| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1459/Э |
| Дугаар | 1544 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1544
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Б.Мөнгөншагай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00691 0329 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.М,
2. Монгол улсын иргэн, Б.Б, 1
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Яллагдагч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талд Хаан банкны салбарын урд замд “Истана” маркийн, 46-30 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт “Ажлын тоормосны идвэхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Магсарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
Яллагдагч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талын Хаан банкны салбарын урд “Тоёота приус-30” маркийн, 37-94 УБЛ улсын дугаартай Автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Н.Магсарыг дайрч, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр баруун талаас зүүн чиглэл рүү гэрлүүгээ явж байсан. 23 цаг 50 минутын үед би 3 дугаар эгнээд зорчиж байсан. Миний урд талын тэрэгний урдуур хүн гүйгээд зам гарч байсан. Харахад цагаан зураасан дээр зогсож байсан. Ганцаараа цааш гарах гэж байна гэж бодсон. Дөхөөд ирэнгүүт нөгөө хүн чинь миний баруун гар талд мөргүүлээд, би тоормос гишгэсэн. Би машиныхаа хаалгыг онгойлгоод буух хооронд хажуугаар гэрэл гараад миний хажуу талаас жижиг тэрэг гараад нөгөө хүн дээгүүр гарсан. Би гүйгээд очсон. Бид хоёр гүйж гараад тэр хүн дээр очоод түргэн дуудсан. Түргэний эмч үзсэн “за энэ хүн болохоо байсан юм байна” гэж хэлсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдээлэхдээ: “…2019 оны 6 дугаар сарын 15-аас 16-ны шилжих шөнө Монелиос гэр рүүгээ явж байсан. 2,3 дугаар эгнээны голд микро зогсож байсан юм. Тэгэхээр нь би зөв талаар нь гүйцэт түрүүлж гараад нэг юман дээгүүр гарах шиг болохоор нь хаалга онгойлгоод хартал хүн байсан. Бууж очоод түргэн тусламж дуудаж үзүүлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяа мэдүүлэхдээ: “....Миний бие талийгаачийн дунд охин. Миний аав одоо байсан бол 71 настай эрүүл саруул хүн байсан. Бид нар уг хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Манай аав хонууд өнжүүдээр явдаггүй хүн. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа буусан байсан. Утас руу нь залгаад утсаа авахгүй байсан. Ээж маань тэр үед харваад эмнэлэгт байсан юм. Бид ээж рүүгээ анхаарлаа тавиад аав утсаа авахгүй болохоор аавынхаа ганц дүү рүү залгаад аавыг утсаа авахгүй байна гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 103, 102-т залгахад ямар ч дуудлага ирээгүй гэж хэлсэн. Ах маань залгаад “...та нар тайван бай, аав чинь гайгүй байгаа юм байна. Ямар ч дуудлага ирээгүй гэж хэлсэн” гэж бид нарт хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай ээжийн төрсөн өдөр байсан бид ээжийгээ баярлуулаад байж байхад ээж маань “...нэг л биш ээ, аав чинь ингэж алга болох ёсгүй” гээд санаа нь их зовж хэлсэн. Миний эгч 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас алга болсон хүнийхээ зураг, иргэний үнэмлэхтэй ир гэхээр нь цагдаагийн байгууллага дээр бид очиход нэг хүн зам тээврийн осолд орсон. Гэхдээ 50 гарам насны хүн гэж дүгнэсэн байсан. Бид маш их гомдолтой байна. Цагдаагийн байгуулагад гомдолтой байна. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бид хэргийг өөрсдөө олж илрүүлсэн. 33.352.733 төгрөгийн зардал гаргасан. Энэ зардал зөвхөн оршуулгын зардалд гарсан мөнгө. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан 10 хэдэн газрын баримт худлаа гэсэн байна. Бид нар Нарантуул, Нарантуул хоёр, Хүчит шонхор захаар үйлчлүүлсэн. Ажил явдал болсон өдөр бүх захууд хаасан байсан учраас супермаркетаас худалдан авалт хийсэн. Мөрдөн байцаагч баримтаа цуглуулаарай л гэсэн. Зарим газар нь тамга тэмдэггүй гээд энд тэндээс олоод бид нарт авчирч өгсөн байсан. Бид нар тэдгээр худалдагчид баримтыг хаанаас авчирсаныг мэдэхгүй. Нийт 33.352.733 төгрөгийн баримтанд талийгаачийн 21 хоног, 49 хоногуудын зардал болон оршуулгын зардлын баримт багтсан байгаа. Манай аав гэнэт өнгөрсөн. Ажил явдал дуусгаад байж байтал эгчийн маань зүүдэнд аав маань орж ирээд захиас хэлсэн. Манай аав шашин шүтдэг хүн байсан. Тэмдэглэлийн дэвтэр дээр зайрангийн утасны дугаар бичсэн байсан. Тэгээд бид бөөгийн засал хийлгэсэн. Бөөгийн засал номонд нийлээн мөнгө орсон. Бүгд баримттай. Бид нар арай ч аавынхаа хэрэг дээр худлаа баримт цуглуулах ухамсар дорой хандах хүмүүс биш. Утсаар ярихын хувьд надтай ярьсан. Бид нар дөнгөж хөдөөлүүлчихээд “Буян ХХК”-н дээр байхад ярьсан. Бид нарт маш их хэцүү байна. Бид нар өмгөөлөгч авсан гэж хэлсэн. Миний ахтай утсаар ярь гээд ахынхаа дугаарыг өгсөн. Бид маш их гомдолтой гэдгээ хэлсэн. Надтай сүүлд ярихдаа та нар 10.000.000 сая төгрөг нэхэмжилж байснаа яагаад 30.000.000 төгрөг нэхээд байгаа юм бэ? гээд над руу уурлаад залгасан. Би уйлаад та нар яасан ичдэггүй юм бэ? ээж, ахын бие муу байхад юу яриад байгаа юм бэ? гэж хэлсэн. Талийгаачийн 21 хоног, 49 хоног дээр нь яагаад ирээд уулзаж болоогүй юм бэ? миний ээж за яах юм бэ? ямар албаар хийсэн биш гээд та нарыг ороод ирэх байх гэж их харсан. Та нараас нэг ч ирээгүй. Бид илүү зардал нэхээгүй. Зөвхөн аавынхаа оршуулгын зардлыг нэхэмжилсэн. Бид маш их гомдолтой байна.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 2/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 3-15/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-н 16/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 17-20/, Н.Магсарын тухайн үед өмсөж явсан хувцас болон эд зүйлийг талийгаачийн ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-н 22/, хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 26-29/, хохирлын баримт /1хх-н 33-108/, Н.Магсарын эрүүл мэндийн дэвтэр /1хх-н 109-115/, Иргэний хариуцагч Ж.Баярцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 117-118/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Цэрэннадмидаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 119-121/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Билгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 126-127/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Урангоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 133-134/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 135-136/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03/306 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-н 139-141/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3418 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-н 144-148/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1362 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-н 150-154/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /1хх-н159-160/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 164-166/, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв /1хх-н 171-193/, яллагдагчаар Б.Мгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 204-206/, яллагдагчаар Б.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 210-211/, Б.М, Б.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 216-217/, Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүргэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-н 222-226/, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-н 234-239/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талд Хаан банкны салбарын урд замд “Истана” маркийн, 46-30 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт “Ажлын тоормосны идвэхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Магсарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талын Хаан банкны салбарын урд “Тоёота приус-30” маркийн, 37-94 УБЛ улсын дугаартай Автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дэх хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Н.Магсарыг дайрч, амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Мг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 46-30 УБП улсын дугаартай Истана маркийн автомашиныг жолоодож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Магсарыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, мөн өдөр шүүгдэгч Б.Быг 37-94 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа зам дээр хэвтэж байсан Н.Магсарыг дайрч, амь насыг хохироосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяагийн өгсөн: “...Би талийгаачийн төрсөн охин байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн газар дээр очиж аавыгаа осолд орж нас барсаныг мэдсэн" гэх мэдүүлэг /хх-н 26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Баярцогтын иргэний хариуцагчаар өгсөн: “...Б.Б нь миний хүүхэд бөгөөд түүний жолоодож явсан “Тоёота приус-30" маркийн 37-94 УБЛ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх юм.” гэх мэдүүлэг /1хх-н 116-117/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цэрэннадмидын өгсөн: "...би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Мандаасүрэнгийн хамт “Истана” маркийн 46-30 УБП улсын дугаартай машины хажууд нь би суугаад Цайз захын урд замаар 23 цаг 50 минутын орчимд зүүнээс баруун тийш замынхаа зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал замын хойд талаас нэг хүн манай машины урд талаар гүйгээд нөхөр тормос гишгээд хурдаа хасаад баруун гар тал руугаа огцом дараад нөгөө хүн машины зүүн урд хэсэг рүү мөргөгдөөд зам руу унасан. Тэгээд би буух гээд машины хаалганы бариулыг онгойлгож чадахгүй мунгинаж байх хооронд манай машины зүүн талаар нэг суудлын автомашин өнгөрч гараад зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр овогноод дайраад гарчихсан. Нөгөө хүн нь машин доор нь хөдлөөд байсан." гэх мэдүүлэг /1хх 119-120/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1362 дугаартай шинжээчийн:
1. Талийгаач цогцост шүүх эмнэлэгийн шинжилгээгээр гавлын орон суурь ясны далд хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралд, зүүн хацар, эрүү, зүүн мөр, баруун савруунд зулгаралт, баруун бугуй, алга, зүүн тохой, шуунд цус хуралт гэмтэл нь автомашинд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой,
2. Хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд бус хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, хоёр талын уушигны тархмал няцрал, зүүн уушигны доод дэлбэнгийн шарх, цээжний хөндий дэх сул цус 150 мл, гол судасны өгсөх хэсгийн зардал, үнхэлцэгийн хөндий дэх сул цус 200 мл, үнхэлцэг хальсны задрал, голтын эрхтэн дагуух цус хуралт гэмтэлүүд нь цээж дарагдах үед үүсэх боломжтой бөгөөд үхэлд хүргэсэн байх боломжтой гэмтэлүүд байна” гэх дүгнэлт /хх-н 150-154/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн: “... тухайн гэмтлүүдийн аль аль нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /1хх-н 164-166/,
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 289 дугаартай
1. Истана маркийн 46-30 УБП улсын дугаартай автомашины жолооч Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөны дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт “Ажлын тоормосны идвэхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” гэснийг зөрчсөн” гэх дүгнэлт /хх-н 159-160/,
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн
1. “... хойд дугуйн тоорсмосны хүч зүүн талдаа 0,2 кн, зөрүү нь 0,0% стандартад 30% боловч хойд дугуйн тоормос, тоормосны стенд дээр зогсохгүй байгаа нь стандарт шаардлагыг хангахгүй байна. Хойд хоёр дугуйн тоормос зогсохгүй байгаа нь автотээврийн хэрэгслийг бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлнө.
2. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3100 cd, баруун гар талын их гэрлийн тохиргоо алдагдсан стандартын шаардлага хангахгүй байна.” гэх дүгнэлт /1хх-н 171-181/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Мг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Б.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн улмаас 33.352.733 төгрөгийн хохирол учирсан гэж шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа боловч шүүхэд ирүүлсэн хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан гэх 20.334.303 төгрөгийн баримтыг шүүх хангаж, шүүгдэгч нар 7.000.000 төгрөг төлсөнийг хасч тооцон, нийт 13.334.303 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.М, Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар 13.334.303 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хэрэгт хавсаргасан хохирлын баримтуудаас 55, 78, 79, 88, 89, 93, 94, 100, 112, 113, 121, 125, 138, 141, 171-т тус тус дугаарласан баримтууд бусад баримттай давхцах болон хэрэгт хамааралгүй баримтууд байх тул хасч тооцсон болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Мгийн №1893 дугаартай жолооны үнэмлэх, Б.Бын №784903 дугаартай жолооны үнэмлэхийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар арилаагүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэв.