| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0264/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/266 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/266
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц.А-д холбогдох 1921 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 70 дугаар зүйлд зааснаар 3 сар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, мөн тус аймгийн шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 69 дүгээр зүйлд зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 11 сар 9 хоногийн ялыг ихэнхийг нэмж 10 жилийн хорих ял шийтгүүлж 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3 жил 3 сар 10 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан, Т овогт Ц.А. /РД: /
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилчдын амралтын байранд Л.Т хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар заазуураар зүүн чих орчимд нь цохиж биед нь “...зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилчдын амралтын байранд Л.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан заазуураар зүүн чих орчимд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192100 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...би хуурай дүү Т өмнө нь ямар нэгэн байдлаар маргаж муудсан зүйл байхгүй. Мөн маргаж муудсан гол шалтгаан нь бид архи уусан байсан бөгөөд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлснээс болж хоорондоо муудсан. ...би Т мах хэрчиж байсан хүрэн иштэй заазуураар нэг удаа цохисон бөгөөд өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй, архи уусан байснаас болж ийм хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
Хохирогч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хувьд архи ууж байхдаа Ц.А ахыг цаашлуулж тоглоод хөгшин генерал гэж хэлэхэд миний тоглож байсан үгийг А ах согтуу байсан болохоор тоглоом гэж ойлгохгүй уурласан байсан. Улмаар уурлаад ширээний голд гурил тасдаж байсан заазуурыг аваад намайг айлгах гэж далайсан бөгөөд би арай цохихгүй байх гэж бодсон чинь миний зүүн чихний дээд хэсэг рүү гартаа барьсан заазуураар нэг удаа цохьсон..., өөр гар хүрч цохисон, зодолдсон зүйл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хоол хийж байхдаа архи ууцгааж байхад Т, А ахыг хөгшин харуул гэх зэргийн үг хэлсэн бөгөөд энэ үгийг тоглож хэлсэн. Улмаар А ах архи уусан байсан болохоор тоглож хэлсэн үгийг нь хүндээр тусгаж аваад би чамайг хүндлээд хоол хийж өгч байхад 60 гарсан настай ахыгаа хүндэлсэнгүй гэж хэлээд хальт маргасан бөгөөд би машиндаа сэлбэг захисан байсан тэрийгээ асуугаад гар утсаараа залгаад сууж байсан юм. Ингээд намайг нэг харахад ямар ч байсан бие биетэйгээ зууралдчихсан зогсож байсан..., маргалдаан түр зуур болсон бөгөөд гаднаас орчуулагч Т орж ирээд ажлын байран дээр архи уулаа гээд цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 591 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Л.Т-ын биед зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд, /хх-ийн 32-34, 38-58 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Т шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 192 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилчдын амралтын байранд Л.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар заазуураар зүүн чих орчимд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Т /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Ц.Э /хх-ийн 20-21 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 591 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.А нь хохирогч Л.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Ц.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй заазуур 1 /нэг/ ширхгийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.А-гийн ЖЮ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.А-гийн ЖЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй заазуур 1 /нэг/ ширхгийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН