Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00191

 

Э.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01442 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/02211 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Э.А

          Хариуцагч: Г.Хт холбогдох

          Нийт 33.820.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Э.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.И, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах, үйлчилгээний зориулалттай 400 м.кв талбай бүхий байрыг түрээслэх зорилгоор  2016-11-18-ны өдөр Г.Хтай уулзсан. Талбайг 2016-11-18-с 2021-11-18-ны өдрийг хүртэл хугацаагаар 1 сарын 6 сая төгрөгөөр тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээ анх байгуулахад барьцаанд 6 сая төгрөгийг өгч, түрээсийн төлбөрт 2016-12-15-ны өдөр 6 сая төгрөг, 2017-01-15-ны өдөр 6 сая төгрөг төлсөн. Г.Х байрыг чөлөөлж өгөөд 1 сарын засвар хийх хугацаа өгч, энэ хугацааны түрээсийн төлбөрийг аваагүй. 2016-11-18-с 2016-12-15-н хүртэл засвар хийж дуусаад үйл ажиллагаагаа эхэлсэн. Байрны тааз нь “сендвич”-р хийсэн байсныг зориулалтын акустик хавтангаар сольсон, 00 өрөөг өргөтгөсөн, гал тогооны өрөө хийсэн, баарны хэсэгт тек хийсэн, шаланд дорож дэвссэн, цагаан атласан хөшиг татсан, тайз, карказ, зориулалтын тааз, гадна талын хаяг реклам, 33 ширхэг буйдан, хөгжим өсгөгч, гал тогооны хэрэгсэл, ширээ, сандал гэх мэт баар ажиллуулахад хэрэг болох бүх зүйлсийг хийсэн. Мөн тус байрны бүх цахилгааныг монтажлах, тоолуур, дохиоллын систем суулгуулах зэрэг зардал гарснаас гадна үйл ажиллагаа явуулж байх үед гарсан хэрэглээний зардал их байсан. Үүнээс гадна уг газрын байрлал нь ашиг олох боломж муу зэргээс шалтгаалан үйл ажиллагаагаа явуулснаас хойш 2017-02-01 хүртэл  1сая гаруй төгрөгийн ашиг олсон. Цаашид энэ байдлаар ажиллах ямар ч боломжгүй гэдгээ мэдээд  төлбөрийг багасгах талаар санал тавьсан  ч үр дүнд хүрээгүй. Иймд 2017-02-15-ны өдөр гэрээгээ цуцалсан. Г.Х уг байранд хийсэн дотор талынхаа тохижилтыг бусдад зараад гаргасан зардлаа олж авахыг зөвшөөрсөн  ч худалдаж авах хүн олдоогүй. 2017-02-24-ний өдөр тус байрыг Г.Х өөр хүнд түрээслүүлсэн тул нэхэмжлэгч арга буюу хийсэн засвараас салган авах боломжтой зүйлсийг бүгдийг нь авсан. Харин салгаж болохгүй зүйлс болох барилгын материалын зардал 15.731.200 төгрөг, ажлын хөлс 7.5 сая төгрөг, хамгаалалтын албаны хөлс 1 сая төгрөг, ажилчдын цалин 2 сая төгрөг, холбооны зардал 169.150 төгрөг, засварын үеийн хоолны зардал 805.500 төгрөг, түрээсийн гэрээнд заасан барьцаа мөнгө 6сая төгрөг, нийт 33.820.454 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Г.Х үүсгэн байгуулсан “Ихэр сувд” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн баруун талд байрлах 400 м.кв талбайг өөр хүнд түрээслэх гэж байсан ч Э.Агийн хүсэлтээр 5 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. 2016-11-18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан, түрээслэгч  байрыг диско баарны зориулалтаар ашиглаж, нэг сарын 6 сая төгрөг төлөхөөр тохиролцсон. Э.А обьектыг хүлээн авсан цагаас эхлэн засвар хийхдээ зүй тогтолгүй, дизайнгүй, хямд өнгө үзэмж муутай хөшиг дрож, буйдан гэх мэт зүйлсээр тохижуулсан. Ашиг орлого олохгүй байна гэсэн шалтгаанаар түрээслэхээ болих талаар санал тавихад нь түрээсийн байрыг хуучин байдалд нь оруулахыг анхааруулсан. Гэрээний 3.1-д заасан үүргээ түрээслэгч тал зөрчиж үндсэн байдлыг муутгаж, өөрчилсөнд манай зүгээс ч гомдолтой байгаа.  Төлбөрөө төлж чадахгүйгээс гэрээ цуцлах хүсэлтийг нь хүлээн авч, 2017-02-15-ны өдөр гэрээг цуцалж, Э.А түрээсийн байрнаас салгаж болох эд хогшлоо аваад явсан. Завсар хийх төлбөрийг түрээслүүлэгч тал хариуцах талаар  тохиролцоогүй, энэ талаар гэрээнд тусгасан зүйл байхгүй. Харин түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс  эвдрэл, гэмтлийг засварлах, буцаан хуучин байдалд нь оруулахад бага бус хэмжээний зардал гарсан.  Нэхэмжлэгчид зориулж байрыг чөлөөлж, дотор нь байсан 7 ширхэг биллиардын ширээг өөрийн зардлаар зөөвөрлөхөд зарцуулсан 1.2 сая төгрөг, түрээсийн хугацааны дутуу төлсөн ашиглалтын зардал, засварын зардал, 2 сарын олох ёстой байсан орлого зэргээ тооцон тэдгээрийн нийт үнийн дүнгээр бус зөвхөн барьцаа 6сая  төгрөгийг суутган авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01442 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Хаас 6 сая төгрөгийг гаргуулж  Э.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 27.820.454 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110.095 төгрөг гаргуулан Э.Ад олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/02211 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01442 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн ...287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “Иргэний хуулийн ...318 дугаар зүйлийн 318.5” гэж өөрчлөн, уг заалтаас “...294 дүгээр зүйлийн 294.1.3” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шүүх ИХШХШТХ-ийн 116.2-т заасныг зөрчсөн. Талууд түрээсийн гэрээг хуульд заасны дагуу хийсэн гэж үзсэн атлаа үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг гаргахгүй байгаа нь  бодит үнэнд нийцэхгүй байна. Учирсан хохирлын нотлох баримтуудыг зөв үнэлэхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь засвар хийсэн бараа материалыг худалдаж авсан шууд баримт байхад үүнийг үнэлэхгүй байна. Иймд  27.820.454 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Э.А 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Хт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Саппоро үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах 400 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч түрээсэлсэн бөгөөд уг гэрээний дагуу түрээсийн байранд хийсэн засварын үнийг барьцаанд төлсөн 6.000.000 төгрөгийн хамт нийт 33.820.454 төгрөг шаардсан /хх1-2/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх27-28/ маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 6.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “...талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан боловч талууд харилцан тохиролцон гэрээг цуцалсан тул барьцаанд төлсөн 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...нэхэмжлэлийн үлдэх шаардлага баримтаар тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн байв.

         Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “... талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна... түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна... талууд хуульд зааснаас өөрөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 289.2.5-д заасан үндэслэлээр эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зардлыг түрээслэгчид олгох үндэслэлгүй байна...” гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016 оны гэрээгээр Г.Х нь дурдсан эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, Э.А нь эд хөрөнгийг хүлээн авч сар бүр 6.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх10-13/ 

       Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Түрээсийн гэрээ” бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Г.Х нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах 400 м.кв талбайг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18 хүртэлх хугацаагаар, нэг сарын 6.000.000 төгрөгөөр Э.Ад түрээслэхээр тохиролцсон байна.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гэрээний зүйл “Саппоро” үйлчилгээний төвийн нэг хэсэг болох 400 м.кв талбай бүхий хөрөнгө байх тул уг эд хөрөнгийг түрээслэх, түрээслүүлэх тухай талуудын тохиролцоо нь хууль зөрчөөгүй байх бөгөөд энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4-т нийцжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь үүргийг биелэлтийг шаардах эрхтэй юм.

       Нэхэмжлэгч нь салгаж үл болох засварт гаргасан зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн боловч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, гаргаж өгсөн төлбөрийн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нь тогтоогдоогүйгээс гадна түрээслэгч нь засан сайжруулалтын зардлыг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй тухай шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна.

      Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/02211 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 297.052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                         ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ