Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00015

 

Д.Пүрэвжавт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2016/0210/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал

           Ялтан: Д.Пүрэвжав,

Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа,  

Хохирогч: Б.Нямханд,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Энхбаяр,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Д.Пүрэвжавт холбогдох 201622000503 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1952 оны 03 дугаар сарын 03-ны өдөр  төрсөн, 64 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хайдав овогт Дагвын Пүрэвжав /регистрийн дугаар РЭ52030374/.

 

Д.Пүрэвжав нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт согтуугаар "Ниссан пулсар" маркийн 12-36 ХӨВ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Нямхандын жолоодож явсан "Марк-2" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж,  иргэн Б.Нямхандын бие махбодид "цээжний зүүн талын 4,5,6,7,8,9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн цус хуралт" бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хайдав овогт Дагвын Пүрэвжавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Д.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Пүрэвжавт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвжав, иргэний хариуцагч П.Бямбахишиг нараас 1.776.144 /нэг сая долоон зуун далан зургаан мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нямхандад олгож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,   хохирогч Б.Нямханд нь  13.588.656 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Пүрэвжавын В ангиллын 972693 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Баярдаваа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ялтан Д.Пүрэвжавыг хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, гэм хорыг арилгаагүй гэж дүгнэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр нэг жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч Ц.Нямханд нь шүүх хуралдааны үед ажилгүй байсан хугацааны цалин буюу 6000,000 төгрөг, эсвэл Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар “...  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр ... ” шаардсан бөгөөд энэхүү нөхөн төлбөрийг ямар үндэслэлээр 10 сарын хугацаагаар тооцож ялтан Пүрэвжав болон иргэний хариуцагч П.Бямбахишиг нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Хохирогч Ц.Нямханд нь хэдийгээр Иргэний хуулийн 505.2-д зааснаар нөхөн төлбөр шаардах эрхээр хангагдсан байх боловч Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг үндэслэн уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээгээгүй этгээдэд 1776144 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25 ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялтан Д.Пүрэвжавыг хохирол төлбөргүйд тооцож оногдуулсан нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг дагуу тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэнэ үү гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан ”шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Пүрэвжав нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт согтуугаар "Nissan Pulsar" маркийн 12-36 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Нямхандын жолоодож явсан "Toyota Mark II" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Нямхандын бие махбодид “хүнд” зэргийн  гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь ялтан Д.Пүрэвжавын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 400 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс ялтан Д.Пүрэвжавт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон байна. Ялтны өмгөөлөгч нь “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ялтан Д.Пүрэвжавыг хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, гэм хорыг арилгаагүй гэж дүгнэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр нэг жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” гэх гомдол гаргасан байх боловч ялтан Д.Пүрэвжав нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, Д.Пүрэвжав иргэний хариуцагч П.Бямбахишиг нар нь шийтгэх тогтоолд дурдсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй заалт биш юм. Мөн хохирогч Б.Нямхандад учирсан эд хөрөнгийн хохирол бүрэн арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Д.Пүрэвжавт оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Ялтны өмгөөлөгч Г.Баярдаваагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

            ШҮҮГЧИД                                                                Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                         Н.БАЯРХҮҮ