Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/289

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б холбогдох 19210 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, хүүхэд нарын хамт Дорнод аймгийн тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б овогт Ц.Б. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, байх гэртээ хамтран амьдрагч Н-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод байх гэртээ хамтран амьдрагч Н-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2017 онд О гэх хүнтэй танилцаж дотносоод нэг гэрт орж хамт амьдарч байгаа юм. Бид хоёр, хоёр талаасаа нэг, нэг хүүхэдтэй бөгөөд хамт амьдраад хоёр жил болж байна. Би 2019 оны 10 дугаар сарын 09-ний орой  23 цагийн орчим гэртээ ...согтуу очсон. Улмаар хоол идэж байгаад өөрийн төрсөн охин  Н дуудаад чи айлын том охин юм бол гэр орноо цэвэрлээд ээждээ тус болж бай битгий дүүдэйгээ барьцаад бай гэж хэлсэн бөгөөд эхнэр О охиныг өмөөрч ...бид хоёр маргалдсан. ...би ширээн дээр байсан хутгыг аваад өөрийгөө алаад өгье чи өөр хүнтэй сайхан амьдраарай гэж хэлсэн ба О хүүхэд айлгаад байна гээд миний барьж байсан хутгыг булааж авах гээд надтай зууралдаж ноцолдсон. Тухайн үед эхнэрийн бугалга хутганы үзүүрт зүсэгдэж улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд гэртээ том охин Н, бага охин Биндэрьяа нарын хамт байсан. Тухайн үед гаднаас нөхөр Ц.Б согтуу орж ирчихээд унтахгүй агсам тавиад байсан ба том охин Н хичээл хий, гэр орноо цэвэрлэж бай гээд загнаад байсан ба би нөхөртөө хандаж чи эрүүл саруул дээрээ хүүхдэд үг хэл, согтуу байдлаа далимдуулан битгий хүүхэд загинаад бай гэж хэлсэн. Улмаар Ц.Б уурлаад гал тогооны өрөөний тавиур дээр байсан шанага аваад хана руу чулуудаж, хутга аваад өөрийнхөө цээж рүү чиглүүлсэн ба би хүүхэд айлгалаа гээд хутгыг нь булааж авсан. Улмаар Ц.Б хутгаа өгөхгүй гээд тэмцэлдэж байхдаа миний духан тус газарт нэг удаа цохисон... хутга булааж авах үед хутганы үзүүрээр миний гарын бугалга, биеийн хэсэгт зүсэгдсэн... намайг зориудаар зүссэн зүйл байхгүй, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 640 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Нийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацрын цус хуралт, хамрын нурууны цус хуралт, хуйханд баруун зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, эсэгдэл, баруун бугалганы эсгэгдсэн, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

     3. Дээрхи гэмтлийн тархи доргилт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаарай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн санал, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхийн хуулбар, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн гадаад паспортны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-39 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү? гэх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1924 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод байх гэртээ хамтран амьдрагч Нийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н-ийн /хх-ийн 10-12 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 647 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан байдал болон хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Ц.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч  Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хутга 1 /нэг/ ширхгийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Б-ийн ЛБ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-ийн ЛБ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгөтэй хутга 1 /нэг/ ширхгийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.         

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАТСАЙХАН