүсийн цалин, нийгмийн даатгалыг төлсөн атлаа яагаад намайг жирэмсний амралттай гэдгийг үл ойшоогоод ингээд яваад байгаа юм бэ?. Хэрвээ намайг тухайн үед дуудаад ийм ийм асуудал үүссэн, чи энийгээ яамаар байна гэсэн бол би аль болох учраа олоод явах бүрэн боломжтой байсан. Аргаа бараад эцсийн арга хэмжээ болох шүүхэд хандаад явж байна. Намайг жирэмсний амралттай гэдгийг мэдсээр байж эрх бүхий дарга нар нь хууль зөрчиж байгаад гомдолтой байнагэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******хын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

2.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч “Х*******” ОНӨХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохиролд нийт 40,984,200 төгрөг гаргуулах, ажлаас халагдах тушаал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгч М.*******г ажил олгогч байгууллагаасаа эсхүл татан буулгах комисст хандаж эрхээ сэргээлгэх шаардлага гаргах нь зүйтэй хэмээн мэтгэлцэж байна.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.*******г ******* аймгийн Нөөцийн газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/09 дүгээр тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон, улмаар ******* аймгийн Нөөцийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар жирэмсний амралт эдэлсэн. Нэхэмжлэгчийг жирэмсний амралттай байх хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааны 14 дүгээр тогтоолоор “Аймгийн нөөцийн газар” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, “Х*******” ОНӨХХК-тай нэгтгэх тухай шийдвэр гарч, мөн хурлын “Тогтоолын холбогдох заалтыг өөрчлөх тухай” тогтоолд зааснаар 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор хоёр байгууллагыг нэгтгэх хугацааг өөрчилсөн. Ийнхүү нэгтгэхдээ ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдыг орон тооны давхардалгүйгээр орон тоо бүтцийг үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан тогтоож ажиллахыг үүрэг болгосон байхад нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан шүүх шууд хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэж, цалин гаргуулах шаардлагыг хэсэгчлэн хангаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зарим хэсгийг болон ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг гаргуулах, сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг нийт 27,425,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.1.Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажлаас халагдах тушаал гаргуулах тухай шаардлагыг орхигдуулсан болох нь иргэний хэрэг үүсгэхээс эхлээд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхээс гарсан эрх зүйн актад тусгаагүй болох нь нотлогдож байна.   

Нэхэмжлэлийн шаардлагад болон шүүхийн хэлэлцүүлэгт М.******* “...миний тушаалыг гаргаж өгсөн бол надад ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх байсан. Удаа дараа өргөдлөө өгсөн боловч өнөөдрийг болтол хариу өгөөгүй” талаар мэтгэлцэж байхад шүүх уг шаардлагыг тодруулан шийдвэрлэх боломжтой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.*******гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй. Учир нь ажил олгогчийн эрхийг шүүх шууд хэрэгжүүлэх боломжгүй буюу ажлаас халагдах тушаалыг гаргах эрх бүхий этгээд биш тул М.*******гийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч М.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй боловч түүний дараагийн үр дагавар болох ажилгүйдлын тэтгэмж авах эрх үүсэхгүй байх нөхцөл үүсч байна. Иймд ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байгаа гэж дүгнэж цалин гаргуулах шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.2.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж зааснаар М.*******гийн т нягтлан бодогчоор ажиллаж байхдаа авч байсан үндсэн цалин 846,000 төгрөг, нэмэгдэл 296,100 төгрөг нийт 1,142,100 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар буюу 8 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Хугацааг хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 сар гэж, үндсэн цалинг өмнө авч байсан хэмжээгээр 846,000 төгрөг гэж зөв тооцсон боловч төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмыг үндэслэн олгосон 296,100 төгрөгийг нэмж тооцсон нь үндэслэлгүй болжээ. Учир нь энэхүү нэмэгдэл нь эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд, тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвхи санаачилга, үр дүнтэй ажиллаж байгаа албан хаагчид шалгуур үзүүлэлтийг харгалзан олгох нэмэгдэл учир тогтмол авдаг нэмэгдэл гэж үзэхгүй.

Иймд цалин гаргуулах шаардлагаас 846,000*8 сар=6,768,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 4,442,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулав.

3.3.Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гэснийг хасч, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нийт 433,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

4.******* аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааны тогтоолоор “Аймгийн нөөцийн газар” ОНӨААТҮГ-ыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс татан буулгаж, “Х*******” ОНӨХХК-тай нэгтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоог хүртэл нэгтгэх ажиллагаа үргэлжилж байгаа талаар ******* аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан тоот хэрэгт авагдсан.

Татан буулгах компанийн ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг татан буулгах комисс болон татан буугдаж буй компанийн эрх хэмжээний асуудал тул эдгээрт хандан шийдвэрлүүлэх ёстой. Манайх хариуцагч биш. Татан буугдаж байгаа байгууллагын эрх үүрэг шилжсэн мэтээр шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдсэнийг зөвшөөрөхгүй. Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.” гэж хуульд заасан. ******* аймгийн нь улсын бүртгэлээс хасагдаагүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.6-д заасан “хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад төлөх хөдөлмөрийн хөлс”-ийг татан буугдаж буй хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хуульд зааснаар дарааллын дагуу хангахаар хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Татан буулгах комисст хандан шаардлага гаргах, эс зөвшөөрвөл хуулийн этгээдийн эрх нь дуусгавар болоогүй ******* аймгийн Орон нутгийн Өмчийн газарт холбогдуулан хөдөлмөрлөхтэй холбоотой шаардлагыг гаргах ёстой гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

4.1.Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ.” гэж хуульчилсан.

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааны 14 дүгээр тогтоолоор ******* аймгийн ОНӨААТҮГ-ыг Х******* ОНӨХХК-тай нэгтгэж ажилтан, алба хаагчдыг шилжүүлэх, орон тооны давхардалгүйгээр бүтцийг үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшинг харгалзан тогтоож ажиллахыг шийдвэрлэсэн тул “******* аймгийн Нөөцийн газaр ОНӨААТҮГ”-ын эрх, үүрэг, хариуцлага “Х*******” ОНӨХХК-д шилжих тул давж заалдах гомдолд дурдсан татан буулгах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа тул комисс уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******хын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 304/ШШ2026/00201 дүгээр шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******хын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 304/ШШ2026/00201 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5,” гэсний дараа “…79 дүгээр зүйлийн 79.1” гэж нэмж, “…хариуцагч “Х*******” ОНӨХХК-аас 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт 6,768,000 /зургаан сая долоон зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож” гэж өөрчлөн, “...шимтгэл төлснийг баталгаажуулахыг,...” гэсний дараа “...нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг шийдвэрлэхийг тус тус...” гэж нэмж, “...нэхэмжлэлийн шаардлагаас цалин 4,442,400 төгрөгт холбогдох хэсгийг, ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг, нийт 34,216,200 /гучин дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж,

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1,” гэснийг хасч, “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,071 /дөрвөн зуун гучин гурван мянга далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х*******” ОНӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 123,238 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 225,742.50 /хоёр зуун хорин таван мянга долоон зуун дөчин хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

 

                ШҮҮГЧИД                           Л.ХИШИГДЭЛГЭР

 

 

                                                 Л.АРИУНЦЭЦЭГ