| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/01782/И |
| Дугаар | 210/МА2024/01739 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01739
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02812 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
10,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. 2023 оны 4 дүгээр сард барилга барихаар өөрийн охин *******ийн дансанд 68 сая төгрөг байршуулсан. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр миний хүү ******* миний утсыг авч хэд хоног хэрэглэсэн.
1.2. 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуучин дугаараа сэргээж утсаа асаатал маш олон зарлага гарсан байсан тул яаралтай дансаа хаалгаж шалгуултал миний хүү ******* таньдаг болон таньдаггүй олон хүмүүс рүү 58,885,500 төгрөгийг шилжүүлсэн, ихэнх мөнгийг цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү шилжүүлсэн байсан.
1.3. Ингээд цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдэн шалгуулсан ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж улмаар мөнгө авсан этгээдүүдээс мэдүүлэг авах, дансыг шалгах зэрэг ажиллагааг хийж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
1.4. ******* нь буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49,881,105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авах хэлцэл нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй юм.
1.5. Миний бие *******ийн хууль ёсны төлөөлөгч, мөн уг мөнгөний эзэн тул *******ас цахим тоглоом худалдсан гэж *******өөс авсан 10,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие ******* гэх 10К дагагчтай фэйж хуудсаар РUBG mobile тоглоомын UС цэнэглэлт хийдэг. UС цэнэглэлт гэдэг нь РUBG mobile тоглоомын мөнгө бөгөөд тус UС-г олон улсын РUBG mobile-ийн албан ёсны МIDASBUY онлайн сайтаас худалдан авдаг
2.2. ******* фэйж хуудсаар РUBG тоглоом тоглогч сонирхогч нарт аккаунтаа хөгжүүлэх UС авахад нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор UС худалдан авах үнийн тарифыг фэйж хуудсаараа нийтэд зарлаж, UС худалдан авах сонирхолтой тоглогч нар ******* фэйжийн чатаар холбогдон хэдэн UС авах саналаа илгээж өөрийн аккаунт нэрээ явуулж, UС худалдан авах төлбөрийг миний данс руу шилжүүлдэг.
2.3. 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Tgldr гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч ID, аккаунтаар UС худалдан авахаар чат бичиж төлбөрөө шилжүүлж байсан. Багагүй мөнгө шилжүүлсэн байсан тул түүний фэйсбүүк профайлийг шалгаж үзэхэд 1999 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн гэсэн байсан учир насанд хүрсэн байна гэж ойлгон цэнэглэлт хийж өгсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хийсэн. Tgldr гэх фэйсбүүк нэртэй тоглогч нь надруу шилжүүлсэн төлбөрийн үнийн дүнтэй дүйцэхүйц UС-ыг худалдан авч хэрэглэсэн болно.
2.4. Цагдаагийн байгууллагаас ирж мэдүүлэг өгөхөөр дуудсаны дагуу очиж болсон үйл явдлыг нэг бүрчлэн бүгдийг нь ярьж тайлбар мэдүүлэг өгсөн, миний данс руу мөнгө шилжүүлж UС худалдан авч өгч байсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Миний бие UС худалдан авахаар шилжүүлсэн 10,530,000 төгрөгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй энэхүү мөнгөн төлбөрт дүйцэхүйц UС-ээр өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн, энэхүү төлбөрийг олон улсын МIDASBUY сайт руу шилжүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1 т тус тус зааснаар хариуцагч *******ас 9,530,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 9,530,000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
******* нэртэй фэйж хуудас болон түүний чатаар Tgldr гэсэн хаягаар харилцсан мэдээлэлд шүүхээс хийсэн үзлэгээр дэлгэрэнгүй нотлогддог. Нэхэмжлэгчийн зүгээс мөн өөрийн төлсөн төлбөрт дүйцэхүйц хэмжээний UC-r өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн талаар маргадаггүй юм. Төлсөн төлбөрөөс нь баг UC Tgldr гэх нэртэй аккаунт цэнэглэгдээгүй талаар гомдол санал гаргадаггүй.
4.2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэж, ингэхдээ үйлчлүүлэгчийг насанд хүрсэн эсэхийг шалгаагүй улмаас хийсэн их хэмжээний хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагаас 9,530,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлгүй.
Хариуцагчийн зүгээс үйлчлүүлэгчийн шилжүүлсэн төлбөр бүрийг олон улсын сай труу шилжүүлж, олон улсын сайтаас UC эрхийг үйлчлүүлэгчийн аккаунт руу шилжүүлсэн үйлчлүүлэгчийн зүгээс хариуцагчаас төлсөн төлбөртөө дүйцэхүйц зүйлээ хүлээн авсан харилцаа үүссэн байхад хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд ******* худалдах, худалдан авах хэлцэл хийж, UC гэх тоглоомын оноог худалдаж авсан учраас талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүхээс зөв тодорхойлсон. Хэлцлийн нэг тал нь хүүхэд байгаа учраас Иргэний хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж үзэж байна.
5.2. Мөн иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийх тохиолдолд тухайн хэлцлийн хийсэн тохиолдолд шууд биелэгдэх, өөрт хохиролгүй жижиг хэлцэл байхыг шаарддаг. Гэвч ******* хийсэн хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэж байна. Учир нь 10,530,000 төгрөгийн үнийн дүнтэй хэлцлийг өөрт хохиролгүй хэлцэлд тооцохгүй. Мөн хариуцагчийн зүгээс хүүхдийн талаарх мэдээллийг авах боломжгүй гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь утсаар ярих, данс эзэмшигчийн нэрийг интернэт банкаар шалгах гэх мэт олон аргаар хүүхдийн мэдээллийг шалгах боломжтой. Нэг дор их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн талаарх мэдээллийг шалгах ёстой байсан. Мөн хариуцагчийн зүгээс тухайн мөнгийг цааш нь шилжүүлсэн гэх боловч *******ын дансны хуулгаар тогтоогддоггүй. Тухайн хүүхдийн шилжүүлсэн мөнгийг олон улсын банкны данс руу шилжүүлсэн гүйлгээ хийгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан үзээд түүний гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. ******* нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, тэрээр 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд цахим тоглоом буюу РUBG mobile тоглоомын UС цэнэглэх зорилгоор өөрийн эцэг *******ийн гар утсыг ашиглан, ******* банк дахь ******* тоот данснаас *******ын ******* банкны ******* тоот данс руу нийт 8 удаагийн гүйлгээгээр 10,530,000 төгрөг шилжүүлсэн. /хх-42-44, 113-114/
3.2. ******* нь нь ******* гэх 10,000 дагагчтай фэйж хуудсаар РUBG mobile тоглоомын UС цэнэглэлт хийх үйл ажиллагаа явуулдаг. *******ийн шилжүүлсэн 10,530,000 төгрөгийг MIDASBUY сайт руу шилжүүлж уг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрхийг *******ийн цахим тоглоомын хаяг руу буцаан шилжүүлсэн.
4. Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль нь тайлбарласан бөгөөд талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байна.
5. Анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж буруу тодорхойлсон байна.
5.1. Учир нь хариуцагч ******* нь РUBG mobile тоглоомын UС цэнэглэлт хийх үйл ажиллагаа явуулдаг, тэрээр *******ийн хүсэлтийг хүлээн авч, ******* банк дахь өөрийн данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс ашиг суутган аваад үлдсэн мөнгийг WWW. MIDASBUY.COM сайт руу шилжүүлж, тоглоомын эрх буюу РUBG mobile UС цэнэглэж, *******ийн цахим тоглоомын хаяг руу буцаан шилжүүлсэн болох нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай Прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн ажиллагаатай холбогдон авсан гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
5.2. Үүнээс үзвэл, дээрх харилцаа нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн шинжийг агуулж байна.
Харин уг гэрээг байгуулах үед ******* нь ******* сартай Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байжээ.
Тус хуулийн 17.2-т 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ. гэж заасан.
5.3. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй тул уг хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцсэн байна.
5.4. Талуудын хийсэн хэлцэл нь дээрх хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүснэ.
6. Хариуцагч ******* нь *******ийг насанд хүрээгүй хүүхэд гэдгийг мэдээгүй гэж маргах боловч шүүхэд болон шүүх хуралдаанд ... багагүй мөнгө шилжүүлсэн байсан тул түүний фэйсбүүк профайлыг шалгаж үзэхэд *******-нд төрсөн гэж бүртгэгдсэн байсан учир насанд хүрсэн гэж ойлгон цаашид цэнэглэлт хийж өгсөн ..., ... миний данснаас 3,515,000 төгрөгийн барилт хийгдсэн байсан. Тэгээд тухайн үед гайхсан. Төгөлдөр гэх хүүхдийн сүүлийн явуулсан мөнгө нь баригдсан юм байх даа гэж бодсон. ... гэсэн тайлбар гаргасан байна.
6.1. Хэдийгээр РUBG mobile цахим тоглоомыг хуулиар хориглоогүй, тухайн этгээдийн хүсэлтээр уг тоглоомын эрхийг цэнэглэх боловч хариуцагч ******* нь уг тоглоомын UС цэнэглэлт хийх үйл ажиллагааг тогтмол явуулж, орлого олж байгаагийн хувьд мөнгө шилжүүлж байгаа этгээд насанд хүрсэн эсэх, шилжүүлж байгаа мөнгөний эх сурвалжийг тодруулах шаардлагатай байсан гэж үзнэ.
6.2. Мөн нэхэмжлэгч ******* нь хүү *******т анхаарал, халамж тавих үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын үйлдэл, талуудын ашиг сонирхол, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн нөхцөл байдал, хэлцлийн үнийн дүн зэргийг харгалзан хариуцагч *******ас 5,265,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,265,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02812 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ас 5,265,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,265,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 167,430 гэснийг 99,190 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД