| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01286/И |
| Дугаар | 01178 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 01178
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2016/01178 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймаг Түргэн сум Рашаант багт оршин суух Борлууд овгийн Чойрогийн Оюунцэцэг /ОО: 72080869/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлт 1-1 тоотод оршин суух Баяд овгийн Бадарчийн Бат-Эрдэнэ /ОО: 70082014/
Увс аймгийн Улаангом суманд 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнэ нь Ч.Чулуунбаатарт 50 000 төгрөг өгсөн нь үнэн гэдгийг тогтоолгох, нэр төр алдар хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Оюунцэцэг миний биө нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тус шүүхэд 2016 оны 07 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч “..2016 оны 07 сарын 23-ний өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярт гаргаж өгсөн итгэмжлэлд “..нэхэмжлэл гаргах эрх..” ийг олгоогүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас.. татгалзсугай.” хэмээн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 142/Ш32016/04337 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд би өөрийн биеэр дахин нэхэмжлэл гаргаж байна. Миний бие өөрийн төрсөн дүү болох бичиг үсэг мэдэхгүй Ч.Чулуунбаатар, сонгуулийн штабын ажилтан байсан гэх Б.Бат-Эрдэнэ нарын хооронд болсон мөнгө төгрөг хоорондоо өгч авалцсан үйл явдлыг гэрчилж, төрөл саднаа хамгаалах эрхийн хүрээнд Бат-Эрдэнэ гэгчид захиргааны хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад дүүгээ төлөөлөн гомдол гаргасныхаа төлөө өнөөдөр олон нийтийн дунд бусдыг гүтгэсэн, худалч, нялх хүүхдийн үхлээр шоу хийж мөнгө төгрөг ярьж гүйсэн этгээд гэх нэр хочийг зүүн нэр төр, алдар хүнд болох хууль ёсны эрх ашиг сонирхлоор хохирч байна. Оюунцэцэг нь тухайн үед болсон үйл явдлын талаар хэвлэл мэдээллээр ярьсан тул одоо хүний нүүр харах аргагүй байдалд орж байна. Увс аймгийн Улаангом сумаас зайдуу хөдөө байх эсгий гэр дотор энэхүү маргаан бүхий үйл явдал болсон. Бат-Эрдэнэ гэгч үл таних этгээд 2016 оны 06 сарын 29-ний өглөөгүүр миний дүү болох Ч.Чулуунбаатарт 50 000 төгрөг өгч “..Түргэн сум руу явж саналаа өг..” гэсэн гэдгийг тэр өдөртөө л Оюунцэцэгт хэлсэн. Энэ мөнгийг авснаар Чулуунбаатар нь дөнгөж төрөөд 20-иодхон хонож байгаа нялх биетэй эхнэр С.Отгонтуяаг нярай хүү Ч.Бум-Эрдэнийн хамт дүүрэн хүн чихсэн микро машинд суун 300 гаруй км газар бартаа саад ихтэй шороон замаар сэгсчүүлэн давхиснаас өдрийн хүчтэй халуунд хүүхдийн тархинд агаар дутагдах хам шинж, доргилт зэргээс үүдэн тархинд цус харваж тэр өдөртөө эмнэлэгт хүргэгдэн, эмчилгээ хийлгэж байгаад 2 хоноод нас барсан. Бат-Эрдэнэ нь өөрөө хүүхдийн их эмч мэргэжилтэй хүн байсан нь хүүхдийн биед үүсэн гарч болзошгүй хортой үр дагаврыг мэдэх үүрэгтэй хүн байсныг харуулж байгаа. Уг асуудалтай холбоотойгоор Оюунцэцэг нь эрх зүйн бүрэн чадамжгүй /бичиг үсэг огт мэдэхгүй/ төрсөн дүүгээ төлөөлөн “..Бат-Эрдэнийн мөнгө өгсөн үйлдэл нь СТХ-ийн зохих заалтыг зөрчсөн захиргааны зөрчил байна..” гэж үзэн СТХ-ийн 116.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцуулахаар Увс аймгийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Шүүгчийн захирамжаар “...Бат-Эрдэнэ нь Чулуунбаатарт мөнгө өгсөн үйл явдлыг тогтоосны дараа Бат-Эрдэнэд захиргааны журмаар хариуцлага тооцох нь зүйтэй тул одоогоор гомдлыг хэрэгсэхгүй болгосугай..” гэх зүйл дурдан Оюунцэцэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Оюунцэцэгийн гаргасан гомдол нь Бат-Эрдэнийн эрх зүйн байдалтай холбоотой захиргааны журмаар шийдэж байгаа маргаан байсан бөгөөд одоогийн энэ гаргаж буй нэхэмжлэл нь 2 этгээдийн хооронд болсон үйл явдлын үнэн эсэхийг тогтоолгох өөр маргаан юм. Чулуунбаатар нь хэдийгээр бичиг үсэг мэдэхгүй, амьдрал ядуу боловч арай ч мөнгө өөрт нь өгөөгүй хүнийг энэ хүн надад мөнгө өгсөн..” гэж гүтгэхгүй гэдгийг Оюунцэцэг нь төрсөн цагаас нь хойш хамт амьдарч, асран хамгаалагчаар нь явж ирсний хувьд сайн мэдэж байсан. Бат-Эрдэнэ нь Ч.Чулуунбаатартай хоёулхнаа хамт байхдаа мөнгө өгсөн бөгөөд энэ талаар Чулуунбаатар нь тайлбар, мэдүүлэгтээ тодорхой дурдсан, өөрсдөө хуралд ирж оролцох зэрэг нотлох баримтууд байгаа. Тэгээд ч Чулуунбаатар, Отгонтуяа нар нь тэр үед хүн гүтгэх нь битгий хэл нялх үрээ алдчих гээд ухаан мэдрэл сул, болж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй байсан тул хүүхдийнхээ үхлийг аль нэг намд ашигтайгаар тайлбарлах ёс зүйгүй ухамсар байгаагүй. Чулуунбаатар, Отгонтуяа нар нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр гэрчлэх хүсэлтэй байгаа. Үйлдэл, үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байдаг. Бат-Эрдэнэ нь Чулуунбаатарт хорин мянгатын дэвсгэрт 2 ширхэг, арван мянгатын дэвсгэрт 1 ширхэг өгсөн нь нотлогддог бөгөөд энэхүү маргаантай гэгдэх мөнгийг хүүхдийн эмчилгээний эм тарианы төлбөрт зарцуулсан. Энэхүү мөнгө Чулуунбаатарт Бат-Эрдэнэтэй уулзахаас өмнө огт байгаагүй. Чулуунбаатарын эхнэр Отгонтуяа ч үүнийг гэрчилдэг. Оюунцэцэг нь иргэн Б.Бат-Эрдэнийг бусдад мөнгө тараасан, болоогүй үйл явдлыг болсон мэтээр бусдад ойлгуулсан, гомдол гарган гүтгэсэн гэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Бат-Эрдэнэ нь Чулуунбаатарт 50 000 төгрөг өгсөн болох нь үнэн болохыг эцэслэн тогтоох явдал нь шударга ёсонд нийцнэ. Мөнгө өгсөн өгөөгүй гэх энэ үйл явдлын маргаан нь Оюунцэцэгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Бат-Эрдэнэ мөнгө өгсөн үйлдлээ нуун дарагдуулснаараа Оюунцэцэгийг худалч, хуурамч этгээд мэтээр ойлгогдуулж, Чулуунбаатар түүний эхнэр Отгонтуяа нартай үл итгэлцэл, ойлголцолийг бий болгож ах дүүсийн хооронд эвдрэлцэл, хэрүүлийг бий болгосон. Дүү нар нь “..үнэхээр мөнгө өгч авалцах үйл явдаг болсон та бид худлаа ярих эрхгүй.." гэж хэлцгээж байгаа учир энэ үйл явдлыг үнэхээр үнэн зөвийг тогтоолгох нь зөв болсон. С.Оюунцэцэгийн хувьд Бат-Эрдэнэ, Чулуунбаатар нарын дунд болсон үйл явдлыг тогтоолгох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чухал ач холбогдол бүхий явдал болоод байна. Бат-Эрдэнэ гэгч нь Чулуунбаатарт мөнгө өгсөн гэдгийг олох үйл явдал нь Оюунцэцэгийн нэр төр, алдар хүндийг сэргээж төрсөн дүүдээ итгэх итгэлийг ирүүлэх чухал ач холбогдолтой. Иймд тэрээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэр төр алдар хүнд, итгэл үнэмшлээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. МУҮХ-ийн 16.16 дахь хэсэгт Хүн.. итгэл үнэмшилтэй байх эрхтэй..” гэсэн байгаа. Оюунцэцэг нь ИХ-ийн 21.3 дэх хэсэгт зааснаар Бат-Эрдэнийн худал тайлбараас болж гутаагдсан нэр төр алдар хүндээ сэргээлгэх эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, зүйлийн талаар урьд өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй болно. Хариуцагч нь Ч. Чулуунбаатарт мөнгө өгсөн нь үнэн гэдгийг тогтоолгох нь хэн нэгэн албан тушаалтан, аль нэг этгээдэд одоо ашигтай байдал үүсгэхгүй ч гэсэн, нэхэмжлэгчийн хувьд тэнгэрт хальсан бяцхан, нярай зүрхний төлөө хийж чадах эцсийн буян бөгөөд хорвоо дээрх бүх зүйл худал, хуурмаг биш, хууль иргэн бүрт эрх тэгш үйлчилнэ гэдгийн баталгаа болно. Иймд Увс аймгийн Улаангом суманд 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнэ нь иргэн Ч.Чулуунбаатарт 50 000 төгрөг өгсөн нь үнэн гэдгийг тогтоож миний нэр төр алдар хүндийг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Борлууд овгийн Чойрогийн Оюунцэцэг /ОО: 72080869/ би 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Г.Батбаярт олгосон шүүхэд төлөөлүүлэх тухай итгэмжлэл болон төлөөлөгч Батбаярын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд намайг төлөөлж гаргасан нэхэмжлэл, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн биеэр гаргасан нэхэмжлэлээсээ тус тус бүрэн татгалзаж байна. Миний бие нас барсан нялх хүүхдийн асуудлаар хэл ам гаргаж явснаа буруу байсан гэдгээ ойлгож ер нь цаашдаа энэ асуудлаар хууль шүүхийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргахгүй гэдгээ баталж байна. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.2-д зааснаар Батбаярт олгосон эрхийг мөн хүчингүй болгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан Увс аймгийн Улаангом суманд 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнэ нь Ч.Чулуунбаатарт 50 000 төгрөг өгсөн нь үнэн гэдгийг тогтоолгох, нэр төр алдар хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж, мөн 2016 оны 07 сарын 25-ны өдөр Г.Батбаярт олгосон шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна. Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болох бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ бичгээр илэрхийлж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэсэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан Увс аймгийн Улаангом суманд 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнэ нь Ч.Чулуунбаатарт 50 000 төгрөг өгсөн нь үнэн гэдгийг тогтоолгох, нэр төр алдар хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35 100 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Оюунцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ