Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0455

 

 Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд Х.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаартай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Х.Ч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...гуравдагч этгээдийн хувьд төрийн ямар нэгэн шийдвэргүйгээр уг газрыг дураараа эзэмшээгүй, хуулийн дагуу өмчлөх хүсэлтээ гаргасны үндсэн дээр хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан газар өмчлүүлэх шийдвэрийн дагуу өмчлөлийн газар дээрээ өөрийн хүч хөдөлмөрөөрөө үл хөдлөх хөрөнгө босгон, одоог хүртэл тасралтгүй амьдарч байгааг шүүхээс харгалзан үзэлгүй, гагцхүү нэхэмжлэгчийн өмчлөх эрх 2005 онд үүссэн гэдэгт анхаарч, 10 гаруй жил эзэнгүй хаягдсан байсан болоод нэхэмжлэгч буюу газар өмчлөгчийн хувьд хуульд заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, хариуцагчийн хувьд мөн хуульд заасны дагуу мэдээллийн санд бүртгэх, хяналт тавих үүргээ хэрхэн зөрчсөн талаар огт дүгнээгүй нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараах үүрэгтэй”, 19.2.1-д “Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх", 19.2.2-т “өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх", 19.2.3-д “өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх" гэж тус тус газар өмчлөгчийн үүргийг хуульчилсан байхад нэхэмжлэгчийн хувьд энэхүү үүргээ огт хэрэгжүүлээгүй, 10 гаруй жил хараа хяналтгүй орхисон, мэдээллийн санд тусгуулаагүй, газар дээрээ тэмдэгжүүлээгүй зэргээр хуульд заасан үүргээ 10 гаруй жил биелүүлээгүй байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй хэрнээ гуравдагч этгээд миний хууль ёсоор өмчилж, мөн хөлс хүчээ дуслуулан байж насаар ажиллаж, хурааж хуримтлуулан хөрөнгөөрөө босгосон үл хөдлөх хөрөнгөөрөө хохироход хүргэсэн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...хэргийн оролцогчид маргаан бүхий газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх талаар маргаагүй...” гэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараах зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох", 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ”, 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж тус тус хуульчилснаас үзэхэд газар өмчлөх эрх зөрчигдсөн эсэх талаар маргаж байгаа энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд газар өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн эсэх нь анх нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдийн өмчлөх эрх үүсэх үед тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан эрхийнхээ хүрээнд цуглуулж, дүгнэлт хийх ёстой байтал мөн л хэт нэг талыг баримталсны үндсэн дээр энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй. Иймээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2020/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан өөрчлөлтийг дараах үндэслэлээр шийдвэрт орууллаа.

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших нэгж талбарын 180401930 дугаар бүхий 4000 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Б-д өмчлүүлсэн, уг захирамж хүчин төгөлдөр байхад хариуцагчаас тус газарт давхцуулан гуравдагч этгээд Х.Ч-ад маргаан бүхий акт болох Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжаар 2895 м.кв газрыг өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “ ... өмчилж авахыг хүссэн газар нь ... уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасантай нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаас үзэхэд, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д 4000 м.кв газрыг өмчлүүлсэн байхад кадастрын мэдээллийн санд 2842 м.кв газрыг нь бүртгэсэн, үүний улмаас кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нэхэмжлэгчийн 1158 м.кв газарт давхцуулан гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн болохыг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд өмчлүүлсэн 2895 м.кв газрын 1158 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар, үлдэх газар нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг хөндөхгүй тул тус захирамжаар нэхэмжлэгчийн өмчлөлийн 1158 м.кв газарт давхцуулан Х.Ч-ад газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаартай захирамжаар Х.Ч-ад өмчлүүлсэн 2895 м.кв газраас 1158 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Ч-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН